“Хан Монгол” морин циркийн морин дээрх акробатын мэргэжлийн багш, морьт харвааны дэлхийн гурван удаагийн аварга Э.Эрдэнэтэй уулзаж ярилцлаа.
- Сүүлийн жилүүдэд олон улсын тэмцээнд Монголын морьт харваачид амжилттай оролцож байна. Морьт харвааны спортын хөгжлийн талаар ярихгүй юу?
- Манайд морьт харвааны спортыг хүмүүс төдийлөн мэддэггүй байхад 2006 онд япончууд ирж, морьт харвааны тэмцээн зохиож байсан. Монголын талаас циркийн цөөхөн тамирчин л тухайн үед оролцож байлаа. Анхны тэмцээнд япончууд өөрсдөө түрүүлээд шагналаа аваад явж байсан юм. Энэ нь бидний цусанд байсаар ирсэн мартагдсан зүйлсийг сэргээж, хөгжүүлэх сэдлийг өгсөн.
- Морьт харвааны спорт дотроо хэдэн төрөл байдаг вэ? Хувцас хэрэглэл ямар байх дүрэмтэй вэ?
- Морь харвааны спорт зардал ихтэй спорт. Харвахын тулд морь хэрэгтэй, морь унахын тулд эмээл хэрэгтэй, морио арчилж тордохоос эхлээд хөнгөн нум, сум хэрэг болно. Морин дээрээс харвадаг сумны хувьд олон янз байдаг. Монгол мөнгөөр дундаж сум зургаагаас долоон мянган төгрөг байдаг бол чанартай сум 15-20 ам.долларын үнэтэй. Тиймээс бусад төрлийн харваанаас илүү их зардал шаарддаг. Хувцас хэрэглэлийн тухайд олон улсын стандартад заасан зүйл байдаггүй. Тамирчид өөрсдөө орон орныхоо өв соёл, бахархлыг харуулсан, биедээ эвтэйхэн хувцас сонгож өмсдөг. Тэмцээн зургаан төрлөөр явагддаг, дөрөв нь ганцаарчилсан, хоёр нь багийн төрөл юм.
- Та дэлхийн аваргад 2015 оноос хойш оролцсон. Өнөөдрийг хүртэл гаргасан амжилтуудаасаа хуваалцахгүй юу?
- Морьт харвааны дэлхийн аваргын тэмцээнд дөрвөн жил оролцлоо. Анх 2012 онд улсын аваргын тэмцээнд оролцож байхдаа циркийн үзүүлбэр маягаар харвадаг байсан учраас энэ спортын техник, харвах ур чадварыг сайн эзэмшээгүй байсан. Тэр үед “Надад морь эзэмших ур чадвар байна. Морины явдлаа мэдрэх чадвар байгаа юм чинь яагаад энэ спортоор хичээллэж болохгүй гэж” гэсэн бодол төрсөн. 2015 оны дэлхийн аваргын тэмцээнд анх оролцох болсон шалтгаан маань манай багш надад нум бэлэглэсэн юм. Тэгээд л бэлтгэл хийж эхлээд дэлхийн аваргад бүртгүүлсэн, оролцсон. Олон улсын тэмцээнд оролцож үзээгүй байсан болохоор бэлтгэл тааруу, туршлагагүй, ядаж би хамгийн муу нумтай нь байлаа. Анхны тэмцээн надад маш том сургамж болж үлдсэн. Энэ тэмцээнд би багаараа ан авлах төрөлд хүрэл медаль хүртэж, миний шавь ганцаарчилсан төрөлд алтан медаль авч байсан. Бид Чингисийн удамтай, тал нутгийн харваачдын үр хойч байтлаа яагаад гадаад орны тамирчдаас дутуу байна вэ гэдэг бодол намайг шатааж эхэлсэн. Цагаан атаархал, хор шар байсныг нуугаад яах вэ. Ганцхан жилийн дотор бэлтгэл хийсээр гайхалтай амжилт гаргасан. 2016 оны ДАШТ-д ганцаарчилсан төрөлд би нэг алт, нэг мөнгөн медальтай, мөн Гран При цомыг нь авч байсан. Миний хувьд бол үнэмлэхүй ялалт байлаа. Тэр жил Тулааны бага олимпын хөтөлбөрт морьт харвааны төрөл орж, би алт, мөнгөн медаль хүртэж байсан. 2016 он бол онцлогтой, давхар баяртай жил байсан. Дараа нь Малайз улсад зохиогдсон олон улсын морьт харвааны тэмцээнд анх удаа уригдаж, хол тасархай түрүүлсэн. Тэр тэмцээнээс өөрийгөө цаашид өсөн хөгжих боломжтой гэдгийг харсан.
