Уурхайд хөтлүүлсэн эрдэнэтчүүд БИЧИЛ УУРХАЙГААС татгалзжээ

Б.Төрбат | Zindaa.mn
2019 оны 11 сарын 11

Хариуцлагатай уул уурхайн төлөө, байгаль эхээ хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг "Эрс шинэчлэл хөдөлгөөн", "Босоо хөх Монгол", "Монголын хуульч эмэгтэйчүүдийн холбоо" зэрэг төрийн бус байгууллагаас "Байгаль эх-Хариуцлагатай уул уурхай" үндэсний хэлэлцүүлгийг орон даяар зохион байгуулж байгаа билээ. Хэнтий аймгаас эхлүүлсэн энэхүү үндэсний хэлэлцүүлэг өнгөрсөн пүрэв гарагт 11 дэх аймагтаа үргэлжилсэн юм. Орхон аймгийн Эрдэнэт хотод болсон хэлэлцүүлгийн үндсэн илтгэлийг "Монголын хуульч, эмэгтэйчүүдийн холбоо"-ны тэргүүн Б.Долгор, Монгол Улсын маркшейдерийн зөвлөх инженер Д.Гэрэлгуа, "Босоо хөх Монгол" төрийн бус байгууллагын Удирдах зөвлөлийн дарга Ц.Баяраа, "Эрс шинэчлэл хөдөлгөөн" төрийн бус байгууллагын тэргүүн Д.Энхбат нар тавьсан.

ЭРДЭНЭТ ХОТЫН ТУЛГАМДСАН АСУУДАЛ ЦАГААН ТООС БОЛЖЭЭ 

Орхон аймгийн Эрдэнэт хотод болсон үндэсний хэлэлцүүлгийн үеэр тус хотын иргэдийн эрүүл мэндэд уул уурхайгаас гардаг цагаан тоос тулгамдсан асуудлыг нэг болоод байгааг онцоллоо.

Энэ талаар Орхон аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал  "Эрдэнэт хотын өмнө тулгамдсан томоохон асуудлын нэг нь цагаан тоос юм. Орхон аймгийн Засаг даргын тамгын газар, "Эрдэнэт" үйлдвэр, Орхон аймгийн Байгаль орчны хэлтэс хамтран цагаан тоосны асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна. Нийт 200 гаруй сая төгрөг төсөвлөөд байгаа. Эрдэнэт хотод ажиллаж, амьдардаг нийт иргэдийг нарийн мэргэжлийн шинжилгээнд хамруулж эхэлсэн. Цагаан тоос тулгамдсан асуудал хэдий ч шийдэгдэх шатандаа явна" гэх мэдээллийг хэлэлцүүлгийн үеэр өглөө.

Тэгвэл "Эрдэнэт" үйлдвэр нь нийгмийн хариуцлагын хүрээнд цагаан тоосыг гурван аргаар даржээ. Тухайлбал, хаягдал булингад дарагч бодисыг Герман улсын тоног, төхөөрөмж ашиглаж 600 га талбайн тоосыг даржээ. Түүнчлэн тусгай зориулалтын төхөөрөмжөөр 50 га газрын тоосыг дарсан байна. Үүнээс гадна үйлдвэрлэлийн технологийн аргаар булингын хаялтаар 300 га талбайг норгож, цагаан тоосыг даржээ.

Харин цагаан тоосны дэгдэлт, сөрөг нөлөөллийг бууруулах дэд хөтөлбөрийг Орхон аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 49 тоот тогтоолоор батлуулан, хэрэгжүүлж байгаа аж. 

ОРХОН АЙМАГТ ХАЙГУУЛЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ НЭГ Ч АЖ АХУЙН НЭГЖ БАЙХГҮЙ

Орхон аймгийн Эрдэнэт хот уурхай дагаж хөгжсөн. Энэ ч утгаараа тус хотыг "Эрдэнэт" үйлдвэргүйгээр төсөөлөхөд бэрх. Өөрөөр хэлбэл, 100 гаруй мянган хүн амтай тус хотын нийгэм, эдийн засгийн гол тулгуур нь “Эрдэнэт” үйлдвэр яах аргагүй мөн билээ.

Үндэсний хэлэлцүүлгийн үеэр эрдэнэтчүүд бичил уурхайчдын асуудлыг хөндөж, тэднээс салах цаг нь болсон гэдгийг хөндөж байлаа.

