Ус урссаар байгаад өрөөнд минь ороод ирэв. Чимээгүй... бүр чив чимээгүй гулган ороод ирэв.
Ус хивсэн дээр тунарна. Би өндөр сандал дээр суугаад цонхоор харж суулаа. Усны түвшин аажим нэмэгдсээр, яг шагайгаар татахын алдад өрөө рүү минь аймтгайхнаар мөлхөн орж ирмэгцээ түрэмгийхэн дээшилж асан их усны урсгал гэнэт зогсов, гэнэт.
Доош харахад тунгалаг усан нэвт хивсний хээнүүд товойн үзэгдэнэ. Ус хөдөлгөөнгүй болжээ. Их гоё хивс юм, гоё. Үгүй ингэхэд, тэр яагаад усыг өөртөө шингээн авахгүй байна вэ? Өндөр сандлын хажуугийн хоёр түшлэгийн нэг нь хугархай. Бүтэн дээр нь би баруун гараа тавиад сууж байна. зүүн гар өвдөг дээр.
Онгорхой тагтны наагуур татсан хөшиг салхинд хөндөгдөн чичгнэх бүрийд үс хийснэ. Үснүүд минь нэг нэгээрээ, ямархан нэгэн үгийг агаарт бичингээ цэнхэртэн намирна. Хамаг бие халуу шатах болов хөл минь шагайнаасаа доош хүйтэн усан дотор.
Харанхуй. Чив чимээгүй... Үгүй ээ, чимээгүй гэдэг үг энд чангадаж байна. Нам гүм, нам гүмийн дотор... яг дотор талд нь би сууж байна. Миний гадуур дүүрэн ус. Хүйтэн. Тув тунгалаг. Нэвт... Өрөөний хана, адар, цонх бүгд хүйтэн. Гэвч би халуу шатна.
Гэнэт... Цээжин дотор минь нэг хүн бүжиглээд эхлэв. Хар арьстай, шувуу шиг хөдөлгөөнтэй, урт үстэй... Бүжиглэнэ. Үрчлээт нүүртэй атал арван тавтай юм шиг огцом шаламгай, цогтой хөдлөх тэрбээр асаж буй гал мэт ажээ. Цоролзон бүжих түүний гар элгэнд минь, зүрхэнд минь хүрэх төдийд би жирвэгнэн татганаж, хамаг бие халуу шатна.
Бис зүүн гараа болгоомжтой дээшлүүлж, цээжээ зовиурлангүй дарлаа. Тэр зогтусав. “Битгий бүжиглээч!” гэж би түүнээс хичээнгүйлэн гуйлаа. Гуйлтыг минь сонсоод тэр хэсэгхэн зуур амьсгаагаа дарсан ч, гэнэт дээр үсрээд, урьдынхаасаа ч хүчтэй бүжиглэж эхлэв. Хар арьстай, шувуу шиг хөдөлгөөнтэй...
Түүний хөдөлгөөн ширүүсэх тусам миний хормой чичигнэнэ. Би нүдээ аниад, өөрийн эрхгүй түүний хөдөлгөөний аясаар найгаж эхлэв. Яг л сиймгэр пансан алчуур шиг болчихсон би хамаг биеэрээ хийсэн, сандал дээрээ туялзан намирч эхэлтэл...
Гэнэт... Гэнэт сүлжээстэй урт үс цээжийг минь бүлэн гарч ирмэгц гар дээр уналаа. Би цочин гараа угз татав. Үс ус руу цүлхийн унав. Усны түвшин мэдэгдэхүйц нэмэгдэж эхэллээ. Нэмэгдсээр, нэмэгдсээр, нэмэгдсээр... Өвдгөөр татаад ирэв.
Бие минь урьдынхаасаа ч халуу шатна. Шувуу шиг хөдөлгөөнтэй хүн бүжиглэнгээ дуулж эхлэв. Аяархан дуулна. Хачин аяархан. Ийм хурц хөдөлгөөнтэй хүнээс ийм намуун дуу гарах гэж! Би толгой гудайн чагналаа. Үг нь надад сонсогдохгүй байсан авч би ямар дуу болохыг төвөггүй танилаа. Тэр бол...
Гэнэт... Жижигхэн хар шоргоолж баруун гараар минь гүйж эхлэв. Хар арьстан анд нөхөр байх нь! Үзэг барьсан баруун гарын минь шуун дээгүүр тун шаламгай гүйнэ. Би өнөөх дууны тухай үргэлжлүүлэн бичиж амжсангүй. Мартчихлаа. Ингээд шоргоолжны хөлийн мөрийг даган өөрийнхөө арьсан дээгүүр би гүйж эхэллээ.
