МУСТА С.Нэргүй: Үр хүүхдэдээ язгуур урлагийг багаас нь өвлүүлбэл ардын өв соёл руугаа цохилох зүрхтэй болно

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 14

Хаврын урьхан салхины аясаар хамаг сэтгэл хөвсөлзүүлсэн ардын дуу, уртын дууны “Донж төгөлдөр” тоглолт UB palace-т нижгэр болсон билээ. Тэр л давалгаа баруун аймгаар үерлэн гурав, дөрөвдүгээр сарыг гунигийн сэтгэлгүй түмэндээ ая эгшгээ  өргөсөн дуучин бол МУСТА  Сүрэнхорлоогийн Нэргүй юм. Ерөөс тэр бүхий л амьдралаа язгуур урлагтаа зориулж яваа, гал цогтой, дайчин бүсгүй. Ингээд бид шинэхэн цомгийнхоо ажилд шамдан орсон түүнтэй уран бүтээлийнх нь тухай ярилцлаа.

-Сайн байна уу, Танд энэ өдрийн мэндийг хүргэе.

- Сайн байцгаана уу, Эрхэм дуунд дуртай тэр дундаа ардын дууг шимтэн сонсдог уншигч түмэндээ энэ өдрийн галтай цогтой мэндийг өргөн дэвшүүлж мэндчилье.

-Та өнгөрөгч гуравдугаар сард “Донж төгөлдөр”-уран бүтээлийн найм дахь бие даасан тоглолтоо хийсэн. Тоглолтынхоо талаар яриагаа эхэлье

- Өнгөрөгч гуравдугаар сарын 5 ны өдөр UB PLACE-ийн концертийн их танхимд өөрийн найм дахь бие даасан тоглолт болох “Донж төгөлдөр”-уран бүтээлийн цэнгүүнээ зохион байгууллаа. Энэ тоглолтоо хийх болсон хамгийн том зорилго маань ардын урлаг, өв соёл, ёс заншилаа хүмүүст хүргэж, мартагдах шахсан тэдгээр сайхан аялгууг түмэн олондоо хүргэх явдал байсан. Тэр ч утгаараа Богд хааны үед Монгол Улсын маань төрийн дуулал байсан “Зуун лангийн жороо” хэмээх уран бүтээлийг дуулж, үзэгч түмэндээ хүргэсэн явдал байлаа. Бид орчин үетэйгээ хөл нийлүүлэн алхах ёстой ч гэлээ өнгөрснөө байнга эргэн харж байх учиртай. Түүх үгүй бол ирээдүй үгүй шүү дээ. Энэ тоглолт цор ганц миний тоглолт байгаагүй, намайг дэмжсэн маш олон хүний хөлс хүч, цаг зав, сэтгэл зүрх шингэсэн тоглолт байсан. Зорилго нь сайхан болохоор ажил үйлс маань ч бүтэмжтэй зэрийтэл дүүрэн сайхан тоглолт болж өнгөрсөн гэж бодож байгаа даа.Тоглолтонд маань Үндэсний дуу бүжгийн  “Түмэн эх” чуулгын үе үеийн уран бүтээлчид бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож,  Соёлын гавъяат зүтгэлтэн, нэвтрүүлэгч  Б.Ганбаатар, Болор цомын хошой эзэн Б.Ичинхорлоо, Монголын Хүүхдийн ордны сурагчид, Цэргийн Дуу Бүжгийн Эрдмийн чуулгын бүжигчид оролцсон өргөн тоглолт болсон.

-Саяхан та “Донж төгөлдөр” тоглолтоо баруун аймгаар тоглоод ирсэн. Бусад аймгаар хэзээ тоглох төлөвлөгөөтэй байна вэ?

