Тосон бумбын нуруунд дахин таван уурхай нээгдэхээр хүлээгдэж байна
Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших улсын тусгай хамгаалалттай Тост, Тосон бумбын нуруу орчимд олборлолт явуулж буй “Баянтэс” уурхайн үйл ажиллагаанаас үүдэн иргэдийн эрх ашиг ноцтой зөрчигдөж, байгаль орчин сүйдэж, тус бүс нутгийн экосистем алдагдахад хүрээд байгаа нь өнөөдөр бидний анхаарах сэдэв билээ.
Өмнөговь аймаг тэр дундаа улсын тусгай хамгаалалттай байгалийн өвөрмөц тогтоц бүхий Тост, Тосон бумбын нуруу орчимд шинээр уурхай нээлгэхгүй хэмээн иргэд арав гаруй жилийн турш тэмцэж ирсэн ч өнөөдөр энэ уурхай хууль зөрчин ажилласан хэвээр байна. Түүнчлэн энэ бүс нутагт “Сауд гоби коэл транс”-ын уурхайгаас гадна дахин таван уурхай шинээр нээгдэхээр зэхэж буй нь нутгийн иргэдэд асар их аюул занал дагуулж байгаа юм.
Тиймээс Өмнөговь аймгийн иргэд, нутгийн удирдлагуудын санаачилгаар Тост, Тосон бумбын нуруунд үүсээд буй асуудлыг шийдвэрлэх зорилгоор “Тост, Тосон бумба” үндэсний хэлэлцүүлгийг хоёр үе шаттай явуулахаар болж, эхний хэлэлцүүлгийг өнгөрөгч долоодугаар сарын 29-ний өдөр Өмнөговь аймгийн төв Даланзадгад хотноо зохион байгуулсан билээ.
Хэлэлцүүлгийн үеэр иргэд өөрсдийн байр суурийг илэрхийлж, шийдвэр гаргагч нараас уурхайн хууль бус ажиллагааг зогсоохыг шаардаж байсан юм. Өнөөдөр үүсээд буй энэ асуудал нь нэр бүхий ганц компани руу чиглэсэн зүйл огтоосоо биш бөгөөд дээрх уурхай хууль бусаар ажилласаар байвал Тостын нуруунд үйл ажиллагаа явуулахаар хүлээгдэж байгаа дараагийн таван уурхай нээгдэх нь цаг хугацааны асуудал болоод байгааг энд онцлох нь зүйтэй. Өөрөөр хэлбэл, цаашид уул уурхайн салбарт Монгол улсын хууль тогтоомж үйлчлэх үү, үгүй юу гэдэг асуудал энд сөхөгдөж буй. Ингээд Өмнөговь аймгийн иргэдийн зүгээс эрх баригчдад дайж буй үгсийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Өмнөговь аймгийн иргэн, өндөр настан Г.Эвийхүү: Засгийн газар энэ уурхайг Салхитын орд шиг хурааж авах хэрэгтэй
-Өмнөговь аймгийн иргэнийхээ хувьд энэ нутагт болж байгаа уул уурхайн асуудлыг нүдээрээ харж байна. Тиймээс санал бодлоо хэлье. Нэгдүгээрт, Гурвантэс суманд газар нутаг өгч ухуулж байгаа асуудлыг олон жил харж уншиж судалж байна. Энэ асуудал эзэнгүй байна. Тухайн үед хэн анх энэ газрыг өгсөн юм тэр хүнийг олж хариуцлага тооцох хэрэгтэй. Хоёрдугаарт, Тосон бумбын нуруутай холбоотой асуудлыг чуулганаар хэлэлцлээ гээд л алга болдог. Үүний цаана ямар ямар эрх мэдэлтэн байгаа юм. Дээр нь Б.