Дорнод аймгийн Чойбалсан хотноо болж буй “Байгаль эх-Хариуцлагатай уул уурхай” үндэсний хэлэлцүүлгийн үеэр иргэд байр сууриа илэрхийлэв. Тухайлбал, Дорнод аймгийн Цагаан овоо сумын Хүрээт багийн Засаг дарга Р.Зоригтбаатар уул уурхайтай тэмцэхийн тулд уул уурхайн талын хуулийг судлах учиртайг сануулсан. Мөн Матад сумын иргэн Д.Бадамгарав Үндсэн хуульд газар нутаг, түүний хэвлий байгалийн баялаг нь ард түмний өмч байна гэж заасан байдаг ч Матад сумын төвийн газар нутаг нүүрсний хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр газаргүй болоод байгааг хэлсэн юм. Түүнчлэн Матад сумын иргэн Б.Түвшинжаргал өөрийн суманд үүсээд байгаа газрын тосны 19, 20, 21 дүгээр талбайд газрын тосны цооногуудын үйл ажиллагааг зогсоох талаар байр сууриа илэрхийлж, цагаан зээрийн бэлчээр нутгийг хамгаалах үндэслэлийг хэллээ.
Дорнод аймгийн Хууль эрхзүйн хэлтсийн дарга Ц.Баярсайхан “Уул уурхайн асуудлаар сүүлийн жилүүдэд аймгийн хэмжээнд анхаарч ажиллаж байгаа. Иргэдийн дунд зөрүүтэй ойлголтууд байдаг учраас янз янзын байр сууринаас байр сууриа илэрхийлж байна. Аймгийн удирдлагууддаа иргэд шүүмжлэлтэй хандах нь зүйн хэрэг. Иргэн хүн Үндсэн хуулиар олгогдсон хардах эрхтэй боловч баримттай зүйлс ярих учиртайг нь сануулах нь зөв болов уу.
Нөгөө талаар уул уурхайн байгууллагууд мэдээллээ буруу гаргаж өгдөг. Харин газар дээрээ зөрчилтэй үйл ажиллагаа явуулах нь бий. Газар дээр нь ямар байгааг мэдэхийн хувьд орон нутгийн удирдлагууд хуульд заасан эрхийнхээ дагуу бүр эрхээ хэтрүүлэн тэмцэж байгаа. Дорнод аймагт төдийгүй дэлхийд данстай газрын тосны компаниудтай аймгийн удирдлагууд тэмцэж байгаа. Үүнийг ард иргэд зөв ойлгоорой” хэмээн тайлбар хийсэн юм.
Мөн Дорнод аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл “Улсын хэмжээнд уул уурхайтай холбоотой олон маргаантай асуудал байдаг. Иргэдийн амьдрах орчинд нөлөөлсөн олон асуудлыг иргэд хөнддөг. Иргэдийн зүгээс хэлж байгаа нэг зүйл бол Монголын төрөөс иргэд шударга ёсыг шаардаж байна. Шударга ёсыг нэхэмжилж байгаа дорнодчууддаа баярлалаа. Дорнод аймгийн төрийн албан хаагчид иргэдийн саналыг үндэслэн ажиллах болно. Өнөөдөр иргэд, төрийн байгууллагын албан хаагчид ч бодол саналаа илэрхийллээ. Дорнод аймгийн төрд ажиллаж байгаа залуучууд дунд олон шударга хүмүүс бий. Төрийн албанд ажиллаж байгаа хүн болгон бохир биш. Сүүлийн үеийн залуус шударга ёсны талд зогсдог болсон.
Ер нь аймгийн зүгээс тодорхой саналуудад анхаарч ажиллах болно. Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгохоос нь өмнө сайтар судалж, ард иргэдийн саналыг сонсдог болмоор байна. Өнөөгийн хууль эрхзүйн орчин үүнийг хангаж өгөөгүй байгаа. Мөн уул уурхайн салбар байгууллага, мэргэжилтэн аймагт байхгүй. Тэгэхээр хамгийн эмзэг мөртлөө хамгийн их хаягддаг энэ салбарыг төлөөлсөн агентлаг, нэгжийг байгуулах хэрэгтэй байна. Тэгэж байж бодлого тодорхойлж ажиллах боломжтой болно. Энэ асуудлыг дээд шатны байгууллагад уламжлах хэрэгтэй байна. Түүнчлэн нөөц ашигласны төлбөрийг орон нутагт нь төвлөрүүлдэг болмоор байна. Уул уурхайг шударга, орон нутагтаа өгөөжтэй байдлаар ашиглаж эхэлбэл иргэдийн байр суурь өөрчлөгдөнө” хэмээснээр өнөөдрийн “Байгаль эх-Хариуцлагатай уул уурхай” үндэсний хэлэлцүүлэг өндөрлөсөн юм.
“Байгаль эх-Хариуцлагатай уул уурхай” үндэсний хэлэлцүүлэг маргааш /2019.09.26/ Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотноо аймгийн театрт 13:00 цагаас үргэлжилнэ.
Сэтгэгдэл ( 0 )