Сүхбаатарчууд хариуцлагатай уул уурхайн төлөө нэгдэв

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 27

Тост, Тосон бумбын жишиг тэмцэл болох “Байгаль эх-Хариуцлагатай уул уурхай” үндэсний хэлэлцүүлэг Дорнод аймгийн Чойбалсан хотноо амжилттай үргэлжилж байна. 21 аймгаар өртөөлөх энэхүү хэлэлцүүлгийг хариуцлагатай уул уурхайн төлөө, байгаль эхээ хамгаалах чиглэлээр ажилладаг "Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга", “Босоо хөх Монгол”, “Эрс шинэчлэл хөдөлгөөн” ТББ-ууд хамтран зохион байгуулж байгаа юм.

Хэлэлцүүлгийн эхэнд "Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга" ТББ-ын тэргүүн Х.Мандахбаяр иргэний хөдөлгөөнүүд, орон нутгийн удирдлага болон иргэдтэй хамтран уул уурхайн асуудлыг ил тодоор хэлэлцэж, хамтдаа шийдэл хайх үүднээс үндэсний хэлэлцүүлгийг зохион байгуулж байгааг онцолсон. Мөн “Эрс шинэчлэл хөдөлгөөн”-ий тэргүүн Д.Энхбат “Сүхбаатар нутгийн уугуул их жанжин Д.Сүхбаатар маань Монгол Улсын тусгаар тогтнолын төлөө амь хайргүй тэмцэж ирсэн. Харин өнөөгийн сүхбаатарчууд хариуцлагатай уул уурхайн төлөө дуу хоолойгоо нэгтгэж байна. Уул уурхайн салбарт засаж сайжруулах ёстой олон асуудал бий” гэсэн бол “Босоо хөх Монгол” ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга Ц.Баяраа “Уул уурхайтай холбоотой болохгүй байгаа мэдээллүүдийг хамтдаа хэлэлцээд шийдвэр гаргагч байгууллагад хүргэе. Монгол төрийг хөдөлтөл нь хамтдаа тэмцье. Монголчууд та бид эх орноо хамгаалж чадна. Жанжин Д.Сүхбаатарын нутгийн ард түмэн нэгдмэл байж чадвал нутаг оронд чинь өөрчлөлт гарах болно. Бидэнд ихээхэн хүч байгаа юм шүү” хэмээлээ.

Харин иргэдийн зүгээс уул уурхайн үр өгөөж нутгийн иргэдэд хүрч байхыг хүсэж байлаа. Тухайлбал, Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын тавдугаар багийн иргэн Б.Гэрэлт-Од “Манай сумын хуучин уурхайг өнөөдөр хятадууд ашиглаад байна. Тэр уурхайг нөхөн сэргээлт хийдэггүй. Хятадууд энэ жилээс байр байшингаа бариад эхэллээ. Нутгийн хэдхэн залууг ажилтай болгосноос биш нийт иргэдэд үр өгөөж өгдөггүй. Энэ уурхайг анхааралдаа авна уу” хэмээн хүсэлт тавив.

Мөн Сүхбаатар аймгийн Уулбаян сумын иргэн Н.Чулуунбаатар “Манай сумын тахилгатай ууланд хүртэл өрөм тавьж байна. малчин бид эсэргүүцэж цуглаан хийж байсан. Ер нь манай сум хамгийн их малтай сум. Тийм болохоор уул уурхайд зориулах газар байхгүй. Газар нутгийнхаа төлөө тэмцэж байгаа нутгийн иргэдийн үгийг сонсдог байгууллага алга. Бидний өвөг дээдэс эх орныхоо төлөө тэмцэж ирсэн. Тэгэхээр газар шороог эмх цэгцэнд нь оруулж байгаа иргэний хөдөлгөөнүүдийн үйл ажиллагааг дэмжиж байна” хэмээн байр сууриа илэрхийлсэн юм.

Түүнчлэн Уулбаян сумын Засаг дарга Д.Шижирбаатар “Манай суманд жоншны болон төмрийн хүдрийн нийт уурхай байдаг. Анх 2006 онд тусгай зөвшөөрөл олгосон байдаг. Тухайн уурхайнууд хуулийн дагуу зөвшөөрөлтэй боловч ард иргэд зөвшөөрөхгүй байдаг. Тэгэхээр сумын Засаг дарга нар ажлаа хийхэд хүндрэлтэй байна. Үүнийг хуульчилж өгмөөр байна. Би нэг хэсэг дүлий хүн шиг сууж үзлээ. Ард иргэд уул уурхайг дэмждэггүй. Гэтэл би эрүүгийн хуулиар албан тушаалдаа хайнга хандсан гэдэг үндэслэлээр хариуцлага хүлээх болж ирсэн. Ингээд аргагүй өрмийн ажлыг нь эхлүүлсэн. Хуулийн энэхүү цоорхойг нөхөхөд анхаарал хандуулна уу. Өнөөдөр ард иргэд зөвшөөрөөгүй уул уурхай явахгүй гэж байгаа боловч бодит байдал дээр эсрэгээрээ байна” хэмээн санал хэллээ.

“Байгаль эх-Хариуцлагатай уул уурхай” үндэсний хэлэлцүүлэг Баруун-Урт хотноо үргэлжилж байна.

 

ШУУД ҮЗЭХ
 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.177.17) 2019 оны 09 сарын 29

Сүхбаатар аймаг бол Уул уурхайн ”Эх орон” юм шүү Маршал Х.Чойбалсангийн нэрэмжит ”Чоно голын” уурхай, Монгол улсдаа хамгийн гүн Бүрэнцогтын уурхай , Түмэнцогтын уурхай гээд явж өгнө дөө Затэгээд Талбулаг , Өлзийтийн нүүрсний уурхайнууд байна Гэхдээ эдгээр Уурхайнууд монгол улсын эдийн засагт их нэмэр болж байсан юм Одоогийн Уурхайнууд бол хэдэн хулгайч нарыг баяжуулж байна ”Цайрт менириал” гэх мэт

0  |  0
Top