“Нуклер Энержи Монголиа” компанийн ураны лицензийг цуцлахыг шаардлаа

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 10

Архангай аймгийн Өндөр-Улаан сумын “Гурван гол” хөдөлгөөнөөс тус сумын нутагт ураны тусгай зөвшөөрөл олгосон талаар өнөөдөр /2019.12.10/ мэдээлэл хийлээ. Архангай аймгийн Өндөр-Улаан, Тариат, Жаргалант гэсэн гурван сумын нутагт А.Эрдэнэбат захиралтай “Нуклер Энержи Монголиа” ХХК ураны хайгуулын зөвшөөрөл авчээ. Энэ талаар нутгийн малчид, иргэдийн төлөөлөл мэдээлэл хийж, төрийн эрх бүхий байгууллагуудыг анхаарал хандуулахыг шаардлаа. 

“Гурван гол” хөдөлгөөний Удирдах зөвлөлийн гишүүн Ц.Баярхүү “Архангай аймгийн Өндөр-Улаан, Тариат, Жаргалант гэсэн гурван сумын нутагт ураны хайгуулын үйл ажиллагаа явуулж байна. Бид 2011 онд нутагтаа ураны хайгуулын үйл ажиллагаа явуулахыг эсэргүүцсэний үр дүнд үйл ажиллагаа нь зогсоод байсан. Гэвч “Нуклер Энержи Монголиа” ХХК хайгуул хийх эрх нь дахин сэргэсэн. Анхан шатны шүүхээс тус компанийн хайгуул хийх эрхийг сэргээсэн. Өндөр-Улаан, Тариат, Жаргалант сумын Засаг дарга нарыг Байгаль орчин, нөхөн сэргээлтийн менежментийн гэрээн дээр гарын үсэг зураагүй гэсэн шалтгаанаар шүүхээс буруутгаж, ял төлөвлөсөн. Өөрөөр хэлбэл хуулийн байгууллага энэ компанийн талд ажилласан.

Бид дэлхийтэй хөл нийлүүлэн алхах нь зөв. Гэхдээ бидний соёлд нийцэхгүй зүйл байна. Дэлхий уранаас татгалзаж байхад яагаад ураныг олборлох гээд байна вэ. Түрүүчээсээ уран ямар хортойг мэдэж байгаа. Энэ хүмүүс чинь гол ус, булаг шандын хажууд очоод хайгуулын үйл ажиллагаа явуулж байна. Хээлтэй үнээ тугаллахад үсгүй тугал гарч байгаа. Уран бол газрын хэвлийд байхдаа байгалийн хуулиараа нөлөөлөл байхгүй. Ухаж гаргаж ирэх явцад маш их хортой. Газраас ураныг гаргаж ирэхэд нэг наст ургамал хамгийн их шингэдэг. Түүнийг мал амьтан идэж хордож эхэлсэн. Уран хүний биед хорт хавдар үүсгэдэг. Бид өөрсдийгөө мэдэхгүйгээр хордож эхэлсэн. Мал, махаа экспортод гаргая гэвэл гаднынхан авахгүй. Яагаад гэхээр Дорноговь, Архангайд уран олборлож байгааг гадаадынхан мэднэ. Тийм учраас махаа экспортод гаргах боломжгүй болно. Тиймээс ураны хайгуулын үйл ажиллагааг зогсоох ёстой.

“Нуклер Энержи Монголиа” компанийн гүйцэтгэх захирлаар А.Эрдэнэбат гэж хүн ажилладаг. Тус компанийнхан “Бид танай нутагт дөрвөн тэрбум төгрөг оруулсан байгаа. Та нар төлж чадах уу. Архангайн төрийн албан хаагчид цалингүй ажиллаж, бид төсвөөс мөнгийг нь авах юм уу” гэдэг. Анх хууран мэхлэх замаар, дадлагын оюутнууд судалгаа хийнэ гэж орж ирж хайгуул хийж эхэлсэн. Төрийн гурван өндөрлөг, У.Хүрэлсүх Ерөнхий сайдаа энэ компанийн тусгай зөвшөөрлийг цуцлахыг хүсэж байна. Манай аймгаас сонгогдсон УИХ-ын гурван гишүүн энэ асуудалд анхаарал хандуулах хэрэгтэй” гэлээ.

