“Байгаль эх - Хариуцлагатай уул уурхай” үндэсний хэлэлцүүлэг өнөөдөр /2019.10.09/ Дорноговь аймгийн Сайншанд хотод үргэлжиллээ. Нутгийн удирдлагын ордны хурлын зааланд төр, төрийн бус байгууллагууд, аймгийн иргэд, малчид, сэтгүүлчид, хуульчид, инженерүүдийн төлөөлөл болсон 100 гаруй хүн оролцлоо. Дорноговь аймагт 2016 оны долоодугаар сарын 1-ний өдрийн байдлаар тусгай зөвшөөрлийн тоо нийт 561 байсан бол өнөөдрийн байдлаар 359 болж 202 тусгай зөвшөөрлийг цуцалжээ. Хэлэлцүүлгийг байгаль хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга”, “Босоо хөх Монгол”, “Эрс шинэчлэл хөдөлгөөн” төрийн бус байгууллагууд хамтран зохион байгуулж байгаа юм.
Дорноговь аймгийн Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Ч.Түвшинтөр хэлэлцүүлэгт оролцогчдод хандан Дорноговь аймгийн уул уурхайн салбарын үйл ажиллагаа, хөрөнгө оруулалтын талаар мэдээлэл хийв.
Ч.ТҮВШИНТӨР: УУЛ УУРХАЙН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ 561 БАЙСНЫГ 359 БОЛГОСОН
Ч.Түвшинтөр “Дорноговь аймгийг гурван салбарыг түшиглэн хөгжүүлэхээр төлөвлөсөн. Уул уурхайн салбар дахь боловсруулах үйлдвэр, аялал жуулчлал, хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрлэлийг түлхүү хөгжүүлэхээр төлөвлөж байна. Дорноговь аймаг ашигт малтмалаар баялаг бөгөөд хайлуур жонш, гөлтгөнө, чулуун нүүрс, газрын тос, алт, зэс, никель, төмөр, хром, гянт болд, цагаан тугалга зэрэг 38 төрлийн ашигт малтмалын 73 орд, 440 гаруй илэрцүүд тогтоогдсон байдаг. Уул уурхайн олборлох, боловсруулах үйлдвэрлэл хөгжих тааламжтай нөхцөл бүрдсэн.
Аялал жуулчлалын хувьд гадаад, дотоодын жуулчдын сонирхлыг татсан шашин мөргөл, эмчилгээ сувилал, тусгай сонирхлын аяллууд хөгжиж байна. Хамрын хийд, Бүрдэнэ булаг, Халзан уулын сувиллыг зорин ирэх гадаад дотоодын жуулчдын тоо жил ирэх тусам нэмэгдэж, жилд дунджаар 100 гаруй мянган жуулчин тус аймгийг зорин ирж байгаагийн 80 гаруй хувь нь дотоод, 20 гаруй хувь нь гадаадын жуулчид байна. Хөдөө аж ахуйн салбарын хувьд Аймгийн нийт хүн амын махны хэрэгцээг 100 хувь, сүү, сүүн бүтээгдэхүүн 75 хувь, төмс, хүнсний ногооны 10.7 хувийг дотоодоосоо нийлүүлж байна.
Дорноговь аймагт 2016 оны долоодугаар сарын 1-ний өдрийн байдлаар тусгай зөвшөөрлийн тоо нийт 561 байсан бол өнөөдрийн байдлаар 359 болж 202 тусгай зөвшөөрлийг цуцалсан. Хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж буй уурхайнуудын үйл ажиллагааг цуцалсан.
Манай аймаг баяжуулах үйлдвэрүүд идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Жонш, төмрийн хүдэр, ширэм, цемент, нүүрс, цахиур, шохойн чулуу угааж баяжуулах болон боловсруулах үйлдвэрүүд ажиллаж байна. Мөн Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 59 дүгээр тогтоолоор Дорноговь аймагт Газрын тос боловсруулах үйлдвэрийг байгуулахаар шийдвэрлэсэн нь амжилттай хэрэгжиж байна. Өнгөрсөн онд бүтээн байгуулалт эхэлж, энэ сарын 8-нд Дорноговь аймгийн Алтанширээ суманд байгуулах газрын тос боловсруулах үйлдвэрийн гаднах дэд бүтцийг ашиглалтад хүлээн авсан. Уг үйлдвэр байгуулагдсанаар жилдээ 150 сая ам.доллар төвлөрүүлнэ. Шинээр 600 ажлын байр нэмэгдэж, дотоодын нийт бүтээгдэхүүн 10 хувиар өснө гэсэн тооцоо бий. Үйлдвэрийг 2023 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Эдийн засгийн өндөр ач холбогдолтой ийм үйлдвэр байгуулагдаж байна.
