2014 он: Дэлхийн онцлох арван үйл явдал

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 25

2014 онд дэлхийн нийтийн анхаарлыг татсан, олон хүн амд нөлөөлсөн дуулиант үйл явдлууд болж өнгөрлөө. Zindaa.mn сайт 2014 оны олон улсын онцлох 10 үйл явдлыг түүвэрлэн нэрлэж байна.

10. Хаалттай Хойд Солонгост домог мэт үйл явдлууд болов

Алс Дорнодын нууцлагдмал улсад энэ жил домог мэт олон үйл явдлууд тохиолоо. Залуу удирдагч Ким Чен Ун есдүгээр сард гэнэт сураггүй алга болсон бөгөөд сүүлдээ шагайн бэртлийн улмаас мэс засалд орсон хэмээy мэдээлэх болов. Үүнээс гадна хойд солонгосчууд их удирдагч Ким Чен Ирийг дурсах гурван жилийн их гашуудлын хугацаа дуусгавар боллоо. Мөн Хойд Солонгос НҮБ хүний эрхийг ноцтой зөрчсөн хэмээн Олон улсын гэмт хэргийн шүүхэд өгөхөөр төлөвлөөд байгаа юм. Тус улсыг Америкийн "Сони" компани өөрсдийнх тухай кино хийсний төлөө хакердсан хэмээн Барак Обама буруутгаад байна. Мөн Вашингтон болон Пхеньян гуравдугаар сард нууц хэлэлцээ хийсний үр дүнд хоёр орны хоригдлуудыг солилцсон, Ким Чен Ун эх орондоо нэрээ патентжуулсан зэрэг олон анхаарал татам үйл явдал болжээ.

 9. Ice bucket challenge буюу мөстэй усны дуэль 

АНУ-ын бэйсболл тоглогч Пете Фрэйтсийн хандивын төлөө санаачилсан мөстэй усны дуэль интернэт ертөнцөд вирус мэт тархлаа. Дэлхийн олон орон энэхүү үйл явдлыг даган дуурайсны дотор манай улсын нийгмийн сүлжээ хэрэглэгчид, алдартнууд ч мөн идэвхитэй оролцсон. Дуэль маш хурдацтай тархсаныг тамирчид, соёл урлагийн алдартнууд уламжлан хэрэгжүүлсэнтэй холбон тайлбарлаж байна. Энэхүү давалгаанд сүүлдээ улс төрийнхөн ч оролцож Кеннедигийн гэр бүл АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамаг хүртэл дуэльд дуудсан юм. Харин хожим НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн тэргүүтэй нөлөө бүхий хүмүүс Африкийн иргэд цангаж байхад цэвэр усыг хий дэмийн үрлээ хэмээн шүүмжилсний ачаар давалгаа дуусах шатандаа оржээ.

8. Хилийн хямрал олон орны толгойн өвчин болов

Сири, Египет, Афганистан, Суданаар тэргүүлүүлсэн олон оронд иргэний дайн болон өвчний улмаас олон сая хүн ард нь ойролцоох хилийн нутгууд цаашлаад Америк, Европийн орнууд руу хууль бусаар цагаачлах, дүрвэх болсон нь томоохон асуудлыг дагуулжээ. НҮБ улс орнуудыг дүрвэгчдийн хүлээн авахыг урилаж байгаа ч гэмт хэрэг, өвчин, нийгмийн бодлогын асуудлуудаас болж тэр бүр хүлээн зөвшөөрөхгүй асуудалтай тулгарсан байна. Энэ асуудлын дотор АНУ-ын Ерөнхийлөгч цагаачлалын бодлогоо огцом зөөлрүүлсэн нь тус улсын дотор ихээхэн маргаан өрнүүлээд байна. НҮБ-ын мэдээлснээр энэ жил 232 сая хүн дүрвэсэн бөгөөд энэ тоо жил бүр нэмэгдэж байгаа гэлээ.

