"Зиндаа" сэтгүүлийн 2019 оны №13 дугаараас онцолж байна.
“Есөн эрдэнийн орон”-оор овоглодог, “Алтай их хайрханы мөнх цагаан оргил” шиг дун цагаан тэргүүнтэй Пунцагийн Бадарч абугай 2005 онд “Ардын уран зохиолч” –ийн алтан сэнтийд заларсан нь зохиолч нөхдөө болоод уншигч олноо баярлуулж билээ. Наян насны сүүдэр зооглож яваа ч “цагаан хөхөлтэй улаан туг шиг” тачигнатал дэрвэж явдаг энэ эрхэмтэй би төрөлх Даланзадгад хотдоо Овоотын отрядын ногоон малгайт гэгдэж явахад нь аль мянга есөн зуун далан нэгэн онд нүүр учран танилцжээ.
Тэгэхдээ Бадарч маань манай гэрт баярын сайхан мэдээтэй, баруун Алтайн С.Пүрэвтэй морилсон бүлгээ. “Уулын намар” туужаараа цахиур хагалж, их Дооровын шавь гэгдэж эхэлсэн Пүрэв хоёул манай аймгийн зочид буудалд тааралдсанаар тийнхүү цагаан, харын тохиол болсон хэрэг. Цэргийн дүрэмт хувцас “зохисон гэдэг нь ванлий” инээд алдан уянгалсан сайхан найрагчаас эхлээд би сүрдэсхийж байсан ч, “За хө, Пүүжий багш чинь мэнд хүргэж үг дайж явуулсан. Чамд ер нь тэд сайн байдаг шүү. Номоо бэлтгэж бай гэсэн” хэмээхэд нь би баярлахдаа өөр шиг нь тотго мөргөх бус, тооноо өргөчих шахаж билээ. Баярт мэдээ тээж Овоот явах замдаа манай муу бор гэрийг гэрэлтүүлээд гарсан энэ сайхан найрагчийг ээж минь хуушуураар, би хувиараа дайлсан санагдана. Тэгэхэд савдаг шар гэдэг нь л лав ажиглагдсан, харин нөгөөх сэвдэг шар гэдгий нь яаж мэдэхэв. Пүрэв хоёулаа маргааш нь Бадарчийгаа “Их сайхан гурван сайхан хөх уулынхаа” чигт үдэж гаргаад “Нулимст борхон болжмор шиг” нь хоцорсон юм даг. “Эх орны хилээс” давчихалгүй отряддаа очсон байна лээ.
Одоо хууч ярианыхаа амыг татасхийж хувьсгалын яриа руу дөтөлсхийе. “Нарны шарга”, “Хар сувд”, “Сулин хээр”, “Загал”, “Галын хүрэн” зэрэг “Эрдэнийн дээд морин эрдэнэ”-ээ хүлэглэсэн Бадарч найрагч 1969 онд “Морьд” гэдэг ууган номоороо Монголын утга зохиолд гал цогтойхон орж ирснээс хойш шүлэг найргийн хориод ном бүтээжээ.
Зураг шүлэг хоёр амь нэгтэй гэдэг. Бадарч найрагч зургийн гялалзсан авьяастай аж. “Морьд” номынх нь хавтасны зургийг би дахин дахин үздэг сэн. Шүлэг шиг уран хэллэгтэй тэр зураг монгол найрагчийн ухаанаас төрсөн гэдэгт эргэлзэх аргагүй.
