Гавьяат тамирчин Г.Өсөхбаяр К2-ын үндсэн отог дээр ирлээ

Автор | Zindaa.mn
2017 оны 06 сарын 27

Монгол Улсын гавьяат тамирчин Г.Өсөхбаяр дэлхийн ноён оргилуудын нэг К2 ууланд авиралт хийхээр эх орноосоо мордсон талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.  Түүний энэ удаагийн авиралтын мэдээллийг ZINDAA.MN сайт Г.Өсөхбаяр гавьяаттай холбогдож тухай бүрт нь хүргэж байгаа билээ. 

 Тэрбээр өнгөрсөн долоо хоногт бидэнтэй холбогдож, Пакистаны нийслэл Исламабадад очиж, тэндээсээ К2-ын бэл дэхь Аскол хэмээх тосгон руу хөдлөсөн талаарх мэдээллээ хүргүүлсэн. Харин өчигдөр буюу 6 дугаар сарын 26-нд Аскол тосгоноос долоо хоног алхаж, далайн түвшнээс дээш 5 мянган метрт байрлах К2 уулын үндсэн отог дээр ирж, майхан болон кэмпээ тохижуулж, байрлаад байгаа тухай мэдээллээ дамжууллаа.

Гавьяат тамирчин Г.Өсөхбаярын К2-ын авиралт бүтэн хоёр сарын туршид үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд авиралтын тухай мэдээллийг цаг алдлалгүй хүргэсээр байх болно. Мэргэжлийн уулчдын "Мөрөөдлийн оргил" болсон К2-т монгол хүн мөрөө тамгалах торгон агшин бүрийг уншигч танд урамтайяа хүргэхэд таатай байна.

Ингээд монгол түмний бахархалт хүү, Монгол Улсын гавьяат тамирчин, Монголыг уулын спортоор дэлхийд таниулсан Г.Өсөхбаярын авиралт хийж буй К2-ын талаарх сонирхолтой баримтыг хүргэж байна. 

К2-ДОГШИН ХАЙРХАН

-Бөмбөрцгийн уулчдын "Мөрөөдлийн оргил" хэмээгдэх энэхүү хайрхан нь Пакистан, БНХАУ-ын хилийн заагт оршдог байна. Баруун, зүүн, урд хэсэг нь Пакистан улсын нутагт хамрагддаг бол, хойд нүүр нь хятадын нутаг дэвсгэрт харьяалагддаг аж. 

-К2 оргил 8611 метр өндөр. Гагцхүү "Алуурчин уул" гэдгээрээ алдартай. Дэлхийн аварга 14 оргилыг хооронд нь харьцуулсан судалгаагаар аюултай догшноороо К2 Аннапурна уулын дараа 2-р байранд явж байна. Тус ноён оргилд 1990 оныг хүртэл авиралт хийсэн нийт уулчдын 66 хувь нь амь насаа алдаж байсан байна. Өөрөөр хэлбэл, хамгийн эрсдэлтэй, аюултай, үхэл дагуулах үзүүлэлтээрээ Нанга парбат, Аннапурна нарын араас 3-р байранд бичигддэг аж. 1986 онд 13 уулчин тэнд үүрд үлдсэн. 2008 онд 11 уулчин эргэж ирээгүй гэх мэтээр К2 хэмээх нэрийн араас уулчдын үхэл сүүдэр мэт дагаж явна. Эдгээр уулчдын үхэл түүнийг улам догшин, улам өндөр болгосон юм. Иймээс дэлхийн уулчид К2-ыг "Ааш муутай" уул хэмээн нэрийдэх аж.

- К2 хайрханы хамгийн том бэрхшээлүүдийн нэг нь салхи юм. Уул бүхэн өөрийн гэсэн уур амьсгалтай, шинж чанартай байдгийг бид мэднэ. Дэлхийн шилдэг уулчид К2-ыг нэлээд "ааш муутай" гэж томьёолдог. 
- Үндсэн отогтой харьцангуй өндөр авалт нь ойролцоогоор 4100 метр байдаг. 
- Цасны нуралтын бүх төрөл энэ хайрханд тохиолдоно.
- Одоогоор дэлхийн хамгийн өндөр 14 оргилоос ганц К2 дээр л өвлийн улиралд хүн гарч чадаагүй байна. 

-"Эверестэд гарсан уулчин мундаг. К2-ын оргилыг эзэлсэн бол бүр илүү мундаг" гэсэн теором уулчдын дунд буй. Зэрэглэл өндөртэй, шилдэг уулчид зэрэг зиндаагаа К2-оор хэмжиж байна. 

С.Баяр

Эх сурвалж: ZINDAA.MN

Top