МҮМУУХ: Улсын наадам, бүсийн уралдаанд зөвхөн монгол морь уралдуулна

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 10

“Монголын үндэсний морин уралдаан, уяачдын холбоо”-ноос өнөөдөр хэвлэлийн бага хурал зарлаж, баримтлах чиглэл, үйл ажиллагааныхаа талаар мэдээлэл хийлээ. “Монголын үндэсний морин уралдаан, уяачдын холбоо” ТББ-иас орон нутгийн уяачдын холбоодтой хамтран хуралдаж, өнгөрсөн дөрөвдүгээр сарын 27-нд уяачдын шинэ холбоо байгуулсан байна. Анхны ерөнхийлөгчөөр нь АИХ-ын дарга асан, “Монгол адуу” нийгэмлэгийг үүсгэн байгуулагч Жамбын Гомбожав гуай сонгогджээ. Хэвлэлийн хуралд Ерөнхийлөгчөөс гадна тэргүүлэгч гишүүн М.Ариунболд, Ц.Дуламсүрэн, Н.Санжаадорж нар оролцлоо.

Хэвлэлийн хурал дээр холбооны тэргүүн Ж.Гомбожав “Манай холбоо үндсэн гурван гол зорилготой байгуулагдсан. Сүүлийн үед Монголд эрлийз мал маш их боллоо. Ямар ч судалгаа шинжилгээгүй, дүрэм журамгүй хийснээс малын өвчин тэр дундаа “Адууны ДОХ” гэж нэрлэгдсэн өвчин их гарч байна. Монгол адууг цэвэр үлдээх нь манай холбооны эхний зорилго. Дараагийн гол зорилго бол Улсын баяр наадам, Засгийн газрын шийдвэрээр зохион байгуулагдаж байгаа улсын бүсийн наадамд зөвхөн монгол адуу уралдуулах явдал. Одоо Улсын наадмаас эхлээд сум, багийн наадамд хүртэл монгол, эрлийз адууг ялгалгүй уралдуулж, хэрүүл маргаан гарч байгааг бүгд мэднэ. Улсын чанартай наадамд зөвхөн монгол адуу уралдуулснаар нийт малчин, уяачдад шударга наадах тэгш боломжийг бүрэлдүүлэх юм. Үүний тулд уралдах морьдыг ялгах үүлдэр тогтоох комиссыг байнгын ажиллагаатай болгож, морьдыг баримтжуулж бүртгэнэ. Нэг наадамд эрлийз гэж ороод өөр наадамд монгол адуу гэж давхидаг явдлыг цэгцэлнэ. Мөн жилийн турш үйл ажиллагаа явуулдаг морин тойруулгатай болох. Энэ ажлыг бусад холбоодтойгоо хамт хийхээр төлөвлөж байна” гэж ярьлаа.

Тус холбооны анхны их хурлаас хурдны чиглэлийн үржүүлгийн адууны импортыг хориглох саналыг эрх бүхий байгууллагад хүргүүлэх гэж байгаа гэнэ. Удахгүй Уяачдын зөвлөлөө хуралдуулж, удирдлагын зөвлөлийн бүрэлдэхүүнээ сонгож, салбар холбоодоо байгуулахаар бэлтгэж байгаа юм байна.

Хурлын дараа “Монголын үндэсний морин уралдаан, уяачдын холбоо”-ны анхны ерөнхийлөгч Ж.Гомбожавтай уулзан ярилцлаа.

-Морин уралдаан, уяачдын бусад холбоотой хэрхэн хамтран ажиллах вэ?

-Бүх холбоо, уяачидтай хамтран ажиллана. Бид тусдаа хурдан морины уралдааны дүрэм журам гаргаж батлахгүй. Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааны дүрэм бол бидний дүрэм. Харин энэ дүрмийг хэрхэн сайжруулах, нэмэлт өөрчлөлт оруулах тал дээр хамтарч ажиллана. Унаач хүүхдийн аюулгүй байдлыг сайжруулахын тулд уяач, наадам зохион байгуулагчдад хүлээлгэх хариуцлагыг нэмэгдүүлэх гээд хамтран ажиллах олон чиглэл байгаа.