- Дэлхийн хэмжээнд морьт харваагаар хүчтэй өрсөлддөг ямар ямар улс байдаг вэ? Нүүдэлчин улсууд давуу байдаг уу?
- Барууны орнуудад Азиас илүү хөгжчихсөн байгаа. Том том клубтэй, хүн болгон эдлэн газартаа энэ спортоор хичээллэж байна. Би сая Казахстан улсын “Алтан зэв 2019” тэмцээнд хоёр дахь удаагаа оролцлоо. Анхны “Алтан зэв” тэмцээнд Баян-Өлгий аймгаас Казахстан явах төлөвлөгөөтэй байсан ч бага зэргийн саад гарч, тэмцээн эхлэх өдрөө очсон. Талбай дээр нэг ч гарч үзээгүй, нэг ч бэлтгэл хийлгүй шууд тэмцээндээ оролцсон. Тийм болохоор дөрөвдүгээр байранд орж байлаа. Харин энэ удаад өмнөх “Алтан зэв”-ийн дутуугаа гүйцээх гэж очсон. Гурван төрлөөр оролцож, нэг төрөлд нь алт, хоёр дахь төрөлдөө мөнгөн медаль авч, 2,5 онооны зөрүүтэй нийлбэр дүнгээр хоёрдугаар байранд орсон. Мэдээж эзэн орны тамирчин амжилттай оролцож байгаа тохиолдолд ганц нэг оноо өгөх эрх шүүгч нарт байдаг байх /инээв/. Хол тасархай түрүүлж чадаагүй нь миний алдаа.
- Манай Үндэсний наадмын албан ёсны хөтөлбөрт морьт харваа хэзээ орох бол? Танай холбоо үүний төлөө ямар үйл ажиллагаа явуулдаг вэ?
- “Хан Монгол” морин циркийн холбоо Өмнөд Солонгос улсад 1997 оноос хойш үйл ажиллагаа явуулсан. Монголд энэ спортын суурийг тавьсан хүн бол миний багш. Монголын алтан үеийн циркчдийн нэг, “Хан Монгол” морин циркийн холбооны захирал Ш.Цогтхүү. Дөчин жил Монголын морин циркийг нуруун дээрээ үүрч яваа хүн гэхэд буруудахгүй. Багш маань энэ спортыг мартагдуулахгүйн тулд өдийг хүртэл ажиллаж байна. Монголчууд сур харваа гэхээр цэнгэлдэхэд зогсож байгаад газар гулгуулж харвадаг гэж ойлгодог. Түүхийг нь сөхөөд үзвэл энэ харваа нь Манжийн үеэс Монголын эрэмгий баатруудын хурц мэргэн, хурд хүчийг мохоох бодлого байсан байдаг. Хэзээ ч монголчууд дайсантайгаа нэг дороо удаан зогсоод харваж байлддаггүй байсан байх.
- Наадмын хөтөлбөрт морьт харвааны төрөл орвол монголчууд төдийгүй гадаадын жуулчид ч сонирхох байх даа?