Чойжилсүрэн гэдэг гишүүн байгааг ойлгож байна. Энэ хүн яагаад орон нутгийг сүйтгэчихээд зүгээр суугаад байгаа юм. Тийм учраас энэ асуудалд хариуцлага тооцох эзэн хэрэгтэй. Гуравдугаарт, энэ асуудлыг арав гаруй жил хөөцөлдөж иргэд шаналж байна. Ийм нөхцөлд, Гурвантэсийн иргэд амьдрах газаргүй болж байгаа юм байна, мал бэлчээргүй болж байна, уух усгүй болж байна гэдгийг ойлгоод монгол хүний сэтгэлээр хандаад, чин сэтгэлээсээ боддог хүн энэ компанид байхгүй гэж үү. Энэ уурхайгаас гадна дараагийн таван уурхай нээгдэх гэж байгаа юм байна. Ингээд ирвэл энэ нутагт хэн ч амьдрахгүй. Яаралтай шалгаж, асуудлыг шийдэх ёстой байна. Миний саналаар хууль бус энэ уурхайг Дундговь аймгийн Салхитын орд шиг шууд ажиллагаа явуулаад төр авчих хэрэгтэй. Энэ саналыг хэлэлцүүлгийн шаардлагад тусгах хэрэгтэй байна. Энэ хэлэлцүүлгээр хэл амаараа шийдэж чадахгүй л юм бол шууд төр хурааж авах шаардлагатай.
Гурвантэс сумын иргэн, гидрогеологич Ц.Батпүрэв: Дарга нараас эхлээд дугаар хорооны иргэн хүртэл нэг санаатай тэмцэж байна
-Би өөрөө гидроинженер мэргэжилтэй хүн. Энэ Гурвантэс суманд уул уурхайн үйл ажиллагаа явуулж байгаа “Сауд Гоби Коэл Транс” компанийн төлөөлөл болж олон хүн энд ирсэн байна. Д.Буянбат гэдэг залуу компанийн захирал гэж байна. Танай компанийн хамт олонд хандаад нэг л зүйл хэлэх гэсэн юм. Ер нь бол бидний өвөг дээдсийн өвлүүлж өгсөн эх нутаг, эх орон өөрийнхөөрөө бүтэн орших ёстой. Миний нутгаас жаргал битгий хай, өөрийнхөө нутагт очиж, нутгаа диваажин болго, Д.Буянбат захирал аа. Би хөөж туугаагүй шүү. Манай говийнхон их найрсаг. Би зүгээр ах хүний хувиар зөвлөхөд миний говийнхон, том дарга, УИХ-ын гишүүн, дугаар хорооны иргэн гэсэн ялгаа байхгүй нэг л үзэл бодолтой хүмүүс. Тэр нь юу вэ гэхээр “Миний монголын газар шорооноос бурхан гуйсан ч бүү өг” гэдэг зарчимтай хүмүүс. Эх газраа хамгаалах бол ариун явдал. Ийм учраас бид энэ үзэл бодолдоо нэгдэнэ. Үндэсний, компани аж ахуй нэгж иргэд хоорондын мөргөлдөөн хүсэмжлэхгүй байна. Зөвхөн уул уурхай хариуцлагатай бай. Уул уурхай хариуцлагатай байгаад миний орон нутагт ажлын байр бий болго, газрын баялгаас нь нутгийн уугуул иргэдэд хувь хишиг хүртээдэг байх, тэр хэрээр говьчуудын амьдрал ахуй дээшилж, нутаг минь бүтэн, бидний сэтгэл өөдрөг байхыг л хүсдэг. Хэрэв ингэж ажиллаж чадвал, нөгөө талд ном дүрмийн дагуу ажиллаж байгаа та бүгдийн ажил үйлс ч өөдрөг байх болов уу гэж бодож байна. Тэгэхээр Д.Буянбат аа миний дүү говьчуудыг битгий өөр өнцгөөр хараарай, ер бусын битгий инээмсэглээд, гүтгээд гүжирдээд бай. Үнэн зөв бай. Хорвоо дээр нүцгэн үнэн гэж нэг юм байдаг юм дүү минь. Хүчтэйн өмнө хүчгүй нь буруутай биш байдаг юм. Зүгээр л нэг үнэн байдаг. Чи тэр компаниас хэдэн төгрөг авдаг учраас компанийн эрх ашгийг хамгаалаад байгаа байх. Гэхдээ чи тэр “Коэл Транс” нь биш, чи Б.Чойжилсүрэн ч биш бид ойлгож байгаа. Тэгэхээр хувь хүний чинь үзэл бодол монгол байгаасай гэж хүсч байна.
