Билл Гейтс, Мишель Обама нар НЭР ХҮНДТЭЙ нийгмийн зүтгэлтнээр тодорчээ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 19

АНУ-ын тэргүүн хатагтай асан Мишель Обама, “Microsoft” компанийг үүсгэн байгуулагч Билл Гейтс нар дэлхийн хүмүүсийн хүндэтгэл, бишрэлийг хүлээсэн нийгмийн болон төрийн зүтгэлтнүүдийн жагсаалтыг тэргүүлжээ. Социологийн судалгааны “YouGov” албанаас явуулсан эл судалгаанд энэ жил 41 орны 42 мянга гаруй хүн оролцжээ.

Мишель Обама жагсаалтыг тэргүүлж байсан АНУ-ын жүжигчин, найруулагч, НҮБ-ын дүрвэгсдийн асуудал эрхэлсэн Дээд комиссарын газрын сайн санааны элч Анжелина Жолиг ардаа орхижээ. Анжелина Жоли энэ жагсаалтын гуравт бичигдсэн бол, хоёрт телевизийн алдарт хөтлөгч Опра Уинфри жагссан байна. Эхний тавд Их Британийн Хатан хаан II Елизабет, Британийн жүжигчин Эмма Уотсон оржээ.

Эрчүүдийн дунд хоёрт АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обама орсон бол, алдарт жүжигчин Жеки Чан удаалсан байна. Энэ жагсаалтын дөрөвт БНХАУ-ын дарга Ши Жиньпин бичигдэж, Алибаба  корпорацыг үндэслэн байгуулагч Жек Ма эхний тавыг мушгижээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин эхний 10-д бичигдсэн бол АНУ-ын төрийн тэргүүн Доналд Трамп 14 дүгээр байрт оржээ.

Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди /6/, Туркийн Ерөнхийлөгч Тайип Эрдоган /19/, хөлбөмбөгчин Криштиану Роналду /7/, Лионель Месси /9/ хүмүүсийн хүндэтгэлийг хүлээдэг эрхмүүдийн тоонд оржээ.  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top