Р.Бурмаа: Сайд болох санал тавихад л УИХ-аас татгалзахаа хэлсэн

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 05

УИХ-ын гишүүн Р.Бурмаа Ч.Сайханбилэгийн Засгийн  газарт Үйлдвэр хөдөө аж ахуйн сайдаар томилогдоод байгаа билээ. Тэрээр “давхар дээл”-тэй байх буюу УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн байх ёсгүй гэсэн хатуу байр суурьтай байсан түүнээс энэ талаар  тодрууллаа.

- Та “давхар дээл”-тэй байхыг хамгийн их эсэргүүцэж байсан. Харин өөрөө шинэ Засгийн газарт орж ажиллаж байна. “Давхар дээл”-ээ тайлах уу?

- Дан дээл, давхар дээлний асуудалд дээр миний байр суурь хэвээрээ байгаа. Энэ хуулийн төсөл УИХ дээр унасан. Хэрвээ энэ хууль дахиад их хурал дээр орж ирвэл би дэмжинэ, хэрэгжүүлнэ. Хэдийгээр хуулийн төсөл унасан ч үзэл баримтлал дэмжигдэж байна. Тухайлбал, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Засгийн газрын 18 гишүүдийнхээ нэрсийг оруулж ирэхдээ 50 хувийг гаднаас оруулж ирсэн. Гэхдээ би УИХ-ын гишүүнээсээ татгалзаад сайдын албан тушаал дээр ажиллая гэсэн хүсэлт гаргасан. Миний дараа орох хүн бол Худалдаа хөгжлийн банкны захирал Б.Мэдрээ. Түүнд энэ талаар хэлэхэд “Би жил хагасын хооронд УИХ-ын гишүүн болоод яахав, нэгэнт хийгээд эхэлсэн ажлаа та үргэлжлүүлж хий гэсэн саналыг хэлсэн. УИХ-ын эмэгтэй гишүүдийн бүлэг ч “та ганцаараа энэ шийдвэрийг гаргаж болохгүй” гэсэн. Тиймээс энэ саналыг хүндэтгэн үзэж байна. Мөн УИХ-ын бусад гишүүд “Сонгуулийн хуулийг батлуулах бол ажлын хэсгийн ахлагчийн хувьд таны хийх ёстой ажил. Та энэ ажлаа дутуу хаяад явж болохгүй" гэсэн. Эдгээр саналыг аль аль намын гишүүд хэлсэн. Тиймээс саналыг нь хүндэтгэж байна. Түүнээс биш сайдын албан тушаал санал болгоход, Засгийн газрын гишүүн УИХ-ын гишүүний ажлыг давхар хийх нь УИХ-ын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байна гэдэг байр суурьтай байсан учраас гишүүний ажлаа өгье гэсэн. Ухаалаг төрийн хүрээнд Ерөнхийлөгчөөс энэ хуулийн төслийг өргөн барина гэж сонссон. Тэгвэл хамгийн түрүүнд дэмжиж, хэрэгжүүлэхэд бэлэн байна.

- Малчдаас татвар авах асуудал яригдаж эхэллээ. Та салбарын сайдын хувьд ямар байр суурьтай байна вэ?

- Сангийн яам, салбарын яамнаас санал аваагүй оруулж ирсэн байна. Хөрөнгийн орлогын татвар буюу малын хөлийн татварыг авъя гэсэн саналыг оруулж ирсэн байна. Миний хувьд хэрвээ энэ татварыг авах юм бол заавал малчдаас асууж байж энэ орлогыг зарцуулах ёстой. Түүнээс биш сумын засаг захиргаанд нь үлдээгээд сумаас төрсөн начны найранд ч юм уу, сумын 90 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээнд зарцуулмааргүй байгаа юм. Энэ мөнгийг зарцуулахдаа сумын ИТХ нь өөрсдөө аль малыг үржүүлэх вэ, бэлчээрийн даац хаана хэтэрсэн байна вэ? гэх зэргээр зөв зохистой бодлого барих үүднээс татварыг 0-1000 хүртэл оногдуулахаар байгаа. Зарим газар нь татвар авах шаардлагагүй, өөр зүйлсээр татвар авна гэж болохоор байна. Орон нутагт эрх мэдлийг нь өгч байна. Манай яамын зүгээс энэ мөнгийг захиран зарцуулахдаа малчид хоршиж юунд зарцуулдаг байх, түүнд  нь хяналт тавьдаг байх ёстой гэж үзэж байна. Улсын төсвөөр худаг гаргадаг. Тэр худаг нь зарим нэг хүнд өмчлөгдчихөөд байдаг гэсэн гомдол гардаг. Тэгэхээр энэ жилийн төсөвт худаг гаргах мөнгө байхгүй байгаа. Тэр мөнгийг татвараасаа хурааж болно. Мөн дээр нь үлийн цагаан огтонотой тэмцэхэд зарцуулж болно. Малын хулгайтай холбоотой асуудал их гардаг. Малын хулгайтай тэмцэх хуулин дээр гэрээт харуул гэж байдаг. Гэрээт харуулыг орон нутгаас санхүүжүүлнэ гэсэн ч орон нутгийн эх үүсвэр дээр тэр зардал байдаг. Үүнийг татварын мөнгөөрөө санхүүжүүлж болж байна. 

Л.Од

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top