Өмнөговь аймгийн иргэн, сэтгүүлч Д.Мишигсүрэн: Өмнөговийнхныг нэгтгэж чадсан “Сауд гоби коэл транс” компанийнханд баярлалаа
-Би хоёр зүйл хэлье. Орон нутгийн таван толгойтой бусад уурхай барьцах эрх байхгүй гэдгийг иргэн хүнийхээ хувьд хатуу хэлмээр байна. Яагаад гэвэл энэ аймагт хэдэн уурхай байдаг билээ. Зөвхөн орон нутгийн таван толгойгоос 51 хувийг нь Өмнөговь аймгийнхан эзэмшиж, иргэдэд наалддаг. Бусад уурхайд бол үгүй шүү дээ. Энэ уурхайгаас орж ирж байгаа хөрөнгө хаашаа, хэний халаасанд орж байгаа юм бэ. Ийм тодорхой байхад яагаад орон нутгийн өмчит таван толгой руу дайраад байдаг юм. Тийм эрх байхгүй. Хоёрдугаарт, Х.Мандахбаяр луу их чичлэх юм аа. Магадгүй энэ хүнээс өөр хэн нэгэн Тостын нурууг хамгаална гээд гараад ирсэн бол тэр хүнээс ч мөн булхай хайж явах байсан байх аа. Би тэгж харж байгаа. Энэ олон удаагийн зүйлээр харагдаж байгаа. Зөвхөн энэ хүнийг унагах зүйл хайж бүхэл бүтэн эрэн сурвалжлах баг тавьчихсан юм шиг ажиллаж байгаа. Тэгэхээр энэ асуудлыг Тост, Тосон бумбыг хамгаалахаар дуугарсан болохоор ингэж дайрч байна гэж харж байна. Нөгөө талаас “Сауд гоби коэл транс” компанийнханд баярлалаа гэж хэлье. Өмнөговийнхныг нэг талд нь гаргаж чадлаа. Үнэхээр нэгдэж чадлаа. Манай говийнхон нам, улс төр хамаарахгүйгээр нэг талдаа гарч чадлаа. Тэмцэлд нэгдэж байгааг харахад баяртай байна. УИХ-ын хоёр гишүүн нь суугаад иргэдтэйгээ нийлнэ гэж байгааг харахад, удирдлагууд нь Засаг дарга нь ирээд үгээ хэлж байгаад баяртай байна. Тийм учраас одоо та бүхэн манай нутгаас яваа. Өөрийнхөө нутагт очиж жаргалаа хай гэж хэлье. Үнэхээр та нар мөнгө л олохгүй бол болохгүй байгаа юм бол энэ нутагт үйлдвэрлэл хөгжүүлэх гээд ажилчин анги дутагдаж байна. Энэ нутагт ажиллахыг хүсээд байгаа бол Өмнөговь аймагт нээгдэж байгаа энэ олон үйлдвэрүүдэд ирээд ажиллахад нээлттэй шүү гэж хэлье.
