SOS: Хөрсний БОХИРДОЛГҮЙ газар Улаанбаатарт ҮГҮЙ!

Автор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 04

Мишээсэн дагина шиг миний Улаанбаатар хөрсний бохирдол агаарын бохирдлоос ч илүү аюултай хэмжээнд байгаа гэвэл та итгэх үү? Гэр хорооллын нүхэн жорлон, ил задгай хог хаягдал, хүн амын хэт төвлөрөл, арьс ширний үйлдвэрүүдийн хог хаягдлууд хөрсний бохирдол үүсгэдэг гол хүчин зүйл болдог аж. Судалгаагаар Улаанбаатарт хөрсний бохирдол “цэвэр” буюу огт бохирдоогүй хэсэг огт илрээгүй гэх харамсалтай баримт ч бий. Бодлого боловсруулагчид нүдэнд харагдах утаатай их хэмжээний мөнгө цацан тэмцэж байх хооронд хөрсний бохирдол аюултай түвшинд хүрснийг мэргэжилтнүүд сануулж байна.

ХӨРСНИЙ БОХИРДОЛ ХАА САЙГҮЙ

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас Улаанбаатар хотын найман дүүргийн суурьшлын бүсэд хөрсний бохирдлын судалгаа явуулжээ. Нийт 74 цэгээс авсан дээжийн 64 хувь нь дунд болон их хэмжээний бохирдолтой гэсэн базаахгүй дүн гарсан байна. Ялангуяа гэр хорооллын орчим, цэвэрлэх байгууламжаас төвийн шугамд нийлүүлж буй бохир ус, ил задгай хог хаягдал их нөлөөлсөн байна. Үүнээс анхаарал татах нэг зүйл байгаа нь сургууль орчмын бүсээс хөрсний бохирдол илэрсэн явдал.

“Судалгаанд хамрагдсан 74 цэгээс “цэвэр” буюу огт бохирдолгүй хэсэг илрээгүй. Хотын захын Налайх, Багахангай дүүрэг харьцангуй бохирдолгүй байгаа ч бага хэмжээний бохирдолтой байна. Анхаарах ёстой гол асуудал Баянзүрх дүүргийн 102, Хан-Уул дүүргийн 114 дүгээр сургууль орчмын хөрснөөс дээж авахад хөрсний бохирдол их гарсан. Энэ нь хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчиж байгаа юм” гэж НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтсийн улсын ахлах байцаагч Б.Золбоо ярьсан юм.

Нянгийн бохирдол хамгийн  их илэрсэн хэсгүүдийг дурдвал "Нарантуул" зах, Шархадны эцэс, Хужирбулан, Гэмтлийн эмнэлэг, Сонсголон, Харгиа цэвэрлэх байгуулах, 32-ын тойрог, Дэнжийн 1000 зах, Баянбүрдийн тойрог зэрэг газрууд зөвшөөрөгдөх хэмжээнээс их байгаа юм. Судалгааны явцад хүнд металлийн бохирдол одоогоор зөвшөөрөгдөх хэмжээнээс бага байгаа гэсэн судалгаа гарчээ.


ГҮНИЙ УСАНД Ч НӨЛӨӨЛЖЭЭ

Улаанбаатар хотын гэр хорооллын хөрсний бохирдол гүний усанд нөлөөлж, эмгэг төрөгч бичил биет илрэх болжээ. Гэр хорооллын газрын гадаргад ойрхон хэсэг буюу 1.5 м гүнд эмгэг төрөгч бичил биетүүд ихээр илэрчээ. Гүний ус гадаргад ойрхон хэсэгт нян илэрч байгаа нь нүхэн жорлон усны чанарт шууд нөлөөлж байгааг судалгаагаар тогтоосон нь энэ.

“Улаанбаатар хотын гэр хорооллын эдийн засаг, орлогод нь нийцсэн сайжруулсан ариун цэврийн байгууламж нийлүүлэх шаардлагатай. Ялангуяа энгийн загвартай, боломжийн үнэтэй, хотын дэд бүтцээс шалтгаалдаггүй, хөрсөнд аливаа ялгадас нэвчих боломжгүй байх ёстой” гэж БОАЖЯ, АХБ-ны төслийн нэгжийн захирал Ж.Чойханд ярилаа.

