“Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас орон даяар зохион байгуулж байгаа “Хуримтлалтай-Хувьцаатай иргэн” аян Монгол Улсын дөрвөн зүг, найман зовхист амжилттай өрнөж байна. Тус компанийн 1072 хувьцааг Монгол Улсын 2,511,000 иргэн, 486 аж ахуйн нэгж эзэмшдэг бөгөөд компанийн нийт хувьцааны 85 хувийг Засгийн газар, 14.5 хувийг иргэд, 0.5 хувийг компаниуд эзэмшдэг аж. Засгийн газраас өнгөрсөн долоодугаар сард 296 дугаар тогтоол гарч, ирэх оны эхний улиралд багтаан хувьцааг тараах чиглэл өгсөн тул тус компаниас ажлын хэсэг гарган аймгуудаар явж иргэдэд хувьцааны талаар мэдээлэл өгч байна. Орон нутгийн иргэд ч энэ талын мэдээлэл бага байсан учраас нүдээ олсон ажил зохион байгуулж байна хэмээн үзжээ. Ингээд хойд, баруун, өмнө, зүүн бүсэд болж буй тус аяны талаар мэдээлэл хүргэж байна.
Баруун бүсийнхэн Говь-алтай аймагт өрнөсөөр
Иргэдийн санхүүгийн мэдлэг ялангуяа хөрөнгийн зах зээл, 1072 хувьцаа, ногдол ашиг түүний үр шимийг хэрхэн хүртэх тухай мэдээлэл олгохоор зохион байгуулж буй “Хуримтлалтай-Хувьцаатай иргэн” аян Говь-Алтай аймагт амжилттай үргэлжилж байна. “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн сургалтын багийнхан тус аймгийн Алтай хотноо өнгөрөгч амралтын өдөр аяны нээлтээ хийсэн бөгөөд долоо хоногийн турш 18 сумын ард иргэдэд хөрөнгийн зах зээлтэй холбоотой сургалт, хувьцааны хөрөнгийн зах зээлийн анхан шатны мэдлэг олгох юм. Сургалтын багийнхан тус аймгийн төвд хоёр хоног ажиллах бөгөөд эхний өдөр төрийн алба хаагчдад дараагийн өдөр Есөнбулаг сумын найман багийн хөдөлмөрчдөд хөрөнгийн зах зээлийн анхан шатны мэдлэг олгох ажээ. “Эрдэнэс-Тавантолгой” ХК 2017 онд 401 тэрбум, 2018 онд 807 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан байна. Компанийн үйл ажиллагаагаа өргөжүүлэх, тэлэх зорилгоор “Тавантолгой-Гашуунсухайт”, “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн төмөр зам, авто зам барих, баяжуулах үйлдвэр барих гэх мэт томоохон төслүүдийг санхүүжүүлэхэд хөрөнгө оруулалт хийжээ. Зүүнбаян, Гашуунсухайтын чиглэлд тавьж буй төмөр зам ашиглалтад орсноор нэг тонн нүүрсний үнийн тээвэрлэлтийн зардал дөрөв дахин буурч иргэдэд ноогдох ногдол ашиг тэр хэмжээгээр нэмэгдэнэ. Одоо авто замаар нэг тонн нүүрсийг тээвэрлэхэд 35 доллар зарцуулж байгаа бол төмөр замаар тээвэрлэхэд найман доллар зарцуулах гэнэ. Ингэснээр иргэн бүрт олгох ногдол ашиг ийнхүү бодитой нэмэгдэнэ хэмээн аяны нээлтийн үеэр онцолсон юм. Мөн үеэр “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн 1072 мэдээллийн төвийн ажилтан Б.Амартүвшинээс аяны ач холбогдлын талаар тодрууллаа. “Иргэд хөрөнгийн зах зээлийн мэдээлэлгүйгээс болоод компанийн цэвэр ашгийг шууд бэлэн мөнгөөр өгөх ёстой гэсэн ташаа ойлголттой байдаг. Харин бидний өрнүүлж буй энэхүү аянд хамрагдан сургалтад сууснаар зөв мэдээлэлтэй болж байна. Сургалтад хамрагдсан иргэдээс “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцаа түүний талаарх ойлголт, цаашдын үйл ажиллагааг сайжруулах дүгнэлт болон зөвлөмж боловсруулах зорилготой судалгаа авахад сургалтад хамрагдахын өмнө хувьцаагаа бэлэн мөнгө хэлбэрээр авна гэж хариулсан бол дараа нь улс орны хөгжил, үр хүүхдүүддээ өвлүүлэх, өсгөх маш олон боломж байдаг юм байна гэдгийг ойлгож байна. Мөн өөрийн хувьцаагаа хэрхэн ашиглах талаар шинэ мэдлэгтэй боллоо хэмээн сэтгэгдлээ илэрхийлж байгаа нь хөрөнгийн зах зээлийн зөв мэдээлэлтэй болсны илрэл болов уу. Манай багийнхан баруун таван аймгаар сургалтаа зохион байгуулж байна. Одоогоор 3000 гаруй иргэн сургалтад, 8000 иргэн судалгаанд хамрагдаад байна гэлээ. Тэрээр цааш нь хэлэхдээ, “Эрдэнэс-Тавантолгой”-н 1072 хувьцааг Монгол Улсын 2,511,000 иргэн, 486 аж ахуйн нэгж эзэмшдэг. 2019 оны жилийн эцсийн тайлан баланс гарч дуусахаар 2020 оны дөрөвдүгээр сард ТУЗ болон хувьцаа эзэмшигчдийн хурлаар иргэддээ ногдол ашгийг хуваарилах асуудлыг Засгийн газартай хамтран ярилцаж шийдвэрлэнэ” гэдгийг онцолсон юм. Одоогоор Говь-Алтай аймгийн нийт иргэдийн 70 гаруй хувь, Есөнбулаг сумын 8000 гаруй иргэд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны дансаа брокер дилерийн “Гүүдсек ҮЦК” ХХК-д нээлгэсэн байна.