-Баруун 13 аймгаар аялан тоглолт хийсэн маань миний амьдралын мартагдашгүй сайхан дурсамж, уран бүтээлийн минь хамгийн том тайлан байлаа. Орчин үед ардын урлаг ихэд орхигдож мөнгө төлөн ардын өв соёлын тоглолт, уран бүтээлийг үзнэ гэдэг ховордсон нь үнэн. Гэхдээ ардын дуучин хүний хувьд зориг гарган анх удаагаа тоглосон нь их  зүйлийг хийж бүтээх, бас харамсах, энэ урлагыг   хайрлах мэдрэмжийг өгсөн тийм аялан тоглолт байлаа. Чин сэтгэлээсээ тусалж дэмжсэн МСҮТ, Политехникийн коллеж, Хүүхэд, гэр бүл хөгжлийн төвийн хамт олондоо талархсанаа илэрхийлье. Ирэх намар 10 дугаар сараас зүүн болон говийн аймгуудаар аялан тоглолтоо үргэлжлүүлнэ. Одоогоор удахгүй болох наадмын баярын бичлэг, цомгийн ажил гээд завгүй явна даа.

-Хөдөө орон нутгаар ардын язгуур урлагаа түгээгээд явж байхад  үзэгчид маань хэрхэн хүлээн авч байсан бэ?

-Хөдөө орон нутгаар явж байхад ардын дуу, уртын дуу гэхээр төдийлөн уухайлан хүлээж авахгүй байснаа сүүлдээ дууны ид шидэнд ховсдуулчихсан, уусчихсан, уярчихсан сууж байдаг. Ардын урлаг гэдэг тийм л ид шидтэй, дахин давтагдашгүй өв сан гэдгийг хүмүүс ойлгож байх шиг санагддаг.  Хамгийн гол нь орчин үед хэрхэн хүргэх ёстой вэ гэдгээ бид бодох ёстой юм. Тоглолт маань хоёр хэсгээс бүрдсэн. Эхний хэсэгт дан үндэсний урлаг, уртын дуу толилуулаад, хоёр дахь хэсэгт орчин үеийн болон зохиолын дууны хэсэг оруулж өгсөн. Манай ард түмэн дууч ард түмэн шүү дээ дуулсан дуу бүрийг маань даган дуулж тэр мартагдах шахсан ардын дуунуудыг хүртэл дор бүрнээ л аялж байсан шүү.  

-Та “Түмэн эх” чуулгад олон жил ажиллаж байгаа.  Чуулгынхаа талаар сэтгэгдлээ хуваалцана уу?

-Би 1996 оноос “Түмэн эх” чуулгад ажиллаж байна. Урлагт анх хөл тавиад л орсон доо. Миний хоёр дахь гэр минь гэж хэлж болно. Их ч зүйл сурч, олон ч сайхан хамт олон, үнэ цэнэтэй зүйлсийг минь надад олгосон сайхан газар. Манай чуулга гаднаас жуулчид тогтмол хүлээж авч язгуур урлагаа сурталчилдаг.  1989 онд Соёлын гавъяат зүтгэлтэн Ж.Бадраа, С.Лунаа нарын санаачилгаар “Түмэн эх” чуулга үүсгэн байгуулагдсан түүхтэй.  Ардын богино болон уртын дуу, үндэсний хөгжим, бий биелгээ, олон ястны бүжиг, цамын бүжиг, хөөмий, язгуур урлаг, уран нугаралт зэргээс бүрдсэн арвин урын сантай тийм л сайхан газар. Олон арван урлаг соёлын гавъяатуудыг төрүүлсэн газар даа.  Энэ жил чуулгын маань 30 жилийн ой тохиож байгаа. Албаны ажилдаа илүүтэй анхаараад амины ажлаа жаахан орхигдуулжээ.  Сүүлийн үед эрчимтэй уран бүтээл рүүгээ орж байгаа шүү. Чуулгынхаа үүдээр ороод л хамаг муу муухай зүйл маань угаагдаж байх шиг санагддаг нэг тийм гэгээн, сайхан энерги шингэсэн газар. /инээв/

-Сүүлийн үед залуу уран бүтээлчид ардын дууг хүрээ маягаар дуулдаг болжээ. Таны дуулалтын онцлог уламжлалт тал руугаа санагддаг?

