Өнгөрөгч онд нийт 111553 хүүхдийн осол гэмтэл гарснаас бага насны хүүхэд 25 хувь эзэлж байна!
Өглөөг нэгэн мэдээтэй угтаад, бодож төлөвлөсөн бүх зүйлээ орхин, тэр зүг рүү хамаг анхаарал минь төвлөрчихөв. ГССҮТ буюу олны нэрлэж заншсанаар Гэмтлийн эмнэлгийн Хүүхдийн Гэмтэл Согогийн 2-р тасагт Эрүүл мэндийн сайд Д. Сарангэрэл 94 сая төгрөгний санхүүжилтээр 40 ортой, орчин үеийн стандартад нийцсэн эмнэлгийн тоног төхөөрөмжөөр тохижуулан, иж бүрэн засвар хийж эмнэлэгт хүлээлгэн өглөө. Түүний зэрэгцээ “Сүлд шонхор” ХХК-ийн зүгээс нийгмийн хариуцлагынхаа хүрээнд тус тасагт 10 зурагт бэлэглэн цаашид жил бүр тус төвтэй хамтран ажиллахаа илэрхийлэв. Мөн ”Юнитэл” группээс 10 ширхэг HDbox төхөөрөмжийг бүх өрөөнд байршуулж, суурилуулалтыг үнэгүй хийж, суурь хураамжаас чөлөөлсөн нь хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдэд өөрсдийн нас, сэтгэхүйн онцлогт тохирсон хүүхэлдэйн кино, нэвтрүүлэг үзэх боломжийг олгосонд хэвтэн эмчлүүлэгч хүүхдүүд, эмнэлгийн хамт олон болон эцэг эхчүүд баяртай байлаа. Гял цал болсон эмнэлгийн хонгилоор цагаан нөмрөг, улавч малгай өмсөн алхаж, шил толь мэт шинэхэн өрөөнүүдийг сонирхов.
ГССҮТ нь 1991 онд ашигллалтанд орсон. Түүнээс хойш урсгал завсар олонтаа хийсэн ч иж бүрэн засвар анх удаагаа хийгдсэн нь энэ ажээ. Өрөө бүрт зурагттай, өвчнөө мартаад дэлгэц ширтэн, шимтэн суугаа хүүхдүүдийг харангаа сүүлийн үеийн “ухаалаг” ор, болон тав тухай ширээ сандал тэргүүтнийг харахад эмнэлэгт байгаагаа мартах шиг санагдав. Хүүхдийн бие засах дөрвөн өрөөтэй, хажууд нь асран харгалзагч нарын том хүний бие засах өрөөтэй нь ариун цэврийн шаардлагыг хангажээ. Зэргэлдээ нь угаалгын өрөөг дөрвөн тосгууртай шийдсэн нь орчин үеийн офисс ариун цэврийн өрөөнөөс ялгарах юмгүй харагдав.
Бэртэж гэмтэж, өвдөж зовоод ирсэн бяцхан хүүхдүүдийг тав тухтай эмчлүүлэх орчин бүрджээ. Гэвч ясны бэртэл, биеийн шарх эдгэлээ гэхэд тухайн хүүхдийн амьдралын чанарт хэрхэн нөлөөлөх вэ гэдэг бодох л асуудал.Дэлхий нийтэд жилд 5 сая гаруй, өдөрт дунджаар 16000 хүн осол, гэмтлийн улмаас амь насаа алдаж, үүнээс хэдэн мянган хүн үүрдийн тахир дутуу болж байна. Манай улсад осол, гэмтлээр нас барсан хүний тоо 1990 онд 1406 байсан бол 2018 онд 100 дахин өссөн үзүүлэлт гарчээ. Хүн амын эрчимтэй өсөлт нэмэгдэж байгаа энэ үед нийт хүн амын нас баралтын дотор осол, гэмтлийн улмаас нас барсан тохиолдлын эзлэх хувийн жин өндөр байна.
Сүүлийн жилүүдийн судалгааны дүнгээс үзэхэд манай улсад 100000 хүн ам тутамд 2880 осол, гэмтлийн тохиолдол ногдож, өртөгсдийн ихэнх хувийг хүүхэд, залуучууд эзэлж байна. Осол, гэмтэлд өртөгсөд шаардлагатай тусламж, үйлчилгээг цаг тухайд нь авч чадахгүй, хожуу оношлогдсоноос хөдөлмөрийн чадвар бүрэн алдах, тахир дутуу болох тохиолдол улам ихсэх хандлагатай байгаагаас гадна хөдөө орон нутгаас ирж байгаа эмнэлгийн яаралтай дуудлагын 40 орчим хувийг авто замын осол, гэмтлийн дуудлага эзэлж байна. Үүнээс үзэхэд осол гэмтлийн үед үзүүлэх тусламж, болон түүнээс сэргийлэх иргэдийн мэдлэг мэдээлэл дутмаг байгаа нь нийгэмд тулгамдаж буй асуудал юм.
