Гурван улсын дипломатууд Хойд Солонгосын асуудлыг хэлэлцэнэ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 30

БНАСАУ-ын асуудал эрхэлсэн АНУ-ын тусгай төлөөлөгч Стивен Бигэн Япон, Өмнөд Солонгосын дипломатуудтай Сингапур улсад уулзаж, БНАСАУ-тай холбоотой өргөн хүрээний асуудлыг хэлэлцэнэ гэж АНУ-ын Төрийн департаментаас мэдээлжээ.

Бигэн энэ сарын 31-нээс зургадугаар сарын 1-ний хооронд Сингапурт болох Шангри-Лагийн яриа хэлэлцээнд оролцох гэнэ.

Энэ үеэр тэрбээр Солонгосын хойгийн энх тайван, аюулгүй байдлын асуудал хариуцсан БНСУ-ын тусгай төлөөлөгч Ли Ду Хүн, Японы гадаад хэргийн яамны Ази, Номхон далайн хэргийн товчооны ерөнхий захирал Кенжи Канасуги нартай Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.

Ханойн дээд хэмжээний уулзалт бүтэлгүйтсэнээс хойш цөмийн зэвсгийн асуудлаарх Вашингтон, Пёньяны яриа хэлэлцээ эрчээ алдаад байгаа. Өнгөрсөн мягмар гарагт АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Морган Ортэгус хэвлэлийн бага хурал дээр АНУ Трамп, Ким нарын харилцаа, яриа хэлэлцээнд ач холбогдол өгсөн хэвээр байх болно гэж мэдэгдсэн билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top