“Тасын жигүүртэй мэт
Талын омголон морьдоороо”
эхэлсэн найргийн зам нь түүнийг алсын алсад хүргэж ирсэн буяны цагаан харгуй юмаа. Түүний хүлгийн шандас улам бүр чангарч ойр холын сунгаанд алтан жолоо өргүүлсээр байна. Морьтой найрагчийн уран бүтээлийн сэдвийн цар хүрээ нь төрж өссөн Төв аймгийнх нь Баянжаргалан сумын өвст хээр тал шиг нэн өргөн. Их Нацагдоржтой ойролцоо газар төрж, нас нь зөрснөөс бус хол саахалт байсан ч байж магадгүй гэх. 1988, онд Нацагдоржийн нэрэмжит шагнал, 1999 онд Соёлын гавьяат зүтгэлтэн, 2005 онд Ардын уран зохиолч хэмээх өндөр цол хүртсэн тэрээр “Зургаан мөнгөн мичид”, “Есөн эрдэнийн орон”, “Алтан тоос”, “Ширхэг цагаан сувд”, “Би энэ байна”, “Бөрттэй цагаан сарны дор” зэрэг шигшмэл сайхан номуудаа шил дэрлүүлэн гаргаснаар Монголын уянгын яруу найргийн бас нэгэн сүмбэр уулыг бүтээжээ. Бадарчийн шүлгүүдийг уншихад хайр омгорхол, хайлган сэтгэл амтагддаг. Эхийн тухай олон шүлгүүдээс нь ээжийн бүүвэй, сүүний үнэр, энэрэхүйн их хайр цалгилж байдгийг төвөггүй мэдэж болно. Зарим шүлгээ уйлж байгаад бичдэг гэсэн сураг бий.
“Гал шиг залуухан явахад
Үсэрсэн оч минь
Ганц бие зандан явахад минь
Тасарсан навч минь...
Хөх толгойтой
Хөгшин хүү минь
Ижийдээн бол
Манцуйдаа дэрвэлзэх
Мяндас цагаан хүү” гэж уяран хайлан шүлэглэдэг тэрээр,
“Цэл залуухан ааваа
Цэцэгт зандан ээжээ” хайрлан дурсаж сүүн амтат дуун хөшөө олныг босгожээ.
Эх орны хилд байхдаа бичсэн түүний шүлгүүд залуу насных нь сэтгэлийн галаар дүрэлзэж, эх орноо гэх хайрын илчээр төөнөж байдаг. Намайг Даланзадгадад багшилж байхад миний шавь нар хилээс олсон олон шүлгийг нь үдэшлэг уулзалтан дээр олонтаа уншиж билээ. Уйдахын аргагүй бэлэн хошин яриагаар хэнийг ч уярааж чадах, шингэн дуутыг бол уйлуулж урсгаж ч мэдэх авьяас, тэргэл сэтгэлтэй эрхэм найрагчийг би хүний хайлан, сэтгэлийн цайлан хэмээн хүндэлж явдаг нэгэн. Бусдыг их, бага гэж ялгахгүй, хэнтэй л бол инээж хөхөрч, элгэмсэж цаашлуулах эрдэмд гаргуун. Ямартай л надаар тохуурхаж “Чиний наад нүүрний чинь юмыг арилгахад амархаан, Хархүү минь” гэж хэлснээ нэг “хачин” арга зааж билээ. Тэр арга нь энд бичихээргүй марзан юм. Тэгснээ “Чи хө, Дооровыг нэг сайн явуулсан гэдэг байх аа” гэснээ түүнийг өөрөө хачирлаад ярьж гарна. Ийм юм л даа, наяад онд. Дундговийн сэтгүүлч П.Төмөрбаатар бид хоёрыг Дооров ах нэг сайн дооглож билээ. “Хөөе , тэр хоёрыг хараач. Салж нийлээд, холдож ойртоод ирж яваагий нь” гэж бид хоёрын хазгар суунгидуу алхааг шоглож онигоо гаргасан юм билээ. Хожим нь би Дооров ахынд очоод цайлж тухалж суулаа. Нөгөө явдал санагдаад болдоггүй. Асуулаа. “Танд одоо дутуу шагнал үлдсэн үү?” гэлээ. “Бараг үгүй дээ, чи тэр тэмдгүүдийг хар” гэдэг юм байна. “Сайхан юмаа” гэлээ. Жаахан байж байгаад “Та шагналуудаа зүүхэд яадаг юм бэ?” гэвэл “Үгүй” хө, энэ офицерийн форм дээр нэг л зохимооргүй юм шиг” гэж байна. “Энэ форм танд их зохих юм аа. Гадуур нь бас гоё цув байна биз?” гэлээ. “Байлгүй яахав, тэр өлгөөтэй байна. Франц даавуу юм гэнэ лээ” гэхлээр нь бас л “Сайхан юмаа” гэлээ. “Сайхаан сайхан “ хэмээн хариулснаа миний өөдөөс нэг сүрхий харчихаад олон ч юм хэлсэнгүй. Хожим нь Дооров ах хороон дээр очоод “Хөөе, хө муу Хархүүд ганц чадуулчихлаа, хүнийг бас хөөрхөн явуулчихдаг юм байна” гэж том том инээгээд дээрх явдлыг ярьж, түүнийг нь Бадарч маань сонссон юм билээ. Ийм нэг онигоорхуу юм гарсныг манай Бадарч улам чимсээр нөгөө оргиналь эхээс нь бүр илүү чангалчихсан байна лээ. Зохиолчдын тоглоом хатуу мөртлөө амттай юм чинь.
