Рио Тинто “Оюутолгой”-н гэрээг сайжруулахыг дэмжлээ, Одоо яах вэ!

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 12

Рио Тинтогийн босс “Оюутолгой”-н гэрээг сайжруулахад бэлэн гэж ам бардам хэлснээс гурван долоо хоногийн дараа Рио Тинто албан ёсоор сайжруулна гэдгээ мэдэгдлээ. Монгол дахь мега төсөл гэгдэх “Оюу Толгой”-н асуудал нь ч бас мега. Бүтээгч үйлдвэрлэлгүй, мөнгө багатай Монгол Улсын ганц төсөлд хөрөнгө оруулагч нь Рио Тинто. Үйлдвэрлэлгүй учраас ямар сайндаа тэдний оруулсан 1.5 тэрбум ам.доллар валютын нөөцийг бүрдүүлж байх вэ дээ. Хөрөнгө оруулсан Оюу Толгой нь ээдрээтэй түүхийг туулсаар арав дахь жилтэйгээ золгоод байна. Далд уурхай ашиглалтад орох хүлээлттэй ч хойшилсон, гэрээнд заагдсан үүргээ биелүүлээгүй гэх олон сүүдэр тэднийг дагаж байгаа.

Сүүдэр ихтэй мега төсөл одоо хэлэлцээрийн ширээний ард үргэлжлэх нь. Парламентын тогтоолыг хожим дэлгэрэнгүй тайлбарлах учир одоо анхаарах ёстой хэд, хэдэн зүйлсийг нуршилгүйгээр дурдъя.

Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай тогтоолын тэргүүн заалтыг уншигч та анхаарах ёстой.

Уг тогтоолын хамгийн түрүүнд  “Засгийн газар, “Рио Тинто интернейшнл холдинг” болон “Айвенхоу Майнз” компанийн 2009 оны аравдугаар сард байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээ, 2011 онд байгуулсан “Эрдэнэс Монгол”, “Айвенхоу Оюутолгой”, “Оюутолгой Нидерланд Би Ви”, “Оюу Толгой” компанийн Хувь нийлүүлэгчдийн гэрээг УИХ-ын 2008 оны “Үндсэн зарчим, удирдамж батлах тухай” тогтоол, 2009 оны “Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний тухай” тогтоол болон Монгол Улсын хууль, тогтоомжийн хүрээнд сайжруулах цогц арга хэмжээ авах, энэ чиглэлд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хараат бус зөвлөх үйлчилгээ авахыг даалгаж буй юм” гэж заажээ.

Ингэснээр “Оюутолгой”-н өөр нэг хөрөнгө оруулагч “Туркойз Хилл Ресурс” компанийн ТУЗ дээр үүссэн маргаан цаашлаад олон нийтэд үүссэн хардлагад хариу өгөх чухал алхам боллоо. Хоёр сар хүрэхгүй хугацааны өмнө Австралийн санхүү, эдийн засгийн “Financial Review” сонинд “Рио Тинто”-д ажиллаж байсан эрхэм “Оюутолгой”-н санхүүжилтийг санаатайгаар нэмсэн тухай баримтыг ил болгосон. Рио Тинто компанид Ерөнхий менежерийн алба хашиж байхдаа буюу 2018 оны долоодугаар сарын 19-ний өдөр компанийнхаа дэд ерөнхийлөгчид ханджээ. Ажил үүргийн хуваарь, удирдлага чиглэлийн дагуу тухайн үед Рио Тинто компанийн Зэс, очир эрдэнийн салбарын хүний нөөц хариуцсан дэд ерөнхийлөгчид гүний уурхайн бүтээн байгуулалт төлөвлөснөөс 12 сараас хойшлох тухай, хөрөнгө оруулалтын зардал 300 сая ам.доллароор давах тухай асуудлаар хандсан байна.

Төд удалгүй  2019 оны долооду­гаар сард Оюу Толгой компани далд уурхайн бүтээн байгуулалт хойшилсон, зардал нэмэгдсэн тухай зарлав. Ингэхдээ 300 сая ам.доллароос хэд дахин давж 1.2-1.9 тэрбум ам.доллароор нэмэгдэх тухай монолчууд, цаашлаад дэлхий нийт мэдсэн билээ.

