Эцэг хүний нөмөртэй өргөө гэр бидэнд бий
Эр цэргийн тангарагтай эх орон бидэнд бий
Эрэлхэг баатрын гавъятай эрх чөлөө бидэнд бий
Эс бүхнээрээ хамгаалах тусгаар тогтнол бидэнд бий.
Монгол эр хүн
Цуутай дээдсийн голомтыг хойч үедээ үлдээх гэж
Цусан дунд унаад тэнгэрт харвасан одод юм
Гэрэлт ирээдүйн жаргалыг догшин салхинаас хамгаалсан
Гэргий, үрсдээ нөмөртэй дорнын хөх уулс юм.
Монгол эр хүн
Ялалтын туганд адистай торгон хилийн багана юм
Янагийн дуунд мөнхөрсөн гэргий зүрхний суварга юм
Удам угсаа дагуулсан алс холын жинчин юм
Уудам талыг эзэгнэсэн цөст өвгөдийн сүнс юм.
Монгол эр хүн
Уул шиг сүрлэг мөртлөө Ижийдээ залбирдаг сүсэгтэн юм
Уужим амгалан атлаа ижлээ үгүйлдэг нулимстан юм
Дэлгэр сайхан нутгаа магтан дуулдаг дуучин юм
Дээд язгуураас нүүсэн жинхэнэ монгол овогтон юм
Монгол Эр хүн
Дуулим их хээрээр шилбүүр унасан хүү чинь юм
Дурдан бүс ороогоод зуд сөрсөн аав чинь юм
Халуун галд ялагдаагүй шүхэр зүүсэн ах чинь юм
Харанхуй шөнөөр ч унталгүй хилээ манасан дүү чинь юм.
Монгол эр хүн та
Сархад хөлөглөсөн үхэлд амиа л бүү золиорой
Сайхан монгол бүсгүйд чинь харийн цустан санаархана шүү
Алт зуусан шуналаар нэгнээ битгий адлаарай
Аминаас үнэтэй нутагт чинь хар сүүдэр нөмөрнө шүү.
Ч.Чагнаадорж

Сэтгэгдэл ( 0 )