Архангай аймгийн Өндөр-Улаан сумын иргэн П.Батболд “Ураны хайгуулын үйл ажиллагаа явуулж буй тухайн нутгийн онцлогийг эхлээд танилцуулъя. Тухайн бүс нутагт хүн ам шигүү суурьшсан. Ойн мод, ургамал, ус жигдэрсэн сайхан нутаг бий. Улаан номд орсон зэрлэг амьтад ихтэй. Ургамал зүйлийн хувьд Улаан номд орсон 12 ховор ургамал тус бүс нутагт ургадаг. Хайгуулын ажиллагаа явуулсан нутаг дэвсгэрт 90 гаруй өрх, 500 гаруй хүн амьдардаг. Тэр лицензтэй талбайд жилийн дөрвөн улиралд малаа маллаж амьдарч байна. Хайгуулын явцад нутгийн иргэдийн авсан хохирол их. Хайгуулын цооног, өрөмдлөг хийсэн газар нь дандаа голын эрэг, булаг шандын эхэнд байна. Үүнээс болж эрхтэн дутуу хурга, ишиг төрөх болсон.

Гэтэл Ураны үйл ажиллагаа явуулах гээд улайраад байгаа нь харамсалтай байна. Энэ нь төрийн бодлого юм уу. Дээрх асуудал нь зөвхөн гурван сумын иргэдийн асуудал биш. Үндэсний аюулгүй байдлын асуудал юм. Хойч үе минь хордож хоосон нутаг хоцрох нь. Ураны үйл ажиллагаа явуулахыг гурван сумын иргэд эсэргүүцэж байна. Төрийн нэр барьж үйл ажиллагаа явуулах гэж байна. Засгийн газар энэ тал дээр анхаарал хандуулах ёстой. Ураны хайгуул хийхэд хоргүй гэдэг. Малчид тэнэг улсууд биш шүү. Эхнээсээ мал, амьтанд нөлөөлж байна” гэлээ.

Анх Архангай аймгийн Өндөр-Улаан сумын нутагт тус компани хайгуулын өрөмдлөгийг 2009 оны дөрөвдүгээр сард эхлүүлж байжээ. Тухайн онд Өндөр-Улаан сумын Азарга багийн Шаргачин гол дагуу оюутнууд дадлага хийх нэрийдлээр ажиллаж, өрөмдөх цэгүүд тогтоогоод, үргэлжлүүлэн техник төхөөрөмжүүд оруулсан байна. Тэр үеийн сум, аймгийн удирдлагууд үйл ажиллагааг нь зогсоох талаар УИХ-ын гишүүд, яамдад албан бичиг хүргүүлснээр Цөмийн энергийн газрын дарга С.Энхбат газар дээр нь нөхцөл байдалтай танилцан үйл ажиллагааг 2011 онд зогсоож байжээ. Үүнээс хойш гурван жилийн дараа буюу 2014 онд тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан аж. Сунгуулах хүсэлтэд сумын удирдлагууд татгалзсан хариу өгсөн бөгөөд шүүхээс тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож байжээ. Гэвч саяхан тус компанийн хайгуул хийх эрх сэргэж, хайгуулын ажлаа эхлүүлээд байгаа юм байна. 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.57.93.183) 2019 оны 12 сарын 10

Битгий шаа хужаа минь хөнгөн хордох,хүнд хордох гэж юугаа хуцна вэ?Хордох бол аюул чи тэр хужаагаа ух ацны данжаадаа.Бид энэ сайхан нутггаа ухталаа хоосорсон ядуус биш.Байгалиа хайрлая.

0  |  0
зочин(192.82.68.11) 2019 оны 12 сарын 10

ард иргэдэд сайн таниулж хөнгөн хоргүй олборлолтыг зөвшөөрч харин хордсон газрыг услада компаны шидэт дэрээр хүн ардыг анагааж хоргүйжүүл эмзаг бүлгийнхэнд тусламж хэлбэрээр тарааж

0  |  0
зочин(192.82.68.11) 2019 оны 12 сарын 10

ард иргэдэд сайн таниулж хөнгөн хоргүй олборлолтыг зөвшөөрч харин хордсон газрыг услада компаны шидэт дэрээр хүн ардыг анагааж хоргүйжүүл эмзаг бүлгийнхэнд тусламж хэлбэрээр тарааж

0  |  0
Top