- Эрийн гурван наадмын төрөлд энэ спортыг оруулах гэж “Хан Монгол” морин спортын холбооны захирал Ш.Цогтхүү олон жил ярьж байгаа. Дэмжих зүрх сэтгэлтэй хүмүүс ховор байна. Морьт харвааг хөгжүүлэх юм бол ядаж залуучууд нь морио унаж сурна. Манай адуун сүргийн 50 хувь нь эмнэг болчихсон байна. Энэ юунаас үүдэлтэй юм бэ гэхээр өнөөдөр бид ихэнх нь суурин газар луугаа шилжээд морь гэдэг амьтныг эдэлгээндээ хэрэглэхээ больчихсон байна. Хэрвээ морьт харвааг хөгжүүлээд, төр засаг дэмжвэл гадаад зах зээлд гарах том боломж. Даанч дэмжигдэхгүй байна. Би тэмцээн уралдаанд оролцоод амжилт гаргахаараа шууд Монголдоо ирдэггүй. Яагаад гэвэл Солонгост миний ажил, миний шавь нар, мөр зэрэгцэж яваа найз нөхөд маань байгаа. Гэхдээ миний амжилт, уналт бүх зүйлтэй Монголын нэр хамт явдаг.
- Арван секундэд 150 метр зайг туулж, дөрвөн бай онодог гэж сонссон. Үнэхээр гайхалтай. Харваж байхад хамгийн чухал нь юу вэ?
- Улс орон бүрд тэмцээний дүрэм, зай хэмжээ өөр өөр байдаг. Би Казахстаны тэмцээнд 120 метр зайд дөрвөн байг долоон секундэд оносон. Маш хурдан сумалгаа, хаанаас сумаа авахад хурдан байх вэ, харвахад гарын хаялт хаана очих гэх мэт олон зүйлийг эзэмшинэ. Энэ бол асар их бэлтгэлийн үр дүн. Байт харваа, буудлагын спортод тогтсон бай нь байдаг бол морьт харваа цэвэр мэдрэмж шаарддаг. Манай спорт секунд дойлоор хэмжигддэг. Морины хурдан давхиа, цогион дунд байгаа шагайж, хүссэн газраа ононо гэдэг бол цэвэр мэдрэмж.
- Өмнөд Солонгост анх очиход яаж хүлээж авч байсан бэ?
- Өмнөд Солонгос улс морьт харвааны мундаг тамирчин ихтэй. Тамирчин хүн гэдэг утгаараа ямар нэгэн тэмцээн наадамд, аль ч улс оронд очиход сайхан хүлээж авдаг. Аварга гэж хүндэлдэг. Тэмцээн дуусаад Солонгост очиход хамт олон, шавь нар маань нисэх онгоцны буудал дээр туг далбаагаа барьчихсан сайхан угтдаг. Миний үнэнч дэмжигчид, намайг ялаасай гээд ард минь байдаг тэр хүмүүс бол миний хамгийн эрхэм хүмүүс. Тэмцээнд явахдаа би хамт олондоо, шавь нартаа хоосон харьж болохгүй гэж боддог. Тэр хүмүүсийн урмыг нь хугалж, итгэлийг нь алдаж болохгүй. Өнөөдрийн хувьд би дэлхийн хэмжээний морьт харвааны тамирчин гэж яригдаад байгаа болохоос биш эх орноосоо спортын зэрэг ч аваагүй байгаа. Ирэх есдүгээр сарын эхээр морьтны холбоод санаачилж Монголд морьт харвааны олон улсын тэмцээн зохион байгуулах гэж байна. Энэ тэмцээн бол морьт харвааг олон түмэнд таниулах боломж. Одоогийн байдлаар төр засгаас дэмжсэн зүйл байхгүй байгаа. Бидний хувьд тэмцээний удирдамжаа гаргачихсан, улс орнууд руу урилга товоо зарлаад эхэлчихсэн. Энэ том ажлын ард амжилттай гарчихвал Монголын морьт харвааны спортод оруулж байгаа хамгийн том хөрөнгө оруулалт гэж харж байна. Одоогийн байдлаар гадаадын 60 гаруй тамирчин бүртгүүлсэн байгаа. Дараагийн тэмцээн хэзээ болох вэ гэж асуутал нь сайхан зохион байгуулах чин хүсэл эрмэлзэл байна. Амжилттай болбол цаашдаа жил бүр Монголд олон улсын тэмцээн, ДАШТ-ийг сайхан тал нутагтаа зохиохыг үгүйсгэхгүй.
