Баянзүрх дүүрэг энэ оныг “Хүүхдийн хөгжлийн жил” болгон зарласан билээ. Жилийн хүрээнд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газар, НҮБ-ын Хүүхдийн сан, Дэлхийн Зөн Олон улсын байгууллага, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс хамтран “Хүүхэд хамгаалал миний оролцоо” хүүхдийн III чуулганыг амжилттай зохион байгууллаа.
Чуулганд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Д.Пүрэвдаваа, дүүргийн ИТХ-ын дарга Ш.Ганчимэг, Засаг дарга Т.Баясах, ИТХ-ын ажлын албаны дарга Г.Болормаа, Засаг даргын орлогч Б.Наранчулуун, Д.Уламбаяр болон дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид, хороодын Засаг дарга нар болон ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын төлөөлөл оролцсон юм.
Нийгмийн орчинд хүүхдийн эрх хамгааллыг бэхжүүлэхэд тулгарч буй асуудлыг хүүхдийн оролцоонд тулгуурлан гаргаж шийдвэрлэх, хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, аюулгүй орчинг бүрдүүлэхэд шийдвэрлэх шатны оролцоог хангах зорилготой уг чуулганыг олон байгууллага дэмжин оролцлоо. Тухайлбал, “Хүүхэд хамгаалал миний оролцоо” хүүхдийн III чуулганыг дүүрэг дэх Цагдаагийн I, II, III хэлтсүүд, Онцгой байдлын хэлтэс, Замын цагдаагийн хэлтэс, Тарвалин хийд, Эрүүл мэндийн төв, Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэс, Боловсролын хэлтэс, Улаан загалмайн хороо, Скаутын холбоо, Ирээдүйн Монгол ТББ дэмжин дуу хоолойгоо нэгтгэсэн юм.
Дашрамд дурдахад, хүүхдийг аливаа хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хүүхдийг эрүүл, аюулгүй орчинд амьдрах, сурч боловсрох, хөгжих, хамгаалуулах, нийгмийн амьдралд оролцох эрхийг хангах зорилгоор дүүргийн хэмжээнд “Хүүхэд хамгаалал-миний оролцоо” аяныг 4 үе шаттайгаар зохион байгуулж эссе бичлэг, гар зургийн уралдаан, хэлэлцүүлгийг зохион байгуулсан юм.
Эссе бичлэгийн уралдаанд 97 дугаар сургуулийн 12 дугаар ангийн сурагч Х.Оюун-Эрдэнэ түрүүлсэн бол Гар зургийн уралдаанд “Шинэ Монгол” бүрэн дунд сургуулийн 10 дугаар ангийн сурагч Б.Марал түрүүллээ. Түүнчлэн энэ үеэр хэлэлцүүлгээс гарсан зөвлөмж , мэдээллийг дүүргийн удирдлагуудад гардуулсан бөгөөд хэлэлцүүлэгт нийт 250 орчим хүүхэд оролцов хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийг албанаас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )