“Зиндаа” сэтгүүл уншигчиддаа сэтгүүл зүйн нэгэн сонирхолтой, содон төрөл зүйлийг өргөн барьж байна. “Эчнээ ярилцлага” гэх энэ төрөл зүйл нь сэтгүүл зүйн хөгжилд том дэвшил болж, Адольф Гитлер, Наполеон Бонапарт, Абрахам Линколын зэрэг алдартнуудтай “эчнээ ярилцсан” бүтээл дэлхий нийтийг шуугиулж байсан билээ. “Эчнээ ярилцлага” нь өнөө цаг үед байхгүй хэн нэгэнтэй “амьдчилан ярилцаж”, үүгээрээ дамжуулан тэр хүний үйл хэрэг, үзэл бодлыг үнэмшилтэйгээр нээн харуулахыг зорьдог. Ингэхдээ тухайн хүний хариултаар дамжуулан түүхийг гүжирдэх, гөрдөх, мушгин гуйвуулах, буруу ташаа ойлголт өгөх ёсгүй. Үүний тулд эчнээ ярилцлага хийгч сэтгүүлчийн зүгээс маш их судалгаа, баримт материал, мэдрэмж, түүхийн мэдлэгийг шаарддаг төрөл зүйл юм.
Зохиолч До. Цэнджав энэ төрөл зүйлийн талаар “Эчнээ ярилцлагыг хэр баргын сэтгүүлч хийхээргүй их хэцүү төрөл. Хэрвээ үнэмшилтэй, даацтай хийвэл сэтгүүлзүйг өөр сонирхолтой зам руу хөдөлгөж байгаа хэрэг” гэж хэлжээ. Ингээд бид энэ удаа Мянганы их хүн Чингис хаантай хийсэн “Эчнээ ярилцлага”-ыг өргөн барьж байна.
Хүн төрөлхтний мянганы хүнээр тодорсон суут Богд эзэн Чингис хаантай ярилцлага хийнэ гэж сэтгэхэд ч хүнд. Аль 13 дугаар зуунд амьдарч байсан их хаантай 21 дүгээр зууны сэтгүүлч “уулзаж”, улмаар ярилцлага хүртэл хийлээ гэвэл хэн ч үл үнэмшинэ. Зарим нь шоолж, бусад нь тохуутай мушилзаад “Чингис хаантай ярилцана гэж юу байсан юм бэ” гэх нь дамжиггүй. Гэвч хэдийгээр таалал төгссөн ч түүний үлдээсэн билиг сургаал, ном бичмэл, уг сурвалж бүрээс аливаа асуултад хариулт хайж болдог ёсон бий. Хэрвээ амьд байгаад ярилцдагсан бол ийм асуултад ингэж хариулах байсан биз ээ гэдгийг шинжлэн оноож, судлан сонгож болох нэгэн шинэ сэтгүүл зүйн төрөл зүйлийг 20 дугаар зуунд анх нээжээ. Хамгийн чухал нь хар таамаг, гүжир төсөөллөөр асуулт хариултыг оноож болохгүй хатуу зарчмыг мөрдөх ёстой. Өөрөөр хэлбэл, гарцаагүй үнэн баримтан дээр суурилж, энэхүү эчнээ ярилцлагыг бүтээх учиртай аж. Тийм ч учраас баримтат сэтгүүл зүйн төрөл зүйл хэмээгдсэн нь энэ болой. Ингээд олныг үл нуршин, Монголд анх удаа Чингис хааныг эдүгээ цагт амьдчилан авчирч, ярилцсан сэтгүүлчийн бүтээлийг хүргэж байна.
-Ертөнцийг эзэгнэгч алдар танд ирлээ. Та үүнийг хүссэн үү?
-Би эрэмгий сайнаараа биш, эцэг тэнгэрийн зарлигаар хаан болсон. Эзэн эзэндээ замба тивд оршин амьдарч буй 720 төрлийн хэлээр ярьдаг, таван янзын өнгийн улс түмний эзэн боллоо. Миний байгуулж буй Их Монгол Улс бол жирийн нэгэн эзэнт улс бус, дэлхийн эзэнт улс мөн. Магадгүй, төр улсыг их болгон өргөх гэж тэнгэр намайг сонгосон буй за.
-Та биш, тэнгэр үүнийг хүссэн гэж үү?
