Төрийн ордны Их танхимд "Байгаль эх-Хариуцлагатай уул уурхай" үндэсний чуулган үргэлжилж байна. Үндэсний чуулганд “Эрс шинэчлэл хөдөлгөөн”-ий тэргүүн Д.Энхбат “Уул уурхайн тулгамдсан асуудал” илтгэл тавилаа. Түүний илтгэлээс онцлон хүргэж байна.
Уул уурхайн салбарт тулгамдсан асуудлыг тоолж баршгүй. Уул уурхай өөрөө Монгол Улсын хувьд нийгэм, ард иргэдийн өмнө тулгамдсан асуудал болсон.
Монгол Улсын ард иргэд ерэн онд ардчилсан өөрчлөлтийг хийсэн. Нийгэм өөрчлөгдөж, амьдрах арга замаа эрэлхийлсэн иргэд гахай үүрч ганзаганд явах үеэр мэдээлэл, эрх мэдэлд илүү ойр байсан хүмүүс өмч хувьчлал нэрээр нийгмийн баялгийг өөрсдөдөө авсан. Дараа нь тэд лиценз нэртэй А4 хэмжээтэй цаасаар байгалийн баялгийг хувьдаа авцгаасан. Социализмын үед улсын хөрөнгөөр хайгуул хийсэн орд газруудыг авахдаа 1997 оны Ашигт малтмалын тухай хууль гэдгийг зохиогоод, тэрхүү өөрчлөлтийг ашиглан авцгаасан байдаг.
Иргэний нийгмийн байгууллагууд энэхүү үйл явцыг 2000 оноос анзааран, тэмцэж эхэлсэн байдаг. Тэдний нэг бол “Эрс шинэчлэл хөдөлгөөн” юм.
1997 оны Ашигт малтмалын тухай хуулийг ашиглан Оюутолгойн орд дээр М.Энхболдын Засгийн газар Тогтвортой байдлын гэрээ хийх гэж байсан. Бид үүнийг эсэргүүцэн тэмцсэн. 1997 оны Ашигт малтмалын тухай хууль Үндсэн хуулийн үзэл баримтлалтай нийцэж байна уу. Шинээр хуулийн төсөл боловсруулах шаардлага байна гэдэг асуудлыг гаргаж тавьж байсан.
Өнгөрсөн хугацаанд “Эрс шинэчлэл хөдөлгөөн” төр засгийн байгууллагуудтай хамтран тодорхой үр дүнтэй ажиллаж байснаа хэлье. Уул уурхайн салбарын тогтвортой байдлын гэрээ гэж бий. Тэгвэл уул уурхайн салбарын үр ашгийг Монгол Улсын эрх ашигт нийцүүлэх асуудлыг бид хөндөж, тэмцсэн.
“Бороо гоулд” компанитай байгуулсан Тогтвортой байдлын гэрээг өөрчлөхөд бид нөлөөлсөн.
2011 онд Засгийн газартай хамтарч Нийтийн Өмчийн Үндэсний Хороо гэдгийг байгуулан, “Эрс шинэчлэл хөдөлгөөн” ахалж байсан. 2012 оны Засгийн газар гарч ирээд хамгийн эхний тогтоолоороо уг хороог татан буулгаж байв.
1997 оны Ашигт малтмалын тухай хууль үнэн хэрэгтээ лицензийг хэрхэн тараах вэ. Хэрхэн хулгайлах вэ гэдэг л асуудал байсан. Хэн дуртай этгээдэд 50 мянган төгрөгөөр зарж байсан. Нэг хуулийн этгээдийн эзэмшиж болох талбайн дээд хэмжээг зааж өгөөгүй. Хэн дуртай нь лицензийг барьцаалдаг, зардаг байсан.
Монгол Улсад бүртгэгдээгүй аж ахуйн нэгжүүд лицензийг өөр хоорондоо үнэлэн, багцлан зардаг байсан.
Оюутолгой ордын лицензийн түүхийг энд дурдахад 1994 онд Америкийн Магма коппер компани Монголын 60 гаруй зэсийн илрэлтэй цэгүүдэд хайгуулын тандалт судалгаа хийж Өмнийн говийн Оюутолгойн районд зэсийн нарийвчилсан хайгуул хийхээр төлөвлөж байсан. Магма коппер компани энэ талбайгаа 1996 онд Австралийн зэсийн магнат BHP компанид худалдсан. BHP компани 2002 онд Р.Фридландад 42 сая ам.доллароор лицензээ зарсан байдаг. Тэр үед BHP компанийн лицензийн хугацаа дуусаад 4 сар болсон байсан.
Тиймээс тэдний наймаа хууль бус гэдгийг иргэний нийгмийн байгууллагууд хэлж ярьж бүх байгууллагуудад хандсан. Эрх борлуулсны орлого гэж 30 хувийн татварыг Монгол Улс авах ёстой байсан. Гэвч гурван шатны шүүх дээр Айвенхоу майнз ялсан.
Оюутолгой дээр байгуулсан луйврын гэрээг өөрчлөх хэрэгтэй.
Тухайн үед улсын хэмжээнд 8 мянга гаруй лиценз олгогдсон байсан. Лиценз тус бүр 3-4 удаа дамжин зарагдсан байх жишээтэй. 1997-2004 оны хооронд олгогдсон лицензүүд өнөөдрийн уул уурхайн салбарт тулгамдсан асуудал болж байна.
Айвенхоу майнз, Адамс майнинг, Поло ресурс, Бату майнинг гээд гадаад эзэнтэй компаниуд 200-300 лиценз аваад дамласан. Нэг лиценз дээд тал нь 78 сая ам.доллароор зарагдсан гэх мэдээлэл бий. Гэвч Монгол Улс лицензийн наймаанаас мөнгө аваагүй.
Үндсэн хуулиар ард түмэнд олгогдсон газрын баялгийг эзэнгүйдүүлж, цөөн хүмүүс ашиг хонжоо олсон.
Нарийн сухайтын орд газар гээд бий. Жастин Каплагийн удирдаж байсан “Саус гоби сэндс” компани Тост, Тосон бумбын нуруун дахь лицензээ “Сауд гоби коал транс” компанид 3 сая ам.доллароор зарсан байдаг.
Тост, Тосон бумбын нурууг хамгаалахын төлөө нийлж нэгдсэн тэмцлийн багийнхан ирвэс хамгаалагч, биологич талийгаач Т.Лхагвасүмбэрэл агсны гэгээн дурсгалыг хүндэтгэж, нэр төрийг нь сэргээх санаачилга гаргасан. Та бүхэн үүнийг дэмжээрэй.
Сэтгэгдэл ( 3 )
Улсаа удирдах хүмүүс маань улсаа худалдаад зарчихсан л юм болсон юм байна даа... Одоо энэ бүхнийг өөрчлөхөд ямар гарц хэрэгтэйг Энхбат гуай маань л сайн мэдэж байгаа байх даа..
Энэ шантааж хийдэг өвгөнийг хэнч андахгүй
Сайн тэмцээрэй дэмжинэ.