“Дорнын тэнгэрт аялж л хонодог
Долоон бурхантай амраглаж тохиодог
Домгийн гоё хүүхэн Бөрттэй цагаан сарны дор
Догдлон сууж шүлгээ бичиж” яваа энэ онгод түрсэн найрагч цаг үеийн бараан саарал явдалд сэтгэл эмтрэн, хойч үедээ хандаж үгээ хэлж байна. Энэ бол яруу найрагч хүний эмзэглэл болой. Найрагчид шиг үнэн үгийг шуудхан хэлчихдэг бол сэтгэлийн буглаа , зүрхний таглаа сайхан онгойж, хүмүүн бид ариусахсан. Тэр үгнээс /шүлэгнээс/ цөөн мөрийг энд буулгая.
Адуу янцгаахыг сонсоогүй
Азгүйтэн олширч
Хуур хүнгэнэхийг дуулаагүй
Хувьгүйтан ихэсч...
Эрэг доорхон нь төмөр мангасууд
Элс хайрга, чулуу идэн эвшээж
Эгнэгт та нурсаар л, хорсоор л байна
Энэ надад хамаагүй гэж үү
Эх орон минь”
Яг өнөө үеийн эх орны минь эмгэнэлийг яруу найрагч нулимс цус хоёроороо ширээн байж ийн хэлжээ. Сүүлийн жилүүдэд Бадарч найрагч уран бүтээлийн баян ургац хураасаар байна. “Гурван үг” хэмээн яруу найраг, дууны хос ЦД гаргалаа. “Чингис хаан”, “Их хааны хатад” дууриуд бичсэн нь хориод жилийн өмнө бичиж тоглуулсан “Нүүдлийн замд” дууриас үүдэлтэй ажгуу. Хадааны тухай шинэ цомнол бичээд байгаа юм байна. Ярьсан ч, инээсэн ч чих нь сортолздог “уран сайхантай”, “Тэмээний” нулимс хараад уйлдаг, “Адууны” тоосонд ороод туйлдаг, “Мөхөлгүй эрдэнийн дээж есөн эрдэм төгс” ард түмнээ, гүрэн улсаа дуулж яваа билгүүн их авьяаст Пунцагийн Бадарч, монгол найргаар мэтгэн урласан Бурхан багшийн 108 сургаалийг багтаасан “Тэнгэрийн хар сувд” нэртэй шүлгийн шинэ номоо хэвлүүлээд хэдэн жил болжээ. “Хилийн тэнгэр цэлмэг байгаасай”, “Цэцэгчний хүслэн”, “Дархадын цэнхэр хотгор”, “Хонгор нутгийн түмэндээ”, “Уянга дууны алтан намар” зэрэг олон сайхан дуу нь “Эх орны дуулал”-д цутган орсон уянгын цэнгэг давлагаа гэж би боддог. Шүлгээ уянгалаг агаад тансаг унших эрдэмтэй энэ найрагчийг уншигчид дэндүү сайхан хүндэтгэлтэй хүлээж авдгийг би олонтаа харжээ. Алив тоглолтыг хөтлөн явуулахдаа Ш.Сүрэнжав, Бадарч хоёр тун төвөггүй, цээжнээс ундарсан цэцэн цэлмэг шүлэг, хошин хөнгөн аясыг хослуулах нь бахтай, түүнд нь ч үзэгчид дасчихсан, амташчихсан байдаг. Залуу цагийнх нь олон сайхан анд нөхдийн нэг СГЗ С.Пүрэв:
“Түүний шүлэг зохиолыг уншин ажиж байхад хол ойрын аян замын хишиг, үзэж ухаарсны олз омог, уулзалт учралын үнэ цэн, сэтгэлийн их хайлан, баяр баясгалан, гуниг харуусал, эр цэрэг, эгэл хүмүүсийн хувь заяаны тухай элбэг өгүүлсэн байдаг агаад тэр бүхнээ яруу сайхнаар дүрслэн, эргэцүүлэн бодох ухаарал дүүрэн байдаг нь яруу найрагчийн маань хувь зохиол, өөртөө хүлээсэн эрхэм үүрэг мэт санагддаг юм” гэж Бадарчийн гол шинжийг тун ч онож хэлсэн.
