Х.Цэндсүрэн: Бага насанд авсан сэтгэлзүйн гэмтэл насан туршид үлддэг

Б.Гантуяа | Zindaa.mn
2021 оны 08 сарын 31

Өсвөр насныхны сэтгэцийн эрүүл мэндийн асуудал нь хүмүүсийн бодож байснаас илүү түгээмэл байдаг бөгөөд энэ нь даамжирвал хүүхдүүд хорт зуршилд автах, гэмт хэрэгт холбогдох гэх мэт муу үр дүн дагуулдаг. Тиймээс хүүхдийн сэтгэлзүйд хэзээнээс анхаарах ёстой болон хүүхдэд тулгарч буй эрүүл мэндийн асуудлыг хэрхэн мэдэх боломжтой талаар Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хүүхэд өсвөр үеийн клиникийн эмч Х.Цэндсүрэнтэй ярилцлаа.


-Өсвөр насны хүүхдүүд сэтгэцийн эрүүл мэндийн ямар асуудалтай ихэвчлэн тулгардаг вэ?

-Өсвөр насны хүүхдүүдэд нь сэтгэлзүйн онцлог, дааврын өөрчлөлттэй холбоотойгоор хариу урвалууд гарч эхэлдэг. Сэтгэл хөдлөлийн болон зан байдал хүмүүжлийн хариу урвал гэсэн хоёр төрлөөр илэрдэг.

Сэтгэл хөдлөлийн хувьд бухимдах, айдас түгшилтийн хам шинж үүсэх, мөн нойронд хөнгөн болох зэрэг энгийн шинж тэмдэг илэрч болно.

Зан байдал хүмүүжлийн хариу урвалын тухайд энэ насанд хүүхэд гэр бүл гэхээсээ найз нөхдийн хүрээлэлтэй ойр болдог. Энэ үед бусдыг даган дуурайх шинж илэрдэг. Даган дуурайснаараа ямар нэгэн гэмт хэрэгт өртөх, бусдын ятгалганд автах, хорт зуршлуудыг бий болгох зэрэг шинжүүд илэрдэг. Нэг ёсондоо хүүхдийн энэ үед сэтгэл зүйн байдал хамгийн тогтворгүй болдог учраас хүүхдэд илүү анхаарал шаардлагатай болдог.

-Хүүхдийн сэтгэлзүйн асуудалд ер нь хэдэн наснаас нь эхэлж анхаарах хэрэгтэй вэ?

-Хүүхдийг эхийн хэвлийд байх цагаас нь л анхаарах хэрэгтэй. Төрсөн цагаас нь тухайн хүүхдийн сэтгэлзүйн хэрэгцээг эх нь хангаж өгдөг. Сэтгэлзүйн хувьд төрснөөсөө хойш хөгжиж байдаг учраас бага гэлтгүй анхаарч байх шаардлагатай.

-Хүүхдүүд сэтгэлзүйн эмгэгтэй тулгарсан эсэхийг эцэг эхчүүд яаж мэдэх вэ? Ямар шинж тэмдэг илэрдэг вэ?

-Эхний ээлжинд хүүхэд тулгамдсан асуудалтай байна уу, эмгэг байна уу гэдгийг ялгах нь чухал. Эцэг эхчүүд бол түүнийг ялгаж, оношлох бараг боломжгүй. Тэгэхээр мэргэжлийн эмчид хандах нь зөв. Бага насны хүүхдүүд бол нүдээ анивчих, гар мөрөө хөдөлгөх, хуруугаа хөхөх, хоолойгоо засах зэрэг шинж тэмдэг зургаагаас дээш сарын хугацаагаар илэрч байвал эмгэг байдал руу шилжиж байна гэсэн үг. Дөрвөөс дээш насны хүүхэд орондоо шээвэл ямар нэг байдлаар түгшилт байна гэсэн үг.

Өсвөр насны хүүхдүүдийн хувьд гадуур тэнэх, уурлаж уцаарлах, гөжүүдлэх, сургууль завсардах, хичээлдээ дургүй болох, өдрийн ихэнхи цагийг унтаж өнгөрүүлэх, өмнө нь дуртай байсан зүйлдээ дургүй болох зэрэг шинж тэмдэг илэрдэг. Хэрвээ дээрх шинж тэмдэг удаан хугацааны турш үргэлжилвэл заавал мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй.

-Хүүхдүүд сэтгэл гутралд орно гэж байдаг уу?

