Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас зохион байгуулдаг “Ил тод, хариуцлагатай уул уурхай” хэвлэлийн бага хурал өчигдөр болж, салбарын сайд болон холбогдох албан тушаалтнууд оролцлоо. Уул уурхайн салбарын статистик үзүүлэлт өмнөх оны мөн үеийнхээс өссөн дүнтэй гарчээ. Оны эхний таван сарын байдлаар улсын төсөвт уул уурхайн салбараас 1.2 их наяд төгрөгийг татвар, хураамж хэлбэрээр төвлөрүүлсэн байна. Үүнээс алт 15.8 тэрбум төгрөг, нүүрс 523.3 тэрбум төгрөг, цайр 41.4 тэрбум төгрөг, зэс 531 тэрбум төгрөг, төмөр 9.8 тэрбум төгрөг, жонш 13.5 тэрбум төгрөг, бусад ашигт малтмал 35.1 тэрбум төгрөг тус тус төвлөрүүлжээ.
Улсын төсөвт оруулсан орлого өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 318.2 тэрбум төгрөг буюу 37.4 хувиар өссөн байна. Тухайлбал, нүүрс 205.1 тэрбум төгрөгөөр буюу 64.4 хувиар, зэс 105.9 тэрбум төгрөг буюу 24.9 хувиар, төмөр 1.2 тэрбум төгрөг буюу 14.4 хувиар, жонш 7.1 тэрбум төгрөг буюу 110.6 хувиар, бусад ашигт малтмал 6.0 тэрбум төгрөг буюу 20.7 хувиар тус тус өссөн байна. Харин алтны татвар, хураамж таван тэрбум төгрөгөөр буурчээ.
“Ил тод, хариуцлагатай уул уурхай” хэвлэлийн хурлын үеэр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазараас дараах тодруулгыг авлаа.
-Ашигт малтмал, газрын тосны газраас лиценз олгодог. Лицензийн асуудалд орон нутгийн удирдлагууд хяналт тавих эрхгүй байгааг өөрчлөх боломж бий юу?
-Түүхэндээ анх удаа ашигт малтмалын хайгуулын лиценз нь ашиглалтын лицензээсээ тоогоор бага болоод байгаа. 1270 орчим хайгуулын лиценз, 1680 орчим ашиглалтын лиценз байна. Лиценз эзэмшигчид үйл ажиллагаа явуулахдаа тухайн орон нутагтай гэрээ байгуулж, Засаг даргаас зөвшөөрөл авдаг. Тэгэхээр хяналт хэрэгждэг гэж ойлгож болно. Хайгуултай холбоотойгоор Эрдэс баялгийн хуулийн давхардал бий. 567 төрлийн зөрчил, давхардал, хийдлийг арилгах үүднээс бид хатуу ашигт малтмал дээр найм, шингэн ашигт малтмал дээр дөрвөн тусгай зөвшөөрлийн журам боловсруулж хариуцлагыг өндөржүүлэх, журмаар зохицуулах асуудлыг Үндсэн хуулийг хэлэлцэхээс өмнө УИХ-ын чуулганаар оруулсан. Харамсалтай нь гишүүд үүрэг даалгавар өгдөг, өгсөн үүрэг даалгаврын дагуу асуудлаа цэгцэлье гэхээр унагаачихдаг асуудал гарсан. Үүнийг бид дахин УИХ-ын чуулганаар оруулахаар ажиллаж байгаа.
-Шатахууны үнэ буурна гэж танай яамнаас мэдэгдлээ. Цаашид шатахууны үнэ тогтвортой байх боломж бий юу?