-Танай холбоо хурлаа 5-6-р сард хийж, удирдлагаа сонгоно гэлээ. Энэ жилийн наадмын зохион байгуулалтад оролцохгүй нь гэж ойлгож болох уу?

-Оролцоно. Холбооны тэргүүлэгчдийн тоог 108 байхаар тогтсоноос 46 нь сонгогдсон, ажилдаа орсон байгаа.

-Ямар ямар хүмүүс тэргүүлэгчид сонгогдсон талаар нэр дурдаж болох уу?

-Янз бүрийн мэргэжлийн хүмүүс байгаа. Адууны чиглэлийн Монголын нэртэй эрдэмтэд, уяач, малчид ч байгаа.

-ММСУХ-ноос саяхан хурдан морины сэрвээний өндөр хэмжих төхөөрөмж танилцуулсан. Улам бүр л техник нь хөгжөөд байна. Та бүхэн Улсын наадамд эрлийз адуу уралдуулахгүй гэхээр маш их эсэргүүцэлтэй тулгарах байх даа.

-Монгол хүн бол ямар ч аппарат хэрэглэхгүйгээр эрлийз, монгол адуугаа ялгаж чаддаг. Лазераар хэмжинэ гэж ярьж байсан. Болох л зүйл. Гэхдээ тэр тогтоосон доод хэмжээнээс өндөр монгол морь зөндөө байгаа. 1950-1960 онд манай улс ЗХУ, Хятадад жилдээ 70 мянган морь гаргадаг байсан. Тэр үед өндрийг нь хэмжээд 1.30 метрээс намханыг нь авдаггүй байсан. Малиндах гэж ярьдаг. Энэ нь монгол адуун сүргийн бие бялдарт нөлөөлсөн. Хамаг том адуугаа шилээд гадаадад гаргаад байсан гэсэн үг. Одооны дүрмээр бол сайхан өндөр монгол адуу уралдаж чадахгүй болж байгаа юм. Монгол адуугаа танихгүй сүүлийн үеийн залуус тэнэг болжээ гэж хэлмээр байна. Хөл, бие бялдар, дэл сүүл нь өөр тул хараад таних ёстой. Хэрэв бүр шинжлэх ухааны үндэстэй гаргана гэх юм бол ДНК-гийн шинжилгээ авах хэрэгтэй. Гэхдээ би өөр холбооны ажлыг үгүйсгэж байгаа юм биш шүү. Бид эрлийз адуу уралдуулахыг бүр мөсөн хориглох гээд байгаа юм биш. Үндэсний наадам, Засгийн газрын шийдвэрээр явагддаг бүсийн уралдаануудад л зөвхөн монгол адууг уралдуулна. Бусад наадамд эрлийз адуу уралдаж болно. Одоо маш олон уралдаан болж байна. Энэ бол алдар цолны төлөө л хийж байгаа уралдаан. Жишээ нь, зарим бүсд 20-30 морь уралдсан болоод бай шагналыг нь өгөөд, мориных нь толгой дээрх “төмөр” нь нэмэгддэг. Тэгэхээр бид энэ цол зэрэг олгодог асуудлыг Засгийн газарт тавиад эрэмбэлнэ. 50-60 адууны айргийн тавд шалгарсанд нь цол өгөөд байх уу, 300-400 хурдан хүлэгний түрүүлсэнд нь цол өгөх үү гэсэн асуулт тулгарч байна. Анх манай “Монгол адуу” нийгэмлэг 1989 онд байгуулагдаад энэ алдар цолыг өгч эхэлсэн. Сүүлдээ Ерөнхийлөгчийн зарлигаар төр өгдөг боллоо. Тэгэхээр Төрийн энэ шагналыг нэг холбооны дүрмийн дагуу олгож таарахгүй. Морь медаль авахаар үнэ нь нэмэгддэг. Тэр медаль нь хүүхдийн даахины найр уу, баг, сумын наадмынх уу. ялгадаггүй. Миний морь медальтай гэж л ярьдаг. Медалийн стандарт тогтоож, улс, аймаг, сумаар нь ялгана.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top