Дорноговь аймаг Замын-Үүд өртөөний галт тэрэгний замд өнгөрөгч оны наймдугаар сарын 27-ны өдөр, УБТЗ-ын Дохиолол холбооны 3-р ангийн дагалдан ажилтан, 29 настай Б нь 112-р галт тэргэнд дайруулж, амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан.
Осолдсон иргэн төмөр замын бэлчирийн элс гаргах ажил гүйцэтгэж байсан ба хөдөлмөрийн аюулгүй байдал, байгууллагын дотоод журам зөрчсөний улмаас осол гарсан гэх дүгнэлтийг УБТЗ-аас гаргасан байдаг. Тодруулбал, Төмөр замын ажилтнууд галт тэрэг 400 метрт ойртох үед замаас холдох ёстой байдаг ба тухайн ажилтан Хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай хуулийн 18.2.7 дахь заалт буюу “Өөрийгөө болон бусдыг аюул эрсдэлд учруулахгүй байх” гэсэн заалтыг зөрчсөн, мөн өртөөний жижүүр нь ажилтнуудад галт тэрэг зогсолтгүй өнгөрөх тухай мэдээлэл өгөөгүй, чанга яригчаар давтан зарлаж мэдээлээгүй учраас ийнхүү хүний амь эрсэдсэн гэж үзжээ.
Дээрх хэргийг Дорноговь аймгийн цагдаагийн хэлтэст шалгаж, улмаар амь хохирогч нь тухайн үед ажлын байрандаа согтууруулах ундаа хэрэглэсэн, хөдөлмөрийн хууль зөрчсөн хэмээн хэргийг хаах саналтайгаар прокурорт хүргүүлээд байгаа аж. Харин талийгаачийн ар гэрийнхэн УБТЗ-ын гаргасан дүгнэлт болон хэргийг хаах гэж буйг эсэргүүцэж байна.
Энэ талаар талийгаач Б-гийн төрсөн ах Н.Баярхүү “Дүү маань дадлагын оюутан байсан. Хөдөлмөрийн хуулинд зааснаар замын ажил хийхэд хоёр хүн байх ёстой. Гэтэл ганцааранг нь орхисны улмаас амь насаа алдахад хүрсэн. Хэргийг одоо ч шийдэж өгөөгүй хэвээр байна. Цагдаагийн байгууллагаас талийгаачийг галт тэргэнд дайруулахдаа 0,5 хувийн согтолттой байсан гэж байгаа ч хүний биед 0,4 хувь хүртэл согтох боломжтой гэж шүүхийн эмч нар хэлж байгаа. Осол гарсан газарт хоёр хяналтын камер байсан ч эдгээр камерууд ажиллахгүй гэсэн шалтгаанаар бид нарт бичлэг үзүүлээгүй. Хэргийн талаар ярилцах гэж өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 3-ны өдөр УБТЗ-ын дарга Р.Жигжиднямаатай уулзах хүсэлт гаргасан ч албаны хүмүүс нь уулзуулдаггүй. Бид гомдолтой байна” гэсэн юм.
-ГАЛТ ТЭРГЭНД МӨРГҮҮЛСЭН ИРГЭН НӨХӨН ТӨЛБӨР ТӨЛӨХӨӨР БОЛЖЭЭ-
Дээрх хэрэг бол УБТЗ-тай холбоотой онц ноцтой ослуудын нэг жишээ бөгөөд осол хэргийн шийдвэрлэлтийн байдал олны анхаарлыг татсаар байгаа юм.
Албаны тоо баримтаар, сүүлийн хоёр жилийн хугацаанд нийт 62 осол гарч, зургаан хүний амь эрсэдсэн. Эдгээрийн дүгнэлт шийдвэрлэлтээс дурдахад, 22 нь үйлдвэрлэлийн осол хэмээн бүртгэгдсэн бол үлдсэн 40 осол нь үйлдвэрлэлийн бус осол хэмээн бүртгэгджээ. Өөрөөр хэлбэл, төмөр замын ажилтан томилолтоор явж байгаад амь насаа алдсан, гэмтсэн бол авто осол болон бусад, ажлын байрандаа осолдсон бол технологийн дүрэм зөрчсөнөөс үүдсэн осол хэмээн шийдвэрлэж иржээ.
Хамгийн сүүлийн мэдээллээр, өнгөрсөн гурав хоногийн хугацаанд төмөр замд хоёр ч осол гарч, нэг хүний амь нас хохирсон хэргийг Төмөр зам дахь цагдаагийн газарт шалгаж байна.
Тухайлбал, гуравдугаар сарын 8-ны оройн 21:00 цагийн орчимд Төв аймгийн Сэргэлэн сумын Баянбүрд нэгдүгээр багийн нутагт ачааны галт тэргэнд 54 настай эмэгтэй дайруулж, амь насаа алджээ. Мөн Сэлэнгэ аймагт Тоёота "Axio" маркийн автомашин гарамгүй газарт төмөр замын хашаа дайрч, улмаар 3503 дугаар галт тэргэнд мөргүүлсэн бөгөөд галт тэрэг нэн яаралтай тоормослон зогсож амжсан тул хүний амь нас эрсдээгүй байна. Дээрх автомашины жолооч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан ба осол гаргасан этгээд нь галт тэрэгний хөдөлгөөнд саад учруулсан хэргээр өөрөө эргэн шалгагдаж, нөхөн төлбөр төлөхөөр болжээ.
Сэтгэгдэл ( 1 )
Энэ гахай Жигээ мөн ч хар мөртэй юм даа. Ил далд хичнээн залуучууд үйлдвэрийн осолд орж бэртэл ээ. Ёстой муухай хүн