- Хүрээ дуу бол 18 дугаар зууны сүүлээр автономит Монгол улс байгуулагдаж, суурин иргэншил рүү шилжиж буй үеэс ардын дууны ая дан нь зөөлрөөд, донж маяг орж, хэлбэрийн хувьд өөрчлөгдсөн хэрнээ агуулгын хувьд өөрчлөгдөөгүй санагддаг. Хуучир, шанз, лимбэ гэх зэрэг нэгээс хоёр хөгжимтэй ая дан хоршуулах нь хүрээ дууны онцлог юм. Монголчууд нүүдэлчин ахуй соёл, мал аж ахуй, адуу мал, хувцас хэрэглэл, хайр дурлал, гуниг баяр гээд амьдралын бүхий л зүйлсээ дуундаа шингээсэн ард түмэн.  Олон ястны ардын урлаг өөр, өөрийн ая дантай. Жишээ нь баруун монгол ардын дуу нь уул устайгаа адил огцом дээшээ цойлсон тас хийсэн аятай. Зүүн монгол Үзэмчин ардын дуу ганихарсан, санааширсан дуу ихтэй. Төв халх дуу бол түгээмэл байдгаас гадна ая дан нь хаашаа ч хувирч болдог онцлогтой. Миний хувьд ардын дууны донж маяг техник нугалааг түлхүү гаргасан дуунууд дуулах дуртай. Жишээ нь “Янтайван Гөөгөө”, “Дуншаа Гөөгөө”, “Талд унасан жавар”, “Амттай алим”, “Хошингоо”, “Буянхишиг Да лам” зэрэг хөдөлгөөнтэй дуунуудыг голчлон дуулах нь зохимжтой санагддаг.

-Ардын биет бус өвийг тээн өвлүүлэгч, алдар гавъяатнууд таны багш. Багш нарынхаа тухай яриач?

Анх 1996 онд “Түмэн эх” чуулгад дуучин болж орсноор ардын богино дууны дуулах ур зүйг Монгол Улсын Гавъяат жүжигчин Ц.Үенч багшаараа заалгаж байлаа. Улмаар 2005 онд Соёл Урлагийн Их Сургуулийн Уртын дуу дуулаачийн ангийг Монгол Улсын гавъяат жүжигчин Ц.Чулуунцэцэг  багшийнхаа удирдлага дор төгссөн. Миний багш нар бол яахын аргагүй Монгол түмний дуучин, бахархаж хайрлахгүй байхын аргагүй хүмүүс. Ийм хүмүүсийн шавь гэдгээрээ ч би бахархдаг. Хүн ер нь эцэг эхийн гараас багшийн гарт очдог шүү дээ. Миний амьдралын чиг шугам өдий зэрэгтэй яваа минь  тэдгээр хүмүүсийн  ач буян юм. Ундарга нь үгүй бол урсгал нь үгүйтэй адил юм. Хэдий сайн уран бүтээлч байлаа гээд багшаасаа төө дутуу байдаг нь үнэн. Хоёр багшийнхаа дайнд хүрч, олон шавь нар  бэлтгэж багш шигээ багш байхыг л хичээж явна.  

-Таны дуулдаг ардын болон зохиолын дуунууд ард түмэнд хүрсээр ирсэн. Та ер нь урын сандаа хэдэн дуутай вэ?