Гэр хорооллын бүсэд 800 мянга орчим хүн аж төрдөг бөгөөд эдгээрийн 96-аас дээш хувь нь зөөврийн ус хэрэглэдэг, 95 хувь нь ердийн нүхэн жорлонтой гэх судалгаа гарчээ. Улаанбаатар хотын хүн ам нэмэгдэхийн хэрээр гэр хорооллын дэд бүтэц, төвлөрсөн усан хангамжид хамрагдах шаардлага нэмэгдэх хэдий ч 2030 оны байдлаар 404 мянган хүн энэ системд холбогдож чадахгүй гэх тооцоолол гарсан байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Азийн хөгжлийн банк, Японы Засгийн газрын дэмжлэгтэйгээр өнгөрсөн 2017 оны нэгдүгээр сард “Гэр хорооллын ариун цэврийн байгууламжийг сайжруулах” төсөл хэрэгжүүлсэн бөгөөд 2020 онд бүрэн хэрэгжиж дуусах юм. Энэ хугацаанд сайжруулсан жорлонтой болгох зорилт тавьж буй аж.

ГЭДЭСНИЙ ХАЛДВАРЫН ТОХИОЛДОЛ НЭМЭГДСЭН

Хөрсний бохирдол эрүүл мэндэд ч нөлөөлөөд эхэлжээ. Улаанбаатар хотод 2017 онд цусан суулга 1.5 дахин, сальмонеллёз төрийн гэдэсний халдвар хоёр дахин өссөн гэх дүн гарчээ. Түүнчлэн хүүхдийн цусны хар тугалгын агууламжид хөрсний хар тугалга 27.5 хувь нөлөөлж байгааг тогтоосон байна.

“Хөрсний бохирдлыг нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд их гарсан дүүргүүдэд оршин суугчдын дунд салмонелл, шигеллийн төрлийн халдвараар өвчлөгчдийн тоо мөн адил их байгаа” гэж Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн судалгааны тайланд дурджээ.

Судалгааг Улаанбаатар хотын есөн дүүргийн 1200 хүнд явуулжээ. Улмаар нийт гэдэсний халдварт өвчнөөр өвчлөгчдийн 81.1 хувь нь 0-9 насны хүүхэд эзэлж байгаа аж. Хөрсөнд цусан суулга нян нэг жил хүртэл, шимэгчид 1-2 жил, хүж хорхойн өндөг зургаан сараас нэг жил, боом татран үүсгэгчид 25-30 жил амьдрах чадвартай аж.


*      *     *

Монгол Улсын нийт хүн амын 45.1 хувь буюу 1.4 сая хүн Улаанбаатар хотод амьдардаг гэх судалгаа бий. 2035 он гэхэд энэ тоо 1.9 сая болж өсөх төлөвтэй. Хүн ам нэмэгдэхийн хэрээр хөрсний нянгийн бохирдол нэмэгдэж хөрс цэвэрших байгалийн задралд сөргөөр нөлөөлдөг байна. Тиймээс иргэдийн дунд хөрсний бохирдол, түүнээс шалтгаалах өвчлөлийн талаар мэдээлэлтэй болгож, бохирдсон хөрсийг цэвэршүүлэх технологи нэвтрүүлэх шаардлагатай аж.  Хөрсний бохирдолтой холбоотой дүрэм, журам, эрх зүйн тогтолцоог боловсронгуй болгохгүй бол хөрсний бохирдол хяналтаас гарах нь. Сүүлийн жилүүдэд Азийн хөгжлийн банк болон олон улсын донор байгууллагууд ариун цэврийн байгууламжийг сайжруулах, хөрсний бохирдлыг бууруулах замаар төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгаа ч бодлогоор зохицуулахгүйгээр мөн л амжилтад хүрэхгүй.

Жич: Шинжлэх ухааны академийн Газар зүй, геотехнологийн хүрээлэн өнгөрсөн долоон жилийн турш явуулсан судалгаагаар Улаанбаатар хотын 88 хувь нь нянгийн бохирдолтой, 72 хувь нь хүнд металл буюу сульфатын бохирдолтой гэсэн дүн гарчээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин (202.179.27.173) 2018 оны 12 сарын 04

Энд гайхах юм огтхон ч алга Монгол хун шиг хорвоод ганцаараа амьдарч бгаа юм шиг байгалийг дайсагнагч одоо 21-р зуунд бараг бхгуй бх Дуртай газраа машинаа угаана орцныхоо уудэнд голын эрэг дээр хаа сайгуй хог хаяна задгай бие засна , задгай жорлон, худаг ус стандартын бус гаргана, уер усны ам хаа сайгуй гэр хашаагаа хатгаад буучихна уер усны уеэр хамаг отгон шингэн нь хальж хорсийг бохирдуулж халдварт овчний голомт бий болгоно Тор засаг руугаа л дайраад буруутгаад бхаас хувь хун бур дор бурнээ хариуцлагатай бх илуу чухал болохыг ойлгодоггуй ,ойлгохыг хусдэггуй Ур дунд нь оорийгоо устгаж бн

0  |  0
Top