Эмгэнэл

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 17

Монгол Улсад ардчилал бий болох цагаас шударга үнэний дуу хоолой болж ирсэн Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, ахмад сэтгүүлч Лхамжавын Цэрэн-Очир 2019 оны аравдугаар сарын 15-ны өдөр өвчний улмаас таалал төгсч, Монголын төр, ард түмэнд хүнд гарз тохиолоо.

Л.Цэрэн-Очир нь 1950 онд Архангай аймгийн Их тамир суманд төрж, 1968 онд Улаанбаатар хотноо Нийслэлийн арван жилийн 12 дугаар дунд сургуулийг төгсч, МУИС-ийн Физик математикийн факультетийн физикийн ангид суралцсан. Улмаар ардын цэргийн албанд дайчлагдан, хугацаат цэргийн албан хаагч, байлдагч, бага дарга, 1971 оноос офицерийн албан тушаалд дэвшин томилогдож, идэр залуухан насандаа ажил хөдөлмөрийнхөө гарааг эх орноо батлан хамгаалах салбараас эхлүүлсэн билээ.

Л.Цэрэн-Очир нь Ардын армийн батольон, дивизионд ХЗЭ-ийн хорооны нарийн бичгийн дарга, 1989 онд “Алаг морьт” хэмээх домогт жанжин Л.Дандар баатрын нэрэмжит Зүүнбаянгийн мотобуудлагын дивизийн улс төрийн хэлтэст ХЗЭ-ийн байгууллагын дарга, шугам байлдааны болон барилга, засвар үйлчилгээ, “Иргэнийн хамгаалалт”, ”Батлан хамгаалах яам жанжин штабын” анги салбаруудад соёл олон түмний зааварлагч зэрэг албан тушаалд 22 жил нэр төртэй албаа хаажээ.

Л.Цэрэн-Очир нь Монгол Улсад ардчилал бий болсон 1990 оноос эхлэн чөлөөт сэтгүүлчийн нэн бэрхшээлтэй, үнэний төлөөх сорилттой цаг хором бүрт нүүр тулан учирдаг “Эрэн сурвалжлагч”-ийн ажил хөдөлмөрт биеэ зориулж, нийт 30 шахам жилийн турш ардчиллын буухиаг түүчээлэн дэлгэрүүлсэн анхдагчдын нэг байлаа.

Тэрээр 1990 оноос эхлэн ардчилсан хөдөлгөөний үйл хэрэгт идэвхтэй оролцож, МоАХ-нд гишүүнээр элссэн байдаг. Монголын чөлөөт үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, 1993 оноос “Ил товчоо” сонинд сурвалжлагч, “Ардчилал” сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга, эрхлэгч, “Өнөөдрийн тойм” сониныг үүсгэн санаачлагч, ерөнхий эрхлэгч, 2013 онд  МҮОНР-ийн захирал, 2015 онд Ардчилсан намын хэвлэл мэдээллийн албанд зөвлөх, 2018 оноос “Ардчилал таймс” өдөр тутмын сонины зөвлөхөөр тус тус үр бүтээлтэй ажиллаж байв.

Л.Цэрэн-Очир нь хэвлэл мэдээллийн салбарт ажиллахдаа Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн гишүүн, Парламентын   сэтгүүлчдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн, Монголын сэтгүүлчдийн холбооны дээд шагнал “Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнагдаж байв.

Төр, нийгмийн зүтгэлтэн Л.Цэрэн-Очирын хөдөлмөр зүтгэлийг Монгол Улсын төр, засгаас өндрөөр үнэлж төрийн “Алтангадас одон”, “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”, “Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн” цол тэмдгээр шагнаж, үргэлж шинийг эрэлхийлдэг, ардчилал, шударга ёс, эрх, эрх чөлөөний төлөө цаг ямагт тууштай тэмцэгч хэмээн үнэлсэн байдаг.

Л.Цэрэн-Очир нь эх орон, ардчилал, шударга ёс, хүний эрх, эрх чөлөөний төлөө “Ардчиллын дууч” байж ирсэн ба ардчилсан хувьсгалын ололтыг хамгаалан бэхжүүлэх, ардчиллын төлөө амь нас, ажил хөдөлмөрөө зориулсан журмын нөхдийнхөө ариун үйлсийг сурталчлах үйлсэд бүхий л амьдралаа зориулсан ардчиллын ахмад сэтгүүлчдийн нэг юм.

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Лхамжавын Цэрэн-Очирын хийж бүтээсэн үйл хэрэг, хөдөлмөрч хичээнгүй, шударга тулхтай хүнлэг зан чанар, даруу төлөв, гэгээн дүр төрх бидний сэтгэл зүрхэнд мөнхөд үлдэнэ.

АРДЧИЛСАН НАМ

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
G(139.5.218.137) 2019 оны 10 сарын 18

Um mani badme hum

0  |  0
mgk(1.25.156.146) 2019 оны 10 сарын 17

um mani bad mi hum

0  |  0
Top