-Үүнд би гүнээ итгэнэ. Их хэргийг өдөөж ахуйд үхэлтэй удаа дараа халз тулсан ч түүгээр болсонгүй. Монголын өндөрлөгт байсан хэдэн арван овог аймгийн дотор эрх дарх булаацалдсан бишгүй олон хүн байлаа. Хожим аян дайны явцад хүчирхэг өрсөлдөгчидтэй байнга тулгарч байлаа. Гэвч би тэр бүгдийг ялж гарав. Энэ мэт учир шалтгаан намайг мөнх тэнгэр ивээн тэтгэж байдгийг мэдрэхэд хүргэсэн.
-Хаан болсон тань ч мөнх тэнгэрийн санаа юу?
-Төрийн эрхэнд “санаархсан” хүмүүсээс би тодорсон нь тохиолдлын явдал биш байсан нь ойлгомжтой. Харин бусдын хувьд энэ нь тохиолдлын мэт сэтгэгдэж байсан байж болох юм. Гэтэл ардууд өөрсдийн хууль ёсны хаанд л захирагдахаас биш, зальхай этгээдэд захирагдах ёсгүй. Иймээс би зүй ёсны эрх дархыг өөртөө авсан билээ. Би тохиолдлоор хаан болоогүй гэдгээ харуулахын тулд миний санасан хүссэнийг хэн ч зоргоор зөрчиж болохгүй тийм хаан эзэн болох хэрэгтэй байлаа. Зүй ёсны эрх дархаас салж ангижрах нь тэнгэрийн таашаалд үл нийцэх тул би үүнийг тэвчдэггүй. Миний зарлигийг аман дээрээ дагаж, алс далд зөрчиж, уснаа унасан чулуу, өвснөө гээсэн зүү мэт хөсөрдүүлбэл би нийтийг захирч үл чадна.
-Эцэг нэгтэй Бэгтэрийг хөнөөсний учир энэ үү?
-Нэгэнт миний хийсэн хэрэг болохоор би хэрхэн булзана. Харин Өүлэн эхийн минь өрөө өмлөж хэлсэн “Уураа даран ядах омогт арслан мэт, амьдыг залгих аюулт мангас мэт ханиа барагсад, ижлээ идэгсэд... Сүүдрээс өөр нөхөргүй, сүүлнээс өөр ташуургүй байхад өшөөгөө хэн яаж авах вэ?” гэх үгэнд ихээр гэмшиж, өнө хожмоо үргэлж суралцав.
-Дээрх явдлаас үүдээд таныг угаас харгис хэрцгий төрсөн хүн гэж үзэх нь бий?
-Угаас харгис хэрцгий төрсөн хүний нүднээс нулимс унаж, сэтгэлд нь өрөвдөн нигүүлсэх бодол төрнө гэжүү. Гэтэл би чинь цурхиртал уйлж, дорой буурай бүхнийг энэрэн нигүүлсэж байсан бус уу. Асрахаас урьд айлгах бодол надад үгүй. Омог хүчийг үзүүлж, сүрийг олсноор олон эзэн болно. Монгол овогтныг толгойлон нэгтгэх зорилгод орчин тойрны бүх амьдрал, аливаа үзэл санаа саад болох ёсгүй байсан учраас би хатуу цаазыг тогтоох нь зайлшгүй юм гэж бодсон. Найдахын аргагүй дайснуудыг бүрэн дарахын тулд үүнээс өөр замыг би олж хараагүй. Гэвч хаан хүн хамаг эрдмийг төгсгөвч хайрлах сэтгэлгүй байж яаж болно.
-Гэтэл та эзлэн түрэмгийлэх явцдаа хайрлан энэрэлгүй, харгислан байсан удаатай бус уу?
-Дайны үеийн хатуу цааз шаардахгүй аваас би хэзээ ч хий хоосон харгислалыг хүсэхгүйсэн. Аливаа үйлийг хаана, хэзээ, хэрхэн хийвэл зохистойг мэддэг байх хэрэгтэй шүү дээ. Дайн байлдаан хийхдээ арга заль, зарим үед итгэл хөсөрдүүлэх аргыг ч хэрэглэж байсан хэдий боловч бусад үед тийм зан авирыг үл үзүүлдэг билээ, би. Байлдааны нөхцөл байдал, цэргийн бодлогын үүднээс хот суурин тэр ч байтугай хүн амыг түйвээж байсан удаа бий. Миний цэрэг бол Тэнгэрийн гэсгээл буулгагч мөн.