Тэр шоргоолж төгсгөл байсан юм.
Намайг төсөөллөө цаасан дээр буулгах хэрэггүй гэдгийг сануулахаар хэн нэг нь шоргоолжийг явуулсанд би итгэв. Жижигхэн, хөөрхөн, уснаас дөнгөж гарч ирсэн юм шиг гялтганасан хар шоргоолж нүцгэн гарын мөр тохойг ирвэгнүүлэн гүйсээр нурууг минь даган далд ордгийн даваан дээр би түүнийг зүүн гарынхаа дунд хуруугаар тосон аваад, алган дээгүүрээ гүйлгэн тоглов.
Гэнэт... Би нэг юмыг анзаарлаа. Ирвэгнэхээ больчихож. Шоргоолж гүйхээрээ хурдлах боловч зүүн гар минь юу ч мэдрэхгүй байв. Би баруун гарынхаа долоовор хуруугаар тосон аваад, өндгөөрөө чагнатал бас юу ч “сонсогдсонгүй”. Ирвэгнэхгүй байлаа. Алгаа тэнийлгэтэл шоргоолж гүйсээр бугуйнд минь хүрээд хар хурдаараа дуушилж...
Гэнэт... Гэнэт би түүний хөлийг сонсч эхлэв. Сонсохоор барахгүй, бүр хамаг арьсны минь инээд хүрч байна гээч. Дүрсгүй хар шоргоолжийг энгэр рүү оронгуут баривчлан аваад ахин зүүн гарынхаа алган дээгүүр гүйлгэв. Байдаггүй, юу ч байдаггүй. Би юу ч сонссонгүй, юу ч мэдэрсэнгүй. Ээ, мэдэрсэнгүй!
Эцэст нь арай гэж бүхнийг ойлгов. Миний биеийн нэг хэсэг амьгүй болчихож. Амьсгаагүй болчихож. Халуунгүй, бас чичирхийлэлгүй болчихож. Халуунгүй бас чичирхийлэлгүй учраас хав хатуу болчихож. Амьдрал байнга хүрч байдгаараа гар хурууд минь ийнхүү түрүүлээд... Халаг гэж! Миний тал үхчихэж. Яг л их амьдрах тусам амьдралыг ойлгохоо больдог шиг, мэдрэх тусмаа би юу ч мэдрэхээ больчихжээ. “Энэ шоргоолж бодвол Цаг хугацааны элч биз ээ!” ингэж бодоод би түүнийг чөлөөллөө.
Үзгээ аваад ахин дэвтэр рүүгээ тонгойв. Хар арьстын дуулж асан цуурай дотроос замхраагүй ч, цээжийг минь бүлэн гарч ирсэн сүлжээстэй ширүүн үснийх нь үлдээсэн шарх арай л бүрэн аниагүй ч... Эгэл ертөнцдөө би хэдийнээ шидэгджээ. Тэр нэгэнт бүжиглэхээ больж.
Доош харав. Ус хэдийнээ татарчихжээ. Би уртаар санаа алдаад, цонхоор харлаа. Наймдугаар сарын цэлмэг, тунгалаг өдөр! Тийм ээ, энэ өдрийн тэнгэрт нь ч, газарт нь ч дусал ч ус байгаагүй. Доторх засварыг нь хийж амжаагүй зуслангийн модон байшингийн минь хана шалан дээгүүр нар шоргоолж хоёр л уралдана. Цагийн бяцхан элчийг хайн, тэр шоргоолжийг удаан ажив. Гэвч ер ялгаж таньсангүй. Тэд бүгдээрээ л эгшин хором, цаг, хоног, сар, жилүүдийн нэг нэг амьсгаа, нэг нэг дуу байлаа. Элчийг би ялган харж чадсангүй ээ.
Гадаа халуун боловч бие минь хүйт дааж эхлэхүйд умбаж асан харанхуй огцом татраад, зуны хурц наранд нүд минь хэрхэн гялбахыг нойрноос сэрэх мэт гэнэт мэдрэв. Мэдрэв. Мэдрэв.
Би хар арьстын бүжиг болоод дуу, өрөөг минь, биш ээ биш, өөрийг минь дүүргэн байсан тунгалаг, хүйтэн усыг түрхэн зуур түлхээд бослоо.
Ээ, хоёр ертөнцийн тэг дунд зогсох бие минь!
Ээ, хоёр ертөнцийн хаалганаас зэрэг атгах гар минь!
Л.Өлзийтөгс (2004 он)
Сэтгэгдэл ( 0 )