Өмнөговь аймгийн Гурвантэс сумын иргэн С.Жаргал: Төрж өссөн бууцаа эрээд олохгүй тийм л боллоо
-Би Гурвантэс сумын уугуул иргэн. Өнөөдөр энэ хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүд, орон нутгийн удирдлагууд болон иргэд оролцож байгаад олзуурхаж байна. Тиймээс эрх баригчдаас нэг зүйл асуумаар байна. Сум орон нутгийн хэмжээнд уул уурхайн лицензийг хяналттай замбараатай өгч болдоггүй юм уу. Зөвхөн манай суманд гэхэд 33 лиценз байна. Төрж өссөн нутаг, ээж аавын маань амьдарч байсан бууцыг би эрээд олохгүй болсон. Тэр газар нутагт уурхайн овоолсон шороо л байна. Хуршуутын зүүн булаг Хайртын голын рашаанаар намайг угаасан. Тийм учраас нутаг орныхоо төлөө үг хэлэхгүй байх, өмөөрөхгүй байх тийм сэтгэл надад алга. Яагаад энэ уул уурхай хууль бусаар яваад байгаа юм. Ерөөсөө л төрийн албаны анхан шатны багийн даргаас эхлээд худал баримт үйлдэж, хуурамч гэдгийг мэдсээр байж Засгийн газар хүртэл шийдвэр гаргажээ. Төрийн алба хаагчдын хариуцлагагүйгээс үүдэж энэ аймшигт нөхцөл байдал үүссэн байна. Тэр нутагт очиж үзээгүй, хараагүй хүмүүс очиж үзэх шаардлагатай байна. Хэн ч харсан сэтгэл өвдөхгүй байхын аргагүй тийм байдалд хүрээд байгаа шүү. Үнэндээ манай малчид хаашаа хандах вэ, хэнд хандах вэ гээд цөхрөнгөө барсан байна. Энэ нутгийн иргэд хуулийн дагуу тэмцэж, үр дүнд хүрээсэй. Бүгд нийлж тэмцээсэй гэж уриалмаар байна.
Гурван тэс сумын иргэн Н.Бат-Очир: Үнэний төлөө тэмцэлд говийн иргэд бүгд нэгдсэн
Өмнөговь аймгийн иргэнийхээ хувьд, багш хүнийхээ хувьд энд цугласан албан тушаалтнуудаас нэг зүйл асууя. УИХ-ын хоёр гишүүн, нутгийн удирдлага та бүхнийг энэ сайхан Өмнийн говь галын тотго гэж харж байгаа шүү. Энэ тотго дунд нь иргэд бид нар бадамлан асах гэж буй гал нь байна. Энэ галыг дэвжээх бадамлуулах хүсэлтэй юм бол “үнэн үг чимэгтэй, худал үг балагтай” гэдгийг санаад Тостын нурууг хамгаалах үнэний төлөө тэмцэлд иргэдтэйгээ хамтарч, нэгдэх эсэхийг тань асууж байна. Үсгийн дарааллаар Н.Амарзаяа гишүүн та үгээ хэлнэ үү.
УИХ-ын гишүүн Н.Амарзаяа: Мэргэжлийн хяналтын газрын шийдвэр алдаатай байвал хуулийн дагуу арга хэмжээ авах хатуу байр суурьтай байна
Монгол Улсын Засгийн газар өөрөө хууль зөрчсөн байгаль орчны нөлөөллийн үнэлгээтэй, Мэргэжлийн хяналтын газрын гаргасан шийдвэр нь хуулийн алдаатай байвал хуулийн дагуу арга хэмжээ авах хатуу байр суурьтай байгаа.
УИХ-ын гишүүн Л.Энхболд: Цаашдаа ч үнэний талд зогсох болно
Хэрвээ хууль бус юм байх л юм бол тэмцэнэ. Би хэн нэгэн хүний хүсэл сонирхлоор ажилладаггүй. Үнэхээр хаа нэг газар, Монгол Улсын өнцөг булан бүрт ямар нэгэн хууль зөрчиж байгаа үйлдэл байвал үүний эсрэг тэмцэх нь зүй ёсны асуудал. Цаашдаа ч энэ хуулийн хүрээнд үнэний талд зогсож явах болно. Би өнөөдрийн энэ Үндсэн хуулийн өөрчлөлт дээр ч гэсэн байнга үгээ хэлж, байгаа, олон нийтийн дэмжлэгийг авч төр засгийн өнөөдрийн шийдвэр гаргах түвшинд хүргэх гээд янз бүрийн хэлбэрээр оролдож байна. Тийм учраас үнэний талд байнга зогсож чадна.
