Ц.Буянзаяа: Утгагүй их хөдөлмөрөөс авьяасын жижигхэн оч мөнхөд илүү

Админ | Zindaa.mn
2020 оны 01 сарын 17

-Уран зохиол гэдэг үл анзаарагдах авьяастнуудын нуруун дээр тогтож ирсэн-

“Цог” сэтгүүлийг эргэн сэргээж, залуу боловсон хүчнээр редакцаа бүрдүүлж, Монголын зохиолчдын эвлэлийн бодлого чиглэлийг шинэчлэн боловсруулж дөрвөн жил удирдсан хүн бол Нацагдоржийн шагналт зохиолч Ц.Буянзаяа. Мөнгөн үеийн яруу найрагчдын дунд тэрслүү үзэлтэн, хуучин үеийг шүүмжлэгч, шинэ содон санал санаачилгыг уриалагч, “үймээн таригч”, тэмцэгч, халуун цөстэй найрагч гэгдэж явсан тэрбээр өдгөө уран бүтээлээ туурвин нам гүмхэн аж төрж буй. "Залуугийн бадгууд", "Цаг хугацааны далавч" зэрэг шүлгийн ном, “Улаан шувууны жиргээ”, “Морин уруул”, “Хар үхэр, алаг сүүдэр” зэрэг романаа аль хэдийн хэвлүүлж, шинэхэн бүтээл дээрээ оюунаа ширээн буй түүнтэй өнөөгийн утга зохиолын тухай үзэл бодол, санал шүүмжийг нь сонссон юм.


 

-Та Зохиолчдын хорооны удирдах зөвлөлийн ажлаа хүлээлгэж өгснөөс хойш уран бүтээлдээ шамдан оржээ дээ?

-Хар багаасаа л гайгүй шиг зохиолч болчих юм сан гэж тэмүүлж яваа хүн. Хийх ёстой үндсэн ажил минь зохиол бүтээл бичих явдал л байх. Тиймээс зүгээр суухгүй үг, үсэг эвлүүлж л сууна. Өнгөрсөн хугацаанд “Хар үхэр, алаг сүүдэр” романаа уншигчдадаа хүргэсэн. Бодсоноос харин ч гайгүй уншигдаж байх шиг байна. Саяхан нэмж цөөн хэдийг хэвлэсэн. Бүтээл зохиолын хувьд гэвэл сүүлийн хэдэн жил романаас гадна богино хүүрнэлүүд бичиж байгаа. Бодсон санасан нэлээд хэдэн зохиолоо гараас гаргасан. Амжвал энэ ондоо хэвлэлд шилжүүлнэ гэсэн бодолтой л явна. За, мөн нэг шүлгийн түүвэр гаргах санаатай байна. Сүүлийн арав гаруй жил бичсэн шүлгүүдээ дэвтэрлээд мөдхөн гаргах гээд нухаж л сууна. Монгол уран зохиолын түүхэн товч номын минь хоёрдугаар боть нэлээд ахицтай байгаа. Энэ номыг бүтээхэд бичихээсээ унших нь их учраас ном л их уншиж байна даа. Үндэснийхээ уран зохиолыг өөр нүдээр харсан тийм бүтээл гаргана гэж найдаж л байна. 

-Зохиолчдын хороонд ажиллаж байхдаа хийсэн ажлуудынхаа тухай дурдахгүй юу. Хийсэн ажлууддаа сэтгэл өндөр явдаг уу?

