Ассанжийг баривчилснаас хойш Эквадор улс 40 сая цахим халдлагад өртжээ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 16

Wikileaks цахим хуудсыг үндэслэгч Жулиан Ассанжийг баривчилснаас хойш Эквадор улсын төрийн байгууллагуудын цахим хуудсанд 40 гаруй сая халдлага хийсэн тухай Ройтерс агентлаг мэдээлжээ.

Эквадорын мэдээлэл харилцаа холбооны технологийн дэд сайд Патрисио Реалын мэдэгдсэнээр, цахим халдлагад тус улсын ерөнхийлөгч, гадаад хэргийн яам болон төв банкны цахим хуудаснууд өртсөн гэнэ. Тэрбээр гэхдээ цахим халдлагыг аль нэг улс орон, хакеруудын бүлэглэлтэй холбож яриагүй ба халдлага үйлдсэн этгээдүүдийг олж тогтооход хүндрэлтэй байх болно гэдгийг хүлээн зөвшөөрчээ.

Цахим халдлагын улмаас төрийн байгууллагуудын ажилтнуудын бүртгэлд нэвтрэхэд хүндрэл учирсан хэдий ч засгийн газрын үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл алдагдаагүй байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top