7. Фергюсоны хэрэг ба Америкийн арьс өнгөөр ялгаварлах үзэл

Америкийн Миссури мужийн Фергюсон хотод өнгөт арьст хүү зэвсэггүй явж байгаад цагдаагийн ажилтанд буудуулан амиа алдсан хэрэг өнгөрсөн наймдугаар сард гарсан нь олны анхаарлыг татсан. Учир нь энэ хэрэг гарсны дараа Фергюсон хотын иргэд болон Америкийн бусад хотуудын оршин суугчид арьс өнгөөр ялгаварласан үзэл байсаар байна хэмээн эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж, түүнчлэн эмх замбараагүй байдал хүртэл үүсээд байлаа. Мөн энэ хэргийн талаар Фергюсоны тангарагтны шүүгчид хэлэлцээд өнгөт арьст хүүг буудан хороосон цагдаагийн ажилтныг эрүүгийн хэрэгт татахгүй гэсэн шийдвэр гаргасан нь иргэдийн дургүйцлийг дахин төрүүлж, жагсаал, эмх замбараагүй байдал үүсээд байсан юм. Эсэргүүцлийн жагсаал Америкийн томоохон хотуудад өрнөсөн бөгөөд хэрэг болсон Фергюсон хотод жагсагчид үймээн самуун үүсгэж, хэд хэдэн машин, барилгыг шатаан, ойролцоох барилга байшингийн цонх хаалгыг эвдэх зэргээр түрэмгий, хүч хэрэглэсэн өнгө аястай эсэргүүцлийн ажиллагаа өрнөж байлаа. Фергюсонд болж буй хэрэг явдлын талаар Цагаан ордны тэргүүн Барак Обама мэдэгдэл хийхдээ арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл Америкийн нийгэмд байсаар байгааг хүлээн зөвшөөрч, үүний эсрэг бодлого явуулахаа амласан юм. Иргэд тэмцсэний үр дүнд цагдаа нарт камер зүүдэг болсон билээ.

6. Исламын улсын харгислал ба тэмцэх ажиллагаа

2004 онд Аль Кайдагийн салбар болж байгуулагдсан исламын хэт даврагсдын бүлэглэл хоёр жилийн дараа Исламын улс нэртэй болж тусгаар бүлэг байгуулжээ. Энэ бүлэглэл Аль Кайдагийн хамсаатан хэдий ч тэднээс ялгаатай нь эзлэсэн газар нутагтаа маш харгис бодлого явуулдаг. Халифын юант улсыг байгуулах зорилготой террорист бүлэглэл нь маш хүчирхэг бөгөөд Сири, Иракийн томоохон газар нутгийг эзлээд байгаа юм. Тус бүлэглэл өнгөрсөн зун олон зуун хүнийг барьцаалсан бөгөөд тэдгээрийг цаазаар авч буй бичлэгээ АНУ-д хандан интернэтээр цацаж дэлхийн нийтийг түгшээсэн юм. Исламын улсыг дарахаар АНУ тэргүүтэй олон улсын хамтрал агаарын дайралт хийн тэмцэж байна.

5. Дэлхийг цусаар уйлуулж буй террористууд хүч авсаар

2014 он бол Африкын исламын шашинт хэт даврагсдын хүч нөлөө өссөн жил байлаа. Тэдгээр террористууд олон зуун хүний амийг хөнөөх давлагаа эхлүүлэв. Нигери дэх Боко Харам бүлэглэл дөрөвдүгээр сард 200 охиныг барьцаалж, Аль Шабаб бүлэглэл онгоцны буудлыг дэлбэлж олон зуун иргэдийг гэр бүлээс нь хагацаажээ. Судалгаагаар Боко Харам бүлэглэл л гэхэд жилд дунджаар 2000 хүний аминд хүрдэг байна. Хэдий Африкт орохгүй ч гэлээ өнгөрсөн долоо хоногт тэдний хамсаатан гэгдэх Талибаны бүлэглэл Пакистаны сургуульд 150-иад хүний аминд хүрэв. Дэлхий нийтийг цусаар уйлуулж буй эдгээр этгээдүүдийн байр суур, хүч чадал жил бүр нэмэгдсээр, илүү цус урсгасаар байна.

4. МH 370 онгоцны домог

Гуравдугаар сарын 8-наас хойш сураг тасарсан, Малайзаас Хятадыг чиглэн нисч байсан Boeing 777-200ER онгоц осолдоод гурван долоо хоногийн турш сураггүй болсон билээ. Сарын дараа онгоцыг Энэтхэгийн далайн өмнөд хэсэгт осолдсон нь гарцаагүй болсон мэдэгдсэнээр 239 хүн амь үрэгдсэн нь тодорхой болсон юм.  Онгоц сураггүй болсноос хойш янз бүрийн эх сурвалжаас олон төрлийн мэдээлэл, сэжүүр, таамаг дэвшүүлж, онгоц сүйрээгүй, онгоцны бүхээгт зорчиж явсан 239 хүн хаа нэгтээ эсэн мэнд аврал хүлээн суугаа гэх найдвар зөвхөн зорчигчдын ар гэрийнхэн төдийгүй дэлхий нийтийн залбирал байлаа. Онгоц осолдсон шалтгаан тогтоогдоогүй буюу осолдсон онгоцыг олоогүй ч байтал Малайзын иргэний агаарын тээврийн Боинг 777 онгоц Украйны мөргөлдөөн болж буй бүс дээгүүр нисч яваад сүйрсэн аймшигт осол гарсан нь домгийг улам үргэжлүүлсэн юм. Сүйрсэн онгоцонд 298 хүн сууж явсан бөгөөд Украйны сөргөлдөгч талууд бие биенээ онгоцыг буудаж унагасан хэмээн буруутгаж байгаа аж.