“Хуримтлалтай-Хувьцаатай иргэн” аян Дорноговь аймгийн сумдаар
“Хуримтлалтай-Хувьцаатай иргэн” аяны Ажлын хэсгийнхэн Дорноговь аймгийн Сайншанд сумын иргэдтэй өнгөрөгч амралтын өдөр аймгийн төвийн иргэдтэй уулзаж хувьцааны үр ашиг, данс нээлгэх, хувьцаа худалдан авах, хөрөнгийн зах зээл зээлд оролцох талаар сургалт явуулж иргэдийн асуултад хариулав. Ажлын хэсгийнхэн Хөдөлмөр халамж үйлчилгээний газар, АШУҮИС-ийн Дорноговь дахь салбар сургууль, Нэгдсэн эмнэлэг, Цагдаа, Онцгой байдал, МСҮТ, аймгийн ЗДТГ зэрэг Сайншанд сумын томоохон албан байгууллагаар явж мэдээлэл хийж буй. Мөн брокер дилерийн компаниуд ч хамт явж байгаа. Дорноговь аймгийн хэмжээнд брокер дилерийн “Би ди сек” ХХК-ийн салбар аймгийн Намын хорооны байрны хоёр давхарт, “Санар” ХХК “Гурван хөвсгөл” худалдааны төвийн хоёр давхарт, “Гүүд сек” ХХК “Соёмбо” цогцолборын хоёр давхарт тус тус ажиллаж байна. “Гүүд сек” ХХК-ийн Дорноговь аймаг дахь салбарын ажилтан Н.Отгонсүрэнгийн ярьснаар Дорноговь аймгийн нийт иргэдийн 50 хүрэхгүй хувь нь дээрх гурван компанид хандаж дансаа нээлгэжээ. Сайншанд, Замын-Үүд зэрэг томоохон суурин газрын иргэд дансаа нээлгэхдээ идэвхтэй байгаа бол хөдөөгийн малчид, сумын иргэд, залуучуудын төлөөлөл идэвх муу байгаа аж. Тиймээс тус компани хөдөөгийн иргэдэд зориулж онлайн үйлчилгээ нэвтрүүлсэн ч зарим сумын интернэтийн хурдаас шалтгаалж ашиглахад хүндрэл гарч байгаа тул сумын удирдлагуудтай ярилцаж сум бүрт төлөөлөгчтэй болжээ. Залуучуудын зарим нь хөрөнгийн зах зээл, хувьцааны талаар мэдлэг хомс учир асуухаасаа ичдэг мөн эцэг эх, эсвэл эмээ өвөөдөө үнэмлэхээ өгөөд явуулчихдаг хандлага байна.
О.Батчимэг: Сургалтын хажуугаар иргэдийн хувьцааны талаарх судалгаа авч байна
Ийнхүү аяны талаар Дорноговь аймагт ажиллаж байгаа “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн “1072 хувьцаа” мэдээллийн албаны мэргэжилтэн О.Батчимэгээс зарим зүйлийг тодруулав.
-Хөрөнгийн зах зээл, хувьцааны талаарх орон нутгийн иргэдийн мэдлэг ямар түвшинд байна вэ?
-1072 хувьцаа хүмүүст ямар хэрэгтэй, хэзээ олгох, ямар үнэтэй байх талаарх иргэдийн мэдлэг мэдээлэл бага байгаа нь анзаарагдсан. Тухайлбал, хувьцаа хийгээд, даатгалын үйлчилгээ иргэнд ямар хэрэгтэй, яагаад брокерын компаниудад хандах ёстой зэрэг талаар мэдээлэл тааруу учраас шаардлагатай мэдээллийг өгч байгаа. Иргэдийн хувьцааны талаарх анхан шатны бичиг баримтыг цуглуулах мөн тухайн үед 500 мянган төгрөг авч байсан оюутнуудын анхан шатны судалгаа, зарим зөрүүтэй байдлыг арилгах, нягтлах ажлыг ирэх 12 сарын 07-ноос өмнө хийж дуусгах учиртай. Үүний дагуу ажиллаж байна. Мөн сургалтын хажуугаар сургалтын өмнө болон дараагийн үеийн иргэдийн хувьцааны талаарх анхан шатны ойлголтын талаар судалгаа авч байна.