- Таны зургуудыг харахад үнэхээр сүртэй, цог золбоотой харагдсан. Морьт харваач хүнд зайлшгүй байх шинж чанарууд юу вэ?
- Шавь нар минь мөн олон сайхан залуучууд намайг харж үлгэр дуурайлал авдаг байх. Морьт харваанд тодорхой хэмжээгээр их бага бэртэл их гарна. Тэр бүрд шантрахгүй хичээл зүтгэлтэй байх ёстой. Зүгээр спортод хайртай нэгэн байгаад энэ спортод юу ч зориулахгүй байвал амжилт гаргахгүй. Хүн өөрөө хичээнгүй зүтгэлтэй, санхүүгийн бололцоогоо өөрөө бий болгох хэрэгтэй. Хамгийн чухал нь эрэмгий, чадварлаг байх. Би алдсан ч, оносон ч маш хурдан морь унах дуртай.
- Мэдээж морин дээрээс харвахад их хөнгөн нум сум хэрэгтэй байх. Монголд ийм төрлийн нум сум урладаг хүн байдаг уу?
- Үндэсний сурын нум хийдэг цөөхөн хүмүүс байдаг. Боловсронгуй, жижигхэн болгож хийж байна л даа. Би одоохондоо тэр нум сумаар харваж үзээгүй. Гэхдээ XIII зууны үед манай цэргүүд ямар нумаар харваж байсан нь цаасан дээр буусан тодорхой юм байхгүй байгаа. Миний хувьд усыг нь уувал ёсыг дага гэдэг шиг солонгос морьт харвааны хэрэгслийг л хэрэглэж байна.
- Морин дээрээс харвадаг баатрууд гэж хэн бэ гэвэл дэлхий даяараа Монгол, Чингис хаан л гэх байх. Гэтэл морьт харвааг Өмнөд Солонгос улс ЮНЕСКО-гийн соёлын өвд бүртгүүлчихлээ.
- 2006 онд бүртгүүлсэн санагдаж байна. Тухайн үед бага зэрэг дэмжлэг байсан бол манай улсад боломж байсан. Дэлхийн морьт харвааны ерөнхийлөгч Өмнөд Солонгосын иргэн Ким гэдэг хүн морьт харваа бол Солонгосын түүхтэй салшгүй холбоотой гээд соёлын өвд бүртгүүлчихсэн байсан. Үүгээрээ далайлгаад жил бүр улсдаа өндөр шагналтай дэлхийн аваргын тэмцээнийг зохиож байгаа ч сүүлийн гурван жил монголчууд л Гран Пригийн нэг, хоёр, гуравдугаар байранд орж байна. Гэхдээ Солонгосын мундаг залуучууд гарч ирж байгаа. Харин манайд эх орон нь дэмжихгүй байгаа юм чинь ЮНЕСКО-д бүртгүүлнэ гэдэг хүнд л дээ.
- Өмнөд Солонгос улсад морьт харваагаар хичээллэхэд юугаараа давуу талтай вэ? Монгол морьдыг илүү сайн гэж ярьдаг?
- Бид морио алтан туурайт гэж хүндэлж ярьдаг. Монгол морьдыг харваанд илүү тохирсон гэвэл өрөөсгөл ойлголт. Морь л бол морь. Спортод тохирсон гэвэл том жижиг, өргөн нарийн гэдгээрээ л ялгарах байх. Гаднын орнууд том адуун дээр бэлтгэл хийж байна, том адууг монгол адуутай харьцуулбал харайлт томтой, илүү хурдтай. Гэхдээ Солонгост үүлдэр угсааг нь хадгалсаар ирсэн Хубилай хааны үеэс үүдэлтэй жижиг адуу байдаг. Жижиг адуунууд шоу тоглолтын хэвтдэг, үхэж үрэгддэг хэсэгт чухал үүрэгтэй. Тамирчин хүн өөрийнхөө ур чадварт тохируулж л морио сонгох хэрэгтэй.