УИХ-ын баталсан тогтоолын анхаарал хандуулах ёстой заалты н нэг нь “Оюутолгойн ордын зэс, алт, мөнгө болон бусад дагалдах элементийн нөөцийн үнэлгээг Монгол Улсад мөрдөж буй олон улсын стандартын дагуу дахин хийж, үүнд үндэслэсэн ТЭЗҮ-ийг дахин боловсруулж, эрх бүхий байгууллагаар дүгнэлт гаргуулах”.

Тогтоолд тусгагдсан энэ зүйл магадгүй Оюутолгой төслийн шинэчлэлийн эргэлтийн цэг байж болно. Хөрөнгө оруулалтын зардал нэмэгдэхтэй холбогдуулан хөрөнгө оруулагчдын дунд байсан маргаан бол үндсэн болон дагалдах элементийн нөөцийн үнэлгээ байсаар ирсэн. Австралийн сонинд “шүгэл үлээсэн” эрхмийн сэжиг, таамаг ч үүн дээр төвлөрсөн байдаг.

Нөөцийн үнэлгээ тодорхой болсноор хөрөнгө оруулалт, цаашдын үйл ажиллагааны чиглэл, уурхайн насжилт, далд уурхайн хэтийн төлөв ч тодорхой болох учиртай. Магадгүй сонгуулиас сонгуулийн хооронд “Оюутолгой”-той гэдгээ санадаг улстөрчдөд ч, хөрөнгө оруулагчдаа үргээх дээрээ тулсан “Рио Тинто” компанид ч үнэлгээгээ дахин тодорхойлуулах нь ашигтай байж мэдэх юм.

Голлох хөрөнгө оруулагч нааштай хүлээж авсан тогтоолын онцлох ёстой заалтын нэг нь “Дубайн гэрээ”-г Монгол Улсад ашигтайгаар шийдвэрлүүлэх тухай заалт яах аргагүй мөн. Энэ тухай УИХ-ын тогтоолд “Засгийн газар, “Оюутолгой”, “Ресурс Лимитед”, “Ти Эйч Ар Оюутолгой”, “Оюутолгой Нидерланд”, “Рио Тинто интернейшнл холдинг” компанийн 2015 онд байгуулсан Оюутолгой төслийн Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн нэмэлт төлөвлөгөөг Монгол Улсын эрх ашиг, хууль, тогтоомжид нийцүүлэн сайжруулах” гэж заажээ.

Сүүлд Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүх дээр Засгийн газар нь процессоо алдсан ч олон улсын гэрээгээр зохицуулагдах Үндэстэн дамнасан корпорацтай байгуулсан гэрээнд нөлөөлөхгүй гэсэн “өтгөн бантан”-г шийдвэрлэх гол алхам нь энэ. “Дубайн гэрээ”-г улстөрчид шиг бүр мөсөн цуцлана гэж "поп"-орч болохгүй. Гэлээ гээд поп нь ч бай, топ нь ч бай хожихгүй. Үүнийг “Дубайн гэрээ”-ний цомнолоос харж болно. Монголын шүүх ч үүнийг харуулсан.

"Дубайн гэрээ"-г Ч.Сайхан­билэгийн Засгийн газар процедураа зөрчөөд байгуулсан ч Үндэстэн дамнасан корпорацын дэглэлтээр явсан бол алдаа болоод л өнгөрсөнд үлдлээ. Харин одоо бид зарим заалтыг сайжруулах ёстой. Арабын нэгдсэн эмирт улсын нийслэл Дубай хотноо 2015 оны тавдугаар сарын 18-ны өдөр “Оюу Толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө”-нд хөрөнгө оруулагч тал, Монгол Улсын төлөөлөл оролцоон гарын үсэг зурсан байдаг. Нийтдээ найман зүйл бүхий 21 хуудас энэхүү гэрээгээр Далд уурхайн бүтээн байгуулалтад Монгол Улс, “Эрдэнэс Оюу Толгой” компани, хөрөнгө оруулагч “Туркойз Хилл Ресурс”, “Рио Тинто” хэрхэн  оролцох харилцааг л зохицуулах гэрээ байсан юм.

