Английн Премьер лигт “Их дөрөв”-ийн үе хэдийн өндөрлөж, домогт дасгалжуулагчдын өрсөлдөөн түүх болон үлджээ.
Сэр Алекс тэтгэвэртээ гарч, Жозе Моуриньо халагдаад, харин Арсен Венгер өөрөө багаа орхисон. Бид урт өдөн хүрмээ өмсөөд гуниглан суух Венгерийг дахин харахгүй. Арсен Венгер өнөөдөр 70 нас хүрч байна.
Тэгш ойг нь тохиолдуулан, түүний амьдралын дүрмээс танилцуулъя.
“Би дэлхийн дайн дууссаны дараахан төрсөн хүн. Уг нь германчуудыг үзэн ядах ёстой. Гэвч нэг удаа Германд очоод тэд биднээс ялгагдах зүйл огт байхгүй, адилхан сайхан амьдрахын төлөө зүтгэж байгааг харсан. Ингээд Германыг үзэн ядах нь тэнэг хэрэг гэж ойлгосон юм”
“Надад Герман улс их нөлөөлсөн. Би хөлбөмбөг үзэж байхдаа ч энэ нөлөөг мэдэрдэг”
“Амьдралын хамгийн чухал зүйл бол зорилготой байж, түүнийгээ биелүүлэхийн төлөө тэмцэх явдал юм”
“Би улс төрч болж болох байсан. Улс төрийн ажил дасгалжуулагчийн ажилтай маш адилхан. Халз мэтгэлцээнд хэн эхэлж уурласан нь ялагддаг. Хөлбөмбөгт ч адилхан, дасгалжуулагч нь сандраад эхэлбэл баг нь ялагддаг”
“1980 он хүртэл дэлхий коммунист, капиталист гэж хоёр хуваагдсан байлаа. Коммунист эдийн засаг алдаатай гэдгийг бид мэдэж байсан. Гэхдээ одоо харахад капиталист эдийн засаг ч найдваргүй гэдэг нь мэдэгдэж байна”
“Коммунист улс ямар байдгийг сонирхохоор нэг удаа Унгарт очиж үзлээ. Коммунист дэглэм ямар ч ашиггүй гэдгийг ойлгоод буцаж ирсэн”
“Дэлхий ганцхан Засгийн газартай байх ёстой. Өөр арга байхгүй. Тавь, жаран жилийн дараа байж магадгүй, гэхдээ заавал ийм болно. Тэгэхгүй бол асуудлууд шийдэгдэхгүй, нэг улсаас нөгөөд шилжээд байна”
“Дэлхийн бүх баялгийн 40 хувийг тавьхан хүн эзэмшиж байна. Хоёр тэрбум хүн өдрийн хоёр доллароор амь зууж байна. Ийм байж болохгүй. Хүмүүс удаан тэвчиж чадахгүй, эсэргүүцэн тэмцэх болно”
“Бид өрсөлдөөний ертөнцөд амьдарч байна. Би өрсөлдөөнд дуртай. Өрсөлдөж чаддаг хүмүүсийг шагнах хэрэгтэй”
“Хөлбөмбөг багийн спорт гэдгээрээ агуу. Ялах олон арга бий, гэхдээ багаар ажиллаж, ялах нь хамгийн сайхан. Би багийн тэмцээн үзэх дуртай”
“Хүн ямар ч ажлыг урлаг болтол нь хийх хэрэгтэй”
“Адгуусны амьдралаар амьдрах ямар ч утгагүй. Өдөр тутмын амьдралаа урлаг болгон хувиргасан цагт амьдрал сонирхолтой болдог. “Барселона”-г хар л даа”
“Гучин жил дасгалжуулагчаар ажиллахад хүссэн хүсээгүй, бага зэрэг солиотой болдог. Хөлбөмбөгөөр амьдарч, байнга хөлбөмбөг бодоод байхаар мэдээж шүү дээ”
“Ажилтан болгон нь зөвхөн цалин авч байгаа ажлаа л хийдэг болсон цагт компани амжилттай ажилладаг”
“Надад дасгалжуулагч найз байдаггүй. Хүндэлдэг дасгалжуулагч байдаг ч бүрэн итгэлцэл бидний хооронд байх ёсгүй”
“Японд сүмо үзэж байхдаа би амьдралынхаа гол зарчмын нэгийг ойлгосон юм. Барилдаан дуусаад бөхчүүдийн хэн ялсныг ойлгох аргагүй. Тэд ялагдсан бөхийн сэтгэлд сэв хийхгүйн тулд ялалтын баяраа ил харуулдаггүй. Би энэ зарчмыг хөлбөмбөгчиддөө ойлгуулахыг хичээдэг”
“Би хувцас солих өрөөний хаалга, нохой муур, тэр байтугай спортын сэтгүүлчдийг ч өшиглөдөггүй”
“Японд эхнэр нь өглөө нас барахад ажилдаа ирээд хэнд ч юу ч хэлэлгүй, ажлаа хийдэг хүмүүс байдаг. Тэд өөрийн асуудлаар бусад хүмүүст төвөг учруулахгүйг хичээдэг”
“Тоттенхэмийн фэнүүдэд бидний яаж тоглож байгаа огт хамаагүй, тэд манай багийг л ялахыг хүсдэг. “Манчестер Юнайтед”-ийн хөгжөөн дэмжигчид ч адилхан. Харин хөлбөмбөгийг жинхэнэ ойлгодог хүмүүс “Арсенал”-д дуртай байдаг”
“Хөлбөмбөгийн баг бол сайхан бүсгүй гэсэн үг. Үзэсгэлэнтэй сайхан гэдгийг нь байнга сануулж байхгүй бол болохгүй”
“Бид түрүүлнэ. Ингэж хэлэхээр хүмүүс онгироо, сагсуу гээд байдаг. Тэгээд би “Манай баг хоёрдугаар байр эзэлнэ” гэж хэлэх болж байна уу? Тэгвэл хүмүүс намайг түрүүлэх хүсэлгүй байна гэж бодно шүү дээ”
“Хөлбөмбөгчид лам санваартан биш. Тэдний хувийн амьдралын алдаа болгоныг хэвлэл бичиж байна. Хөлбөмбөгчид маш их дарамт дор амьдардаг болсон”
"Англичууд сайн сэлдэг гэдгийг би мэддэггүй байлаа. Энэ оронд олон жил амьдрахдаа би ганц ч усан сан олж хараагүй”
"Өчигдөр телевизээр “Тоттенхэм”-ийн тоглолтыг үзэх гэж оролдлоо. Залхуу хүрээд унтчихсан байсан”
“Тэнэг хүн амжилтад хүрэх нь заримдаа түүнийг улам тэнэг болгодог”
“Бид супер од худалдан авдаггүй. Харин супер одыг бүтээдэг”
Сэтгэгдэл ( 0 )