Эрс шинэчлэл хөдөлгөөний гишүүн, Өмнөговь аймгийн иргэн Н.Сувд: Монгол Улсын иргэн байж улс орноо ухахдаа сэтгэл чинь өвдөхгүй байна уу
Хайгуулыг хийсэн он сар, ямар төсөв зардлаар яаж хийсэн бэ гэдгийг хүн болгон мэдэж байгаа. Гэхдээ би чамаар өөрөөр чинь хэлүүлэхийг хүсэж байна. Энэ анхны хайгуулыг ямар зардлаар, ямар өртгөөр хаанаас хийсэн бэ. Энэ хэний өмч хөрөнгө вэ. Танд үүнийг ашиглаад явах нэр нүүр байна уу гэдгийг өөрөөс чинь асуумаар байна. Хоёрдугаарт нь 49 айл өрхийн хүмүүсийн амьдралын чанар урд нь байгаагаасаа хэрхэн яаж өөрчлөгдсөн бэ. Чи Монгол Улсын нэг иргэн нь байж улс орноо ухаж төнхөөд сэтгэл чинь өвдөхгүй байна уу гэж асуумаар байна. Чиний л гэр орон шүү дээ.
Өмнөговь аймаг, Гурвантэс сумын иргэн, сумын ИТХ-ын төлөөлөгч Б.Дэжид: Хууль зөрчсөн маш олон үйлдлийг баримттайгаар гаргачихсан байна
-Энэ уурхайн хийж байгаа үйлдэл их булхайтай ичгэвтэр харагдаж байна. Нутгийн иргэдийг ах дүү, хамаатан, төрөл садныг хооронд нь алалцуулж байна. Битгий ийм муухай юм хийгээч ээ. Ингээд нутгийн иргэдийг хооронд нь талцуулахын зэрэгцээ нутгийн өөрөө удирдах байгууллагын дарга нарыг дунд нь талцуулаад юу хийдгийг чинь мэднэ ээ. Би хуульч биш, экологийн чиглэлийн хүн ч биш, багш хүн гэлээ ч нутгаа гэсэн сэтгэлийн үүднээс уурхай дээр байгаа зөрчлүүдийг судалж байна. Анх 2005 онд хөдөлгөөн байгуулахад ганц эмэгтэй нь явсан хүн. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл байгаль орчныг хамгаалахын төлөө хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхийн төлөө явж байгаа. Өнөөдөр танай компанийн хууль зөрчсөн маш олон үйлдлийг би баримттайгаар гаргачихсан байна, тиймээс үйл ажиллагаагаа зогсоогооч ээ. Төрөөс цалин авдаг хүмүүс ээ, бидэнтэй хамтардаггүй юм гэхэд өөрсдийнхөө улс төрийг хийгээд ч хамаагүй энэ зөрчлүүдийг арилгахад туслаач. Зохих шатны байгууллагад нь уламжлаад, шахаж шаардаад хууль баталдаг хүмүүс нь хяналтаа тавья л даа. Хууль бус уурхайг зогсоогоод өгөөч ээ.
