“Улс төрийн санхүүжилтийн хяналтын тогтолцоо: Олон улсын туршлага” хэлэлцүүлэг өнөөдөр /2019.12.05/ эхэллээ. Хэлэлцүүлгээр улс төрийн санхүүжилтийн хяналтын байгууллагын тогтолцоо, бүрэн эрх, төсөв санхүүжилт, улс төрийн намын болон нэр дэвшигчийн санхүүжилт болон зарцуулалтад тавих хяналт, санхүүгийн тайланд тавих шаардлага, олон нийтэд улс төрийн санхүүжилтийг хэрхэн ил тод болгох, хуулийн зөрчилд хүлээлгэх хариуцлага зэрэг улс төрийн санхүүжилтийн хяналттай холбоотой цогц асуудлыг олон улсын сайн туршлага болон гадаадын улс орнуудын сайн туршлага, кейс дээр тулгуурлаж ярилцаж буй аж.
International IDEA-ийн судалгаанаас үзэхэд ихэнх улс орнуудын улс төрийн санхүүжилтэд сонгуулийн байгууллага хяналт тавих нь түгээмэл хэдий ч аудитын байгууллага, авлигатай тэмцэх байгууллагууд улс төр дэх мөнгөнд хяналт тавих эсвэл эдгээр байгууллагууд нь хамтрах нь цөөнгүй ажээ.
Хэлэлцүүлэгт БНЭУ-ын Сонгуулийн Комиссын дарга Викрам Батра, Латви Улсын Авлигатай Тэмцэх Агентлагийн Улс төрийн намын хяналтын газрын дарга Амилижа Рэйтума, Гүрж Улсын Үндэсний Аудитын Газрын Улс төрийн намын санхүүгийн хяналтын газрын дарга Екатрин Гвани, Ноттингамын Их Сургуулийн профессор Фернандо Касал Бэртоа нарын гаднын төлөөлөгчид оролцож байгаа юм байна.
Монгол Улсын Үндсэн Хуулийн нэмэлт өөрчлөлт батлагдаж, УИХ-ын Сонгуулийн болон Улс төрийн намын тухай хууль удахгүй хэлэлцэгдэхээр төлөвлөгдсөн энэ үед Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх Олон улсын хүрээлэн (International IDEA) болон Нээлттэй Нийгэм Форум (ННФ)-аас Европын Холбооны дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй “Улс төрийн санхүүжилт: Ёс зүй, оролцоо, хариуцлага” төслийн хүрээнд энэхүү хэлэлцүүлэг болж байна. Мөн маргааш үргэлжлэн зохион байгуулагдах аж.
Сэтгэгдэл ( 1 )
УИХ-ын гишүүдийн тойргийнхоо нэрээр авдаг олон тэрбум төгрөг чинь улс төрийн санхүүжилт шүү дээ. УИХ-ын гишүүнийг тойрогт юм хийгээд өгөөч гэж сонгодоггүй, харин сонгогчдоо төлөөлөө хууль, тогтоол, шийдвэр гаргахад сайн оролцоорой, хуулийг дээдлэн сахиж, жудагтай байгаарай гэж л төлөөллөө болгодог учиртай. Сонгогдохдоо түмэн зүйлийн хоосон амлалт өгч хуураад түүнийгээ биелүүлсэн болох гэж төсвийг ”хоосолдогоо” зогсоосон цагт улс төрийн санхүүжилтийн тухай ярих нь ёс зүйтэй болов уу?