Монгол Улсын хэмжээнд хичээлийн зуны амралт эхэлж мянга мянган хүүхэд эрдмийн ширээнээс эгэл амьдралын хэмнэл рүү хөл тавьж байна. Эрдэнэ болсон хүүхдүүд маань ээж аав, багш сургуулийн хараа хяналтаас эгч ах нар, эмээ өвөө рүү шилжиж хөдөө орон нутгийг зорих нь ихэсдэг. Эсвэл зарим нь гэртээ цоожлогдоод үлддэг нь ч нууц биш. Хүүхдээ үлдээгээд явсан ээж та, аав та юу боддог вэ? Хүүхэд л болсон хойно тэд тоглож наадах дуртай. Унадаг дугуй, рольк, стүүкер, сагсан бөмбөг, дээс чирта гээд тэдэнд сэтгэхгүй зүйл үгүй. Гэвч нийслэл хотын хувьд хүүхдэд ээлтэй орчин хэр билээ. Хөл гишгэх зайгүй шахаж өрсөн машин тэрэг, явган болон дугуйн замгүй хотхон хорооллууд шавааралдан буй. Алаг үрсийнхээ амь нас, эрүүл мэндэд анхаарч хараа хяналтгүй үлдээхгүй байхыг хичээнгүйлэн хүсмээр.
Өнгөрөгч дөрөвдүгээр сарын 25-нд нийслэлд болсон Онцгой байдлын сургуулилтын үеэр гурав хоног архи согтууруулах ундаа зарж борлуулахыг хориглосон. Тэр үеэр үргэлжийн хөл үймээнтэй байдаг Гэмтлийн эмнэлэг эл хуль, энх амгалан байсныг та бүхэн санаж байгаа байх аа. Үүнийг өгүүлэхийн учир зорьсон газар маань аанай л гэмтэгсдээр дүүрэн байв. Яаралтай хүлээн авах тасгийн эмч надтай үг солих завгүй байсан ч “Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоноос болж гэмтсэн болон архидан согтуурсны улмаас хэв журмын зөрчил гаргаж, зодоон цохионы улмаас бэртэж ирсэн хүн их байна” гэв.
Хичээл амарч буй эхний өдөр учир хүүхдүүд бага байв. Хүн амын 35,8 хувь нь хүүхэд байна. Сургуулийн амралтын үеэр хүүхдийн осол гэмтлийн оргил ачааллын үе байдаг аж. Өдөрт 100-150 хүүхэд ирдэг бол баярын үеэр 200 хүртэл нэмэгддэг тухай эмч өгүүлж байв. Гэмтлийн эмнэлгийн Хүүхдийн гэмтэл согогийн хоёрдугаар тасгийн эрхлэгч Б.Жаргалсайхан “Хүүхдүүд Явганаас унах гэмтэл, зам тээврийн осол болон хэв журмын гэмтэлд их өртдөг. Хүүхдийн гэмтэл ихсээд байгаа гол шалтгаан нь машин техник ихэссэнтэй, мөн хүүхдийн тоо нэмэгдсэнтэй холбоотой. Жишээ нь автомашингүй өдрөөр хэдий автомашины осол бэртэл багассан ч хүүхдүүд унадаг дугуй болон ролькноос унаж бэртсэн гэмтэл их ирсэн" гэв.
Эмч цааш нь "Эцэг эхчүүд хүүхэддээ анхаарах хэрэгтэй байна. Хамгийн сүүлийн жишээ гэвэл 1,8 настай хүүхэд ээжийгээ нойл ороод ирэх хооронд цонхноос унаж нас барсан. Бас саяхан нэгэн ээж төрөөд 28 хонож байгаа нярайгаа тэргэн дээр тавиад салхилуулангаа утсаар ярьж байх үед нь хүчтэй салхи шуурч, хүүхдийн тэрэг нь унаад хүүхэд гэмтсэн тохиолдол гарсан. Ээжүүд ийм хайхрамжгүй байж болохгүй. Гэмтэж буй хүүхэд дунд 0-5 насны хүүхэд их байна. Наадам эхлэхээр хурдан морь унадаг хүүхдүүд мориноос унаж маш их бэртдэг. Заавал хамгаалалтын хувцсыг өмсөх хэрэгтэй байна. Нийт осол гэмтлийн 10-15 хувь нь мэс заслын эмчилгээ хийлгэж хэвтэж эмчлүүлж байгаа” гэж сэтгэл өвтгөм тоо баримт, жишээ дурдав.