Өмнөговь аймгийн Гурвантэс сумын иргэн Д.Батзул: Хүч хэрэглэсэн үйлдлүүд чинь биднийг мохоохгүй
-Би 38 жил энэ суманд багшилж байгаад тэтгэвэртээ гарсан хүн. Өнөөдөр энэ компанийн төлөөллүүдийн ааш араншинг хараад үнэхээр гайхаж байна. Анх 2017 онд энэ уурхайнхан харанхуй шөнөөр техникээ авч ирээд лам залаад шав тавьж байхад нь би очиж байсан юм. Өнөөдөр энэ хүмүүс иргэдийн өмнөөс ингэж цамнаж байгааг хараад өмнөөс нь ичиж байна. Компанийнхан иргэдэд булаг шандыг хүлээлгэж өгсөн гэж ярилаа. Тийм зүйл байдаг гэж үү. Анхнаасаа манай нутагт харанхуй шөнөөр ирээд, хууль бусаар газар нутгийг маань ухаж эхэлсэн. Нутгийн хэдэн хөгшчүүлийг дээрэлхэж, том том машинаар хөөж элддэг та нар ичээч. Сүүлд сэтгүүлчдийг ирэх үед мөн автобустай мансуурсан залуучууд авч ирээд дарамталж байсныг санаж байна. Хүч хэрэглэсэн үйлдлээр биднийг мохоох гэсэн санаа тань бүтэхгүй гэж хэлмээр байна. Хууль байдаг юм бол бүгдэд үйлчлэх ёстой. Ганц уурхай руу дайрч байна гэдэг. Гэтэл уул уурхайтай болоод манай нутаг хөгжөөгүй. Бид анхны уурхайг зөвшөөрч байсан. Гэтэл байгаль орчин сүйдэж, иргэдийн амьдрал доройтож байгаа учраас өнөөдөр шинээр уурхай нээлгэхгүй тухай л ярьж байгаа. Очиж үзээгүй хүмүүс энэ нутагт юу болж байгааг мэдэхгүй.
Өмнөговь аймгийн Даланзадгад сумын иргэн Т.Лхагвасүрэн: Байгаль эрт орой хэзээ нэгэн цагт хариугаа авдаг гэдгийг хэлье
-Энэ хэлэлцүүлгийг дэмжихийн хувьд та бүхний энэ үүсгэл санаачилга тэмцлийг анхнаасаа дэмжиж байгаа. Үүний өмнөх Даланзадгадад зохион байгуулсан хэлэлцүүлэгт би өөрөө суусан. Өмнө нь явуулж байсан хүсэлтүүд хэрэгжихгүй байгаа учраас энэ арга хэмжээнүүдийг зохион байгуулж илүү олон хүний хүсэлтийг энэ хэлэлцүүлгийн дараа явуулна. Би бодохдоо Засгийн газрын хурлаар бидний хэлэлцүүлгийн санал, орон нутгийн иргэдийн хүсэлтийг хэлэлцэн хуралдана гэж бодож байгаа. Түүнээс ямар нэгэн шийдвэр гарах байх гэж найдаж байна. Энэ компанийн удирдлагад нэг зүйлийг сануулъя. Нэрт сэтгүүлч Ш.Гүрбазар “Говийн ганц айл” гэсэн нэвтрүүлэг хийж байхад 30 жил бороо ороогүй сум байсан. Тэр үед 30 жил эцэгтэйгээ уулздаггүй хүү байдаг юм байна гэсэн нэвтрүүлэг хийснийг санаж байгаа байх. Тэр нэвтрүүлэг 30 жил бороо ороогүй учир нь юу вэ гэвэл могойн чуулганыг устгаснаас болоод Гурвантэс суманд 30 жил бороо ороогүй байсан юм. Тэгэхээр байгаль эрт орой хэзээ нэгэн цагт хариугаа авдаг гэдгийг хэлье.