-Одоогоор 300 гаруй дуунд эргэлддэг шүү. Ард түмний сонсох дуртай уртын болон богино дуунууд “Уяхан замбуу тивийн наран”, “Зээргэнэтийн шил”, “Эрхэм төр”, “Хэрлэнгийн баръяа” зэргээс эхсүүлээд “Суман дэлт”, “Хоёр сэтгэл”, “Гялайв уу” гээд нэрлэвэл баялаг шүү дээ. Ер нь эртнээсээ монголын ард түмэн шавь сургалтаар өвлүүлж ирэхдээ л ямар хоолойд ямар  дуу тохирох вэ гэдгийг мэргэжлийн түвшинд тогтоочихсон сонгодог ард түмэн.  Жишээ нь сонгодог дуунд ари романс гэдэгтэй адил сопрани хоолойд “Хандармаа, “Сүнжидмааг , баритон хоолойд “Хадат ухаа”,  “Хулсан ташуур” гээд хоолой хоолойнд таарсан  дууг нэрлээд баршгүй. 80, 90-ээд оны үед Бүх ард түмний урлагийн их наадам  болдог байсан.  Үндэсний бодлогоор нутаг нутгийн сор болсон ардын өв тээгч нар нэгэн дор цуглаж, өөр өөрсдийн аялгуу, аян дантай дуугаа дуулж, бие биенээсээ  суралцах, өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх, туршлага солилцох зэрэг  олон ач холбогдлыг дагуулсан уралдааныг хийдэг байлаа. Ийм уралдаан одоо их үгүйлэгдэж байна.

-Та тун удахгүй “Донж төгөлдөр” цомгоо өлгийдөж авах гэж байгаа. Цомог тань ямар ямар дуунуудаас бүрдэж байгаа вэ?

-Сүүлийн үед миний хувьд  ардын дуу шиг зохиогдсон зохиолын дуунууд дуулж байгаа. Соёлын гавъяат зүтгэлтэн  Ц.Пүрэвхүүгийн аялгуу 1999 онд “Цагаан лавай” наадмын тэргүүн шагнал авч байсан “Цэнгийн алтан ээмэг”дуугаа сэргээн дуулсан.  Мөн гавъяат багш С.Ганчимэгийн аялгуу “Наран ээж “ дууг охинтойгоо дуулж дүрсжүүллээ.  “Донж төгөлдөр1,2” гэсэн ардын дуу, зохиолын дууны хоёр цомог гаргахаар ажиллаж байна. Ардын дууны цомогт маань  нутаг нутгийн аялгуутай, орчин үеийн хөгжимтэй хоршуулж, шинэлэг байдлаар дуулсан дуунуудаа оруулна. Нутаг нутгийн аялгуутай дуунуудад хошин ёгт дуу ч байгаа.  Хошин ёгт дуу бол тухайн цаг үеийн нийгмийн алдаа оноог шүүмжилсэн дуу шүү дээ. Гэтэл одооны цаг үетэй тохироод байгаа нь их сонин шүү. Жишээ нь “Даадай тэрэг” дуунд 

Арслангийн хөл нь хугараад ирвэл хө

Айлын нохойноос юуны өөр вэ хө

Амбан ноёдын хэрэг нь буруудвал хө

Ард биднээс юуны өөр вэ хө /дуулав/

-Тийм шүү. Аялгуу нь аргадаж, үг нь зэмлэдэг ардын дуундаа амьдралын гүн ухааныг нэвт шингээсэн шиг санагддаг?

-За тэгээд цааш нь “Талд унасан жавар” дуунд

Талдаа унасан жавар салхи нь

Ташуур алдам хүйтэн жарав аа хө

Танхил өссөн намайгаа болбол

Тархийг эргэтэл загнаад яах вэ хө

гэдэг нь үр хүүхдүүдээ сургасан сургамжит дуу юм. “Лоолой” дууг хүмүүс гахайны тухай дуу л гэж буруу ойлгодог, гэтэл энэ нь эцэг эх, хайр сэтгэлийн нандин холбоог өгүүлсэн сургаал дуу шүү дээ.

-Таны хувьд залуус ардын дуугаа хэр өвлөж байгаа гэж боддог вэ?