-Дэлхийн зах зээлд газрын тосны бүтээгдэхүүний үнэ буурсантай холбогдуулан 2019 оны тавдугаар сарын сүүлийн долоо хоногт ОХУ-аас Монгол Улсад нийлүүлэгдэж байгаа нефт бүтээгдэхүүний үнэ тонн тутамдаа 25 ам.доллараар буурсан. Энэ нь жижиглэнгийн үнэд 50 орчим төгрөгөөр буурах үзүүлэлт байсан. Одоогийн байдлаар бүх жижиглэнгийн худалдааны шатахуун 50-60 төгрөгөөр буураад байгаа. Харин энэ зургаадугаар сарын сүүлийн долоо хоногт долоодугаар сарын эхээр орж ирэх шатахууны үнэ буурах тооцоо гарсан. Наадмын өмнө 50-60 төгрөгөөр буурна. Нийтдээ 50-120 төгрөгөөр буурах судалгаа гарсан. Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Филаделфид газрын тосны боловсруулах үйлдвэрт томоохон хэмжээний дэлбэрэлт үүссэн. Үүнтэй холбогдуулан түүхий тосны үнэ нэмэгдэх байдал ажиглагдаж байна. Гэхдээ долоодугаар сард нефт бүтээгдэхүүний үнэ тогтвортой орж ирэх төлөвтэй байгаа. Ер нь жижиглэнгийн үнийг буулгах бодлогыг бид баримталж ажиллана.
-“Евро 5” стандартын шатахууныг худалдаалах ажил хэзээнээс хэрэгжих вэ?
-2019 нэгдүгээр сарын 1-нээс “Евро 5” стандартын шатахуун оруулж ирэх боломжтой болсон. “Роснефт”-тэй уулзахад “Евро 5”-ын захиалгыг жилийн өмнөөс өгөх шаардлагатай гэсэн. “Евро 5”-ын жижиглэнгийн үнэ литр тутамд энгийн бензинээс 100 гаруй төгрөгөөр илүү үнэтэй. Эхний ээлжинд Улаанбаатар, Дархан, Эрдэнэт зэрэг төвийн бүсэд “евро 5” нэвтрүүлэх, цаашдаа агаар, орчны бохирдолтой холбоотойгоор “евро 5” стандартад бүрэн шилжих бодлого баримталж ажиллаж байна. Дээр хэлсэнчлэн хуулийн давхардал, хийдлийг арилгаснаар бүтээгдэхүүнүүдийг чанараар нь ангилах боломжтой болно. Чанараасаа шалтгаалаад үнэ яригдана. Хэрэглэгч өөрөө үнийн сонголтоор шатахуунаа хэрэглэнэ. Бид энэ төрлийн журам гаргах гэхээр хууль нь гараагүй байгаа юм. Хуулийн хайчинд орчихоод хүлээгээд байна.
-“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн IPO гаргах асуудал юу болж байгаа вэ?
-“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн IPO гаргах ажлын бэлтгэл хангагдаж байна. Сонгуулийн өмнө амжих, амжихгүй гэдэг асуудал яригдаж байгаа. Одоо байгаа компаниараа IPO гаргана гэхээр зургаан орд дээр найман тусгай зөвшөөрөл байгаа. Түүний хоёр тусгай зөвшөөрөл нь олборлох үйл ажиллагаа явж байгаа. Бусад ордуудад хайгуул дахин хийж, нөөцийг баталгаажуулах хэрэгтэй. Бид таамгаар 7.4 тэрбум тонн нүүрсний 5.1 тэрбум тонн нь коксжих сайн чанарын нүүрс, 2.3 тэрбум тонн нь эрчим хүчний нүүрс гэж байгаа. Үүнийгээ баталгаажуулахгүйгээр хамтад нь IPO гаргах эрсдэлтэй. Тиймээс охин компани байгуулж IPO гаргах байр суурьтай байгаа. Яагаад гэвэл Баруун цанхи дээр 1.7 тэрбум, Зүүн цанхи дээр 1.4 тэрбум тонн-ын