Дэлхийн банк ирэх таван жилийн хугацаанд Монгол Улсад нэн тэргүүнд анхаарах чухал салбаруудыг тодорхойлж эрэмбэлэхээр ажиллаж буй талаар өмнө нь мэдээлсэн. Тэгвэл 2020-2024 онд манай улстай байгуулах Түншлэлийн шинэ стратегийн хүрээний зөвлөлдөх төсөлд ямар асуудлууд тусгагдсаныг тодотгон хүргэж байна. Дэлхийн банкны группээс Монгол Улсад санал болгож буй хөтөлбөрийг гурван үндсэн чиглэлээр зохион байгуулахаар тусгажээ. Тодруулбал: Засаглалыг сайжруулах, Өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, Хүний Хөгжил ба Даван туулах, дасан зохицох чадварыг бэхжүүлэх гэсэн тэргүүлэх чиглэлүүдийг Засгийн газрын хэрэгцээ шаардлага, Монгол Улсад зохион байгуулсан оролцогч талуудын зөвлөлдөх уулзалт болон Дэлхийн банкны группийн харьцангуй давуу талд үндэслэн тодорхойлсон гэж байна. Ингэхдээ өмнөх 2013-2017 оны Түншлэлийн стратегид тулгуурлан боловсруулжээ.
Эдийн засгийн засаглалыг сайжруулах талаар...
Дэлхийн зах зээлийн түүхий эдийн үнийн гэнэтийн өөрчлөлтөөс шалтгаалсан өсөлт ба уналтын мөчлөгийн эдийн засагт үзүүлэх нөлөөллийг Монгол Улс бууруулах шаардлагатай байна. Монгол Улсын өсөлтийн тогтворгүй байдал түүхий эдийн үнийн хэлбэлзлийн томоохон илэрхийлэл болдог. Гэвч илүү тогтвортой, найдвартай өсөлтгүйгээр Монгол Улс нь 2030 он хүртэлх Тогтвортой Хөгжлийн Үзэл Баримтлалын зорилгод хүрэх боломжгүй юм. Иймд сайн боловсруулсан эдийн засгийн бодлого болон эдийн засгийн төрөлжилт нэн чухал юм. Эдийн засгийн ийм бодлогод төсвийн нэгтгэлийг үргэлжлүүлэх, өрийн болон хөрөнгө оруулалтын удирдлагыг сайжруулах, төсвөөс гадуурх зарцуулалтаас зайлсхийх, татвар ба тэтгэврийн тогтолцоонд өөрчлөлт оруулах, нийгмийн шилжүүлгийг илүү зорилтот бүлэгт чиглүүлэх, Төсвийн тогтвортой байдлын тухай хууль гэх мэт одоо хэрэгжиж буй хуулиудыг мөрдүүлэх зэрэг хамаарна. Монгол Улсын хувьд уул уурхайн салбарт суурилсан эдийн засагтай улс орнуудын нэгэн адилаар эдийн засгийн урт хугацааны хэтийн төлөвөө боловсруулж, түүхий эдийн үнийн хэлбэлзлээс үл хамааран төсвийн параметр үзүүлэлтээ хадгалах тогтолцоотой болох нь чухал юм. Түүнчлэн хүний капитал, нэн чухал дэд бүтэц, гүйцэтгэл сайтай институцүүдэд хөрөнгө оруулснаар илүү төрөлжсөн эдийн засгийн суурийг тавих болно. Үүнийг Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдлын талаарх дата цуглуулж, төрийн санхүүгийн удирдлагын тогтолцоог сайжруулах замаар дэмжих хэрэгтэй.
