“Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга” ТББ, “Босоо хөх Монгол”, “Эрс шинэчлэл хөдөлгөөн” ТББ-ууд хамтран Монгол орон даяар “Байгаль эх, хариуцлагатай уул уурхай” үндэсний хэлэлцүүлгийг өрнүүлж байгаа билээ.
Энэ удаагийн ээлжит хэлэлцүүлгийг Говьсүмбэр аймагт зохион байгуулсан бөгөөд дөрөв дэх аймагтаа уг арга хэмжээг амжилттай явууллаа. Хэлэлцүүлгийг МСНЭ-ийн ерөнхийлөгч, “Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга” ТББ-ын тэргүүн Х.Мандахбаяр хөтлөн явуулж, Монголын хуульч эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Б.Долгор, Монгол Улсын маркшейдерийн зөвлөх инженер Д.Гэрэлгуа, “Босоо хөх Монгол” ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга Ц.Баяраа нар илтгэл хэлэлцүүллээ.
Хэдийгээр онцгой байдлын сургуулилалт тус аймагт болж байсан ч аймгийн Засаг дарга Г.Батсуурь болон төр, захиргааны байгууллагын төлөөлөл хэлэлцүүлэгт оролцож байр сууриа илэрхийлсэн юм.
Үүний дараа нутгийн иргэд хариуцлагагүй уул уурхай Говьсүмбэр аймгийг ямар хүнд байдалд оруулж буйг шүүмжлэн хэлэлцэв.
“Гурван сумтай” хэмээн хочилдог Говьсүмбэр бол Монгол Улсын хамгийн жижиг аймаг. Энд Шивээ-Овоогийн хэмээх нүүрсний том уурхай ажиллаж Монгол Улсын томоохон цахилгаан станцуудыг түлшээр хангадаг билээ. Мэдээж энэ бол стратегийн том орд, зайлшгүй ажиллах учиртай том уурхай. Өнгөцхөн харвал үүнээс өөр уул уурхайн үйлдвэрлэл энэ багахан нутаг дэвсгэртэй аймагт байхгүй мэт.
Гэвч хэлэлцүүлгийн үеэр 17000 хүн амтай Чойр нүүх үү, эндэхийг эзэгнэсэн уул уурхай нүүх үү гэдэгтээ тултлаа ноцтой байдал үүссэн нь илт мэдрэгдэж байв.
Тус аймгийн Шивээговь сумын нийт газар нутгийн 30 хувь буюу 300 гаруй мянган га газрыг Эйкүсора ХХК ашиглалтын лиценз болгон гартаа оруулж авсан бөгөөд энэ тухай дуулиан тухайн үедээ хэвлэл, мэдээллээр гарч шуугиулж байсан юм. Ашиглалтын лиценз гаргасан өдөр нь 2015 оны 12 дугаар сарын 31-нд буюу улс орон даяараа битгий хэл дэлхий тэр чигээрээ шинэ жилийн баяраа ёслон тэмдэглэж, оргилуун дарс буудуулж байхтай зэрэгцсэнээрээ тун хачирхалтай гэдгийг нутгийн иргэд хэлж байв. Бүх нийтээрээ амарч баярлаж байх сиймхийгээр ноцтой үр дагавар бүхий хууль батлагдаж, иргэдийн амьдралд огтоос нийцэмгүй шийдвэрүүд дээрээс гардгийн нэг жишээ бол энэ.
Ашиглалтын лицензэд хамрагдсан энэхүү нутаг дэвсгэр эзгүй зэлүүд хээр тал биш гэдгээрээ тун ч их анхаарал татна. Нийт 2217 иргэний гэр бүлийн зориулалтаар газар өмчлөх эрхийн гэрчилгээ бүхий нутаг дэвсгэр, 62 иргэний өвөлжөө, хаваржаа, 131 иргэн, аж ахуйн нэгжийн эзэмших эрхийн гэрчилгээтэй газрыг уг ашиглалтын лиценз “залгижээ”. Одоо тэнд оршин суугаа иргэд хэзээ ирээд хаяа хатавч ухах бол гэхээс эмээж суудаг болсон байна. Учир нь суурьшлын бүсээс ердөө 6-хан км-ийн цаана уурхай ажиллаж, тоос тортгоор булж байгаа юм.
Уурхайн орд газар гуравхан сумтай аймгийн хоёрынх нь газар нутгийг хамардаг ажээ. Говьсүмбэр аймаг Ногоон тойром нэг, хоёр, Өехий цагаан гэсэн нүүрсний гурван орд газартайгаас сүүлийнх нь иргэдийн суурьшлын бүсэд хамаарна.