Орхон аймгийн Эрдэнэт хотод гурван цаг гаруй үргэлжилсэн үндэсний хэлэлцүүлгийн үеэр тус аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал үг хэлсэн юм. Тэрбээр "Эрдэнэт хот өнгөрсөн 40 гаруй жилийн хугацаанд уул уурхай дагаж, өдий зэрэгт хүрсэн гэдгийг хүн бүр мэднэ. Монгол Улсын эдийн засгийн хүндхэн цаг үед Эрдэнэт хотын уурхайчид буюу баялаг бүтээгчдийн хөдөлмөрийн хөлс, түүнээс олсон орлогоор Монгол Улсыг бүхэлд нь тэжээж, эдийн засгийн хүндрэлийг давж гарсан байдаг. Манай аймагт "Эрдэнэт" үйлдвэр зэрэг томоохон гурван уурхай байна. Эдгээр гурван уурхай нь аймгийнхаа Засаг даргын тамгын газар, төр захиргааны байгууллагатай хамтын ажиллагаатай байдаг. Хамтын ажиллагааны гэрээ үзэглэсэн. Уул уурхайн аж ахуйн нэгжүүд орон нутагтайгаа хамтарч ажилласны үр дүнд тодорхой ахиц дэвшил гарч байна" хэмээн тодотголоо.

Түүнчлэн өнөөдрийн байдлаар Орхон аймагт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөлтэй болон бичил уурхай эзэмшигч нэг ч аж ахуйн нэгж байхгүй гэдгийг хэлсэн үгэндээ онцолсон юм.  Орхон аймгийн нутаг дэвсгэрт Монгол Улсын томоохон үйлдвэр болох уулын баяжуулах "Эрдэнэт" үйлдвэр, катодын зэс үйлдвэрлэх "Эрдмин", "Ачит ихт" зэрэг компани үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс гадна түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй "Очир төв", "Чингэл бөөн цагаан", "Үйлс констракшн", "Отгонтэнгэр", "Борцэцэг", "Зунрун" компаниуд ашиглалтын тусгай зөвшөөрөлтэйгөөс гадна "Очир төв" ХХК-иас бусад нь 2013 оноос хойш эдийн засгийн болон бусад шалтгаанаас үүдэж үйл ажиллагаа явуулаагүй аж. Тиймээс аймгийн зүгээс хууль, тогтоомжийн хүрээнд үйл ажиллагааг нь зогсоосон байна.

АЙМГИЙН ХЭМЖЭЭНД ДОЛООН АЖ АХУЙН НЭГЖИД 10 ЛИЦЕНЗ ОЛГОЖЭЭ

Орхон аймагт өнөөдрийн байдлаар ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй долоон аж ахуйн нэгжийн 10 лиценз олгожээ. Тэд нийт 11021.29 га газрыг хамран үйл ажиллагаа явуулдаг байна. Энэ нь Орхон аймгийн нийт газар нутгийн 13 хувийг эзэлж байгаа талаар хэлэлцүүлгийн үеэр албаныхан тодотгож байлаа.

Харин 2017 онд аймгийн зүгээс эвдэрсэн газрын тооллогыг явуулсан байна. Энэ үеэр эвдрэлд орсон 37 газарт тооллого, хэмжилт судалгаа хийж 47.8 га газрыг тооллогын дүнгээр тогтоожээ.

Үүнд, Баян-Өндөр суманд 17 газарт 34.38 га, Жаргалант суманд 20 газарт 13.42 га талбайд тооллого, хэмжилт, судалгаа хийж жил бүр нөхөн сэргээлтийн төсвийг батлуулдаг болжээ. Үр дүнд нь энэ оны байдлаар нийт 40.92 га газарт техникийн болон биологийн нөхөн сэргээлтийн ажлыг хийсэн байна. Энэ нь аймгийн хэмжээнд нийт эвдэрсэн газрынх нь 85.6 хувийг эзэлж байгаа аж.

Энэ талаар Орхон аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга С.Жаргалсайхан "Орхон аймаг нь Монгол Улсын ойт хээрийн бүс. Орхон гол, Сэлэнгэ мөрний сав газарт байрладаг. Хэдийгээр эрс тэс уур амьсгалтай ч газарзүйн байрлалаасаа шалтгаалж дулааны улиралд харьцангуй сэрүүвтэр. Харин хүйтний улиралд харьцангуй дулаахан байдаг. Энэ оны байдлаар ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй долоон аж ахуйн нэгж байна. Нийт 10 ашиглалтын тусгай зөвшөөрөл олгогдсон. Орхон аймгийн нутаг дэвсгэрт Монгол Улсын томоохон гурван үйлдвэр үйл ажиллагаа явуулдаг. Манай аймагт ашигт малтмал хайгуулын тусгай зөвшөөрөлтэй нэг ч аж ахуйн нэгж байхгүй. Харин бичил уул уурхайн зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж байхгүй болно" хэмээн ярилаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top