-Хувьцааны талаарх аймгийн удирдлагууд, байгууллага аж ахуй нэгжийн удирдлагын ойлголт ямар байна?
-Боломжийн. Иргэдэд хүрч үйлчилдэг албан тушаалтнуудын хувьцааны талаарх мэдлэг чухал учраас өнөөдөр өглөө иргэдийн дунд сургалт явуулахдаа багийн Ажлын албанд ажилладаг хүмүүст мэдээлэл өгсөн.
Хойд бүс бүсийн баг Орхон аймагт ажиллаж байна
“Эрдэнэс-Тавантолгой” ХК-аас зохион байгуулж буй “Хуримтлалтай - Хувьцаатай иргэн” аянд Орхон аймгийн 24 багийн 2000 гаруй иргэн хамрагдаж хувьцаа, хөрөнгийн зах зээл, “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ирээдүйн зорилтын талаар мэдээлэл авлаа. “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн нийт хувьцааны 85.2 хувийг төр, 14.7 хувийг иргэд, 0.05 хувийг аж ахуйн нэгж эзэмшиж байна. Тодруулбал, 2 сая 511 мянган иргэн 1072 хувьцааг эзэмшиж байна. Зөвхөн өнгөрсөн оны байдлаар 1 сая 100 мянган хүнийг хувьцаа эзэмшигчээр шинээр бүртгэж цаашид 780 мянган иргэнийг хамруулахаар ажиллаж байгаа ажээ. Иргэд хувьцаа эзэмшсэнээр өрх, гэрийн эдийн засаг болон улс орны хөгжилд хэрхэн нөлөөлөх талаар тус компанийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг мэдээлэл хийлээ. Тодруулбал, “Эрдэнэс-Тавантолгой” ХК байгуулагдсанаасаа хойш улс төрийн нөлөөллөөр ашигтай ажиллаж чадаагүй учир бүхий л орлого, ашгаа өр, төлбөр барагдуулахад зарцуулсан гэдгийг мэдээллийнхээ эхэнд хэллээ. Үүнийг Эрдэнэт хотын хөгжилтэй харьцуулж тайлбарлахдаа, “Жишээ нь Эрдэнэт хот 1976 онд байгуулагдаад есөн жилийн дараа гэхэд “Эрдэнэт үйлдвэр”–ийн I ээлж ашиглалтад орсон, 1,2,3 дугаар микрийн орон сууц, Дулааны цахилгаан станц, Хөнгөн үйлдвэрүүд аль хэдийнээ ашиглалтад орсон байхад “Эрдэнэс Тавантолгой” ХК байгуулагдсанаас хойших есөн жилийн дараа зөвхөн өр л дарсан байна. Гэтэл 50 мянган хүн амтай жижиг хот, төмөр зам, хими, технологийн үйлдвэрүүд аль хэдийн байгуулагдсан байх ёстой байсан” гэсэн юм. Гэхдээ үйлдвэрийнхээ ТЭЗҮ-ийг дахин боловсруулж, стратеги, төлөвлөлтөө шинэчилж ажилласны дүнд 2017 онд 401 тэрбум, 2018 онд 807 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж санхүүгийн хувьд чадавхтай болсон гэлээ. Нүүрсний нөөцөөрөө дэлхийд нэгд, олборлолтын хэмжээгээр дөрөвт бичигддэг тус компанийг 2011 онд олон улс үнэлэхдээ 12-24.6 тэрбум доллартай дүйцэхүйц үнэ цэнтэй орд хэмээгээд 6.3 тэрбум тоннын нөөцтэй гэж дүгнэсэн байдаг. Иймд Зүүнбаян, Гашуунсухайтын чиглэлд тавьж буй төмөр зам ашиглалтад ороход нэг тонн нүүрсний үнийн тээвэрлэлтийн зардал 4 дахин буурч иргэдэд ноогдох ногдол ашиг тэр хэмжээгээр нэмэгдэнэ гэлээ. Одоо авто замаар нэг тонн нүүрсийг тээвэрлэхэд 35 доллар зарцуулж байгаа бол төмөр замаар тээвэрлэхэд 8 доллар зарцуулах гэнэ. Өөрөөр хэлбэл иргэн бүрт олгох ногдол ашиг ийнхүү бодитой нэмэгдэнэ гэсэн юм. Мөн ирэх оны тавдугаар сард тус компани олон улсын хөрөнгийн зах зээлээс 1.3 тэрбум доллар босгох төлөвлөгөөтэй байгаа тул хувьцаа эзэмшигч иргэд дотоодын бус олон улсын хувьцаа эзэмшигч болно гэдгийг өдөрлөгийн үеэр мэдээллээ. Ийнхүү “Хуримтлалтай - Хувьцаатай иргэн” Орхон аймагт амжилттай өрнөж иргэд хөрөнгийн зах зээл, “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хэтийн зорилго, хөрөнгийн зах зээлд оролцох давуу тал зэрэг санхүү, эдийн засгийн тодорхой мэдээлэлтэй боллоо.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 0 )