-Хүүхдүүд наснаасаа хамаараад сэтгэл гутралд орж болно. Ихэвчлэн өсвөр насныханд ийм зүйл тохиолддог. Сэтгэл хөдлөлийн айдас, түгшүүр, гутрал нь хэвийн хариу урвал биш, зургаагаас дээш сар үргэлжилбэл сэтгэл гутралд орсон гэж үздэг. Тиймээс хүүхэд стрессдэггүй, сэтгэл гутралд ордоггүй гэж ойлгож болохгүй юм.

-Сүүлийн үед хүүхдүүд утас, ухаалаг төхөөрөмжтэй их ойр байх болсон. Үүнд ямар сөрөг үр дагавар байна вэ?

-Бага насны хүүхдүүдийн тухайд эцэг эх нь саатуулахын тулд дэлгэцийн хэрэглээнд эрт оруулдаг. Энэ нь танин мэдэхүйн хөгжилд нөлөөлж, хэлд хожуу орох шинж тэмдэг илэрдэг.

Өсвөр насныхны тухайд цахим тоглоомонд орсноос болоод нийгмээс тусгаарлагдаж эхэлдэг. Эсвэл тухайн тоглоом нь ямар нэг байдлаар мөнгө санхүүтэй холбогдсоноороо мөрийтэй тоглоомонд орох, нөгөө талаас  гэмт хэрэгт холбогдох хүртэл эрсдэл бий болгож байдаг.

Тиймээс эцэг эхчүүд хүүхдийнхээ дэлгэцийн хэрэглээг хатуу хянах хэрэгтэй. Цахим хэрэглээг зохистой байлгах шаардлагатай. Бүр ор тас хорих биш стандартын хэмжээнд тухайн насанд нь тохирсон контентыг үзүүлж болно. Жишээ нь зургаан настай хүүхдэд өдөрт нэг цагийн дэлгэцийн хэрэглээ байхад хэвийн гэж үзнэ. 6-12 насныханд  нэг цаг 30 минут байхад өсвөр насныханд хоёр цагийн хэрэглээ байхад зохистой хэрэглээнд орно.

-Өдөрт хоёр цагийн хэрэглээ зөв зохистой гэхээр амьдралд хэрэгжүүлэх боломжгүй юм шиг санагдаж байна. Хүүхдүүд өдөрт дор хаяж дөрвөн цагийг гар утас, телевиз үзэж өнгөрөөж байна шүү дээ?

-Яагаад эцэг эхчүүдийг хүүхдэдээ анхаарал тавь гэж хэлээд байгаа юм. Эцэг эхчүүд өөрсдөө дэлгэцийн хамааралтай байдаг. Хүүхэддээ хэлж ойлгуулж чадахгүй байна. Нөгөө талаас өөрсдөө хамааралтай учраас хүүхдүүд хүлээж авахгүй байна л даа. Яагаад та болж байхад би болохгүй гэж гэх мэтээр хариу үйлдэл үзүүлж байгаа. Тэгэхээр эцэг эхчүүд үүнийг зөвхөн хэрэглээ гэдэг талаас нь маш сайн ойлгуулж ярилцах л шаардлагатай. Хэн ч хэлэхгүй бол хүүхдүүд өөрсдөө ойлгоно гэж байхгүй шүү дээ. Энэ бол хэрэглээ гэдгийг ойлгуулж чадвал цаашид гарах муу үр дагавраас сэргийлж чадна.

-Дэлгэцийн хэт хэрэглээнээс үүдээд сэтгэцийн эмгэгтэй болох тохиолдол байгаа юу. Эмчлэгдэх боломж хэр байдаг юм бол?

-Дэлгэцийн хэт хэрэглээ хамгийн эхлээд ядралт үүсгэнэ. Тухайн хүүхэд маш олон цагийг суугаа байдалд өнгөрүүлж эхэлнэ. Энэ нь бодисын солилцоонд нөлөөлж, өсөлт хөгжлийг удаашруулдаг. Дээрээс нь хүн тамхинд донтдог шиг тархинд дефомин даавар ялгарч тухайн хүүхэд дэлгэцийн хараат байдалд шилжиж, донтдог. Тэгэхээр тааламжтай мэдрэмж авахын тулд дахин дахин хэрэглээд байна гэсэн үг юм.

Энэ тохиолдолд мэргэжлийн эмч нар сэтгэл заслын эмчилгээ хийснээр эдгэрэх боломжтой.

