Х.Мандахбаяр: Бид тэмцлээ орхиж болохгүй, үргэлжлүүлэх ёстой

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 26

Тост, Тосон бумбын жишиг тэмцэл болох “Байгаль эх-Хариуцлагатай уул уурхай” үндэсний хэлэлцүүлэг Дорнод аймгийн Чойбалсан хотноо амжилттай үргэлжилж байна. 21 аймгаар өртөөлөх энэхүү хэлэлцүүлгийг хариуцлагатай уул уурхайн төлөө, байгаль эхээ хамгаалах чиглэлээр ажилладаг "Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга", “Босоо хөх Монгол”, “Эрс шинэчлэл хөдөлгөөн” ТББ-ууд хамтран зохион байгуулж байгаа юм.


Хэлэлцүүлгийн үеэр "Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга" ТББ-ын тэргүүн Х.Мандахбаяр Тост, Тосон бумбын нурууны тэмцлийн талаар товч мэдээлэл өглөө. Тэрбээр “Тост, Тосон бумбын нуруу гэж уртаашаа 120 км сунаж тогтсон, өргөн хэсэгтээ 30 км байгалийн үзэсгэлэнт нуруу байдаг. Энд маш олон зүйлийн хөхтөн амьтан, ургамал нутагладаг. Түүний дотор байгаль хамгаалагч Т.Лхагвасүмбэрэл агсны үйл хэргээр бид дэлхийд ховордсон ирвэс нутагладаг болохыг нь мэддэг болсон. Ингэж Тост, Тосон бумбын нуруу олны анхааралд өртөж, иргэний хөдөлгөөний байгууллагууд тэмцсэний хүчинд бүтнээрээ улсын тусгай хамгаалалтад орсон. Яг үнэндээ Тост, Тосон бумба шиг олон газар Монгол орны минь өнцөг булан бүрт байгааг төрийн шийдвэрээр хураагдсан, цуцлагдсан уурхайнуудын мэдээллээс харж болохоор байна. Тиймээс бид тэмцлээ орхиж болохгүй, үргэлжлүүлэх ёстой.

Ний нуугүй хэлэхэд, 10 жилийн турш Тост, Тосон бумбын төлөө тэмцэл өрнөсөн. Маш олон хүний хамтын хичээл зүтгэлээр ялалтад хүрсэн. Хамгийн сайхан зүйл бол Монголын төр нүдээ нээж анх удаа зоримог шийдвэр гаргасанд баяртай байна. Энэ төрд иргэдийн үг нь хүрч, асуудал шийдэгддэг гэдгийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх харуулсан.

Тиймээс бид иргэд олон нийтийн оролцоог дэмжиж, нутгийн удирдлагуудын хамтын ажиллагаатай уялдуулан чөлөөт хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулах асуудлыг олон түмэнд хүргэхээр энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулж байна” хэмээн мэдээлэл өглөө.

“Байгаль эх-Хариуцлагатай уул уурхай” үндэсний хэлэлцүүлэг үргэлжилж байна.


Хэлэлцүүлгийг "ТВ8" телевиз болон zindaa.mn сайт сошиал сүлжээгээр
олон нийтэд шууд дамжуулан хүргэж байна.

 

ШУУД ҮЗЭХ

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top