Мөн Дорноговь аймагт Тавантолгой - Зүүнбаян чиглэлийн төмөр замын ажлыг эхлүүлсэн. Одоо төмөр замын далангийн ажлыг гүйцэтгэж байна. Зэвсэгт хүчний 7781 анги төмөр замын ажлыг гүйцэтгэнэ. Төмөр зам ашиглалтад орсноор гурав дахь зах зээл рүү уул уурхайн салбарын бүтээгдэхүүнээ гаргах, ачаа тээврийн эргэлт 3-5 дахин нэмэгдэх ач холбогдолтой. Түүнчлэн Зүүнбаян - Ханги чиглэлийн 281 км төмөр замын ажлыг гүйцэтгэж байна” хэмээн мэдээлэл өглөө.
Мөн тэрбээр “Байгалийн нөөц ашигласны төлбөрийг бүрэн барагдуулах, уул уурхайн салбар дахь төрийн хяналтыг сайжруулан, байгалийн нөөц баялгийн халдашгүй байдлыг хангах үүрэг, хариуцлагыг чангатгаж, уул уурхайн салбарт ногоон хөгжлийн бодлогыг нэвтрүүлэх, ногоон хөгжлийн үзэл баримтлалд нийцсэн техник технологийг ашиглан инженерийн дэд бүтцийг барьж байгуулан, иргэдийн ажиллаж амьдрах эрүүл, аюулгүй орчинг бүрдүүлнэ.
Сум, орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, ажлын байрыг нэмэгдүүлнэ. Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг өргөтгөх замаар ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн тоог бууруулна. Уул уурхайд төр, аж ахуй нэгж, иргэдийн хамтын оролцоотой хяналтыг хэрэгжүүлэх замаар хариуцлагатай уул уурхайг бий болгох зорилго тавьсан” хэмээн онцолж байв.
ДАЛАНЖАРГАЛАН СУМ УУЛ УУРХАЙН 108 ЛИЦЕНЗТЭЙ
Иргэд аймгийнхаа уул уурхайн салбарын бодлого, уул уурхайн компаниудын үйл ажиллагаатай холбоотой санал шүүмжлэлээ хэлсэн юм. Дорноговь аймагт уран олборлож буй "Бадрах энержи" компани болон алт, жоншны уурхайн үйл ажиллагаанд сэтгэл дундууд байгаагаа илэрхийллээ.
Дорноговь аймгийн Даланжаргалан сумын иргэн Н.Болдбаатар “Даланжаргалан сумынхаа иргэдийг төлөөлж ирлээ. Манай суманд 108 лиценз бий. Ийм олон лицензтэй сум Монголд байтугай дэлхийд байхгүй. Даланжаргалан сум 300 малчинтай. Ийм гамшиг гэж байх уу. Засгийн газар нэмж лиценз олгохгүй гэж байсан ч сарын өмнө лиценз олголоо. Энэ арай дэндэж байна. Яг хууль ёсны үйл ажиллагаа явуулж буй уурхай байхгүй. Төр засагт маш их хандаж бичиг цаас өгдөг. Бид итгэл найдвар тавьж хүлээдэг. Хэн нэгэн бидний асуудлыг шийдээд өгөөсэй гэж хүлээж ирсэн. Даланжаргалан суманд мал маллах боломж байхгүй. Ийм олон лиценз байхад хаана нь мал маллах юм. Өвөлжөө, хаваржааг нь техникээр ухаад түрчихсэн. Худгийн ус нь ширгэчихсэн. Дорноговь аймагт мэргэжлийн хяналтын байгууллага гэж байхгүй шүү. Уул уурхайд хориг тавьсан лацыг чинь аваад шидчихсэн байгаа шүү. Даланжаргалан сумын иргэд зуны гурван сар өмхий үнэрээр амьсгалсан. Манай суманд хариуцлагатай уул уурхай байхгүй байна.