нөөц, үйлдвэрлэлийн баталгаат нөөцийг нэмж хайгуул хийнэ. Тиймээс эрсдэлийг тооцоод Зүүн цанхи буюу нийт тусгай зөвшөөрлийнхөө 30 хувийг олон улсын хөрөнгийн бирж дээр явах ёстой. Ингэж байж бусад ордуудынхаа хайгуулыг хийж, цааш нь нөөцөө өсгөх байдлаар оновчтой тоглох боломжтой. Нэг дор бөөнөөр нь гаргах уу, нөөцөө өсгөөд хөрөнгийнхөө үнэлгээг үе шаттайгаар хийж явах уу гэдэг сонголт юм. Үүнийг Засгийн газрын хуралдаанаар дахин авч үзнэ. Улс төрийн нөхцөл байдал амаргүй байгаа үед тусгай зөвшөөрлийг салгаад авах гэж байгаа юм шиг буруу ойлголт өгч болохгүй. Энэ бол “Эрдэнэс Монгол” ХХК дотроо охин компани байгуулаад ажиллана гэсэн үг. Охин компани байгуулах асуудлыг хувьцаа эзэмшигчдийн хурлаар зөвшөөрсөн. Одоо Засгийн газраас батлах ажил л үлдсэн. Энэ бол нэг Засгийн газрын хугацаанд хийх ажил ерөөсөө биш. Монгол төрийн залгамж чанарын хүрээнд урт хугацаандаа энэ ажлууд үргэлжлээд явах ёстой.
-Оюутолгойн ажлын хэсгийн дүгнэлт гараад чимээгүй болчихлоо. Оюутолгойн гэрээг хэрхэх вэ?
-Оюутолгой Монголын эдийн засагт жин дарж байгаа нь үнэн. Энд шуудаар 17 мянга, шууд бусаар 45 мянган монгол хүн ажиллаж байгаа нь үнэн. Энд гаднын хөрөнгө оруулалтаар 10 тэрбум ам.доллар орж ирж байгаа нь үнэн. Энд 700-1000 дотоодын ханган нийлүүлэгч байгууллага ажиллаж байгаа нь үнэн. Энд таван жилийн дараа олон улсын үнэ цэнтэй боловсон хүчин болох монгол ажилчид ажиллаж байгаа нь үнэн.
Тэгэхээр бид Оюутолгойд нухацтай, зарчимтай хандах ёстой. Дубайн гэрээг бид зөвтгөөгүй шүү. Дубайн гэрээг засаж сайжруулах дараагийн хувилбарыг тавина. “Рио тинто” команийн удирдлагууд болон ажлын хэсгийн ахлагч Л.Оюун-Эрдэнэ даргад бид саналаа өгнө. Хувь нийлүүлэгчидтэй холбоотой зээлийн санхүүжилтийн хүүгийн асуудал, татварын асуудал, эрчим хүчний асуудал, өмнийн говийн бүтээн байгуулалтын асуудал гээд дөрвөн асуудлаар сайдаар томилогдсоноосоо хойш ажлын хэсэг байгуулж ажиллаж байна. Хүүг буулгах ёстой, татварын асуудлыг шийдэх ёстой. Даланзадгадыг уул уурхай дагасан орчин үеийн хот болгох ёстой. Ширээний ард суух цаг тун ойрхон байгаа.
Сэтгэгдэл ( 3 )
бөх гээд шүүмжлээд байгаа хэдий ч эсрэгээрээ асуудлыг бодитой харж попролгүй ажиллаж байгаа юм бишүү нураана гэж худлаа дайрч шантаажаар мөнгө авдаг хэдийг бодвол сайжруулах асуудлаа барьж аваад зөв чиглэлд явж байна
er ni ene yanz bvriin salbart yaag mergejiliin hvniig tomiloj boldgvi yum bh da haa hamaagvi hvmvvs end tendees ereewer huraawar hvmvvs tawiad bhiin sumiin bagiin dargaar nasaaraa lam bsan hvnchiglel zasag hiigeel yawaal bhiin
Saikhanbileg yamar balagtai geree xiideg xog be? Piz, ene novshiin orond Amarjargal bolson bol arai uur yum xiix bsan da.