Иргэн н.Баярсайхан энэ тухай “Үүнийг эсэргүүцэж тэмцээд амжилтад хүрдэггүй. Өмнө уурхайгаас үүссэн нэг халиа нуур байсан. Одоо тэр нуураас 3 дахин том хэмжээний нуур үүсэх нь. Мал бэлчээргүй болж байна. Хариулах малгүй, уух усгүй бол мянган сайхан барилга бариад ч аймаг хөгжихгүй. Уул уурхайгүй байхад энд олон сайхан ус, горхитой байсан. Одоо байхгүй” хэмээсэн бол иргэн Х.Чулуунбаатар “2006 оноос “Шинэ Шивээ” гэдэг компани гарч ирсэн. Шивээ-Овоогийн нүүрсний уурхайн газраас дээрэмдэж, тэдний орд газрын залгаа олборлолтын лицензийг өөрийн болгож гарч ирсэн компани. Хуулийн цоорхойг ашиглаж МАНАН-гийн үүсгэсэн компани гэж хэлж болно. Тэр компани одоо Эйкүсора болсон. Хонконгийн 100 хувийн хөрөнгө оруулалттай гэдэг. Иргэд бид Эйкүсорагийн ашиглалтын лицензийг цуцлуулахын төлөө тэмцэж байна. Энэ хэвээр байвал манай аймаг хохирно. Дуртай нь ирж газар ухах юм бол иргэдэд гэр бүлийн зориулалтаар газар өмчлүүлж яах юм. Говьсүмбэр аймагт Шивээ-Овоогоос өөр уурхай хэрэггүй” гэж байлаа. МСИТИТИ баяжуулах үйлдвэрт ч ижил шаардлага тавих ёстойг иргэд сануулж байсан юм.
Эцсийн бүлэгт Чойр нүүх үү, уурхай нүүх үү гэдэгтээ тулж мэдэх байдал энд нэгэнт үүсчээ.
НҮҮРСЭН ТОРТОГТ ТЭМЭЭД
Суурьшлын бүсээс холгүйхэн уурхайнхан нүүрс малтаж, газрын өнгөн хөрсийг хуулснаас болж малын бэлчээр тэр аяараа тортогт дарагдан тэмээ үндсэн зүсээ гээж, сормуусан дээр нь бөөн бөөн шороо буучихсан байдгийг малчид хэлсэн. Үнэхээр ч газар дээрээ тийм ажээ. Говьсүмбэрээс Сайншанд орох зам зуурт бэлчиж яваа тэмээдийн үс ноосонд тортог шингэж бүгд бүгээн харлаг болжээ. Бодвол тэнд зандан хүрэн, хонгор шаргал, цагаан цайвар, улаан тэмээд бэлчиж яваа. Гэм нь “нүүрсэн нэмнээ” хөдөрч ботго, тором, ингэ, ат ялгаагүй ижилхэн харлаг үзэгдэх. Тоосонд дарагдсан малын зүс ийнхүү бүүдийсэн байхад хүний уушги, цээж ямар болсон байх нь ойлгомжтой. Тал хөндий дүүрэн тоос манарч, энд тэндгүй овоолго харагдах нь энэхэн хугацаанд амжиж бүгдийг сэндийлж дуусгах их улайралд өртсөнийг харуулна.
Мөнөөх Эйкүсорагийн балгаар хортой тоосонцор дэгдэхээс гадна ойр ойрхон тэсэлгээ хийдгээс аймгийн төвийн “Найрамдал” хотхоны нимгэн ханатай угсармал барилгууд чичирч доргих нь ихэсчээ. Барилгын чанарт нөлөөлж, хана туурга цуурч мэдэхээр болсныг оршин суугчид хэлж байна. Уурхайнхан хөрс ихээр хуулж, хуулсан шимт хөрсийг Хятад руу гаргадаг болсон гэнэ. Нутгийнхан Чойрын богд ууландаа тарвага нутагшуулахаар хэрэндээ хичээж буй ч уул уурхайгаас болоод бэлчээр хомсдож, зэрлэг амьтад үргэж алга болох аюул нүүрлэжээ.
Ийнхүү Чойрын иргэд нүүхдээ тулаад буйтай зэрэгцээд Чойрын богд уулын тарвага ч дайжиж мэдэхээр болоод байна.
“УУРХАЙГҮЙ БАЙХАД ЖАРГАЛТАЙ АМЬДАРСНАА БИД АНЗААРААГҮЙ”
Нутгийн иргэд ингэж хэлэхдээ өөрийн эрхгүй санаа алдах юм билээ. Багадаа тоглож өссөн ногоон тал нь, умбаж шумбаж тансаглахгүй ч ундаалж байсан тунгалаг гол горхи нь одоо байхгүй. Шүтээн болгон дээдэлдэг домогт Чойрын богд уулынх нь хормой сэтэрхий. Гэр бүлийн зориулалтаар өмчилж авсан газартаа төвхнөе гэхэд Эйкүсора-гийн ашиглалтын лицензтэй давхацчихсан. Говь нутгийн эмзэг хэрнээ үзэсгэлэнт эко систем алдагдчихсан. 225 га газарт 100 м-ийн өндөр шороон овоолго, бас том том нүх үлдэж буй бөгөөд уурхайн тоосжилтыг дарахын тулд говийн хомсхон уснаас нь талбайдаа байнга цацаж чийглэнэ. Өдөрт уурхайгаас 130 куб метр хог гардаг агаад 10 орчим жилийн дараа л үр ашигтай ажиллаж эхлэх төлөвтэй гэнэ. Зарим хэсгийг зогсоосон гэдэг ч шөнөөр малтлага хийж, 100 гаруй хүнд машин, механизм ажиллаж, их даацын машин явах замын маршрут малчдын өвөлжөөгөөр дайрч өнгөрдөг болжээ.