Сайншанд хотын V багийн иргэн Д.Норовсүрэн “Би олон жил ураны эсрэг ярьж ирсэн. Эцэст нь орон нутгийн удирдлага ад шоо үзэх болсон. Дорноговь аймагт мэргэжлийн хяналтын байгууллага байхгүй болсон гэдэгтээ санал нэгдэж байна. Мөн мал эмнэлгийн байгууллага байхгүй болсон шүү. Мал уранд хордох болсон. Хордсон гэдгийг мэргэжлийн байгууллага тогтоочихсон шүү дээ. Мал өвчилбөл тариа хийдэг. Тариатай, өвчтэй малыг ард иргэд худалдаж байгаа шүү. Намайг баримт гаргаад ир гэвэл би гэрчилнэ. Мал эмнэлгийг дуудаад ирдэггүй. Ирсэн ч элдэв ааш гаргадаг. Намайг маш их хохироосон. Уранаас болж мал маш ихээр хордсон. Үүнийг хариуцлагатай уул уурхай гэж хэлэх үү. Ерөнхийлөгч болон Засгийн газар энэ талаар албан бичиг өгч ирсэн ч хариу өгдөггүй.
Дорноговь аймгийн Сайншанд хотын VI багийн иргэн Б.Мөнгөнсар “Манай аймагт УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нар ирж уулзалт хийсэн. Энэ уулзалтын үеэр Хамрын хийдийн бүст уул уурхайн үйл ажиллагаа явуулж буйг эсэргүүцэж, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханг шүүмжилсэн. Хамрын хийд, Баянзүрх хайрхан маань олон мянган жуулчин ирж манай аймагт томоохон хөрөнгө оруулалт хийдэг. Гэтэл Хамрын хийдийн ойролцоо уул уурхайн үйл ажиллагаа явуулах гэж буйг тухайн үед би уулзалтын үер хэлж, гишүүнийг хатуу шүүмжилсэн. Гэтэл УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан намайг хуулийн байгууллагад хандаж, би Зөрчлийн тухай хуулиар 2 сая төгрөгөөр торгуулсан байгаа.
Гэхдээ би гандан буурахгүй, дахиж ярих болно. Мөн Хүнсний үйлдвэрийн байранд Ган бөмбөлгийн үйлдвэр байгуулах гэж байгаа гэж сонссон. Энэ ямар учиртай үйлдвэр юм бэ. Энэ үйлдвэр байгуулагдсанаар аймгийн иргэдэд ямар ашигтай юм бэ” гэлээ.
Иргэдийн санал, шүүмжлэл, асуултад Дорноговь аймгийн Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Ч.Түвшинтөр хариулт өгсөн юм. Ч.Түвшинтөр “Иргэдийн тавьсан асуултад хариулт өгье. Д.Норовсүрэн гуай бол ураны үйл ажиллагаа явуулж буй компанийн эсрэг олон жил ярьж ирсэн. Аймгийн зүгээс ураны хайгуул хийхийн эсрэг байр суурьтай байдаг. Өнгөрсөн 2017, 2018 онуудад ураны хайгуулын лицензийг цуцлуулах саналыг холбогдох яам, тамгын газарт тогтмол хүргүүлсэн байдаг. Тухайн компани нь 2015 онд ашиглалтын лицензтэй болсон. Хамгийн сүүлд гэхэд энэ оны есдүгээр сард гэхэд Цөмийн энергийн газарт үүсээд байгаа нөхцөл байдлыг тогтоохын тулд гуравдагч орон руу лабораторийн шинжилгээг хүргүүлж, ард иргэдэд үнэн зөв мэдээлэл өгөх шаардлага хүргүүлсэн.
Хамрын хийдийн тухайд, уул уурхайн компанийн үйл ажиллагааг зогсоох, лицензийг цуцлах саналыг хүргүүлсэн. "Даблью Эс Жи Эл" ашиглалтын үйл ажиллагааг зогсоосон байгаа. Улсын тусгай хамгаалалтад авах саналтай байгаа” гэлээ.