3. Хөлбөмбөгийн ДАШТ

Хөлбөмбөгийн ДАШТ-ний үеэр доорх онигоог олон хүн ярьсан нь энэ удаагийн тэмцээн оны онцлох үйл явдалд нэрлэгдэх гол шалтгаан болсон юм.

-Өнөө шөнө хөлбөмбөг үзэв үү?

-Үзсээн. 

-Бразиль, Германы тоглолт алаан болоо биз?

-Алаан биш аллага болсон.

Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах 2014 тэмцээний алтан медалийн төлөөх тоглолтод Германы шигшээ баг Аргентины багийг 1:0-ээр хожиж энэ жилийн дэлхийн аварга болсон. Бразилийн Рио-де-Жанейрогийн алдарт “Маракана” цэнгэлдэх хүрээлэнд болсон энэ тэмцээнд ялснаар Германы шигшээ баг хөлбөмбөгийн ДАШТ-д дөрөв дэх удаагаа түрүүлж алтан медалийн эзэн болсон юм. Хагас шигшээд Германы баг Бразилийн багийн 7:1-ийн харьцаагаар ялсан нь дэлхий дахинд халуун сэдэв, шашнаасаа илүү хөлбөмбөгөө дээдэлдэг бразилчуудын хувьд гутамшигт түүхэн үйл явдал болсон билээ.

2. Эбола дэлхийг чичрүүлж байна

2013 оны 12 сард Баруун Африкийн Гвиней улсад анх эхэлсэн Эбола вируст халдварын дэгдэлт бүс нутгийн хүрээнээс хальж, 3 тивийн 9 улс оронд бүртгэгдэн, 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар 17211 хүн өвчилж, 6119 нь нас бараад (35%) байна. Уг бүс нутагт ийнхүү Эбола вируст халдварын дэгдэлтүүд бүртгэгдэн, бусад улс орнуудад зөөвөрлөгдсөн тохиолдлууд гарч байгаа нь зөвхөн тухайн дэгдэлттэй улс орнууд биш дэлхий нийтэд ноцтой эрсдэл учруулж байгаа тул үүссэн нөхцөл байдалд хийсэн эрсдэлийн үнэлгээний дүнг үндэслэн Дэлхийн эрүүл мэндийн байгууллага 2014 оны 08 дугаар сард “Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал үүслээ” хэмээн зарласан. Үүний дагуу улс орнууд дэлхийг чичрүүлж буй эмчилгээгүй эболагийн эсрэг бэлэн байдлаа ханган ажиллаж байна.

  1. Украйн ба Оросын эсрэг дайн

Өнгөрсөн гуравдугаар сард өмнөд Украйны хойг Крымийг тусгаарлан ОХУ-ын бүрэлдэхүүн улс байх хувилбарыг бүх нийтийн санал асуулгаар ард түмэн нь дэмжсэн. Ингэснээр Украйнд байдал улам хурцдаж Оросыг дэмжигчид хийгээд эсэргүүцэгчид мөргөлдөх болсон юм. Үүний дээр АНУ болон Европийн холбооны улсууд ОХУ-ыг Украйнд хурцадмал байдлыг дэвэргэсэн хэмээн эдийн засгийн хориг тавьж эхэллээ. Крымийн жүжгийг тавьсан гэх 11 эрх бүхий хүнд визийн хориг тавьснаар Оросын эсрэг олон улсын “дайн” эхэллээ. Энэхүү тэмцэл сүүлдээ газрын тос, эдийн засаг, аялал жуулчлалын хориг болон өргөжсөнөөр ОХУ-ын эдийн засгийн байдал тун хэцүү байдалд ороод байна. Рублийн ханш унаж, газрын тосны үнэ огцом унаснаар Владимир Путин холбоотны бус орнуудтай нөхөрлөхийг хичээж гадаад айлчлалууд хийж байна. Тэрээр эдийн засгаа хоёр жилийн дотор сэргээнэ хэмээн мэдээлээд байгаа ч барууныхан энэ байдлаар орос удаан тогтнохгүй хэмээн бардамнаж байна.

Б.Ариунцэцэг

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
халиуунаа(112.72.11.113) 2015 оны 01 сарын 06

сонирхолтой домог байна

0  |  0
халиуунаа(112.72.11.113) 2015 оны 01 сарын 06

сонирхолтой домог байна

0  |  0
халиуунаа(112.72.11.113) 2015 оны 01 сарын 06

сонирхолтой домог байна

0  |  0
халиуунаа(112.72.11.113) 2015 оны 01 сарын 06

сонирхолтой домог байна

0  |  0
Top