Дэлхийн таван удаагийн аварга, Дагестаны алдарт бөх Али Алиевын нэрэмжит чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн олон улсын тэмцээн тавдугаар сарын 1-3-нд ОХУ-ын Каспийск хотод болно. 50 дахь удаагаа зохиогдож байгаа тус тэмцээнд манай улсаас долоон тамирчин оролцох юм. Манай багийн бүрэлдэхүүнд 61 кг-ын жинд “Будапешт-2018” ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Т.Түвшинтулга, 70 кг-д спортын мастер М.Тэмүүжин, 74 кг-д ОУХМ Б.Бямбадорж, 92 кг-д спортын мастер Ч.Алтангэрэл, 97 кг-д ОУХМ Ө.Батзул, ОУХМ Л.Төртогтох, 125 кг-д ОУХМ Н.Золбоо нар үндэсний шигшээ баг болон залуучуудын шигшээ багийн дасгалжуулагч ОУХМ Б.Батзоригийн удирдлага дор өрсөлдөнө.
Дагестаны спортын хамгийн том тэмцээн гэгддэг энэ тэмцээнд хуучин ЗХУ, гадаад дотоодын олон алдарт бөхчүүд зодоглож байлаа.
● Хамгийн анх 1967 онд зохион байгуулагдаж, эхний гурван тэмцээнд зөвхөн дагестан бөхчүүд хүч сорьж байжээ. 1970 оноос олон улсын тэмцээн болж, хүрээгээ тэлсэн. Тэр жил Дагестанд хүчтэй газар хөдлөлт болсон тул тэмцээн Орджоникидзед (одоогийн Владикавказ) явагджээ. Дараа нь тэмцээн хоёр удаа Дагестанаас өөр газар болсон. ЗХУ-ын бусад хотуудад чөлөөт бөхийг сурталчлах зорилгоор Кироваканд (Ванадзор) 1983 онд, Таллинд 1984 онд зохион байгуулсан ч цаашдаа Дагестандаа л үлдсэн билээ.
● Олон жилийн турш “Динамо” цэнгэлдэх хүрээлэнд задгай талбайд явагдаж байлаа. 1990-өөд оны дундуур Махачкала дахь Дагестаны багшийн дээд сургуулийн танхим, “Дагдизель” үйлдвэрийн цогцолборт явагдах болсон. 2011 онд Али Алиевийн нэрэмжит шинэ спорт цогцолбор ашиглалтад орсноор тус тэмцээн байнгын хаягтай болсон юм.
● Нэг хэсэг зөвхөн залуучууд өрсөлддөг байв.
● Анхны хэдэн тэмцээнд шагнал олгох өвөрмөц системтэй байв. Шагналын тавцанд зөвхөн өөр орны бөхчүүд зогсох ёстой байсан тул хэрэв ЗХУ-ын бөхчүүд эхний гурван байрыг эзлэвэл аваргад алтан медаль гардуулаад мөнгө, хүрэл медалийг гадаадын шагналт байрт шалгарсан бөхчүүдэд олгож байв.
● 1995 оны нэгдүгээр сарын 6-нд Али Алиев нас барсны дараа түүний нэрэмжит болон зохиогдох болжээ.
● Энэ тэмцээнд хуучин ЗХУ-ын БНУ-уудаас гадна Иран, Турк, Болгар, Румын, Польш, БНАГУ, Югослав, Финланд, Унгар, Чехословак, Франц, Итали, Афганистан, Монгол, Перу, Куба, Испани, ӨАБНУ-ын тамирчид оролцож байлаа.
● Али Алиевийн шавь нараас багшийнхаа нэрэмжит тэмцээнд хамгийн амжилттай оролцсон нь 5 удаа түрүүлсэн Хасрат Магомедов, 4 удаа тэргүүлсэн Саидбек Махачев хоёр юм. Бусад тамирчдаас Руслан Жабраилов зургаан удаа, Сажид Сажидов, Курамагомед Курамагомедов, Насир Абдуллаев, Виктор Козляков нар тус бүр таван удаа түрүүлжээ.
● Тус тэмцээнд түрүүлсэн хамгийн алдартай бөх бол олимпийн 3, дэлхийн 6 удаагийн аварга Бувайсар Сайтиев. Тэр 2002 онд түрүүлсэн. Тус тэмцээнд Сослан Андиев, Давид Мусульбес, Вадим Богиев, Артур Таймазов, Хаджимурат Гацалов (Хойд Осет), Давид Гобежишвили (Гүрж), Намик Абдуллаев, Шарип Шарипов (Азербайжан), Таха Акгуль, Рамазан Шахин-Ирбайханов (Турк), Яндро Кинтана (Куба), Сагид Муртазалиев, Адам Сайтиев, Мурад Умаханов, Мавлет Батыров, Ширвани Мурадов, Бахтияр Ахмедов, Абдулрашид Садулаев (Дагестан) нарын олимпийн аваргууд зодоглож байв.
● Хүндэт зочноор Александр Медведь (Беларусь), Мустафа Дагистанлы (Турк), Иван Ярыгин, Анатолий, Сергей Белоглазовууд, Роман Дмитриев (ОХУ), Расул Хадем (Иран), Давид Цимакуризе, Леван Тедиашвили, Гурам Сагаразе (Гүрж), Айдын Ибрагимов (Азербайжан) нар уригдаж байлаа.
● Мөнгөн шагналтай бөгөөд 50 дахь удаагийн тэмцээний шагналын сан 11 сая рубль. Дагестаны Спортын яам, Дербентскийн дарсны үйлдвэрээс ивээн тэтгэдэг. Али Алиевийн барилдаж байсан жинд түрүүлсэн бөх машины шагналтай. Махачкалагийн Насир Абдуллаев гурван удаа машинаар шагнагдаж байв.
Сэтгэгдэл ( 1 )
savluurt 68 sunaidag baisan genelee shahmuradovt hojigdood shigshee bagaasaa garsan gesen