-Юуны тулд ийнхүү дайныг хүсэх болов, та?
-Би дайныг хүсээгүй. Миний уг санаа бол нийгэм түвшин болгохыг эрсэн буй за. Хамаг бүгд эв эеийн сайнд жаргана. Эв нэгдлээ хадгалахыг хүсвээс дайсангүй байх хэрэгтэй. Нэг нь нөгөөдөө дайсагнахгүй гэсэн эв нэгдлийн баталгааг би бусдаас шаарддаг. Гэвч тэд үүнийг биелүүлдэггүй. Иймээс миний өдүүлсэн хэрэг бол олон улс аймгийн эздийг зарлан эрсэн бус дэлхий дахин харилцан найрамдуу, амар оршихыг бодсон буй. Түүнээс биш өөрийгөө бодож сэдсэн бус, улсын тул тийн үйлдлээ. Сур дөрөө сунатал, төмөр дөрөө дөлөртөл жийж их улсаа зонхилон хурааж, энэ олон бус элэгтний элгийг нь нэгтгэсэн минь олны төлөө билээ. Дайн ямарваа нэг ард түмэн хэт томорч, өөртөө болон өрөөл бусдад аюул учруулдаг болохгүй байхад туслах юм.
-Түмэн олон хийгээд хойч үе тань үүнийг ойлгох болов уу?
-Үзтэл үнэнийг үргэлж өргөж хөгжөөх биз ээ. Энэ бие минь хэврэг боловч эрхэм нэр минь мөнх. Үнэн төрөө ёсоор явуулж, алдарших сайн нэрийг хичээлээ. Би түмэн олноо худгийн мэлхий шиг байлгахыг хүсээгүй. Нүүдэллэн амьдардаг бидний монголчууд гэнэтийн довтолгоонд өртөж, санаачлан эхэлсэн их үйлс үрэн таран болоход хялбархан. Тиймд улс иргэнээ сайтар энхжүүлэхийг би хичээсэн. Хааны сайныг харц үл мэднэ. Хаанаасаа хагацан салсны хойно хааныхаа сайныг мэддэг. Ер нь Онон, Хэрлэнд эр бие төрж өссөн хэн боловч цэцэн цэлмэг, зориг зүрхтэй байдаг, нэг их зааж зааварлахгүйгээр аливаа юмны учир начрыг ойлгочихдог улс. Саруул ухаанаас илүү сайн нөхөр үгүй болохоор ухааны ур мэдэх байлгүй дээ.
-Мөнх тэнгэр таны өдүүлсэн дайныг таалж байгаа гэдэгт итгэлтэй байдаг уу?
-Миний хийж буй дайн шударга бөгөөд заавал хийх дайн. Тэнгэр эл дайныг таалан соёрхож, бас шаардсан.
-Та их итгэлтэй хэлж байх чинь. Гэвч та өөрийн хүсэл зоригоо тэнгэрт хамаатуулан цагаатгах гээд байгаа юм биш биз ээ?
-Тэнгэрийн таалал бол миний өөрийн хүсэл зоригоос өөр юу ч биш гэх гээд байна уу. Би Тэнгэрийн зарлиг, таалал соёрхлын зэвсэг болж байгаа цагт юу ч тохиолдлоо гэсэн тэр нь Тэнгэрийн таалал, зарлиг л байх болно. Тэнгэрт ч, газар дээр ч нэг л таалал, нэг л хүсэл зориг ноёлж байх ёстой. Энд би хэн нэгэн Тэмүжин, бас Жамуха, Хасар нэртнүүдийн өөр өөр таалал, хүсэл зоригийг биш Тэнгэрийн таалал, хүсэл зоригийг хэлж байна.
-Та дайтаж тулалдахаа больж, амар жимэр суух тухай өөрөөсөө асууж байв уу?
-Тийм цаг магад ирж болох юм. Харин одоо бол тэр цаг ирээгүй байна. Тэр цагийг бодвол миний ач, гуч нар шийдэх биз. Харин миний өөрийн ертөнц өөрчлөгдөж чадах ч үгүй, өөрчлөгдөх ч ёсгүй. Би жинхэнэ монгол дайчин эрийн ёсоор амьдарч, үхэх болно. Өчигдөр их сууринд суумагц, өнөөдөр улсын хэргийг орхиж, биеийн жаргалыг эрвээс энэ үедээ бол төрийн ёсонд харш. Эцэс хойтдоо бол үр ач, залгамжлагч нарт муу суртлыг үлдээнэ шүү дээ.
