Монгол Улсын эдийн засаг болон банкны салбарт тулгараад байсан эрсдэлүүд буурч байна

2018 оны 04 сарын 28

Фитч (Fitch) агентлагаас 2018 оны 04-р сарын 24-ний өдөр МУ-ын банкны сектор болон эдийн засгийн эрсдэлийн талаар хэвлэлийн мэдээ гаргасан байна. Уг мэдээнд Монгол Улсын банкны тогтолцоонд хийгдсэн Активын чанарын үнэлгээ, БНХАУ-ын хил дээрх гаалийн нэвтрэн өнгөрөх хурдны удаашрал, 2018 оны эдийн засгийн төлөв, төсвийн сахилга бат зэрэг чиглэлээр үнэлэлт өгчээ. Фитч агентлагийн гаргасан хэвлэлийн мэдээг энд тоймлон хүргэж байна.  

Активын чанарын үнэлгээ (АЧҮ)-г хийснээр банкны секторын өөрийн хөрөнгийн хүрэлцээтэй холбоотой тодорхойгүй байдал буурчээ 

ОУВС-ийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд хийгдсэн АЧҮ-ний үр дүнд банкны системийн хэмжээнд өөрийн хөрөнгийн хүрэлцээний шаардлага 2017 оны жилийн эцсийн ДНБ-д харьцуулахад 1.9 хувьтай тэнцэхүйц хэмжээтэй гарсан. ОУВС-гаас 2017 онд банкны секторын шаардлагатай хөрөнгийн хэмжээг ДНБ-ний 7.0% тэнцэнэ гэж төсөөлж байснаас эерэг үр дүн гарсныг онцлоод, АЧҮ-ний хүрээнд хийгдэж буй стресс тест нь банкуудын гүйцэтгэлийг сайжруулна хэмээн тус агентлагаас үзэж байна.

Нүүрсний экспортод сөргөөр нөлөөлөөд байсан БНХАУ-ын хил дээрх удаашралыг шийдэхэд ахиц гарснаар эдийн засгийн өсөлтөд нөлөөлж болзошгүй байсан эрсдэлийг бууруулсан

2017 оны сүүлээр нүүрсний экспортын хэмжээ эрс буурч байсан бол 2018 оны 3 дугаар сараас экспортын хэмжээ эргэж өссөн нь нөлөөлсөн. Мөн  Ерөнхий сайд У.Хүрэлсүх 4-р сард БНХАУ-д айлчилсны дараа боомтын асуудалд ахиц гарснаар эрсдэл буурах нөхцөл бүрдсэн гэжээ.

2018 онд эдийн засгийн өсөлтийн төсөөлөл 2017 оны гүйцэтгэлээс бага зэрэг доогуур буюу 4.5 хувьтай байна

Монголбанкны хараат бус байдлыг хууль эрх зүйн түвшинд нэмэгдүүлж, макро зохистой бодлогыг хэрэгжүүлж эхэлснээр банкны хяналт шалгалтын тогтолцооны эрсдэлийг бууруулах алхам болж байгааг дурджээ. Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөлийн шийдвэрээр бодлогын хүүг 10% болгож бууруулан, банкны заавал байлгах нөөцийн хэмжээг төгрөгийн хувьд 10.5%, гадаад валютын хувьд 12.0% болгож ялгаатай тогтоож өгсөн нь санхүүгийн долларжилтын эсрэг авч байгаа арга хэмжээ юм.

Мөн эдийн засаг сэргэж, төсвийн сахилга бат сайжирч байна

Тус агентлаг 2017 оны 11-р сард МУ-ын зээлжих зэрэглэлийг үнэлэхдээ 2018 онд төсвийн алдагдал ДНБ-ий 7.3%-тай тэнцэнэ гэж төсөөлж байсан ч гүйцэтгэлээр Монгол Улсын төсвийн алдагдлын хэмжээ ДНБ-ий 1.9% болж буурсан байна.

Монгол Банк


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top