Энэ заалтад нэг том тодорхойлолт бий. “Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын ажлын санхүүжилтийн төлөвлөгөө”-ний гуравдугаар зүйлийн 3.1 –т “Далд уурхайн үе шатны бүтээн байгуулалт, үйл ажиллагааны зардал, Монгол Улсын Засгийн газарт төлөх төлбөрүүдийг санхүүжүүлэх зорилгоор Монгол Улсын нутаг дэвсгэрт зарцуулагдах зардлын тооцоо, бүтээн байгуулалтын ажлын болон зардлын төлөвлөгөөг дараах хүснэгтэд тойм байдлаар үзүүлэв. Энэхүү хүснэгтэд танилцуулсан тоо баримтууд нь төслийн цар хүрээ, зардал, график төлөвлөгөө, техникийн үзүүлэлтүүд, зах зээлийн нөхцөл байдал зэрэг Далд уурхайн ТЭЗҮ-д тусгагдсан өгөгдлүүд дээр үндэслэн тооцоологдсон болно. Монгол Улсын дотоодод зарцуулах зардлыг Оюу Толгой компанийн хуримтлуулсан туршлага, бүтээн байгуулалтын ажлын төлөвлөгөө зэрэгт тулгуурлан тооцож энд үзүүлсэн байгаа ба зохих чанарын шаардлагыг хангах, зардлын хувьд хэмнэлттэй дотоодын ханган нийлүүлэгчдээс хамаарна гэдгийг тэмдэглэх нь зүйтэй. Бүх тоог цаг хугацааны энэ мөчлөг дэх нөхцөл байдал дээр үндэслэж тооцсон бөгөөд тэдгээрт баталгаа гаргахгүй тул бодит гүйцэтгэлээр эдгээр тооцооллоос зөрүүтэй дүн гарч болно”  гэж заасан нь бий. Үүнээс эрхэм уншигч та бүхэн сүүлийн өгүүлбэрт анхаарлаа хандуулах хэрэгтэйг үүнд “Энэ мөчлөг дэх нөхцөл байдал дээр үндэслэж тооцсон бөгөөд тэдгээрт баталгаа гаргахгүй тул бодит гүйцэтгэлээр эдгээр тооцооллоос зөрүүтэй дүн гарч болно” гэж заасан байгаа.

Рио Тинто хэлэлцээрийн ширээний ард сууж асуудлаа шийдвэрлэх Монголын парламентын шийдвэрийг хүлээн авлаа. Одоо үүн дээр цэнхэр, улаан, манай, танай гэж ялгарахгүй алс хэтээ, хожим хойчоо бодох нь улстөрчдөөс шаардах хамгийн том шаардлага юм. Дахиад арван жилийн дараа мега тодотголтой төсөл мега асуудлынхаа дунд байх ёсгүй.


► Засгийн газар, “Рио Тинто интернейшнл холдинг” болон “Айвенхоу Майнз” компанийн 2009 оны аравдугаар сард байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээ, 2011 онд байгуулсан “Эрдэнэс Монгол”, “Айвенхоу Оюутолгой”, “Оюутолгой Нидерланд Би Ви”, “Оюу Толгой” компанийн Хувь нийлүүлэгчдийн гэрээг УИХ-ын 2008 оны “Үндсэн зарчим, удирдамж батлах тухай” тогтоол, 2009 оны “Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний тухай” тогтоол болон Монгол Улсын хууль, тогтоомжийн хүрээнд сайжруулах цогц арга хэмжээ авах, энэ чиглэлд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хараат бус зөвлөх үйлчилгээ авахыг даалгаж буй юм.
 

► Засгийн газар, “Оюутолгой”, “Ресурс Лимитед”, “Ти Эйч Ар Оюутолгой”, “Оюутолгой Нидерланд”, “Рио Тинто интернейшнл холдинг” компанийн 2015 онд байгуулсан Оюутолгой төслийн Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн нэмэлт төлөвлөгөөг Монгол Улсын эрх ашиг, хууль, тогтоомжид нийцүүлэн сайжруулах,
 

► Оюутолгой төслөөс хүртэх Монголын талын үр өгөөжийг хөрөнгө оруулалтын гэрээ болон 2010 оны ТЭЗҮ-ийн тооцоололд зааснаар 53 хувиас бууруулахгүй байх хүрээнд Монголын талын 34 хувийн хувьцааг бүтээгдэхүүн хуваах нөхцөл, эсхүл АМНАТ-т оруулах хувилбарыг судлан шийдвэрлэх, шаардлагатай тохиолдолд холбогдох хууль, тогтоомжид өөрчлөлт оруулах санал боловсруулан УИХ-д танилцуулах,
 

