БНСУ-ын Барилгын холбооны дэд ерөнхийлөгчтэй уулзлаа

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 03

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд БНСУ-ын Барилгын холбооны дэд ерөнхийлөгч Жон Бён Юуныг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтад Нийслэлийн Засаг даргын дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү,  нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газарын дарга Б.Бат-Эрдэнэ, Нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газрын дарга Ч.Батбилэг, “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-ийн гүйцэтгэх захирал С.Сод-Эрдэнэ, “Нийслэлийн орон сууцны корпораци” ОНӨААТҮГ-ын гүйцэтгэх захирал Б.Сүхбаатар, “Дүсан” барилгын компанийн дэд ерөнхийлөгч Тэ Вон Пак, БНСУ-ын Барилгын холбооны барилгажилт, дэд бүтэц, гадаад харилцааны хэлтсийн ажилтан И Жи Юн, Барилгын холб​​ооны барилгажилт, дэд бүтэц, гадаад харилцааны хэлтсийн ажилтан Кан Ён Гил болон бусад албаныхан оролцсон.


Уулзалтын үеэр Улаанбаатар хотын шинэ нисэх буудал орчмын эдийн засгийн тусгай бүсийг хөгжүүлэх, Улаанбаатар хотын дэд бүтцийн салбарт хэрэгжиж байгаа төсөлд оролцох талаар болон Улаанбаатар хотын амьдрах орчныг сайжруулах ба амины сууц нийлүүлэх бизнесийн үйл ажиллагаанд оролцох зэрэг саналыг БНСУ-ын Барилгын холбооны зүгээс тавилаа.

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Улаанбаатар хотын эдийн засгийн хөгжлийг шинэ шатанд гаргах санаачлага дэвшүүлээд ажиллаж байгаа нь эдийн засгийн тусгай бүсийн асуудал юм. Иймд боломжуудыг илүү ашигтайгаар ашиглах, хийгдсэн хөрөнгө оруулалтын төслийн үр өгөөжийг нэмэгдүүлэх болон цаашид хөрөнгө оруулалтыг тус салбарыг дэмжих зорилгоор шинэ нисэх буудлаа түшиглэн хил, гааль, татварын тусгай дэглэм бүхий эдийн засгийн тусгай бүс байгуулах асуудлаар ажлын хэсэг байгуулагдаад судалгааны ажлыг хийгээд явж байгаа. Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртлэх хөгжлийн чиг хандлагад дэд бүтцийн салбарт хэрэгжих ажлууд тусгагдсан. Хотын нийтийн аж ахуй хангамж, үйлчилгээний үндсэн тулгуур нь инженерийн дэд бүтэц. Дулаан, цахилгааны эрчим хүч, ундны усны эх үүсвэрийн одоогийн нөөц, хүчин чадал нь нийслэл хотын өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээ шаардлагаас хоцорч байгаа. Иймд инженерийн дэд бүтцэд технологийн шинэчлэл хийх, шинэ эх үүсвэр бий болгох зэрэг тулгамдсан хэрэгцээ манай хотод бий” хэмээгээд холбогдох албаныхныг БНСУ-ын Барилгын холбооныхонтой илүү ажил хэрэгч уулзалт зохион байгуулахыг хүслээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлээ.


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top