Дэлхийн банк нь зээлийн болон аналитик судалгаа шинжилгээний ажил хийх замаар Монгол Улсын эдийн засгийн засаглалыг үргэлжлүүлэн дэмжинэ. Одоо Хөгжлийн Бодлогын Зээлийн /ХБЗ/ хүрээнд хэрэгжиж буй гурван жилийн хугацаатай Эдийн засгийн Удирдлагыг Дэмжих Үйл Ажиллагаа нь нийгмийн хамгааллын тогтолцоог бэхжүүлэх болон өрсөлдөх чадварыг сайжруулах зорилготой юм. Төсвийн болон санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх (ТСТББ) төсөл нь ХБЗ цувралын хүрээнд хийгдэж буй шинэчлэлийн үйл явцыг техник туслалцаа үзүүлэх замаар дэмжиж байна. Тодруулбал, уг төсөл нь төсвийн сахилга батыг бэхжүүлэх, төрийн санхүүгийн удирдлагын чанарыг сайжруулах, эдийн засгийн бодлого боловсруулах чадварыг бий болгохыг зорьж байгаа юм. Түүнчлэн эдийн засгийн байнгын хяналт мониторингийн үйл ажиллагаа явуулж, эдийн засгийн бодлогыг мэдээллээр хангах зорилготой. Монгол Улсын бүтээмжийн цоорхой, аж ахуйн нэгжүүдийн өрсөлдөх чадварын динамик, инноваци, худалдааны харилцаа зэрэг Монгол Улсын илүү төрөлжсөн өсөлтийн стратегийг боловсруулахад гол хувь нэмэр болохуйц чухал асуудлуудад дүн шинжилгээ хийх эдийн засгийн харилцан ойлголцлын санамж бичигт Дэлхийн банк саяхнаас ажиллаж эхэллээ. Эдийн засгийн засаглалыг сайжруулах нь хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татахад гол үүрэг гүйцэтгэх учраас Дэлхийн банкны Хөгжлийн Максимум Санхүүжилтийн (ХМС) аргыг Монгол Улсад хэрэглэхэд гол бүрэлдэхүүн хэсэг нь болох юм. Эцэст нь Үндэсний Статистикийн Газартай хамтран хэрэгжүүлж буй хөтөлбөрийн Судалгаа шинжилгээ, зөвлөх үйлчилгээ нь нийгэм эдийн засгийн гол үзүүлэлтүүдийн чанар, цаг хугацааг дээшлүүлэх зорилготой бөгөөд дараагийн алхам болох ядуурлын олон талт хэмжүүрийг нэвтрүүлэхэд Дэлхийн банк дэмжлэг үзүүлэхээр төлөвлөж байна.
Өрсөлдөх чадварыг дээшлүүлэх талаар...
Монгол Улсын эдийн засаг гаднын цочролд өртөмтгий болон хязгаарлагдмал тооны шууд ажлын байр бий болгодог уул уурхайн салбараас ихээхэн хамааралтай хэвээр байна. Сүүлийн жилүүдэд уул уурхайн салбар ДНБ-ий 20 орчим хувь, үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний 60 орчим хувь, нийт экспортын 80 гаруй хувийг бүрдүүлж байна. Уул уурхай нь олон арван жилийн турш Монгол Улсын эдийн засагт чухал ач холбогдолтой хэвээр байх боловч энэ салбар нь байгаль орчны ул мөр ихээхэн үлдээж, шууд ажлын байр бага бий болгодог салбар юм. Монгол Улсад ажиллах хүчний зөвхөн дөрвөн хувь нь уул уурхай салбарт шууд ажлын байртай, хөдөлмөр эрхэлж байгаа боловч 2016 онд 15 орчим хувь нь уул уурхайтай холбоотой үйлчилгээний салбарт ажилласан байна. Гэтэл хөдөө аж ахуйн салбар хүн амын гуравны нэг орчмыг ажлын байраар хангаж, ДНБ-ий 13 хувийг эзэлж байна. Хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнд мах, сүү гэсэн үндсэн бүтээгдэхүүнтэй малын гаралтай бүтээгдэхүүний эзлэх хувийн жин 84.2 хувь юм. Гэвч зах зээлд суурилсан мал аж ахуй, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн систем дутагдаж байгаа нь бүтээмж муу, зохицуулалтын орчин сул байгааг баталж байгаа бөгөөд Монгол Улсын экспортын зах зээлд нэвтрэх боломжийг хязгаарлаж байна. Түүнчлэн ОУСК, Дэлхийн Банкны саяхан хийсэн судалгаанд махнаас гадна аялал жуулчлал, тээврийн үйлчилгээ, ноос, ноолуур, арьс ширний бүтээгдэхүүнийг Монголд харьцангуй давуу талтай байж болох боломжит салбараар тодорхойлсон боловч ложистик, санхүүгийн болон зохион байгуулалтын тулгамдсан асуудлууд хэвээр үлдэж байна. Түүнчлэн уур амьсгалын өөрчлөлт нь мал аж ахуй, газар тариалангийн салбарт ихээхэн аюул учруулж байна. Монгол Улсын хувьд эдийн засгийн чухал ач холбогдолтой өөр нэг салбар бол мэдээлэл, харилцаа холбоо, технологийн (МХТ) салбар байж болно.