Говьсүмбэр аймгийн нутагт говийг ундаалдаг далд баялаг болох хаалттай усны их ай сав бий, гагцхүү түүнийг нээвэл хэзээ ч нөхөн сэргэхгүй, уух усгүй, ургамалгүй болж, эгнэгт үхмэл цөл үүсэх болно гэдгээс нутгийнхан ихээхэн эмзэглэж байлаа.
Ганц Шивээ-Овоогийн уурхай нь боломжийн ажиллаад хэвийн сайхан аж төрж байсан Говьсүмбэрийн иргэд Эйкүсорагийн уурхай бужигнуулж эхэлснээс хойш өмнө нь хэчнээн амар амгалан аж төрж сууснаа огт мэдээгүй тухайгаа одоо шүүрс алдан дурсаж сууцгаана. Гэхдээ тэд зүгээр гар хумхин санааширч суусангүй, “Хотол Чойр”-оос эхлээд олон олон ТББ тэмцэж байна. Ахмадууд, эмэгтэйчүүд нь үгээ зоригтой хэлж, газар шорооныхоо төлөө, хариуцлагагүй уул уурхайн эсрэг хүчээ нэгтгэж буй нь анзаарагдаж байлаа. Тэд хариуцлагатай уул уурхайн төлөө үгээ хэлэх боломж олгосон хэлэлцүүлэг нутагт нь болж байгаад талархаж, хамтран ажиллахаа илэрхийлж байсан юм.
Хэлэлцүүлгийг зохион байгуулагч, “Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга” ТББ-ын тэргүүн Х.Мандахбаяр дүгнэж хэлэхдээ “Би сэтгүүлчийн хувиар, "Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга” ТББ-ын тэргүүний хувиар энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулахад оролцож буйгаа хэлэх нь зөв байх. Тулгарч буй асуудлыг ингэж олуулаа цуглаж ярих ёстой юм. Хариуцлагагүй уул уурхайгаас үүдсэн асуудлыг засч залруулахын төлөө хамтдаа ажиллах учиртай. Уул уурхайн хөгжил гажуудаж, утгаа алдаж байна. Үүнд монгол ухаанаар бус, гаднын ухаанаар хандах болсон. Эх дэлхийн баялаг хоол болж байна уу, хор болж байна уу гэдгийг ялгаж ухаарах цаг болсон.
Хэлэлцүүлээс гарсан үр дүн, иргэдээс гарсан үгийг бид нэгд, төрд буюу Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт, хоёрт, Засгийн газрын Шадар сайдаар ахлуулж, таван сайд бүрэлдэхүүнд нь багтсан ажлын хэсгийнхэнд, гуравт, тухайн аймгийн ИТХ, Засаг даргад хүргэх юм.
Ирэх 12 дугаар сард багтаж Төрийн ордонд 1000 хүнийг хамруулсан үндэсний нэгдсэн хэлэлцүүлгийг бид хийнэ. Түүнд та бүхнээс оролцохыг урьж байна” гэлээ.
Үндэсний хэлэлцүүлэг Дорноговь аймагт үргэлжилж байгаа бөгөөд Улаанбадрах суманд уран ашиглаж байгааг газар дээр нь үзэж, Сайншандад үндсэн хэлэлцүүлгээ хийх юм.
Сэтгэгдэл ( 6 )
Ene uurhai choiriin tosowt yu ch ogohgbi harin esergeeree ongoison nvh l vldeene
ene uurhain ard hen bna a
Босоо Гөх Мөх гэж ямар ч хэрэгцээгүй хэдэн пиздакууд худлаа шаагаад л яваад байх юм. эх орондоо юц хийж гигүүлцийн лаларууд. Тэр Баяраа гээд сда нь хятад бааагий дараммалж мөнгө авч байгаад шүүхээс ял шийтгүүлж байсан гар ш дэ. Одоо бол наад уурхайгаа хаачих. Босоо Хөхийхөн Мандахбяар тэгээд Наад Чойрын чинь цалин төсвийг бүрдүүлж өгөх үү. Тэгнэ гэвэл тэгээ хамаа алга
Бодит байдал ийм л байна
Saihan show bna da ter nuurnii buynaar bugd ochij amardag bolson dog. zahialgat zavaan yum l bna
Arai arai, tiimdee tulahgui l baigaasai.