Сэтгэцийн эрүүл мэндийн мэдээлэл өгөх 1800-2000 утас нээгдлээ

2019 оны 03 сарын 22

Монголд анх удаа Сэтгэцийн эрүүл мэндийн чиглэлээр 24 цагаар мэдээлэл өгөх 1800-2000 утасны нээлт өнөөдөр /2019.03.22/ Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв дээр боллоо.

Энэхүү утсыг ажиллуулснаар архи, тамхи, мансууруулах бодисын хэрэглээтэй холбоотой асуудал, уур бухимдал, нойргүйдэл, стресс, сэтгэл зүйн ямар нэг асуудалтай хүмүүс гадны хөгжингүй орнуудтай адил утсаар шууд мэдээлэл авах боломж бүрдлээ. Олон жилийн туршлагатай сэтгэцийн эмч нар ээлжээр ажиллаж, мэдээлэл өгнө.

Өнөөгийн байдлаар дэлхийн 4 хүн тутмын 1 нь амьдралынхаа хугацаанд сэтгэцийн ямар нэг эмгэгт нэрвэгдэж байгаагаас гадна хөдөлмөрийн чадвар алдалтад хүргэдэг 10 өвчний 5 нь (сэтгэл гутрал, архаг солиорох эмгэг, сэтгэл цочирдлын хоёр туйлт эмгэг, архины хэрэглээтэй холбоотой эмгэгүүд, ялимгүй зовлонт байдлын эмгэгүүд) сэтгэцийн эмгэг байна. Дэлхийн хэмжээнд 2005 онд бүртгэгдсэн нийт өвчлөлийн 10 хувийг сэтгэц зан үйлийн эмгэг эзэлж байсан бол энэ нь 2020 онд 15 хувь болж нэмэгдэх магадлалтай гэж  Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) тооцоолжээ. ДЭМБ-ын Номхон далайн баруун эргийн бүсийн хөгжингүй орнуудад мэдрэл, сэтгэц зан үйлийн эмгэг 27%, хөгжиж буй орнуудад 15% байна.

Улсын хэмжээнд хөдөлмөрийн чадвараа алдсан нийт хүмүүсийн дотор сэтгэцийн эмгэгтэй хүмүүс 15%-ийг эзэлж, сэтгэц, зан үйлийн эмгэгтэй 21 мянга гаруй хүн амьдарч байна. 2013 онд хийгдсэн Зонхилон тохиолдох сэтгэцийн эмгэгийн тархалтын судалгааны үр дүнг 1984-1992 оны судалгаатай харьцуулбал стрессийн шалтгаант сэтгэцийн эмгэг 10 дахин, архинд донтох эмгэг  40 дахин нэмэгдэж, үүний дотор 15-65 насны хүмүүсийн 6%-ийг сэтгэл гутрал эзэлж  байна.

Хэрэв танд болон таны ойр дотны хүнд:

  • Нойргүйдэл;
  • Сэтгэл түгшилт;
  • Айдас;
  • Сэтгэл гутрал;
  • Уур бухимдал;
  • Мэдрэл сульдал;
  • Дэлгэцийн донтолт;
  • Архи, тамхи, мансууруулах бодисын хэрэглээтэй холбоотой асуудал;
  • Жирэмсэн үеийн сэтгэлзүйн өөрчлөлт;
  • Төрсний дараах сэтгэлзүйн хямрал, сэтгэл гутрал;
  • Гэмтлийн дараах /хүчтэй стресс/ сэтгэлзүйн хямрал; Ахимаг насны үеийн сэтгэцийн тулгамдсан асуудал;
  • Хүүхдийн сэтгэцийн тулгамдсан асуудал тулгарвал

Та 24 цагийн турш МЭДЭЭЛЛИЙН УТАС 1800-2000 утсаар холбогдож мэргэжлийн сэтгэцийн эмчээс мэдээлэл авах боломжтой. Та уг утсанд энгийн утасны тарифаар холбогдоно.

 

 

СЭТГЭЦ ЭРҮҮЛ БОЛ БИЕ ЭРҮҮЛ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top