Л.Пүрэвсүрэн: Хойд Солонгост өгсөн 104 үхрийн төлбөрийг манай тал гаргасан

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 09

Хойд Солонгосын онгоц манай улсаас мал ачиж байна гэсэн мэдээлэл цахим ертөнцөөр тараад байсан. Энэ талаар Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнгээс тодрууллаа.

- Хойд Солонгосын онгоц манайхаас үхэр ачаад байна гэсэн мэдээлэл гарсан. Энэ талаар мэдээлэл өгөөч?

- Монгол Улсын Ерөнхийлөгч жил гаруйн өмнө хойд Солонгост айлчилсан. Тэр үеэр дэлхийн нийтийн өлсгөлөнтэй тэмцэх хөтөлбөрт нэгдэхээр болсон. Хойд Солонгос хүнсний дутагдалтай. Манай улс өнгөрсөн жилээс эхлэн 2014, 2015 онуудад Ази номхон далайн бүсийн хүнсний байгууллагын даргаар ажиллаж байгаа. Энэ хоёр жилийн хугацаанд дэлхийн, ялангуяа бүс нутгийнхаа хүнсний асуудлыг шийдэхэд хувь нэмэр оруулахаар болсон. Бүс нутгийн хамгийн гол асуудал нь Хойд Солонгос байдаг. Ургац алддаг, өлсгөлөн болдог. Тиймээс манай улс тодорхой хэмжээнд тусламж үзүүлж ирсэн. Өнгөрсөн жил гурилын тусламж үзүүлсэн. Гадаад хэргийн яамд олон улсын хамтын ажиллагааны сан гэж бий. Төсвөөс тодорхой хэмжээний мөнгө гаргаад сан байгуулсан. Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр Хойд Солонгост зөвхөн хүнсний тусламжаас гадна хүнсний асуудлаа шийдэхэд нь тусламж үзүүлье гэсэн асуудлыг ярьсан. Бид мах, гурил гээд бэлэн юм өгөхийн оронд мал үржүүлэхд нь туслах юм. Хойд Солонгос хүйтэн, сэрүүн уулархаг нутгаа мал аж ахуйн тусгай бүс болгох хөтөлбөр явуулдаг. Түүнд нь манай улс мал нийлүүлэх юм. Биднээс мах аваад байх биш, өөрсдөө нутагтаа маллаж, хүнснийхээ асуудлыг шийддэг болоход туслая гэсэн тохиролцоо хийсэн. Үүний үндсэн дээр манайхаас тодорхой хэмжээний мал өгөхөөр болсон. Тэгээд өнгөрсөн арванхоёрдугаар сарын сүүлээр тэдний ачааны онгоц ирээд 104 үхрийг ачиж явсан. Түүнийг Хөдөө аж ахуйн яамны оролцоотойгоор эмнэлгийн үзлэгт оруулаад, Хойд Солонгосын эмч нар ирээд, газар дээр нь шалгаад аваад явсан.

Манай улс өмнө нь ч мал гаргаж байсан туршлага бий. Лаос улсад 1980-аад оны үед нэлээн тоо толгой мал гаргаж байсан. Одоо хүртэл Лаосд ажиллаж байгаа малын эмч нар манай улсын Хөдөө аж ахуйн дээд сургуульд сурч төгссөн. Мөн 2000-аад онд ямаа гаргаж байсан. Тэр нь одоо хүртэл үржээд байж байгаа. Өөрөөр хэлбэл, бидэнд ийм харилцааны туршлага байгаа. Улаанбаатарт мал оруулаад ачих боломжгүй. Тиймээс Чойбалсангийн онгоцны буудал дээр нислэгийн зөвшөөрөл авч, мэргэжлийн хяналт, гааль харуулын хяналтан дор онгоц нь буугаад үхэр аваад явсан.

- Энэ тусламжид хэдий хэмжээний хөрөнгө орсон бэ? Зардлыг нь хаанаас гаргасан бол?

- Зардлыг нь манай Олон улсын хамтын ажиллагааны төсвөөс гаргасан. Яг хэдий хэмжээний санхүүжилт зарцуулсныг хэлж мэдэхгүй байна. 104 үхэрний мөнгийг өгсөн. Цаашдаа ч үүнийг үргэлжлүүлэх төлөвлөгөө байгаа. Гэхдээ төсвийн хүндрэлтай байдлаас болоод нэг удаагийн ажиллагаа болж байх шиг байна. Гэхдээ дараа дараагийн жилүүдэд Хойд Солонгосын талтай хамтарч ажиллана. Хөдөө аж ахуйн дээд сургуульд тэдний малын эмч, зоо техникч нарыг сургана гэсэн асуудал яригдаж байна. Олон улсын хамтын ажиллагааны сан гэж бий. Энэ сан монголын төсвөөс санхүүждэг, хоёр жил болж байна. Энэ ажил нь бүс нутагт Монгол Улсын нөлөөг нэмэгдүүлнэ.