Бадарчийн шүлэг найраглал сэдэв баян, дүр тод, дүрслэл яруу байдаг. Дуу хоолой нь хэн ч давташгүй, нэн өвөрмөц. Уянгалаг агаад намуун, учирлаж аргадсан мэт, эхийн сүү шиг ариухан бөгөөд эцгийн үг шиг өгөөж хишгээр дүүрэн болой. Бадарч маань унаган хөдөөний уугуул нэгэн болохоор түүний найргаас сансрын мөнгөн одод шаргиж, хээр талын намуухан цагаан шөнө налайж, нар наадсан Хэрлэн их мөрний дөлгөөн урсгал мэлтэлзэн, ажилч малч хөдөөнийхний сайхан сэтгэл, дүр төрх тодордог авай. Тийм ч учраас шүлэгт нь этгээд гашуун, сөрдийж сөрвийсөн үг байдаггүй. Энэ нь чухамдаа яруу найрагчийн өөрийнх нь төрөлх чанар бүлгээ. Энэ билгүүн цэцэн найрагч орь залуугаасаа зураач, үсэг өрөгч, рекламч, оюутан, клубын эрхлэгч, сурвалжлагч, хайгуулч, хилийн цэргийн офицер зэрэг олон төрлийн алба хийж явжээ. Нэг ёсондоо амьдралын их сургууль төгссөн хүн болой. Түүний “Есөн эрдэнийн орон” найраглалыг мэдэхгүй хүн байхгүй. Энэ зохиол сайхан ч дуу болж олон түмнийг баясгасаар байнам. МУЗД-ийн 65-р боть Бадарчийн бүтээлээр “Бөрттэй цагаан сарны доор” нэрээр 2006 онд хэвлэгдсэн. “Тэнгэрийн хас од”, “Эрээвэр хураавар” зэрэг нэлээд номоо сүүлийн үед хэвлүүлжээ.
Түүний багш нь Ардын уран зохиолч Сэнгийн Эрдэнэ юм. Эрдэнэ баавайн уянгын өгүүллэг, нийтлэл, туужууд түүний шүтээн агаад ширээнийх нь ном биз ээ. Яруу найраг, уран зураг хоёр нэг зүгт байдаг. Эхний 20-иод жил “Болор цом”-ын шүлгүүд маш сайн байсан. Миний хувьд одоо сайхан, сайн шүлэг бичиж чадахгүй биз гэсэн утгатай үгийг тэрбээр ойрмогхон ярихыг сонсов. Энэ даруухан үг юмаа. Дундаршгүй их авьяастны билэг оюун ундарсаар л байх нь гарцаагүй.
Өмнөговийн Овоотын отрядад алба хашиж байхдаа бичсэн “Нулимст борхон болжмор”, “Эх орны хилээс”, “Нарны шарга морьд”, “Эх орны дуулал”, “Цэрэг орны дууль”, “Нарны буурал говь” хийгээд “Адуу”, “Тэмээ” зэрэг бүтээлүүд нь Монголын яруу найргийн сувд эрдэнэ билээ.
“Морьд”, “Морин хуур” , “Есөн эрдэнийн орон” зэрэг найраглалууд нь ур цэц, утга агуулгаар шилдэг бүтээл болсныг ард хотлоороо мэдэх юмаа. Хилийн баганын дэргэд саарал дээлтэй зогсоод, сүлдийг нь алгаараа илбэж зогссон нэгэн сайхан дүр нь одоо ч харагдсаар.
Эх орон юугаа хайрлаж, их утга зохиолынхоо төлөө жар гаруй жил билэг авьяасаа зориулж яваа буурал найрагч Таны мэлмий тунгалаг, өлмий бат оршиг.
Э.Хархүү
Сэтгэгдэл ( 2 )
Монгол туулгатны 100 эрхэмийн нэг хүн шүү дээ их мундаг юм.
Их аймар хүн юм аа