-Дэлхийд магтан шагшигдаад байдаг язгуур урлаг маань эх орондоо үнэгүйдээд, мартагдаад байна уу даа гэж дотроо эмзэглэж явдаг маань үнэн. ”Түмэн эх” чуулгын буянаар дэлхийн 30 гаруй оронд давхардсан тоогоор ардын урлагаа сурталчилж явлаа. Тоглолт хийгээд явж байхад үндэсний хувцсыг маань хараад л бүгд гайхан шагшиж хүлээж авдаг. Тэгээд л уртын дуу, ардын дуу, хөөмий, магтаал, уран нугаралт, бий биелгээний гайхамшигт өв соёлыг алмайран биширцгээж халуун дотноор хүлээж авдаг. Гадаадад байгаа монголчууд маань  ардын урлагийн үнэ цэнийг мэдэрч, огшиж, уйлж, даган дуулж байгааг харахад хүн гэдэг дэргэдээ байгаа анзаарч мэдэрдэггүй хэрнээ, холдоод ирэхээрээ ухаарч таньдаг шиг байгаа юм. Сүүлийн үед харьцангуй ардын урлаг сонирхож суралцаж, түүнийхээ дагуу уран бүтээл туурвиж байх шиг ажиглагдсан. Цаг үед нь тааруулаад хэтэрхий гажуулдуулчихгүй бага зэрэг хэмнэл оруулаад дуулж байгаа уран бүтээлчид ч байна. Бүр ардын дуу ч биш орчин үеийн дуу ч биш болгочихсон зүйл ч бас байна. Ер нь ямар ч зүйлд сайн муу зүйл байдаг нь хорвоогийн жам бид харин алдаанаасаа суралцаж, дахин давтахгүй байхад л болно.

-Та Өвөрхангай нутгийн хүн. Нутгийнхаа уран бүтээлчдийг нэгтгээд “Соёмбо” уран бүтээлийн нэгдэл байгуулан, гүйцэтгэх захиралаар нь ажиллаж байгаа. Өвөрхангайчууд урлагийн богц арвин уу?

-Анх Урлагийн гавъяат зүтгэлтэн нэвтрүүлэгч Б.Ганбаатар,  Болор цомын эзэн яруу найрагч Б.Ичинхорлоо тэргүүтэй хүмүүс санаачлан “Соёмбо” нэгдлийг үүсгэн байгуулж байлаа. Байгуулагдсан даруйдаа нийт Өвөрхангайчуудаа нэгтгэж уран бүтээлийн томоохон тоглолт зохион байгуулж, сүлд дуутай хүртэл болоод амжсан. Одоо бид Соёмбо нэгдлээрээ байнгын холбоотой ажилладаг. Манай нутгаас төрөн гарсан урлаг соёлын гавъяатууд олон. Бидний дараагийн төлөвлөж байгаа ажил бол энэ цаг үед дуулагдаж байгаа нутгийн дуучдаас бүрдсэн Өвөрхангай нутгаа, эх орноо, ижий ааваа магтан дуулсан 13 дуутай цомог гаргахаар ажиллаж байна. Урлагийн богц арвин, хийх бүтээх ажил ч их байгаа.

-Та бол язгуур урлагийн өв тээгч. Өөрийн гэсэн шавь нараа бэлтгэж байна уу?

-Монголын Хүүхдийн ордонд  ардын дуу, уртын дууны анги нээгээд багшилж байна. Одоогоор 20 гаруй шавьтай болсон байна. Монголын Хүүхдийн ордны ардын дуу, уртын дууны ангид суралцах сонирхолтой хүүхэд багачуудад үүд хаалга маань үргэлж нээлттэй. Миний тоглолтонд шавь нараас маань ардын дуугаа дуулсан.Түрүүн хэлсэнчлэн багш шигээ багш байхыг хичээж л явна даа. Миний бодлоор их сургуульд уртын дуу, хөөмий заагаад эхэлсэн нь маш зөв боловч ерөнхий боловсролын сургуулиас нь бодлогоор хичээлийн хөтөлбөрт суулгаж, хүүхдэдээ язгуур урлагийг багаас нь өвлүүлбэл ардын өв соёл руугаа цохилох зүрхтэй болно. Хоёрдугаарт өв соёл маань ч үнэ цэнэтэй, мартагдахгүй өвлөгдөж, уламжлагдана шүү дээ. Ардын урлагийн наадмуудыг хүүхэд багачуудын дунд уламжлал болгон зохион  байгуулж хэвшвэл их зүгээр санагддаг. Хүн болгон л өв соёл гэж ярихаасаа илүү үлгэр домог, магтаал, мэддэг ардын дуунуудаа хамтдаа дуулж, ярьж, зааж өгдөг байгаасай л гэж их хүсдэг. Монгол гэж цээжээ дэлдэж, уухайлаад бид өв соёлоо мэдэхгүй бол ичгэвтэр шүү дээ. Бид түүх соёл өв уламжлалаа мэдэж байна гэмээнэ төдий чинээгээрээ тусгаар тогтнол, өв соёл маань дархлагдаж байх юм.

