Д.Трамп В.Путинтай хавсайдаж, Туркийг буланд шахах уу

Автор | Zindaa.mn
2017 оны 01 сарын 19

Турк улс УАЦЭ-ийн Дорнод Европ дахь гол холбоотон,АНУ-ын найдвартай түншийн хувьд Нэгдсэн улс түүнд найрсаг ханддаг байсан бол одоо өөрчлөгджээ. Хоёр улсын хооронд үл ойлголцол нэгэнт үүсч, Цагаан ордон шинэ эзэнтэй болохоос нааш байдал өөрчлөгдөх төлөв харагдахгүй байна.

Саяхан л Европын холбооноос цагаачдыг таглах “хана” болох санал авч, иргэдийнхээ өнийн хүсэл болсон “Европын холбоонд элсэх” хүслийг нь бараг биелүүлчихээд байсан Р.Т.Эрдоган яагаад ахархан хугацаанд хэн ч биш болж хувирав аа. Еврокомисс Туркт “далан таваар бууж өгч”, гишүүн болгох асуудлыг сөхөхөд бэлэн хэмээн санал нэгдээд байв. Хэрвээ Туркийг ЕХ-нд элсүүлж чадвал Р.Т.Эрдоган Туркийн хэмжээгүй эрхт хааны суудалдаа насан турш үлдэж ч магадгүй гэж санагдаж байсан юм шүү. Гэвч курд иргэдийн эсрэг цэргийн ажиллагаа явуулж, өөрөө авлига хээл хахуулийн хэрэгт орооцолдсоноор дотооддоо нэр хүндгүй болсон нь барууны орнуудыг нүүр буруулахад хүргэжээ. Дээрээс нь ард иргэдийн дунд нэр хүндтэй нэр бүхий хүмүүсийг Төрийн эргэлт хийх гэлээ”, “Намайг авч хаях гэлээ” хэмээн хардаж, засгийн эсрэг бүлэг нэг бусыг “илрүүлэн” гишүүдийг нь шоронд хийсэн явдал түүнийг удирдагч гэхээсээ илүү дарангуйлагч болгон харагдуулж байна. Өмнө нь ч ийм байсан, гэхдээ тэр үед нөхцөл байдал өөр байжээ.

Д.Трамп АНУ-ын Ерөнхийлөгчийн ажлаа хүлээж авсны дараа Т.Эрдоган түүнээс хоёр зүйлийг хүсэхээр зэхэж буй. Юуны түрүүнд тэрээр УАЦЭ-д нөлөөлөхийг Нэгдсэн улсын төрийн тэргүүнээс хүснэ. Эвсэлд багтдаг нөлөө бүхий улс орнууд аль оны өмнө л түүнээс хэрхэн салах аргыг ил далд сүвэгчлэх болсон бөгөөд “Лалын улс”-тай хамтран ажилласан гэдэг шалтгаар удахгүй хөөнө гэсэн мэдээлэл гараад удаж буй. Израиль бол илт дургүйцэж байгаагаа шууд мэдэгдсэн. Т.Эрдоганы ОХУ-д илт дайсагнасан үйлдэл нь эвслийг ОХУ-ын эсрэг хандаж байгаа мэт харагдуулчих гээд байсан нь үүнд бас нөлөөлсөн нь лавтай. УАЦЭ-ийн хувьд анхнаасаа ЗХУ-ОХУ-ын эсрэг тэмцэх зорилготойгоор байгуулагдсан боловч илт дайсагнах цаг нь хараахан болоогүй учир дэггүй гишүүнээсээ салахаар шийдсэн байж мэднэ. Турк улс эвслээс тусламж хүсэхэд “хуруугаа ч хөдөлгөөгүй” нь дээрх таамаг баттай болохыг нотлосон хэрэг. Үүсээд буй нөхцөл байдлыг гагцхүү АНУ, Д.Трамп л өөрчлөх боломжтой гэж Р.Т.Эрдоган найдаж байгаа юм.

Хоёрдугаарт, Сирийн нутагт Курдистан хэмээх тусгаар тогтносон улс байгуулагдах бодит боломж үүссэн нь Р.Т.Эрдоганы сэтгэлийг түгшээж буй. АНУ-ын шууд дэмжлэгээр явагдаж буй энэ үйл явцыг Р.Т.Эрдоган зогсоохыг хичээх нь зүйн хэрэг. Өөрөөр хэлбэл, таван сая курдын өнийн хүсэл мөрөөдлийг тэрээр Д.Трампыг ятган унтраахаас өөр аргагүй билээ. Сирид хуурай замын цэрэг оруулах нь үйл явцыг зогсоох бас нэг гарц гэж Анкара үзэж байгаа ч үүнд мөн л АНУ-ын дэмжлэг гарцаагүй шаардлагатай болчихоод Р.Т.Эрдоган түүнтэй уулзах аргаа сүвэгчилж ядаж байгаа юм. 

 

Б.Цогт-Ирээдүй

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top