Мадрид дахь БНАСАУ-ын элчин сайдын яамны байранд нэгжлэг хийх үед Испанийн цагдаа нар их хэмжээний зэвсэг илрүүлсэн тухай “El Mundo” сонин өчигдөр /2019.03.14/ мэдээлжээ.
Арав орчим үл танигдах этгээдүүд элчин сайдын яам руу дайрч, хэдэн цагийн туршид тус яамны ажилтнуудыг саатуулж, хэд хэдэн компьютер, баримт бичиг авч гарсны дараа буюу энэ оны хоёрдугаар сарын 22-ны өдөр нэгжлэг хийжээ. “El País” сонин эл халдлагад Тагнуулын төв газар /АНУ/ холбоотой байх магадгүй гэж Үндэсний цагдаагийн газар, Тагнуулын үндэсний төвийн эх сурвалжийг дурдан бичжээ. Тус улсын гадаад хэргийн яам мөрдөн шалгах ажиллагааны талаар албан ёсоор тайлбар хийгээгүй байна.
Испанийн нийслэл дэх тансаг байшинд байрладаг Хойд Солонгосын элчин сайдын яаманд нэгжлэг хийх үеэр цагдаа нар их хэмжээний зэвсэг илрүүлсэн тухай дурдсан ч, эх сурвалж хэр их хэмжээг тодруулаагүй байна. Эдгээр зэвсгийг халдлага үйлдсэн этгээдүүд ашиглаж байсан байж болзошгүй гэж мэдээлжээ.
Хэрэг явдал гарах үед элчин сайдын ажилтнуудаас гадна Хойд Солонгосын оюутнууд байсан гэнэ. Гэмт этгээдүүд тэдний гарыг хүлж, зодсон ба БНАСАУ-ын хэргийг түр хамаарагч Со Юн Сокийг өөр өрөөнд тусад нь байцаасан байна. Гэмт этгээдүүд халдлага болсон өдрөөс хэдхэн хоногийн дараа Ханой хотноо болсон АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, БНАСАУ-ын удирдагч Ким Жон Уны дээд хэмжээний уулзалтын бэлтгэл ажилд идэвхтэй оролцож байсан БНАСАУ-аас тус улсад сууж байсан элчин сайд Ким Хёк Чхолийн талаар мэдээлэл авахыг оролдож байжээ. Сон Юн Сок халдлага үйлдсэн этгээдүүд Өмнөд Солонгосоос гаралтай хүмүүс байсан гэж цагдаад мэдэгдсэн бол Испани улсад суугаа БНСУ-ын элчин сайд Өмнөд Солонгосын эрх баригчид энэ халдлагад ямар ч холбоогүй гэж мэдэгджээ.
Эх сурвалж Тагнуулын төв газар /АНУ/ энэ хэрэгт холбоотой гэдгээ үгүйсгэсэн гэж мэдээлсэн байна. Гэхдээ гэмт этгээдүүд Ким Хёк Чхоль элчин сайд асаны компьютерт үлдээсэн зүйлийг хайж байсан нь тодорхой гэж эх сурвалж онцолжээ.
Пёньян цөмийн болон пуужингийн туршилт хийсний дараа 2017 оны есдүгээр сард Испанийн засгийн газар Ким Хёк Чхоль элчин сайдыг улс орноосоо хөөсөн билээ.
Сэтгэгдэл ( 0 )