Хөлөө гипсдүүлэн дээш сойсон хүүхдүүд эмнэлгийн орон дээр олонтаа харагдана, гараа тохойгоороо гэмтээсэн хүүхдүүд хонгилоор зөрнө. Эмч нар нааш цааш завгүй гүйлдэнэ. Эм тарианы хурц үнэр, уйтгартай ч гэмээр цагаан өнгө ноёлсон эмнэлгийн хана туурганд хичнээн буяцхан жаалуудын уйлах дуун шингэсэн бол. Сүүлийн таван жилд нас барсан тохиолдлын 35 хувь нь буюу 3 хүн тутмын нэг нь гэр орон, ахуйн нөхцөлд осолд өртөж нас баржээ. Үүнээс хүүхдийн гэмтэл 30-40 хувийг эзэлж байна. Гэр орон, ахуйн нөхцөлд хайхрамж болгоомжгүй байдлаас үүдсэн осол гэмтлийг бууруулах, хүн амын мэдлэг, хандлагыг өөрчлөн зохистой зан үйлийг төлөвшүүлж, эцэг эхчүүдэд мэдлэг мэдээлэл, анхааруулга зөвлөмж өгөх шаардлага тулгарч байна. Ахуйн ослоор гэмтэж бэртсэн хүүхдийн тохиолдол 2016 оны эхний таван сард 32,000 байсан бол 2017 онд 34,000 харин өмнөх жилд 38,000 болж өссөн. Нийт хүүхдийн 40 гаруй хувь нь ахуйн ослоос үүдсэн гэмтэлтэй ирдэг учир үр хүүхдээ болзошгүй аюул ослоос хамгаалах нь эцэг эхчүүдийн үүрэг мөн.
ГССҮТ-ийн Түлэнхийн нөхөн сэргээх мэс заслын тасгийн эрхлэгч Э.Галбадрах “Түлэгдэлтийн улмаас өдөрт дунджаар 10 орчим хүүхэд ирдэг. 0-5 насны түлэгдэлт их байдгаас тэр тусмаа нэгээс хоёр настай хүүхэд их. Хөдөлгөөнд орж, орчноо таньж мэдэрч байгаа хүүхдүүд аливаа эрсдэлд өртөх нь элбэг. Ахуйн хэрэглээний шингэн зүйлс буюу хоол цайнд их түлэгдэж байна. Тэдгээрийг гар хүрэх газар тавьдгаас хүүхэд өөрлүүгээ татаж асгаад түлэгддэг.
Цахилгаан тогоо газар тавьснаас болж халуун тогоонд унаж түлэгдэж байна. Энэ тохиолдол нь зуны амралт эхэлснээс хойш ихэсч хүүхдүүд өөрсдөө хоол хийх гэж оролддогоос болдог. Мөн түүнчлэн цахилгаанд цохиулах ч асуудал гардаг. Осол гэмтлийн 90 гаруй хувь нь гэр орондоо буюу гэр хороололд илүүтэй байгаа нь аюултай орчинд тоооцогдоод байна. Мөн зуны цагт агаар салхинд гарч хорхог боодог хийгээд битүү чанагч, битон нь дэлбэрч түлэгддэг тохиолдолт их гардаг” гэв.
Цээжин хэсгээ бинтээр битүү ороож, өвдөлтөндөө зориурлан уйлагнах гурван настай Э охины ээж Х “Охин маань хүүе гэхийн завдалгүй ширээн дээр байсан халуун тогоотой цай өөрлүүгээ татаад асгачихсан. Түлэгдэлтийн хоёрдугаар зэрэгтэй гэсэн. Даруйхан хүйтэн усаар шавшсан нь сайн болсон боловч барааны саван түрхээд байлгаад байсан нь хугацаа алдсан байна” гэж халаглан өгүүлж, харамсан уйлж байв.
Хүүхдийн эрхийн конвенцийн 1,4-т “хүүхэд эсэн мэнд амьдрах, хөгжих, хамгаалуулах, нийгмийн амьдралд оролцох эрхийг хангах явдал төр, гэр бүлийн үндсэн үүрэг байх” гэж заасан байдаг. Гэтэл хамгийн наад захын эсэн мэнд амьдрах эрх нь зөрчигдсөн хүүхдийн тоо яагаад өсөөд байна вэ? Дахин статистик тоо баримт сөхье. Өнгөрөгч онд нийт 111553 хүүхэд осол гэмтэлд өртсөнөөс хаврын улиралд 24756, зун 34407, намар 30103, өвөл 22287 тохиолдол бүртгэгджээ. Үүнээс үзэхэд зуны цагт осол гэмтлийн тоо нэмэгдсэн байгаа нь харагдаж байна. Үүнээс зам тээврийн осол 3 хувь, уналтаас үүдсэн бэртэл 20 хувь, түлэгдэлт гурван хувь, амьгүй механик хүчинд өртсөн зургаан хувь, амьтай механик хүчинд өртсөн гурван хувь, хүчирхийлэлд нэг хувь өртжээ.
Зуны цагт усанд живсэн тохиолдол таван удаа, хорт амьтан ургамалд өртөх тохиолдол 56 удаа, хорт бодист хордох тохиолдол есөн удаа, байгалийн хүчинд өртөх тохиолдол 45 удаа бүртгэгджээ. Иймээс алаг нүдний цөцгий мэт хайрлах амин үрсээ аюултай орчноос хол байлгаж, авралын гартаа нандигнаж явахыг эцэг эхчүүдэд аминчлан захья. Гэмтлийн эмнэлгийн хүлээн авахын гарах хаалгаар гарч явахад минь зөрөөд, ухаангүй болсон нэгэн өвчтөнийг дуут дохиогоо хангинуулсан түргэн тусламжийн цагаан машинаас насылктай буулгаж, яаралтай түргэн тусламжийн хүлээн авах тасаг руу оруулж байлаа.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )