“Манлай сум 100 хувь уул уурхайгаас татгалзаж, ханган нийлүүлэлтийн бүс болох боломжтой”

2019 оны 10 сарын 13

“Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга” ТББ, “Босоо хөх Монгол”, “Эрс шинэчлэл хөдөлгөөн” ТББ-ууд хамтран Монгол орон даяар өрнүүлж байгаа “Байгаль эх, хариуцлагатай уул уурхай” үндэсний хэлэлцүүлэг Өмнөговь аймгийн Манлай суманд үргэлжиллээ. Энэ удаагийнх 6 дахь аймгийн 8 дахь хэлэлцүүлэг болж байгаа юм.

Цогтцэцийгээс Манлай сум орох шороон зам мөн л олон салаалан хүнд даацын машины хөлд эвдэрч сүйджээ. Замын хажуугаар гүнзгий ховилууд үүсч машин тэрэг явахад хүндрэлтэй болсноос гадна бог мал хөндлөн гарахад ч төвөгтэй харагдаж байлаа. Манлай нь аймагтаа эхний байрт тасралтгүй орж ирсэн манлайлагч сум бөгөөд Богд хаант Монгол Улсын үед Ардын баатар цол хүртсэн эх оронч Нанзад, Ярин, Мааньзав нар болон Улсын хурц арслан Г.Дэмүүлийн төрсөн нутаг гэдгээрээ алдартай.

Хэлэлцүүлгийн багийнхныг Манлай суманд очиход цэрэгт мордох залуусаа Нанзад баатрын хөшөөний өмнөөс үдэн гаргах ёслол болж байв.

Тус сум Өмнөговь аймгийн уул уурхайгүй цөөн сумын нэг бөгөөд газар нутагт нь ашиглалтын нэг, хайгуулын 16 лицензтэй ч ордуудаа ашиглуулаагүй байна.

Хэлэлцүүлгийг санаачлагч, “Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга” ТББ-ын тэргүүн сэтгүүлч Х.Мандахбаяр “Уул уурхай ихтэй говийн хүний хувьд байгаль хамгаалах үйлсийг манлайлан зүтгэх ёстой гэж үздэг.Тосон бумбын төлөөх жишиг тэмцэл дээрээ энэхүү хэлэлцүүлгийг суурилан хийж байгаа юм. Тосонбумбын жишээ аймаг бүрт бий.

Говьд усны хомсдлын асуудал босч ирж байна. Уул уурхайнхан мөнгө л ярьдаг. Одоо ус ярих ёстой. Манлай уул уурхайгүй гэж ярьж болохгүй. Уул уурхайн нөлөөлөлд автаагүй сум Өмнөговьд байхгүй. Манлай сумыг уул уурхайн бус үйлдвэрлэлийн бүс болгох ёстой. Манлай суманд уул уурхай хэрэггүй. Дэргэд Оюутолгой байна. Хэд хэдэн асуудал бий. Нэгд, усны судалгааг шинжлэх ухаанчаар хийхгүй байна. Хоёрт, Оюутолгойг ашиглаад байгаа атлаа Монгол Улсын гадаад өр нэмэгдсээр байна. Гуравт, уул уурхайн гэрээнд орон нутгийн асуудлыг тусгалгүй, хоноцын сэтгэлээр ханддаг. Дэлхийн эдийн засаг, бизнесийн гигантууд эндээс төрж байна. Гаднынхантай эн тэнцүү, хана чацуу бодлогыг бид яагаад барьж болохгүй байна вэ. Оюутолгойн уурхайнхантай орон нутгийнхан ном хаялцдаг байх ёстой. Энд 7 их наяд төгрөгийн зах зээл эргэлддэг. Түүний 50 хувь нь зардал гэхэд үлдсэн 3,5 их наяд төгрөгийн зах зээл энд байна.

Иргэд нь ядуу, мөнгөгүй, цовоо биш байвал үгэнд нь орно гэж эдийн засгийн алуурчид үздэг.

Манлай сум 100 хувь уул уурхайгаас татгалзаад МАА, ханган нийлүүлэлтийн бүс болох боломжтой” гэлээ. 

“Босоо хөх Монгол” ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга Ц.Баяраа “Ардын гурван баатар, Улсын хурц арслан Г.Дэмүүлийн нутгийн ард түмний цээжинд хэрэв эх орончийн зүрх цохилж байгаа бол Монголын болохгүй, бүтэхгүй бүхний эсрэг зогсохыг уриалж бид ирсэн юм. Хүний гэр орон бол диваажин байдаг. Гэтэл зальтай луйварчин этгээд гэрт чинь орж ирээд хайртай бүхнийг чинь дээрэлхээд байвал гэрийн эзэн зүгээр суух уу?

Энэ сайхан нутагт урилгагүй луйварчид ирээд бүрэн бүтэн байлгахыг хүсдэг газар шороог нь бохирдуулж, ан амьтныг алж хядаж, алт, баялгийг нь цөлмөж болох уу? Ингэлээ гээд иргэдийн амьдрал, орлого хэр байна вэ? Манай иргэд ярих, хэрэлдэх, маргахдаа гаргуун ч тэмцэх чадваргүй болж байна.

Уранд хордсон малын мах, хахуулиар дамжуулан хилээр оруулж ирсэн баталгаагүй хүнс хэрэглэсэн олон хүн хорт хавдраар хорвоог орхиж байна. Сумын газар нутаг бүрэн бүтэн байгаа бол лиценз ярьсан хүмүүст битгий өгөөрэй” гэсэн бол Монголын хуульч эмэгэйчүүдийни тэргүүн Б.Долгор “Манлай сумынхан дандаа манлайлагч байдагт баярлаж явдаг. Манлайчууд газар нутгаа бүрэн бүтнээр нь авч явж ирсэн. Цаашдаа ч ийм байна гэдэгт итгэж байна.

Бид байгаль дэлхийгээс ашиглах ёстой баялгийнхаа нормыг хэтрүүлж ирсэн. Хэзээ ч нөхөн сэргэхгүй говийн гүний усаар нүүрс угааж байна.

Мандал-Овоо суманд гэхэд Олон овоотын уурхай Ханын хэцийн нурууг алтнаас болж сүйтгэж хаясан. Байгаль дэлхийгээ сүйтгэхийн оронд сэргээгдэх эрчим хүч ашиглая. Сэтгэлгээгээ өөрчилж оюун санааны хувьсгалд хүрэх ёстой” гэлээ.

Манлай сумын Засаг дарга Г.Буянхүү сумынхаа талаар танилцуулсан юм. Тус сумын нутагт ашиглалтын нэг, хайгуулын 16 лиценз олгогдсон ч ухуулахгүй гэсэн байр суурь дээр хатуу зогсдогоо тэрээр хэллээ.

Хайгуулын 16 лицензийн хоёр нь Далай багийн, нэг нь Жаргалант багийн , үлдсэн нь Өгөөмөр багийн нутагт байдаг аж. Анх 36 лиценз байсныг цөөлсөөр дээрх 16 үлджээ. Стратегийн гурван том ордын дунд оршдог Манлай суманд эрсдэл дагуулж эхэлж буй зүйл нь төмөр зам ажээ. 2012-2014 онд төмөр замын зураг төсөл хийхдээ Жаргалант багийн малчдын ус бэлчээрийн голоор явуулсан нь малчдын амьдрал ахуйд сөргөөр нөлөөлөхөөр байгаа аж.

Гадаргын ус хомсдож байгаагаас гадна гүний өрмийн худгийн ус хомсдож буй нь Оюутолгойн уурхай гүний ус татаж байгаатай холбоотой байж мэднэ. Манлай сум уул уурхай ажиллуулах бус, үйлдвэрлэлийн бүс болохыг зорьж байна  хэмээн Засаг дарга хэлж байлаа.

Үүний дараа сумын иргэд байр сууриа илэрхийлсэн юм.

Иргэн Г.Насан-Өлзийн хөндсөн асуудал нь Оюутолгойд ажиллаж буй иргэдийн ажил, амралтын асуудал байсан юм. Манлай сумын олон иргэн тус уурхайд ажилладаг ажээ. Тэд 28 хоног ажиллаад 14 хоног амардаг. Олон хоногоор гэр орноосоо хол байхад гэр бүлийн асуудал үүсдэг. Гэр бүлийн салалт гардаг. Гүний уурхайд ажилладаг хүмүүсийн цалин гайгүй ч үйлчилгээнд ажилладаг 200 гаруй хүн сарын 500-800-хан мянган төгрөгийн цалин л авдаг аж. Харин ажиллагсдын хувьд 14 хоног ажиллаад 14 хоног амрахад боломжийн хэмээн үздэг юм байна.

Үүний хариуд сэтгүүүлч Х.Мандахбаяр хэлэхдээ “Дэлхийн хэмжээний компанид ажиллаж байгаа хүн 500 мянган төгрөгийн цалинтай байна гэдэг юу гэсэн үг вэ. Үйлчилгээний 200 ажилтны цалинг нэг сая төгрөг болгоход Оюутолгойд асуудал байхгүй. Манлай сумаас ажилладаг Оюутолгойн ажилтнууд Үйлдвэрчний эвлэл байгуулах ёстой. Нэг санаагаар ажиллавал энэ амархан бүтнэ” гэлээ.

Малчин С.Чулуунбаатар “Өнөөдөр бид балга усны тухай ярьж байна.Өгөөмөр багт хоёр булаг бий. Гэвч хоёр булгийн дундуур төмөр зам орж ирэх гэж байна. Төмөр замын зураг төсөл хийхдээ ард түмэнтэй огт уулзаагүй. Энд аргаль, янгир, хулан, хар сүүлт гээд ховор зэрлэг амьтад бий. Төмөр зам үзэх гэж хүмүүс наашаа ирэхгүй. Харин ховор амьтад үзэх гэж л ирнэ.Зуны цагт гурван тойром үүсч тэндээс хүн мал ундаалдаг. Тэгэхээр төмөр замын трассыг хаагуур явуулахыг нарийвчилж шийдэх ёстой.

Төмөр замд хэрэглэх түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглахдаа Шар тээг гэдэг тахилгат газрын урд талаас ухсан. Дээрээс тушаалтай гээд төмөр замын ажил орон нутагт мэдэгдэлгүй явж байна” гэлээ.

Иргэн Б.Ундраа “Дорноговиос ирэх, Улаанбаатар руу явах замууд эндэхийг дайрдаг. Зам нь өдрөөс өдөрт өргөсөж байдаг. Бэлчээр сүйдэж, ус хомсдож, малын уушги өвчилж байна. Замыг засмал болгож өгвөл сайн байна. Бензин шатахуун зөөх гэж байгаа бол тусгай зориулалтын замаа тавих хэрэгтэй” гэж байлаа.

Дараагийн хэлэлцүүлэг Ханбогд суманд үргэлжилнэ.

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Govj(122.201.24.113) 2019 оны 10 сарын 13

Hun barag alga bn daa

0  |  0
Бид(103.57.92.141) 2019 оны 10 сарын 13

Хүн Иржээ. Сонголт иргэдийнх. Тоо, чанар хоёул чухал.

0  |  0
За(66.181.161.10) 2019 оны 10 сарын 13

Кк хүн ирдэггүй юм уу

0  |  0
Top