-Эзэлсэн улс орнуудынхаа тансаг амьдралд татагдаж, нүүдэлчин иргэншлээ орхиогүйд тань ямар нэгэн учир байх шиг?
-Тийм шүү. Би хэчнээн алс холын аян дайнд одсон ч үргэлж тал нутагтаа эгэж билээ. Хэтэрхий хээнцэр, ёсорхуу горим журмыг хичээдэггүй. Хаа ч явсан тал нутгийнхаа хэв ёс, зан заншлыг баримталдаг. Би хэзээ ч бусад соёлын тансаг сайхныг биширч, татагдаж байсангүй. Энэ бүхэн миний зүрх сэтгэлтэй холбоотой.
-Та гэвч ийм их гүрнийг нэгэнт байгуулсан атлаа түүнийхээ эрх дарх, ямба гавьяаг эдлэн суухыг хүсэхгүй байна гэж үү?
-Эмээл ихэдвээс тохсон моринд зовлон болно. Түүнтэй адил янз ихэдвээс эл улсын дотор зүдүүр болох вий гэж би эмээнэ. Иймээс хоосон сүр, илүү янз маяг, ёслолын хэрэг үгүй. Хэтэрхий их ёслол хийгээд ямба нь жирийн ард олонд омог дээрэнгүйг төрүүлэх гэмтэй. Хоосон дүрэм ёс хэтэрснээс ард иргэд нь түүн лүгээ нэвтэрч эс дийлээд, зальхай сайд нар завсарт нь завшиж, төр улсыг бусниулж мэднэ. Миний сонссоноор хуучин хүчирхэг Сүн улс үүнээс болж мөхөөд, Хойд Ляо улс эзэрхийлэх боломжийг олгожээ.
-Та юунаас айдаг вэ?
-Өөрөөсөө өөр хэнээс ч айдаггүй. Зөвхөн өөрөө өөртөө аюул занал учруулж болох тул өөрөө л өөрийнхөө өөдөөс явж ялан дийлэхийг хүснэ. Өөрийн ухаант сэтгэлээс өөр сайн нөхөр үгүй, уур хилэн, хорт муу сэтгэлээс илүү дайсан үгүй.
-Танд хүмүүст байдаг шиг айдас байдаггүй гэж үү. Жишээ нь үхэл...?
-Үхлээс би үл айдаг. Харин би хүмүүст байдаг тэр аймтгай зан чанарыг л ашиглаж өөрийн ноёрхол, эрх мэдлээ тогтоосон. Зөвхөн энэ айдас л хүчийг боломжтой зүйл болгож, хаант улсыг задралаас тогтоон барина.
-Үхлээс айдаггүй гэлээ ч түүнээс өрсөж амжихсан гэх үйл бишгүй буй за?
-Миний тухайд улс гүрэндээ, удам угсаандаа санаа зовнино. Нартад азтай, таатай байдлыг ахиу тогтоохсон гэж хүснэ. Учир нь нэгэн хүмүүн төрөөд, түмэн газрыг энхжүүлэх нь хүн төрөлтөнд тустай хэрэг мөн. Үүнийг чадваас дээд тэнгэрт гавьяа, доорд амьтанд өршөөл болох учиртай.
-Та сүсэг бишрэлийг хэрхэн үзнэ?
-Дорно, өрнийн янз бүрийн шашин шүтлэгээс үүдэж, хүн төрөлхтөн бие биедээ дайсагналцах бөлгөө. Өөр өөрсдийн бурхан, сургаал номлолын төлөө тэмцэж, бусад шашин шүтлэг, сүсэг бишрэлд ч үнэн юм байгааг хүлээн зөвшөөрөх, олж харахыг хүсэхгүй байна. Өөрөөр сэтгэгчдийг оршин тогтнох ёсгүй мэтээр санацгаах юм. Гэтэл үнэн хаа сайгүй байдаг. Тиймд өөр өөрийн сүсэг бишрэлийг нөгөөхөөс нь дээгүүр тавихыг би цаазлан хориглосон.
-Аль нэгэн шашныг дээрд үзэх сүсэг танд ч бий нь лавтай. Гэтэл яагаад ийм цааз тогтоох болов?