-Яг өсвөр насан дээрээ ирэхээр хүүхдүүд эцэг эхтэйгээ ярилцах нь ховордож, найз нөхөдтэйгөө нийлж тамхи татах зэргээр буруу зан үйлд татагдаж эхэлдэг. Энэ үед эцэг эхчүүд юуг анхаарах хэрэгтэй вэ?

-Өсвөр насанд хүүхдүүд гэр бүл гэхээсээ илүүтэй найз нөхдийн хүрээлэлд шилждэг. Өөрсдийгөө том хүн болж байна гэж мэдэрч эхэлдэг гэсэн үг. Тиймээс эцэг эхээсээ хөндийрч, ярилцах нь ховорддог. Гэсэн ч хүүхдийг тэр чигээр нь хаячихаж болохгүй. Хамгийн чухал нь хүүхэдтэйгээ ярилцах. Тухайн хүүхэд ууртай байгаа бол ярилцах гэж оролдох хэрэггүй. Тайван үед нь харааны түвшин ижил байхаар ярилцах хэрэгтэй. Дээрээс харж, чанга өнгө аястай харилцвал тулгарч байгаа асуудлаа ярихгүй. Мөн найз нөхдийг нь хэтэрхий их шүүмжлэх, би тийм байгаагүй гэх мэтээр ярилцвал улам цаашлуулна гэсэн үг.

Тухайн хүүхдийн буруу зан үйлд татагдаж байгаа нь ар гэр, хүмүүжлийн байдал, нийгмийн стресс, найз нөхдийн хүрээлэлтэй холбоотой байдаг. Ар гэрт нь тааламжгүй нөхцөл байдалтай байвал найз нөхдийн хүрээллээ сонгож, бусдад уруу татагдах тохиолдол гардаг.

Гэхдээ хүүхэд бүр харилцан адилгүй. Буруу зан үйлд уруу татагдахгүй хүүхэд гэж байдаг. Тухайн хүүхэд өөрийн гэсэн үзэл бодолтой байх нь хамгийн чухал. Эсрэгээрээ гэр бүлийн суурь хүмүүжил муу, өөрийн үзэл бодол төлөвшөөгүй хүүхдүүд бусдад уруу татагддаг. Хэрвээ хорт зуршилтай болвол гарах магадлал ч багасаж байдаг. Тэгэхээр хүүхдэдээ анхнаас нь маш сайн тайлбарлаж, нэг бүрчлэн ярилцах хэрэгтэй. Том хүмүүсийн үгийг өсвөр насныхан харьцангуй сайн хүлээж авдаг, ятгалганд автахдаа амархан байдаг.

-Бага насандаа тохиолдсон таагүй үйл явдлаас болоод насанд хүрсэн ч айдастай амьдардаг хүмүүс олон байдаг. Энэ эмгэг эдгэрэх боломж байдаг уу?

-Бага насанд авсан сэтгэлзүйн гэмтэл нь насан туршид үлдэх тохиолдол маш өндөр байдаг. Тухайн зүйлээсээ айх, тухайн нөхцөл байдал дахин давтагдахаас айх зэргээр илэрч байдаг. Эмчилгээний хувьд тухайн хүний сэтгэлзүйн онцлогоос шалтгаалдаг. Хэр дасан зохицох чадвартай хүн бэ гэдгээс хамаарна. Маш сайн дасан зохицох чадвартай хүн бол цаашдаа хэвийн амьдраад явах боломжтой байдаг. Энэ байдал бүр арилахгүй ч гэсэн нийгэмд ороод амьдраад явж чаддаг. Зарим хүмүүсийн хувьд дасан зохицохгүйгээс болоод эмгэг нь улам даамжрах тохиолдол ч байдаг.

-Өнөөдөр өсвөр үе, хүүхдийн клиникт хэдэн хүүхэд эмчлүүлж байна вэ. Ихэвчлэн ямар асуудалтай хүүхдүүд байна?

-Коронавирусний халдварын нөхцөл байдалтай холбоотойгоор тасагт хэвтэн эмчлүүлэх хүүхэд авахгүй байгаа. Бүр зайлшгүй шаардлагатай буюу өөртөө болон нийгэмд аюултай, солиоролтой хүүхдүүдийг авч байгаа. Өдөртөө амбулториор 12-16 хүүхэд үзэж, эмчилгээ бичиж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top