-Бидэнтэй ярилцсан танд баярлалаа. Урлагын өндөр амжилт хүсье.

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(41.138.91.155) 2019 оны 06 сарын 16

Сайн уу, ээж ээ Хүмүүс мөрөөдөлдөө хүрэх боломжийг олгохын тулд интернэт зээлийг санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилтийн хэрэгцээ; бидэнтэй холбоо барина уу Зээлийн хїїгийн турш зээлийн хїї 2% байна. Бидний санал болгож буй санал нь $ 5,000-500.000 доллараас эхлэн 1 жилээс 25 жил хүртэлх хугацаанд буцаан олгогддог. Хэрэв та сонирхож байвал илүү мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбоо барина уу. Мэйл: matildalecoustre@Gmail.Com wathsapp: 0022 995 414 913

0  |  0
matilda(41.138.91.155) 2019 оны 06 сарын 16

Сайн уу, ээж ээ Хүмүүс мөрөөдөлдөө хүрэх боломжийг олгохын тулд интернэт зээлийг санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилтийн хэрэгцээ; бидэнтэй холбоо барина уу Зээлийн хїїгийн турш зээлийн хїї 2% байна. Бидний санал болгож буй санал нь $ 5,000-500.000 доллараас эхлэн 1 жилээс 25 жил хүртэлх хугацаанд буцаан олгогддог. Хэрэв та сонирхож байвал илүү мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбоо барина уу. Мэйл: matildalecoustre@Gmail.Com wathsapp: 0022 995 414 913

0  |  0
matilda(41.138.91.155) 2019 оны 06 сарын 16

Сайн уу, ээж ээ Хүмүүс мөрөөдөлдөө хүрэх боломжийг олгохын тулд интернэт зээлийг санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилтийн хэрэгцээ; бидэнтэй холбоо барина уу Зээлийн хїїгийн турш зээлийн хїї 2% байна. Бидний санал болгож буй санал нь $ 5,000-500.000 доллараас эхлэн 1 жилээс 25 жил хүртэлх хугацаанд буцаан олгогддог. Хэрэв та сонирхож байвал илүү мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбоо барина уу. Мэйл: matildalecoustre@Gmail.Com wathsapp: 0022 995 414 913

0  |  0
matilda(41.138.91.155) 2019 оны 06 сарын 16

Сайн уу, ээж ээ Хүмүүс мөрөөдөлдөө хүрэх боломжийг олгохын тулд интернэт зээлийг санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилтийн хэрэгцээ; бидэнтэй холбоо барина уу Зээлийн хїїгийн турш зээлийн хїї 2% байна. Бидний санал болгож буй санал нь $ 5,000-500.000 доллараас эхлэн 1 жилээс 25 жил хүртэлх хугацаанд буцаан олгогддог. Хэрэв та сонирхож байвал илүү мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбоо барина уу. Мэйл: matildalecoustre@Gmail.Com wathsapp: 0022 995 414 913

0  |  0
Г .Эрдэнэбат (66.181.161.18) 2019 оны 06 сарын 14

Мундаг дайчин хѳдѳлмѳрч чадалтай дуучин даа ...Манай нутгийн бэр гэж байгаа ...Уран бүтээлийн амжилт хүсэж эрүүл энх саруул сайхныг хүсье чин

2  |  0
Top