-Би монгол хүнийхээ хувьд ард түмнийхээ шүтлэгийг даган, Мөнх тэнгэрээ дээдлэн тахиж шүтдэг. Тэгэхдээ хэнийг ч ийн шүт гэж албадахгүй. Бүх шажинтнууд өөр хоорондоо эв найртай амьдрагтун хэмээн зарлиг болж байна. Хэн ч болов, миний Их Засаг цаазын дор өөрийн шүтдэг зүйлийг шүтэж, аль хүссэн бурхнаа дээдлэн тахиж байвал зохино. Гагцхүү "Энэ цаазыг сахин мөрдөөгүй хүн нутаг орноос минь үтэр түргэн зайлж, эсвэл толгойгоо сэлмийн ирэн дор тавьсугай" гэх миний эрх мэдэл, хууль ёс л энэ олон шажинтныг нэг нэгнээ алж хядан устгахад саад болж байгаа. Би лал, христ, мусульманы шашны дайсан биш бөгөөд тэдгээрийг өөр бусад шашнуудын нэгэн адил хамгаалж буй болой.
-Та өөрийн шүтэх Мөнх тэнгэрээ тэднээс илүүд үзэхгүй гэсэн үг үү?
-Мөнх тэнгэр бол миний бурхан. Миний ард түмний бурхан учраас би түүнийг бусдаас дээр тавина. Мөнх хөх тэнгэр орь ганцаар биш юм аа гэхэд ямар боловч, чиний ба энэ орчлонгийн бусад бурхдаас илүү хүчирхэг хэмээнэ. Гэвч энэ маань өөр бусад бурхдыг буруушаан үгүйсгэх үндэс болж үл чадна.
-Үүнийг тань байгуулсан улсаа бутаргахгүй гэсэн далд санаа гэх. Тийм үү?
-Өөр өөр сүсэг бишрэлд автсан хүмүүний сэтгэлүүд нь гал, ус мэт. Гал, ус хоёр бол харилцан нийцэшгүй хүчнүүд болох учир нэгийг нь нөгөөгийнх нь эсрэг чиглүүлэхгүй байх нь дээр. Гал, ус хоёр мөргөлдсөний учирт аянгат бороо аюул тарьдаг ажгуу. Нөгөөтэйгүүр ямар ч голын ус хаашаа ч гарах аргагүйгээр хааж боож болохгүй авай.
-Ертөнцийг өөрийн сүр хүчний дор нэгтгэж чадсаны тань нууц чухам юу юм бэ?
-Улсын сүр ихээр мандаж, дэлхий дахиныг цочроож чадсаны учир бол эрдэм чадалтай хүнийг сонгож хэрэглэх урам дэмийг олсонд байгаа юм. Ухаантны үгээр улам ухаж, билиг минь сайжирчээ. Завь ухаж сэлүүр засах нь мөрөн голыг гэтлэхийн тулд болой. Мэргэдийг залж, чадвартныг өргөх нь дэлхий дахиныг амруулахын төлөө буюу. Мөн дэлхий дахиныг эзлэх нь хүнийг эзлэхэд буй. Хүнийг эзэмдье гэвэл сэтгэлийг нь эзэмдэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, хүний сэтгэлийг олбоос даруй дэлхий дахиныг олж болмуй. Харин хүний сэтгэлийг алдваас дэлхий дахиныг алдах болно.
-Залгамжлагчид тань хүний сэтгэлийг дундаас алдахгүй байж чадах болов уу?
-Миний үрс олон төрж үржвээс түүний дотор баян, билиг ухаан, эрдэм үгүй төрөх ёсон үгүй. Хожим засаг явуулах ба цэрэг хэрэглэхэд эрдэмтэн мэргэдийг зоригтой сонгон хэрэглэхийг ухаж мэдвэл хаант улсын хөгжил мандал олон үе үргэлжлэх болно. Түүний тулд манай удам төрлийн дотроос хамгийн өргөн дэлгэр мэдлэгтнийг олж сонговол зохимой.
-Дөрвөн хөвүүн дундаасаа төр удирдах нэгнийг та энэ дагуу сонгосон уу?
-Улс гүрний омог сүлд ба хаан сууриныг батлан хамгаалж чадах нэгэн хүнийг гаргаж, үндсэн суурь бат бэх засаг төрийн эрхийг бариулах нь зайлшгүй. Би өөрөө улсаа байгуулахдаа ширүүн аргаар байгуулсан. Одоо тогтоож хөгжүүлэхэд ширүүн байж болохгүй, харин зөөлөн байх хэрэгтэй. Арга бодлогоор элбэг үлэмж, эрдэм ухаанаар гүн зузаанаараа үүнд Өгөдэй тохирох тул хаан сууриа түүнд залгамжлуулахаар шийдсэн.
