Дэлхийн 2 дугаар дайны дараагаар бүх хүн төрөлхтөн нэгдэж хаана ч, үргэлж хүний эрхийг хамгаалах шийдвэр гаргасан. Үүнтэй холбоотойгоор НҮБ-аас “бүх хүмүүс болон бүх үндэстэнд зориулсан зорилгодоо хүрэх нийтлэг жишиг” болох Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг батлан гаргасан.
Тус тунхаг бичигт янз бүрийн соёл бүхий хүмүүсийн нийтлэг хүсэл тэмүүллийг тусгасан байдаг ба “хүн төрөлхтөний гэр бүлийн бүх гишүүнд угаас заяасан нэр төр болон тэдний тэгш, салшгүй эрх нь эрх чөлөө, шудрага ёс, энх тайвны үндэс мөн” хэмээн заасан байдаг.
Өнөөдөр сорилт бэрхшээл улам нэмэгдэж буй энэ цаг үед тунхаг бичиг 70 дахь жилдээ хэрэгжиж байна. Үзэн ядалт, ялгаварлан гадуурхал, хүчирхийлэл зэрэг нь өргөн тархалттай хэвээр байгаа бөгөөд олон зуун сая эмэгтэй, эрэгтэй хүмүүсийн суурь амьжиргааны түвшин, боломж бүрэн хангагдаагүй ядуу зүдүү хэвээр амьдарч байна. Мөн хүн амын албадан шилжилт хөдөлгөөнөөс үүдэж хүний эрх урьд өмнө байгаагүй түвшинд зөрчигдөж байна. 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн хөтөлбөр нь “хэнийг ч орхигдуулахгүй байх” үүрэг амлалтыг тусгасан бөгөөд хүний эрх нь хөгжил дэвшлийн үндэс суурь нь байх ёстой гэж заасан.
Энэ нь аль болох эрт, сургуулийн түвшнээс эхлэх шаардлагатай. Өнөөдөр ЮНЕСКО нь бүх охид, хөвгүүдийг өөрсдийн болон бусдын эрхийн талаарх мэдлэгээр хангах зорилгоор хүний эрхийн боловсролыг манлайлж байна. Энэ нь ЮНЕСКО-ийн зүгээс дэлхийн иргэншлийн боловсролын төлөө авч хэрэгжүүлж байгаа үйл хэрэг бөгөөд эв нэгдэл, нийтлэг эрхийн үндсэн дээр соёлын олон төрлийг улам их хүндэтгэж, бэхжүүлэх зорилготой юм. Иймээс ЮНЕСКО нь Залуучуудын боловсролын хяналт, үнэлгээний дэлхийн тайлан болон хүн бүрийн боловсрол эзэмших эрхийг хангахад Засгийн газруудыг хариуцлагатай байлгахад залуучуудыг уриалсан кампанит ажлыг эхлүүлээд байгаа юм. (#ХэнХариуцлагатайбэ)
1948 оны 12 дугаар сард ЮНЕСКО нь Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг боловсрол болон хэвлэл мэдээллээр дамжуулан дэлхий дахинд сурталчлах зорилгоор бүх үйл ажиллагааныхаа гол тулгуур болгосон Нэгдсэн Үндэстний анхны агентлаг болсон юм.
Өнөөдөр болон ирэх жилд ЮНЕСКО нь бүх нийгэмд, бүх тохиолдолд Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг хамгаалах үүднээс хүн төрөлхтнийг нэг гэр бүл болгон нэгтгэж буй хүний эрх, нэр төрийг хамгаалах үүрэг амлалтаа дахин шинэчлэхийг уриалах болно.
Тунхаг бичгийн 1 дүгээр зүйлд “Хүн бүр төрөхөөсөө эрх чөлөөтэй, нэр төр, эрхийнхээ хувьд адил тэгш байна” хэмээн заасан байдаг ба энэ нь 1948 онд дэлхий нийтэд хүрч чадсан бөгөөд одоо ч хэвээрээ байна.
Одри Азулэй
Эх сурвалж: ЮНЕСКО-ийн Монголын Үндэсний Комисс
Сэтгэгдэл ( 0 )