► Оюутолгойн ордын зэс, алт, мөнгө болон бусад дагалдах элементийн нөөцийн үнэлгээг Монгол Улсад мөрдөж буй олон улсын стандартын дагуу дахин хийж, үүнд үндэслэсэн ТЭЗҮ-ийг дахин боловсруулж, эрх бүхий байгууллагаар дүгнэлт гаргуулах,
 

► Байгаль орчны болон усны нөхцөл байдлын үнэлгээг Говийн бүсийн гүний ус ашиглах нөхцөлийг харгалзан тогтоох,
 

► УИХ-ын даргын захирамжаар байгуулсан Оюутолгой ордыг ашиглах, хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгах ажлын багийн санал, дүгнэлтийг хэрэгжүүлэх цогц арга хэмжээ авах,
 

► Оюутолгой төслийн Монголын талын төлөөллийг хэрэгжүүлэгч байгууллагын санхүү болон хүний нөөцийн чадавхыг олон улсын түвшинд хүргэж бэхжүүлэх,
 

► Уг тогтоолын хэрэгжилтийг хангахыг УИХ-ын Эдийн засгийн байнгын хороонд хоёрдугаар зүйлээр үүрэг болгох,

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ан-ын гишүүн(202.179.25.165) 2020 оны 09 сарын 02

луйвараа үргэлжлүүлнэ Өөр юм байхгүй.

0  |  0
зочин(43.228.129.20) 2019 оны 12 сарын 13

Монгол улс ашигт малтмалын ордуудаасаа ашиг олъё гэвэл эхлээд ашигт малтмалын хуулиа өөрчлөх яаж өөрчлөх бэ гэвэл том жижиг гэлтгүй орд газрыг ашиглана гэвэл хайгуул хийсэн нөөцийг тодорхойлсон хамаагүй ашиглах гэж байгаа орд газар бол монголын ард түмний өмч учраас ашиглавал 50% нь монгол улс засгийн газар ард түмний өмч гэсэн зарчмаар бүтээгдэхүүн хуваах 50 -50%-аар ашиглана гэсэн хууль гаргаж энэ хуулийг хэзээч хэнч өөрчилж болохгүй гэсэн заалт оруулж дагаж мөрдүүлэх ингэсэн цагт монгол улс жинхэнээсээ шудрагаар хөгжих үндэс суурь нь тавигдана гэсэн үг

0  |  0
matilda(197.234.221.170) 2019 оны 12 сарын 12

Сайн байцгаана уу ноёнтоон\nБид хувь хүмүүсийн хооронд мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох зорилгоор зээл олгодог санхүүгийн бүтэц юм.\nХэрэв танд хувийн төсөл байгаа бол; Эсвэл санхүүжилт хэрэгтэй.\nХэрэв та сонирхож байвал бидэнтэй шууд холбоо барьж, зээлэхийг хүсч буй дүн, эргэн төлөлтийн хугацааг хэлж өгнө үү.\nБидэнтэй холбоо барина уу: matildalecoustre@gmail.com\nwhatsapp: 0033 7 52 89 40 37

0  |  0
Зочин(103.26.193.185) 2019 оны 12 сарын 12

Одоо нөгөө сайнай сайн эрчүүд авдаг хахуулаа л нэмж шаардана даа хэн нь оютолгойн талд хэн нь монголын ард түмний талд байгаа нь үндсэндээ тодорхой болоод байгаа даа.

0  |  0
зочин(192.82.68.111) 2019 оны 12 сарын 12

Бүх гүйлгээг монголын банкаар дамжуул.Алмааз гарч байгаа сурагтай манай геологчид орж ажилла.

0  |  0
I (103.57.94.125) 2019 оны 12 сарын 12

2020 ond songogdoh shine hun gereeg saijruulsan ni deer ed naraas oligtoi ur dun huleeltgui

0  |  0
зочин(202.9.46.154) 2019 оны 12 сарын 12

төр барьж байгаа хүмүүс ахин худалдагдаж орхилгүй ард түмэн дээ ашигтай улс эх орныхоо хөгжилд нэмэр болсон сайн гэрээ хийчхээрэй өгөөшинд нь оров доо

0  |  0
зочин(202.9.46.154) 2019 оны 12 сарын 12

бас худалдагдаж орхилгүй хийчхээрэй гуйх юм энэ л байна

0  |  0
Top