-Эртний их хаад ууган хүүгээ ор суулгах нь түгээмэл. Гэтэл та яагаад Зүчийг биш, Өгөдэйг сонгох болов?
-Зүчи, Цагаадай, Толуй нар Өгөдэйгээс өөр хүнд захирагдахгүйг бодсон. Хэрвээ Зүчийг сонгосон бол хөвүүдийн дунд үл ойлголцох байдал үүсч, төрд хагарал гарах болзошгүй юм. Зүчийг миний хөвүүн биш хэмээгчид түшмэд төдийгүй хөвүүд дунд минь бий шүү дээ.
-Та Зүчийг хөвүүнээ биш хэмээх хар төрж байгаагүй юу?
-Зүчийг миний хөвүүн бус гэж яахан хэлж болно. Хөвгүүдийн минь ахмад тэр биш үү? Би Зүчийг гадуурхаж үзээгүй. Гэтэл яагаад миний хөвүүн биш гэх болов? Алинаа мөн, алинаа биш хэмээлдэх билээ.
-Харин Зүчи өөрөө юу гэж боддог бол?
-Тэр Тэмүжиний хүү гэдгээ мэддэг. Тийм болохоор дэмий бодол юунд өвөрлөх билээ дээ. Харин тэр сүүлийн үед эцэг болон эзэнт улсаасаа тасран хөндийрч байгаад сэтгэл чилж сууна. Хөвгүүн хэдий сайн төрөвч эцгийн сургаалгүй цэцэн үл болно.
-Нас гүйцсэн хөвгүүд тань өөр өөрийн гэсэн улс тусгаарлахыг санаархаж байж магадгүй байж мэдэх юм?
-Би тэднийг эзэлсэн орнууддаа илгээхдээ салгах гэсэндээ бус өрөөл хооронд нь өрөөсөн бие болгож, сайнаар сэтгэж илгээсэн. Хагацан буув хэмээн сэтгэхгүй байвал сайнсан. Халуун зуураа эв эеийг хичээж, амраглан явалтай. Гүрэн улс маань нэгдмэл, хуваагдашгүй байдалтай хэвээр байх ёстой бөгөөд хөвгүүдийн эзэмшил улсуудын хооронд байлдах дайтах явдал байх ёсгүй. Эс тэгвэл дайснуудынхаа олз болно.
-Халуун зуураа эв эетэй явах гэснээс Хасар та хоёрыг эв түнжин муу гэдэг билээ. Үнэн юм уу?
-Бид хоёрыг өрсөлдүүлж, тэмцэлдүүлэхийг далдуур хүсэгчид цөөхөн биш бололтой юм билээ л дээ /санаа алдав/.
-Гэвч та Хасарыг зулай даран төрсөн өрсөлдөгчөө гэж үздэг. Тийн үзэх үндэслэл ч байдаг гэх юм?
-Би нэгэн түүх ярьж өчье. Эрт мянган түрүүт, ганц сүүлт могой байж. Олон тэргүүн нь зүг зүг татлалдахуйц тэрэгнээ дарагдаж алагдав гэнэ. Бас мянган сүүлт, ганц түрүүт могой байж. Сүүлүүд нь ганц тэргүүнийхээ хойноос дагаж нэгэн нүхэнд орсноор тэрэгнээ эс дарагджээ. Үүний мэт мянган сүүлийн минь нэг Хасар дүү болох учиртай.
-Та чухам юу хэлэх гээд байна вэ?
-Хасар миний төлөө амиа өргөх ёстойгоос бус, миний өмнөөс үг хэлж, үйл дэглэх ёсгүй хүн. Гэтэл тэр ямагт түрүүлж дуугарч түрэмгий загнасаар өдий хүрлээ. Өэлүн эхийн сэтгэлийг бодож, өрх гэр, өнөр бүлээ гутаахгүй гэж би тэвчих бөлгөө, үнэндээ. Дүү нар минь бус сэтгэлтний үгэнд орж, надад мөчөөрхвөөс зарлиг засгаар шийтгэх л хэрэг. Юу гэвэл миний дээр малгай минь буй за.
-Таныг их хилэнтэй гэлцэнэ. Эзэн хүн ер нь ямар байх ёстой вэ?