Өмнөговь аймгийн Гурвантэс сумын иргэн Н.Дугарсүрэн: Хууль, хяналт, дарга нарт найдах хэрэггүй, бид өөрсдөдөө л найдах хэрэгтэй
-Би Хөвд, Хуршуутын голоор тоглож өссөн унаган хүүхэд. Хөвд, Хуршуутын голд ямар ч хамааралгүйгээр уул уурхай явуулж байна гэж энэ компанийнхан хэлж байна. Гэтэл Хуршуутын гол нь зүүнээсээ баруун булан хүртэл таван км үргэлжилдэг. Хөвдийн гол нь хорин км үргэлжилдэг. Яг энэ хоёрын хооронд есөн км зай бий. Яг энэ хэсэгт “Сауд гоби коэл транс” компани үйл ажиллагаа явуулж байгаа. Булгийн эх болсон Билүүтийн голын эхэнд уурхай газар ухаж байгаа. Билүүтийн гол нь алганы хонхорт байгаа мэт шүүрч гарч ирсэн булаг. Энэ булгаас мянган тэмээ уусан ч ханадаг ийм сайхан газар. Хангай газрынхан тийм зэргийн усыг тоодоггүй бол бидэндээ бол амь амьдрал юм. Би нутгийнхаа залууст хандаж үг хэлмээр байна. Залуучууд маань дарга цэрэг гэж айлгүйгээр бүгдээрээ тэмцэх хэрэгтэй. Энэ хүртэл явж ирсэн ч асуудал шийдэгдээгүй. Хууль, хяналт, дарга нарт найдах хэрэггүй. Бид өөрсдөдөө л найдах хэрэгтэй. Хөвд, Хуршуутын голоор нутагладаг миний найз нөхөд, ах дүүс минь ээ. Бүгдээрээ нэгдье. Ерөөсөө л өөрчилье. Бүгдээрээ хийе. Би хийе.
Өмнөговь аймаг, Гурвантэс сумын дөрөвдүгээр багийн иргэн Н.Нэргүй: Хүнээр бол артерийн судсыг нь тасалчихаад байна шүү дээ
Тост, Тосон бумбыг яриад байгаагийн учир нь хүнээр бол Гурвантэс сумын артерийн судсыг танай уурхай таслаад, цус шүүрүүлээд байгаа юм. Манай аймаг, говь нутаг усны нөөц маш багатай. Гэтэл уул уурхай хамгийн их ус ашигладаг салбар болоод байна. Сумын хэмжээнд дахин шинээр уурхай нээгдэх л юм бол энэ иргэд ундны усгүй болох цаг ирээд байгаа. Тийм учраас өнөөдөр “Тост Тосон бумба” хэлэлцүүлэг өрнүүлж буй Х.Мандахбаяр гэдэг залуу зоригтойгоор тэмцэж гарч ирснийг дэмжиж байгаа. Цаашлаад УИХ-ын гишүүн Л.Энхболд сумын газар нутгийн 10 хувиас дээшгүй газарт уул уурхайн зөвшөөрөл өгөх хууль санаачилж ажиллаж байгааг мөн дэмжиж байна. УИХ-ын гишүүн Н.Амарзаяаг дэмжиж ажиллаасай гэж хүсэж байна.
Өмнөговь аймгийн иргэн Р.Бадамжунай: Энэ хүмүүст алт өгөөд хар гэрт хорьсон цагт усны үнэ цэнийг мэдэрнэ
Уул уурхай гэдэг зүйлийг явуулснаараа энэ улс оронд ашигтай юм тун ховорхон. Монголчууд “Өнөөдрийн өөхнөөс маргаашийн уушги” гэдэг шиг өнөөдрийн өөхийг л бодоод байхаас биш маргаашийн уушги гэдэг юмыг ерөөсөө бодохгүй. Энэ компани эрдэс баялгийг ухаж яаж мөнгө олох вэ гэж бодоод байгаа болохоос биш Монгол Улс яаж оршин тогтнох вэ гэдгийг бодохгүй байгаад туйлын эмзэглэж явдаг. Би ингэж бодлоо. Энэ компанийн хүмүүсийг өргөө цагаан гэрт оруулаад өөхтэй мах, амттан шимттэн, ухаад байгаа алт мөнгийг нь бүгдийг өгье. Харин балга ч ус өгөхгүй байя. Гэрийнх нь гадаа хүүхдүүд усаар байлдаж тоглог. Тэр цагт энэ хүмүүс алт мөнгийг ууж идэж болдоггүй гэдгийг, ус ямар үнэ цэнтэй гэдгийг жаахан ч гэсэн ойлгох болов уу. Бидний эцэг эх хүүхдэд хэлээд ойлгохгүй бол маханд нь хэлдэг байсан. Ингэж л тэдэнд ойлгуулахгүй юм бол зогсохгүй араатнууд юм байна.