Дэлхийн банк нь зохицуулалтын орчин болон ЖДҮ-ийг бэхжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаагаар дамжуулан ажлын байр бий болгох, эдийн засгийн төрөлжилтийг үргэлжлүүлэн дэмжинэ. Эдийн засгийн Удирдлагыг Дэмжих Үйл Ажиллагааны (ЭЗУДҮА) гурав дахь чиглэлийн Хөтөлбөрийн Хөгжлийн Зорилгын хүрээнд хөрөнгө оруулалт болон өрсөлдөөний бодлогыг боловсронгуй болгох, зохицуулалтын орчин, мал аж ахуйн салбарын чадавхыг сайжруулах, худалдаа, хилийн шалган нэвтрүүлэх үйл явцыг хөнгөвчлөх замаар Монгол Улсын эдийн засгийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд анхаарна. Түүнчлэн экспорт хөгжлийн төсөл нь экспортын чадавхыг бэхжүүлэх, экспортын зах зээлд нэвтрэх боломжийг өргөжүүлэх зорилгоор уул уурхайн бус салбарт үйл ажиллагаа явуулж буй ЖДҮ-ийг дэмжиж байна. Одоо хэрэгжиж байгаа хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл нь бизнес эхлүүлэхийг сонирхож буй ажил хайгчдад бичил зээл авах боломжийг олгож, тэднийг бизнес эрхлэх ур чадварт сургаж байна.
Өнгөрсөн хугацаанд Дэлхийн банкнаас Монголд хэрэгжүүлж ирсэн хөтөлбөрүүдэд дөрөөлөн малын эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлж, мал аж ахуй, газар тариалангийн бүтээмж, арилжааны үйл ажиллагааг сайжруулах зорилготой хөдөө аж ахуйн салбарт хөрөнгө оруулалтын шинэ төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Санал болгож буй хөрөнгө оруулалтын төсөл нь малын эрүүл мэндийн менежментийн систем, бүтээгдэхүүний чанар, хүнсний аюулгүй байдлын стандартыг дэмжих зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй гол байгууллагуудын чадавхыг бэхжүүлэх замаар хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх нөхцөлийг хангах юм. Эдгээр зээлийн үйл ажиллагааг Монгол Улсын зохицуулалтын орчинг цаашид сайжруулахад чиглэсэн аналитик дүн шинжилгээ хийх, чадавхыг бэхжүүлэх зорилготой Судалгаа шинжилгээ, зөвлөх үйлчилгээтэй хамтран хэрэгжүүлнэ.
Хөрөнгө оруулалтын орчин ба санхүүгийн зуучлалыг сайжруулах
Хувийн хэвшлийн салбарын хөрөнгө оруулагчид Монгол Улсыг эрсдэл өндөртэй орчин гэж үздэг. ЖДҮ нь санхүүжилт авахад хүндрэлтэй, санхүүгийн салбар нь одоо ч ихээхэн эрсдэлтэй гэж хардаг. Бизнесийн орчны тодорхойгүй байдал нь хувийн хэвшлийн үйл ажиллагааг хязгаарладаг, хөрөнгө оруулагчдыг хамгаалах зохистой тогтолцоо буюу тогтвортой, ил тод зохицуулалтын орчин дутагдалтай байдаг учраас хөрөнгө оруулагчдын Монгол Улсад итгэх итгэлийг сулруулдаг. ЖДҮ нь нийт бүртгэлтэй аж ахуйн нэгжийн 98 орчим хувийг эзэлж, Монгол Улсын нийт ажиллах хүчний тэн хагасыг ажлын байраар хангадаг боловч санхүүгийн хүртээмж, бизнесийн орчин муу байгаа нь ЖДҮ-ийн гол бэрхшээл болж байна. ЖДҮ-ийн санхүүжилтийн хүртээмжид тулгардаг гол бэрхшээл бол зээлийн хүү өндөр, хугацаа богино, барьцаат зээлийн шаардлага хэтэрхий хатуу зэрэг юм. 2018 оны долдугаар сарын байдлаар ЖДҮ-ийн зээлийн дундаж хүү 19.8 хувь, дундаж хугацаа нь 21 сар байсан. Үүнээс гадна, ОУВС-гийн Хөрөнгийн Чанарын Үнэлгээгээр Монгол Улсын банкны систем нь маш өндөр эрсдэлтэй хэвээр байна гэж тодорхойлжээ.