-Хүн уурлаж хилэгнэж чаддаг байх нь чухал хэдий ч уур хилэнгээ хазаарлан барьж чаддаг байх нь бүр ч чухал. Их эзэн хүн хад цохио адил учир битүүлэг, ус гол адил бүгдэд нэвтрэмтгий байх ёстой. Улсын эзэн нь зөөлөн намуунд автаж, жаргал цэнгэлд шунаж, бичгийн түшмэдийн хоосон хоншоорын чимэглэх үгэнд хууртан сууваас өтөл нэгэн мунхаг хүмүүн болохоос хэтрэхгүй.
-Та хийсэн аль нэг үйлдэлдээ гэмшдэг үү?
-Хүн хийсэн хэрэгтээ гэмшин уйтгар гунигт автах ёсгүй. Энэ нь түүнийг сул дорой болгохоос өөр ямар ч ашиг өгөхгүй шүү дээ.
-Үнэхээр сул дорой эзэн хаан гэж хэлэгдвэл хэн түүний захиргаанд орох билээ?
-Хаан гэдэг бол ерийн зэрэг хэргэмтэй адилгүй. Энгийн нэг хэмээж, хэмээгдэж яахин болох вэ. Хаан гэж өргөмжлөгдөөгүй байтал аяндаа олны сэтгэл түүнийг хаан мэт үзэж байвал сая тэр хүмүүн хаан мөн. Хэрвээ хаан болчихоод хааны явдлаар явж эс чадвал хаан болж юу хийнэ. Шившиг.
-Алдар нэр тань хэдэн жарныг элээх бол. Та үр хойчдоо мартагдахааргүй амьдарч чадсан уу?
-Энэ биеэрээ баатарласан нь нэгэн үеийн баатар, эрдэм номоороо баатарлах нь түмэн үеийн баатар юм. Монгол хүн монгол цустайгаа мартаагүй байхад миний алдар мохохгүй ээ. Миний цус тэдний судсаар гүйж байгааг мартах эрх үр хойчист минь үгүй. Тиймээс өөр хоорондоо хэрүүл зөрөлдөөн гаргаж, тэр л цусыг урсгах явдалд бүү хүрээсэй билээ.
-Монгол гүрэн өнө мөнхөд энэ хэвээр орших болов уу, таны бодлоор?
-Бүтэн бие минь алжаасны хойно ч бүрэн улс минь бүү задартугай. Миний цааз хийгээд санаа бодлыг дагаж, тийм дэг журам, сахилга батыг сахиваас Монголын сүр хүч шинэ саран мэт өдрөөс өдөрт нэмэгдэж, тэнгэр газрын таашаал хүндэтгэлийг хүртэх нь лав. Ийнхүү таван зуун он, мянган жилийн завсар дор эрх биш бас дахин бадрах цаг гармой. Цаг хугацаа л олдох юм бол ямар ч шийдвэр боловсорч амжих бөгөөд хүсэл тэмүүлэл тов тодорхой болж чадна. Аливаа зовлон зүдүүр, аюул түгшүүрийг үл хайхран, бүлгэмдэн нэгдэж, баяр зовлонг хамтаар эдэлж, эрхэм дээд зорилгыг нийтээр бүрэлдүүлбээс их улсын ард иргэд минь энэ ертөнц дээр буй олон улсын дотор хамгийн аугаа их ард түмэн болно.
Нийтлэлч Д.Дамдинжав
"Зиндаа" сэтгүүлийн №01, (08/508) дугаарт нийтлэгдэв.
Сэтгэгдэл ( 6 )
uuchlaarai ene bol setguulzuin bichlegiin neg torol ! todorhoi eh surwalj barimt notolgoo deer tulguurlan enehuu echnee yriltslagiig bichsen . humuusee ene bol neg hunii ooriin uzel bodlogoo tusgasan yriltslaga bish yuma .
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хая
Худлаа шаах муухай шүү зураг нь ч эргэлзээтэй зураг шүү одоо нээх их мэдэгчид олширчээ
ХЭРВЭЭ ИХ ЭЗЭН МААНЬ ЭРГЭН ИРЭЭД БИДНИЙГ ХАРВАЛ, ОЙ НЬ ГУТАЖ ҮХЭХ БАЙХ ДАА
Хүний тоогоор юм уу, Хулгайчдын тоогоор юм уу
Хаха гое билэгдэлтэй онигоо байна