Өмнөговь аймгийн Гурвантэс сумын иргэн З.Нарантуяа: Үр хүүхдийнхээ нүд рүү харахаас ч дальдчих болсон
Би энэ нутаг оронд үе удмаараа мал маллаж амьдарч ирсэн залуу малчин хүн. Өнөөдөр нүдний минь өмнө Гурвантэс сум уул уурхайн золиос болж, байгаль хэрхэн сүйдэж, малаа бэлчээх газаргүй, услах усгүй болж байгааг харахад хэцүү байна. Уурхайн ажил иргэдийн амьдрал, байгаль орчинд нөлөөлөхгүй байгаа гэж ярьж байгаа. Гэхдээ энэ уурхайгаас болж бид маш их зүйлээр хохирч байна. Ямаагаа самнаад ноолуурыг тушаахад цагаан ямааны ноолуур тоос болсон байдаг. Ингээд хиртэй ноолуур гэж нэрлээд бид байж болох хамгийн хямд үнээр худалдаж байна. Энэ бол бидэнд эдийн засгийн маш их хохирол юм. Найман зуун мал оруулаад бүгд ундаалж хүрэлцдэг байсан худаг ширгээд 200 ч хүрэхгүй мал уугаад ус нь дуусч байна. Ийм нөхцөлд бид амьдарч байна. Цаашдаа хүлцэнгүй байж чадахгүй нь. Үр хүүхдүүдийнхээ нүд рүү харахаас ч дальдчиж байна. Тэдэндээ газар нутаг, амьдрал ахуй үлдээж чадахгүй гэхээс зүрх зүсэгддэг.
Өмнөговь аймгийн иргэн, сэтгүүлч Т.Сайнжаргал: Энэ компани хэчнээн хүний эрүүл мэндээр тоглож байгаагаа мэддэг болов уу?
Өнөөдөр энэ нутаг танигдахын аргагүй болж байгаад үнэхээр сэтгэл эмзэглэдэг. Уул уурхайн нөхөн олговор, төлбөр гэдэг асуудлыг ярьж байна. Тэгвэл уул уурхайгаас үүдээд сэтгэл санаагаар хохирсон, дарамтад орсон, малгүй болсон, бэлчээргүй болсон энэ хохирлыг яаж барагдуулах юм бэ? Яагаад үүний талаар ярихгүй байгаа юм бэ? Тэр уул уурхайн компаниас илүүтэй малчин иргэд хохирч байна. Уурхайн нөлөөллийн бүсэд нутаглаж байгаа 49 айл өрх, хэдэн ам бүлийн эрүүл мэндээр тоглож байгаагаа компанийнхан ойлгож байгаа болов уу? Эх нутгаа гэсэн ард иргэдийн өмнө гарч ирээд “Бид үргэлжлүүлэн ухна” гэж байна. Ямар их данагар байна аа энэ компанийнхан. Нутгаа гэсэн сэтгэлтэй энэ олон иргэдийн өмнө буруутай зүйл хийчихээд ингэж аашилж болохгүй. Энэ улсад хууль тогтоомж гэж байдаг бол одоо л хуулийн дагуу шийдэх цаг ирээд байна.
Сэтгэгдэл ( 0 )