- Гадаад харилцаа талдаа сөргөөр нөлөөлөх зүйл байх уу? Манай хөрш орон биш учраас өөр улсын нутаг дэвсгэр дамжин Монголд ирж байгаа шүү дээ?

- Мэдээж манай хөрш орон биш учраас ОХУ-ын нутаг дэвсгэр дээгүүр нисч өнгөрнө. Энэ олон улсын харилцааны дүрмийн дагуу зөвшөөрөл аваад ирж байгаа онгоц. Тэгэхээр ямар нэгэн асуудал байхгүй. Нөгөө талаараа манай улс мал нийлүүлж, хүнсний асуудлаа урт хугацаанд шийдэхэд дэмжлэг үзүүлснээр олон улсын хэмжээнд хүлээсэн үүргээ биелүүлж байна гэсэн үг. Ялангуяа олон улсын хүнсний байгууллагыг ахлаж байгаа орны хувьд үлгэр дуурайлал үзүүлэхүйц, үйл ажиллагаа.

- Хойд Солонгос руу дахин мал явуулах уу?

- Хэлэлцээгээр 10 мянга хүртлэх тоо толгой мал явуулахаар тохиролцсон. Гэхдээ дан ганц үхэр биш шүү дээ. Хонь, ямаа ч явуулна. Гэхдээ төсвийн боломж бага байгаа учраас энэ жилдээ дахиж мал өгөхгүй. Өөр олон улсын байгууллагууд энэ ажилд оролцож байгаа. Жишээлбэл, НҮБ-тай мал тээвэрлэх ажлын замын зардлыг даалгах талаар өнгөрсөн жилээс ярилцаж байгаа. Хятад, Оросын нутгаар дамжуулж мал тээвэрлэхэд малын эрүүл мэндийн хорио цээрийн асуудал гардаг.

- Манай улс мал, мах импортлоход чанарын шаардлага хэр хангадаг вэ?

- ОХУ-ын махны зах зээл нэлээн хязгаарлагдмал байдаг. Засгийн газар нь тодорхой хэмжээний квот өгдөг. Өнгөрсөн онд ОХУ-ын Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр нэлээн сайн хэлэлцээ хийсэн. Одоо ч ХХААЯ-ны хүрээнд хэлэлцээр үргэлжилж байна. Орос үхрийн маханд нэлээн том зах зээл. Хэрэглээний онцлог уламжлалаасаа болоод хонины мах бага хэрэглэдэг. Нөгөө талаараа манайд шүлхий өвчин гарлаа гээд Монгол даяар мал нь өвчилчихсөн юм шиг экспортоо хаачихдаг. Үүнийг шийдэхийн тулд Оросын талтай ярьж байна. Мөн Оросоос манай махны үйлдвэрүүдэд өөрийн мал эмнэлэг, хорио цээрийн багийг ажиллуулаад, стандартад нийцэж байгааг шалгаад явсан. Үүний үндсэн дээр ОХУ-д нийлүүлэх махны хэмжээ нэмэгдэж байгаа.

Л.Одончимэг

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ХИШИГ(182.160.35.123) 2025 оны 03 сарын 13

ТЭГЭЭД ЕРӨНХИЙЛӨГЧ АЛЬ 1 ЖИЛ ГАРНЫ ӨМНӨ ХОЙД СОЛОНГОСООС ИРЭЭД ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЖ ҮХЭР МАЛ ХЭДЭН МЯНГААР НЬ ӨГӨХ БОЛСНОО ЯАГААД АРД ТҮМЭНДЭЭ ТАЙЛАГНАЖ ХЭЛЭЭГҮЙ ЮМ БЭ, НЭЭХ Л НУУЦЛАГ ЮМ БОЛЛОО ДОО,ОРОС БАС Л ЗӨВХӨН ҮХРИЙН МАХ Л АВНА ГЭЭД БАЙСАН ТЭГЭХЛЭЭР ЧИНЬ МОНГОЛЫН ҮХЭР ИХ ЦӨӨРЧ ҮНЭД ОРНО,ТЭГВЭЛ БИД АВЧ ИДЭХЭД УЛАМ Л ХЭЦҮҮ БОЛНО ДОО

1  |  0
Batsaihan(77.238.128.57) 2025 оны 03 сарын 13

Mongol gdg tusgaar ulsad iimerhuu zuil bh sh dee.bitgii tarhinii turaal tsarailaad baigaach dee.

1  |  0
makh idekhsen (103.229.121.189) 2025 оны 03 сарын 13

zia bolildoo mongold makh olj idej chadakhgui humuus ikh baikhad yun teneg solongosuudad ugch bgaa um ve erunkhiilugchuu

1  |  0
Top