Дэлхийн хүчний төв Энэтхэг үү, эсвэл Хятад уу

Автор | Zindaa.mn
2017 оны 07 сарын 04

АНУ, Их Британи, Япон, Герман гэсэн их гүрнүүдээс дэлхийн хөгжил шалтгаалдаг байсан цаг ард хоцорчээ. Тэдгээр улсын эрхшээлд байсан Энэтхэг, Хятад гэсэн хоёр улс өдгөө дэлхийн бодлогыг тодорхойлохоор барьж тогтоошгүй их хүчээр өндийж ирж байна. Энэ оны эхний хагас жилд Японыг гүйцэж түрүүлэн дэлхийн хоёр дахь эдийн засагтай орон болсон Хятад тун удахгүй АНУ-ыг ч гүйцэх нь тодорхой болжээ. Хятад ийнхүү хүчирхэгжиж эхэлсний үрээр АНУ-Япон-БНСУ гэсэн холбоотон бий болгов.

Тэд БНХАУ-ын хөгжлийн хурдцыг сааруулахыг хичээж үүндээ Тайвань, Энэтхэгийг ашиглахыг хичээж байна. АНУ саяхан Тайваньд долоон тэрбум ам.долларын өртөг бүхий зэвсэг худалдсан явдал үүнийг баталсан. АНУ-ын энэхүү өдөөн хатгалгыг БНХАУ зүгээр хараад суухгүй нь тодорхой. Тэд эсрэг эвслийнхээ хүчийг сулруулахын тулд ашиглах өгөөшөөрөө БНАСАУ-ыг сонгож авчээ. Тус улсын удирдагч Ким Чен Ир саяхнаас БНХАУ-д байн байн айлчлах болсон билээ. Айлчлалын шалтгааныг янз бүрээр тайлбарлагж байгаа боловч үнэнд хамгийн ойр нь Солонгосын хойгт дайн эхлүүлэх эсэхийг Ху Жинтаотой зөвлөж буй гэсэн таамаг юм.

Өрсөлдөгчийнхөө хүчийг сулруулах боломжийг алдахгүйн тулд болзошгүй дайнд тэд умардынхныг далдуур дэмжих нь тодорхой юм. Пентагоноос гаргасан илтгэлд БНХАУ-ын цэргийн хүч, нөөц бололцоо АНУ-ыг сандаргах хэмжээнд арай хүрээгүй байгаа хэмээн дурдсан байна. Гэсэн ч энэ нь далдуур дэмжихэд нь саад болохгүй юм.

Энэтхэгийн тухайд БНХАУ-тай хэзээний таагүй харьцаатай билээ. БНХАУ-ын талаас хийх өдөөн хатгалга тасрахгүй байгаа нь  50 жилийн өмнө болсон дайнаа мартаагүй байгааг илэрхийлдэг. Түвд, Кашмир мужаас болж тус хоёр улс 1962 онд дайтаж байсан түүхтэй юм. Үүнээс ч болсон уу хүн амын тоогоороо дэлхийд хоёрдугаарт бичигддэг Энэтхэгийн НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд орох боломжийг БНХАУ ямагт хяссаар ирсэн. Одоо Энэтхэг цөмийн их гүрэн болохоор шуурхайлж энэ ажилдаа аль ч улсаас тусламж авахад бэлэн байна. Тус улсын Ерөнхий сайд Монмахон Сингх АНУ, ОХУ-д ээлж дараалан айлчилж, тухай бүртээ цөмийн салбарт хамтрах хүсэлтээ илэрхийлж байгаа. Энэ бүхнийг бодолцвол Энэтхэг улс АНУ-тай эвсэх магадлал хавьгүй өндөр.

БНХАУ эдийн засгийн хүчин чадлаараа Энэтхэгээс хавьгүй давуу байгаа боловч энэ байдал удаан үргэлжлэх магадлал бага. Энэ зууныг хятадынх болно хэмээн бүгд хүлээн зөвшөөрч байгаа энэ үед цэргийн бие бүрэлдэхүүний тоогоор дэлхийд гуравдугаарт орох Энэтхэг улсыг талдаа татсан эвсэл л дэлхий дээр ноёрхох боломж бүрдэх юм. Тэр эвсэл нь АНУ-Япон-БНСУ байх уу эсвэл ОХУ-Венесуэль-Латин Америкийн орнууд байх уу гэдгийг цаг хугацаа харуулна биз ээ.                   

 

С.Төгөлдөр    

 

Top