З.Гэрэлт-Од: Баялгаа зөөлгөсөн Матад сум эмгэнэлтэй байдалтай байна

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 09

Дорнод аймгийн Матад суманд газрын тосны хайгуул, олборлолтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Петрочайна дачин тамсаг” компанийн үйл ажиллагааг нутгийн иргэд, төрийн бус байгууллагууд эсэргүүцэж, өчигдөр Матад сумын төвд жагсаал зохион байгууллаа. Иргэдийн зүгээс тус компанийг Халхгол, Матад сумдын Засаг дарга нартай орон нутгийг хөгжүүлэх хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллах, үйл ажиллагааныхаа мэдээллээ нээлттэй болгохыг шаардаж буй ажээ. 

Түүнчлэн “Петрочайна дачин тамсаг” компанийг Газрын тосны тухай хуулийн 11.2.17 дахь заалтыг хэрэгжүүлж, ажиллахыг шаардсан байна. Тодруулбал, Газрын тосны тухай хуулийн 11.2.17 дахь зүйлд “Үйл ажиллагаандаа дэвшилтэт технологи нэвтрүүлэх, Монгол Улсын иргэн-мэргэжилтэн, мэргэжлийн ажилчдыг ажилд авах, сургах, дадлагажуулах, газрын тосны салбарт хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа, үр дүнг олон нийтэд таниулахад төрийн захиргааны байгууллагатай хамтарч ажиллана” хэмээн заажээ. Иймд “Петрочайна дачин тамсаг” компанийг нийгмийн хариуцлагаа ухамсарлан ажиллаж, үйл ажиллагаагаа нээлттэй байлгахыг сумын иргэд шаардаж байна.

Энэ талаар жагсаал зохион байгуулагчдын төлөөлөл, Дорнод аймгийн иргэн З.Гэрэлт-Одоос тодрууллаа. Тэрбээр ““Петрочайна дачин тамсаг” компанийн газрын тосны Матад 20 дугаар талбайн газар олголтын асуудлыг эсэргүүцэж жагсаж байна. Мөн тус компанийг Газрын тосны тухай хуулийн 11.2.17 дахь зүйлд зааснаар сум орон нутагтай хамтран ажиллах гэрээ байгуулж, нийгмийн хариуцлагын хүрээнд үүргээ биелүүлж ажиллах талаар шаардлага хүргүүлсэн. Шүүхээс “Петрочайна дачин тамсаг” компанийг Матад, Халхгол сумдтай хамтран ажиллах гэрээ байгуулж ажиллах тогтоол гарсан. Гэвч шүүхийн шийдвэрийг “Петрочайна дачин тамсаг” компани биелүүлэхгүй зугтаж ирлээ. Аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба Улсын дээд шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлж ажиллах үүргийг өгдөг ч биелүүлэхгүй байгаа. Тийм учраас бидний зүгээс шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлж ажиллахыг шаардаж байна. Иргэний нийгмийн төлөөлөл, нутгийн иргэд шаардлагыг дэмжиж байгаа. Аймгийнхаа нийт иргэдийг жагсаалд оролцохыг уриалж, улам өргөн далайцтай жагсаал зохион байгуулахыг зорьж байна.

“Петрочайна дачин тамсаг” компани нь 25 жил Монгол Улсын хар алт буюу газрын тосыг гадагш нь зөөлөө. Одоо тус компани сум орон нутагт нийгмийн хариуцлагын хүрээнд хөрөнгө оруулалт хийгээч гэдэг асуудлыг тавьж байна. Матад сумын өнөөгийн байдал хүнд байгаа. Нэг ч цэцэрлэг тус суманд байхгүй. Хоёрдугаарт, сургуулийн дотуур байрны хүүхдүүд нэг орон дээрээ давхарлаж унтдаг. Сумын Засаг даргын Тамгын газрын байранд ороход ханан нь цуурчихсан, мөөгөнцөртсөн байх жишээтэй. Иймд нийгмийн хариуцлагын хүрээнд суманд хөрөнгө оруулалт хийхийг шаардаж байгаа юм.

Мөн “Петрочайна дачин тамсаг” компани өнгөрсөн хугацаанд ойролцоогоор 24 их наяд төгрөгийн үнэтэй газрын тос экспортолсон байна. Ийм их баялгаа зөөлгөсөн мөртлөө Матад сум эмгэнэлтэй байдалтай байгаа. Тал нутгийн экосистемд учирч буй хохирол мөнгөөр үнэлшгүй. Маш их газар нутаг газрын тосны тээврийн замын нөлөөгөөр сүйдсэн. Газрын тосны шингэн хаягдлыг газарт шууд булж байна.

Дорнодын талд маш олон тооны цооног ухаж, эргүүлээд нөхөн сэргээлт хийгдээгүй хаягдсан. Энэ болгонтой Дорнодын ард түмэн дуу хоолойгоо хүргэж, тэмцэх ёстой. Цагаан зээр гэдэг амьтны амьдрах орон зай нь алга болж байгаатай холбоотойгоор сүүлийн жилүүдэд тоо толгой цөөрч байна. 

Дээрх компанийн эзэмшдэг газрын тосны 19, 21 дүгээр талбай нь нийт 3 сая гаруй га талбайг эзэлж байна. Дорнод Монголын тал, Тамсагийн сав газар, Мэнэнгийн тал гээд цагаан зээр дөрвөн улиралдаа нүүдэлж амьдардаг нутаг дэвсгэрт дээрх газрын тосны талбай багтдаг. Тийм учраас энэ компанийн хууль бус үйл ажиллагаатай хатуу тэмцэх ёстой” гэлээ.

Мөн иргэдийн зүгээс дээрх шаардлагуудыг биелүүлээгүй тохиолдолд газрын тосны тээврийн замыг хааж, жагсахаа мэдэгдээд буй юм. “Петрочайна дачин тамсаг” компани Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулснаас хойш буюу 2005 оноос 7.5 сая тонн газрын тос олборлосон байдаг байна. Тус компани 19 дүгээр талбайгаас олборлосон тосоо Сүхбаатар аймгийн Бичигтийн боомт, Тамсаг 21 дүгээр талбайн газрын тосыг Баянхошуу боомтоор экспортолж байна. Оргил үедээ буюу 2015 онд нэг сая тонн давж байсан олборлолтын хэмжээ сүүлийн жилүүдэд 800 мянган тонноос дээш байгаа талаар компанийн удирдлага өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Ерөнхий сайд тус компанийн үйл ажиллагаатай танилцах үеэр мэдэгдэж байв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top