- Морьтой давхиж байхдаа ийм мэргэн байгаа юм чинь зогсож байгаад харвах юм бол илүү сайн харвах уу?
- Тэгж ярьж болохгүй. Яагаад гэвэл техникүүд нь өөр, арга барил, мэдрэмж өөр. Морьт харваа бол хамгийн хол нь 15-25 метр харвадаг. Газрын харваанд мундаг мэргэн харвана гэж ам гарч чадахгүй. Гэхдээ мэдээж харвана л даа.
- Та энэ жилийн наадмаар Монголд байх уу, сур харвааны төрөлд оролцох уу?
- Цэнгэлдэхийн үзвэрт морин циркийнхэн оролцохгүй, Хүй долоон худагт л үзүүлбэр үзүүлнэ гэсэн. Миний хувьд наадмаар Монголд байж амжихгүй. Өнөөдөр Өмнөд Солонгос руу буцна. Наймдугаар сарын 26-31-нд болох дэлхийн аваргын бэлтгэлдээ орно доо.
- Гадаадын кино найруулагчид манай морьт харваачид, орлон тоглогчдыг уриад эхэллээ. Кино ертөнцөд том зах зээл нээгдлээ гэж харж болох уу?
- Хамгийн анх “Марко Поло 2” кинонд тоглоход “Хан Монгол” морин циркийн тэргүүн Ш.Цогтхүү багш арваад залууг ахалж явсан. Одоо “Тэнгэрийн Чоно” нэртэй Монголын орлон тоглогчдын холбооны залуучууд их тоглож байна. Сүүлд Холливудын “Мулан” гэдэг кинонд 50 хүний бүрэлдэхүүнтэй орлон тоглосон байна лээ. Миний хувьд морин циркийн мэргэжлийн уран бүтээлч, морьт харвааны тамирчин. Яг орлон тоглогч гэвэл биш. Энэ хоёр өөр төрөл. Бид бол асар их мэдрэмжтэйгээр хүмүүсийн өмнө бодитоор үзүүлбэр үзүүлж байгаа бол орлон тоглогчид ил гарахгүй хэрнээ жүжигчдийн хийж чадахгүй аюултай үзэгдлүүдийг хийж гүйцэтгэдэг. Мундаг зоригтой хүмүүсийн л хийдэг ажил гэж боддог.
- 2019 оны өмнөхөн Монголын залуучуудын холбооноос морьт харвааны төрлөөр залуучуудыг хичээллүүлж эхэлсэн гэсэн?
- Тийм. Өнгөрсөн жил Морьт харвааны холбоо гэж байгуулсан. Анх удаа Монголд холбоо байгуулагдаж байгаа нь сайшаалтай. “Чингисийн хүрээ”-нд бэлтгэлээ хийж байгаа гэсэн. Би очиж үзсэн. Надтай хамт бэлтгэл хиймээр байна гэж хүсэлт тавьсан. Даанч миний Монголд ирсэн хугацаа маш шахуу, ажил их байлаа.
- Гадаад орнуудыг харж байхад тамирчид, урлагийнхан нь хөл, гараа их даатгуулдаг. Монголд ийм зүйл байна уу?