“УРАНЫ АСУУДЛЫГ ТӨР ЗАСАГ АНХААРАЛДАА АВЧ, НҮДЭЭ НЭЭХ ЦАГ БОЛСОН”
“Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга” төрийн бус байгууллагын тэргүүн Х.Мандахбаяр “Хэлэлцүүлэг зохион байгуулж байгаа манай баг өчигдөр Улаанбадрах суманд ажилласан. Дөрөв, тав хоногийн өмнө Улаанбадрах сумын Засаг даргатай холбогдож “Бид очно иргэдээ цуглуулж өгөөчээ. Ураны хайгуул хийж буй холбогдох уул уурхайн компанийн төлөөллийг оролцуулж өгөөрэй” гэж ярьсан. Харамсалтай нь сумын Засаг дарга нь иргэдээ цуглуулаагүй.
Монгол Улс урангүй ашиглахгүй бол болохгүй байна уу. Нүүрсээ зар, алтаа олборлож болно шүү дээ. Ядаж уран ашиглахаа больчихож болдоггүй юм болов уу. Уран ашиглахтай холбоотойгоор Улаанбадрах сумын иргэдтэй ярилцлага авах гэхээр “Уучлаарай энэ асуудлаар яриа өгөхгүй” гээд буцаад явж байна. Иргэдийг айлган сүрдүүлэх, дарамтлах зүйл газар авсан байна. Иргэд минь бид айж болохгүй. Энэ уран олборлох асуудал нь ганцхан Улаанбадрах сумын асуудал биш ээ. Монгол Улсын асуудал юм. Ураны уурхай нээгдсэнээс хойш найман хөлтэй ишиг гарсан. Малчид арга ядахдаа уурхайн гадна очиж хонио төхөөрөөд, гэдэс дотрыг нь харуулж байна. Бид уран олборлож байгаатай бичиг цаас шидээд асуудлыг шийдэж чадахгүй. Өмнөговь аймгийн Гурван тэс сумын нутагт орших Тост, Тосон бумбын нуруунд уул уурхайн компани үйл ажиллагаа явуулж буйтай тэмцэхдээ мэдээллийг олон нийтэд ил болгож ирсэн. Өнөөдрийн хэлэлцүүлгийн гол зорилго нь мэдээллийг олон нийтэд ил болгох явдал юм. Ураны асуудлыг олон нийтэд хүргэж, төр засаг анхааралдаа авч, нүдээ нээж харах цаг болсон. Энэ асуудлыг олон удаа ярьсан. Одоо сум, аймгийн Засаг дарга нь Засгийн газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Цөмийн энергийн газрын удирдлагатайгаа нийлээд асуудлыг ярих хэрэгтэй” гэв.
Уул уурхайн салбарт Дорноговь аймаг дараах бодлогыг баримталж ажиллаж байгаа ажээ. Дорноговь аймаг нь экспортын баримжаатай, импортыг орлох үйлдвэрлэлийг дэмжиж, байгалийн нөөц баялгийг хамгаалах, зохистой ашиглах, экологид халгүй цэвэр, технологи бүхий баяжуулах, боловсруулах үйлдвэрийг хууль тогтоомжийн хүрээнд бодлогоор дэмжиж буй аж. Байгаль орчин, хүн, малын эрүүл мэндэд сөрөг нөлөөлөх төсөл хөтөлбөрөөс татгалзахаа аймгийн удирдлагууд илэрхийлж байна.
Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх үүднээс аймгийн Засаг даргын Тамгын газраас уул уурхайн компаниудтай хамтын ажиллагааны гэрээ байгуулж ажиллаж иржээ. Хамтын ажиллагааны гэрээнд уурхай, төслийн бүтээн байгуулалттай холбоотой дэд бүтцийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийг хэрэгжүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх, орон нутгийн жижиг дунд бизнесийн үйл ажиллагааг дэмжих, соёлын өвийг хамгаалах чиглэлээр тодорхой заалтуудыг тусгадаг байна.
Дорноговь аймаг уул уурхайн хамгийн олон лицензтэй ч сүүлийн жилүүдэд бууруулж байгаа аж. Гэвч уран, жонш, алтны уурхайнууд байгаль орчин, хүн, малд сөрөг нөлөө үзүүлж, аюулгүй амьдрах орчинд ноцтой хохирол учруулж буйг Дорноговьчууд бухимдалтайгаар илэрхийлж байлаа.
Сэтгэгдэл ( 1 )
Эко уул уурхай төсөлд ураныг бүү оруул