Францын Ерөнхийлөгч Эммауэль Макроны тэтгэврийн шинэчлэлийн бодлогыг эсэргүүцэн тус улс даяар ажил хаялт зарлажээ.
Францын үйлдвэрчний эвлэл /Хөдөлмөрийн нэгдсэн холбоо/ 1.5 сая хүн жагсаалд нэгдсэн гэж мэдэгдэж байгаа бол тус улсын Дотоод хэргийн яамны мэдээллээр 806 мянган хүн жагсаалд оролцож байна гэж мэдээлжээ.
Тээврийн үйлчилгээ зогсож, сургуулиуд хаалгаа барьж, олон улсын нислэгүүд цуцлагдсан байна. Парис, Лион зэрэг хотуудад эмх замбараагүй байдал үүсгэсэн жагсагчдыг тараахын тулд цагдаа нар нулимс асгаруулах хий хэрэглэснийг үл тооцвол орон даяар жагсаал цуглаан тайван болж байна.
Автомашин болон агаарын тээврийн ажилтнууд, багш, гал сөнөөгч, хуульч болон бусад салбарын ажилтнууд энэхүү тэтгэврийн шинэчлэлийн дагуу тэтгэврийн хэмжээ буурч, тэтгэврийн насыг уртасгана хэмээн болгоомжилж байгаа юм.
Францын үндэсний төмөр замын “SNCF” компани баасан гарагт өндөр хурдны галт тэрэгний хөдөлгөөний 90 хувийг цуцалсан бол тээврийн ажилтнууд ажил хаясан тул метроны 16 шугамын 11 нь ирэх даваа гараг хүртэл хаагдаад байна. Агаарын тээврийн “Air France” дотоодын нислэгийн 30, олон улсын нислэгийн 10 хувийг цуцлаад байна.
Ажилтнууд нь ажил хаясан хэд хэдэн ресторан, дэлгүүрүүд үүдээ барьж, сонин хэвлэл тасалдаж, тус улсын газрын тосны найман үйлдвэрийн долоо нь ажиллаагүй байна. Ажил хаялт удаан үргэлжилбэл шатахууны хомстол үүсэж болзошгүй байна. Мөн ийм шалтгаанаар Эйфелийн цамхаг, Орсей музей хаагдаад байгаа бол Лувр, Помпиду төв болон бусад музейн зарим танхим ажиллахгүй байгаа гэнэ.
Энэхүү үйл явдлыг олон улсын хэвлэлүүд Францад 1995 онд гурван долоо хоног үргэлжилсэн ажил хаялтыг санагдуулж байна хэмээн тодорхойлжээ.
Өдгөө тус улсад тэтгэврийн нас нь 62. Гэхдээ төмөр зам, театр зэрэг салбарын ажилтнууд үүнээс эрт буюу 50 орчим насандаа тэтгэвэрт гардаг аж.
Энэ онд Эммануэль Макрон “шар хантаазтнууд”-ын хөдөлгөөнөөс авахуулаад саяхны цагдаа, гал сөнөөгч, багш, эмч, хуульчдын жагсаал зэрэг эсэргүүцэлтэй тулж байсан. Харин энэ удаад жагсагчид нэгдэж тэмцэж буй нь анхны тохиолдол юм.
Сэтгэгдэл ( 0 )