- Байхгүй. Тэмцээн уралдаанд очсон ч гэсэн тийм даатгалын үйлчилгээ байхгүй. Эрсдэлийг тамирчин, хувь хүн өөрөө л үүрнэ. Тийм болохоор морьт харвааны тамирчин морио сонгохдоо маш мэдрэмжтэй, авхаалж самбаатай байж, бие бялдар, сэтгэл санаагаа асар их хөгжүүлэх хэрэгтэй. Морио барихдаа хөл нь доголсон байна уу, хоол ундаа идэж үү, хазаар, жолоо, эмээлийн жирэм нь бүтэн байна уу гэдгийг шалгаж, нум саадгаа агсахдаа хүртэл маш их хариуцлагатай байх шаардлагатай.
- Та тэмцээний үеэр аль эсвэл бэлтгэл дээр бэртэл гэмтэл авч байсан уу?
- Бэртэл авч байсан. Өнгөрсөн жилийн дэлхийн аваргаар маш хатуу амтай морь таарсан. Харваж дуусаад морио зогсоох гээд огцом амыг нь таттал бүдэрч, баруун талын хоёр хавиргаа цуулж байлаа. Сая Казахстаны тэмцээний бэлтгэлийн үеэр суман дээр цуу цохчихсон байсныг анзааралгүй харваад гараа сэт харвачихсан. Одоо л эдгэж байна /гараа харуулав/. Иймэрхүү бага зэргийн бэртэл гэмтлүүд байдаг.
- Ойрын үед оролцох тэмцээн?
- Наймдугаар сарын сүүлээр Өмнөд Солонгост ДАШТ-д оролцоно. Мөн гурван жил тутамд болдог Тулааны бага олимпод оролцоно. Чансаа өндөр хоёр тэмцээнд дараалан оролцох гэж байна.
- “Хан Монгол” морин цирк нь Өмнөд Солонгос улсад гэрээгээр ажилладаг уу?
- Миний удирдан ахалж байгаа салбар Өмнөд Солонгосын Чэжү аралд байрладаг. Дэлхийн морин спортын холбоо ч тэнд байдаг. Бид мэдээж гэрээгээр ажиллана. Манай холбоо морин спортод сонирхолтой залуучуудыг шалгаруулан авч бэлдээд, бэлдэх явцдаа цалинжуулж ажиллуулдаг. Хичээллэж эхэлж байгаа залуучуудад хэлэхэд өөрийгөө үнэт баялаг гэдгээ ухаарах хэрэгтэй. Сүүлийн үед Хятадад маш олон морин циркийн холбоо байгуулагдаж байна. Хүний хүүхдүүдийг авч явчихаад цалин урамшуулал өгөхгүй урам зоригийг нь мохоож байна. Аливаа юм олшрох тусмаа чанаргүй болно. Зөв зохион байгуулалттай хариуцлагатай, чанартай байлгахын төлөө явж байгаа хүний хувьд энэ мэргэжилдээ их харам байдаг.
- Танд спортын өндөр амжилт хүсье.
- Баярлалаа. Есдүгээр сард Монголд болох тэмцээн маань нийгэмд морьт харвааны талаар маш том ойлголт өгнө гэж итгэж байна. Сайхан тэмцээн зохиохын тулд бүгд сэтгэл гарган, хичээж байна.
А.Золзаяа
Сэтгэгдэл ( 8 )
Shagnal uramshuulal ulsaas yuch bhgui ni haramsaltai
Vneheer mundg zaluu shv shan yriltslaga blson bna mongolshuud iim zsluusa demjih heregtei bga yum da amjilt hvsie ga
Vneheer mundg zaluu shv shan yriltslaga blson bna mongolshuud iim zsluusa demjih heregtei bga yum da amjilt hvsie ga
Vneheer mundg zaluu shv shan yriltslaga blson bna mongolshuud iim zsluusa demjih heregtei bga yum da amjilt hvsie ga
Vneheer mundg zaluu shv shan yriltslaga blson bna mongolshuud iim zsluusa demjih heregtei bga yum da amjilt hvsie ga
Vneheer mundg zaluu shv shan yriltslaga blson bna mongolshuud iim zsluusa demjih heregtei bga yum da amjilt hvsie ga
Saihan Yriltslaga boljee
Saihan Yriltslaga boljee