Эдгээр эрсдэлийн улмаас банкууд зээл олголтыг бууруулж, илүү найдвартай хөрөнгөтэй харьцах нь ихээхэн нэмэгдсэн байна. Хувийн хэвшилд олгосон зээлүүд нь ихэвчлэн орон сууцны моргэйжийн зээл, хэрэглээний зээл бөгөөд бизнесийн эрэлт хэрэгцээ эсвэл капитал хөрөнгөнд хөрөнгө оруулах санхүүжилт харьцангуй бага байна.
Монгол Улсын хөрөнгийн зах зээл дээр хөрөнгө оруулалтын суурь жижиг, зохицуулалтын чадавх харьцангуй сул байгаагаас зах зээлд ашиглаж буй хэрэгслийн төрөл болон ойлголт дутагдалтай байна. Монгол Улсын банк бус санхүүгийн байгууллагууд хөгжихгүй хэвээр байгаа ч цаашид бичил бизнес эрхлэгчдэд зориулсан санхүүгийн хүртээмжийг сайжруулах, лизинг болон даатгалыг хөгжүүлэх замаар санхүүгийн зах зээлийг гүнзгийрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байна. Банкны тогтолцоо болон санхүүгийн найдвартай байдлыг бэхжүүлэхэд цогц хүчин чармайлт шаардлагатай. Монгол Улс нь Дэлхийн Өрсөлдөх Чадварын Индексээр ЖДҮ-ийн санхүүжилт болон банкуудын тогтвортой үйл ажиллагааны үзүүлэлтээр 140 орноос 122-т оржээ.
Санхүүгийн салбарын шинэчлэл нь ОУВС-гийн хөтөлбөрийн гол бүрэлдэхүүн хэсэг бөгөөд Дэлхийн банк болон ОУВС-гийн баг энэ чиглэлээр нягт хамтран ажилладаг. Судалгаа шинжилгээ, зөвлөх үйлчилгээний хүрээнд олон жилийн хугацаатай хэрэгжүүлэх Санхүүгийн салбарын хөгжлийг дэмжих хөтөлбөрөөр (ССХДХ) дамжуулан Дэлхийн банк нь санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах, санхүүгийн найдвартай байдал болон төрийн санхүүгийн байгууллагуудыг (жишээ нь, Монгол Улсын Хөгжлийн Банк) боловсронгуй болгох; санхүүгийн дэд бүтэц, санхүүгийн боловсролыг дээшлүүлэх, хулгайлагдсан хөрөнгийг буцаах илүү сайн нөхцөлийг бүрдүүлэх, төлбөрийн чадваргүй байдал болон татаасаар санхүүждэг орон сууцны моргэйжийн хөтөлбөрийг шинэчлэх зэрэг чиглэлээр дэмжин ажилладаг.
Цаашид санхүүгийн салбарын хөгжлийн яриа хэлцэл тасралтгүй үргэлжлэх бөгөөд ялангуяа Хөгжлийн Банкны шинэчлэл, зээлийн мэдээллийн бүртгэлийг сайжруулах, үнэт цаасжуулах тогтолцоог боловсронгуй болгох нь чухал байна. Төсөв Санхүүгийн Тогтвортой байдлыг Бэхжүүлэх төслийн санхүүгийн салбарын бүрэлдэхүүн хэсэг нь Сангийн яам, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Хөгжлийн банк, Хадгаламжийн даатгалын корпораци зэрэг гол байгууллагад зөвлөх үйлчилгээ үзүүлэх, чадавхыг бэхжүүлэх замаар санхүүгийн тогтвортой байдлыг дээшлүүлж, эрсдэлийг бууруулах зорилготой юм.
Санхүүгийн салбарт өмнө хийж ирсэн ажилдаа тулгуурлан ОУСК Монгол Улсын банкны салбарт болон санхүүгийн хүртээмжийг дээшлүүлэхэд үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлэх болно. ОУСК нь Дэлхийн Банкны үйл ажиллагаа болон ХМС-ын боломжуудтай уялдуулна. Тухайлбал, ЖДҮ-д илүү үр ашигтай, арилжааны чиг баримжаатай санхүүжилтийг дэмжих, Засгийн газрын хөнгөлөлттэй санхүүжилтийн үржүүлэгч үр нөлөөг дээшлүүлэх зэрэг болно. Дэлхийн банкны хамтын ажиллагааны бусад боломжууд нь зохицуулалтын хүрээ, хөрөнгийн зах зээлийн дэд бүтцийг сайжруулах, өртгийн сүлжээний санхүүгийн зах зээлийн хөгжлийг дэмжих зөвлөх үйлчилгээ байж болно гэхчлэн тусгаад байна.
Сэтгэгдэл ( 0 )