Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэж баталсан хууль тогтоомжийн талаарх танилцуулга, инфографикийг уншигч Та бүхэнд цувралаар хүргэж байна. Энэ удаад Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн танилцуулга инфографикийн хамт хүргэж байна.
УС БОХИРДУУЛСНЫ ТӨЛБӨРИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА
Монгол Улсын Засгийн газраас 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын чуулганы 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, баталсан ба хуулийг 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
Монгол Улсад сүүлийн жилүүдэд хотжилт, үйлдвэржилттэй холбоотой хүний үйл ажиллагааны нөлөөгөөр усны чанар доройтож, экосистемд сөрөг нөлөөлөл үзүүлэх болж, байгаль орчин төдийгүй хүний амьдрах орчин, эрүүл мэндэд хортойгоор нөлөөлөх нөхцөлийг бий болгож байна. Иймээс хаягдал усны бохирдлын хэмжээг үе шаттай бууруулах, цэвэрлэх байгууламж ашиглан хаягдал усыг стандартын түвшинд нийцүүлэн цэвэршүүлж байгаа аж ахуй нэгжүүдийг бодлогоор дэмжиж, ус бохирдуулсны төлбөрийн системийг бий болгож хэрэгжүүлэх шаардлага зүй ёсоор тавигдаж байна.
Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль батлагдсанаар хаягдал усан дахь бохирдлыг үе шаттай бууруулж улмаар байгаль орчинд учруулж буй сөрөг нөлөөллийг багасгах, усыг зүй зохистой дахин ашиглах, үүнд чиглэсэн техник технологийг нэвтрүүлэх, усны зүй зохистой хэрэглээг нэмэгдүүлэх, хаягдал усан дахь бохирдуулах бодисын хэмжээг бууруулах ач холбогдолтой. Хуулийг хэрэгжүүлэх төрийн байгууллагуудын чиг үүргийг тодорхой болгож, хаягдал усыг байгальд шууд нийлүүлж байгаа хуулийн этгээдтэй ус бохирдуулсны төлбөр ногдуулах гэрээ байгуулж, биелэлтэд хяналт тавих эрхийг сав газрын захиргаанд олгохоор шинээр тусгасан нь хуулийн хэрэгжих үндсэн суурь нөхцөлийг бий болгосон.
Хуулийг хэрэгжүүлснээр улсын хэмжээнд ус бохирдуулсны төлбөрөөс 1 тэрбум, нөхөн төлбөрөөс 2.8 тэрбум, нийт 3.9 тэрбум төгрөг төвлөрөх тооцоо гарч байгаа ба усны төлбөрийн орлогыг усны нөөцийг хамгаалах, усны бохирдлыг арилгах, хяналт-шинжилгээ хийх, нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах ба орлогын 50-иас доошгүй хувийг цэвэрлэх байгууламжийн шинэчлэл, засвар үйлчилгээнд зарцуулахыг хуульчилж өгсөн. Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Газрын төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиуд тус тус батлагдсан болно.
Улсын Их Хурлын Тамгын газар
Сэтгэгдэл ( 0 )