-Товчхондоо бол дунд зэрэг дээ. Санасандаа хүртэл ажиллаж чадаагүй гэж үзэж болно. Гэхдээ хийхээр зорьсон зарим ажлуудаа хийсэн шүү. Би МЗЭ-д Удирдах зөвлөлийн даргаар нэр дэвшихдээ “Уламжлал-шинэчлэл” гэдэг мөрийн хөтөлбөр дэвшүүлсэн юм.  Хөтөлбөрийн минь гол агуулга олон арван жилийн түүхтэй, баялаг арвин өв сантай энэ байгууллагыг авч явахад нэн тэргүүнд уламжлал, үнэт зүйлийг нь хадгалах ёстой, тэгээд уламжлал дээр нь суурилсан шинэчлэл өөрчлөлт хийх ёстой л гэсэн санаанд зангилагдаж байсан. Энэ дагуу нэлээд ажил хийсэн.  Нэн тэргүүнд байгууллагынхаа бүртгэлийг шинэчлэх, туг бэлгэдлийг нь өөрчлөх, уламжлалт харилцаа холбоог нь сэргээх, хурлын танхим нээх, вэбсайтыг нь шинэчлэх, Д.Нацагдоржийн музейн эд өлгийн зүйлсийг бүртгэлжүүлэх,  олон нийтийн өмнө нээлттэй үзвэр болгон ажиллуулах, “Цог” сэтгүүлийг шинэчлэн гаргах, МЗЭ дээр хямдралтай номын мухлаг ажиллуулах  гэх мэт дотоод зохион байгуулалтын ажлууд нэлээд хийсэн. Гадаад харилцааны талд МЗЭ-ийг уламжлалт харилцаатай байсан Ази, африкийн зохиолчдын байгууллагад гишүүнээр элсүүлэх, зохиолчдын олон улсын үйл ажиллагаанд нээлттэй оролцох боломжийг нээх зэрэг ажлуудыг санаачлан хэрэгжүүлсэн. Үүний үр дүнд Вьетнам, Колумб, Эквадор зэрэг орнуудад болсон томоохон арга хэмжээнүүдэд манай гишүүд оролцсон. Мөн тухайн үед манай Удирдах зөвлөлийн гишүүн О.Чинбаяр санаачлан Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуульд оюутан, залуучуудыг хөнгөлөлттэйгөөр сургах ажлыг эхлүүлсэн. Энэ мэтээр яриад байвал мэр сэр ажлууд бий. Харамсалтай нь намайг ажлаа өгснөөс хойш манай байгууллага гэрээ түрээсийн орлого нь хүнд байгаа учраас музей, номын сан зэргээ хаачихаад байгаа. Ер нь соёлын салбарт дэмжлэг дутагдаж байдгийн л илэрхийлэл байх.

-Юм хийсэн хүн л шүүмжлүүлдэг гэдэг дээ, удирдах зөвлөлийн дарга байхдаа хэр шүүмжлүүлж байв?

-Шүүмжлэл бол байх ёстой л зүйл. Зөв шүүмжлэл хүнийг ирлэж хурцалж өгдөг бол шударга бус үнэлгээ, гүтгэлэг, албан тушаалын төлөөх шунал тачаал гээч юм ямар их хар хор тээж явдгийг олон хүнээс мэдэрсэн. Шударга  байх гэсэн нэгнээ  хавсайдаж байгаад хавчдаг, гадуурхдаг хандлага манай нийгмийн мөн чанар юм биш үү? Өөрсдийнх нь хүслээс гадуур л байх юм бол юу ч гэж гутааж, болдог нэг тийм буруу хандлага газар авчихсан л харагдаад байгаа. Удирдах зөвлөлийн дарга болсноороо би маш олон таагүй зүйлтэй учирч байсан. Маш их гүтгэлэг, доромжлолыг тэсэж гарсан даа. Ялангуяа тэр шагнал гээч юм ямар их муухай хар хор дагуулдаг гэж санана. Шагналаас болж сонсоогүй муу үг гэж надад байхгүй дээ. Надад өгсөнгүй гэж нэг хэсэг нь дайрч доромжилж байхад зарим хэсэг нь тэрэнд өгчихлөө, энэнд өгчихлөө гэж хэрүүл уруул хийх нь хэвийн үзэгдэл байсан. Ер нь МЗЭ-ийн дарга байна гэдэг хүн хүсэх ажил биш. Гүйцэтгэх захирлын ажил бол бүр хэцүү харагддаг. Өдөр бүхэн л муу муухай үг сонсдог ажил шүү дээ. Муу бол хойд талын хар овоохой гэдэг шиг хэн зохиолчдын хорооны дарга болно тэр хүн сайн нэр дуулахгүй байх л гэж би боддог. Тэр байтугай шүлэг бичих гэж оролддог охиныг минь хүртэл зарим багш нар нь “Эцэг нь гэж Зохиолчдын хорооны дарга, давилуун нөхөр байдаг юм. Эцэгтэйгээ адилхан юм” гэж хэлснээс хойш охин маань нэг ч үзэг цаас бариагүй шүү. Тиймээс би Удирдах зөвлөлийн ажлыг өгье л гэж өгсөн. Өгсний дараа нэг хэсэг яс амрах шиг болсон. Миний дараа А.Эрдэнэ-Очир сонгогдсон ч даанч удсангүй дээ, хөөрхий. Эрдэнэ-Очир бол МЗЭ-дээ элэгтэй, сэтгэлтэй л хүн байсан даа. Ер нь бол энэ ариун номын өргөөг утга зохиолд үнэнхүү сэтгэлтэй, хор хутгадаггүй, дотортой хүн л удирдах ёстой. Дээр нь бас тэгээд жаахан

-Саяхандаа та цахим хуудсаараа Монголын зохиолчид уншигчдаасаа их байна гэсэн утгатай сэтгэгдэл оруулсан байсан?

-Монголын зохиолчдын эвлэлийн 91 жилийн ой саяхан болж өнгөрлөө. Цахим хуудсаар баярын мэндчилгээ давлагаалсан. Тэрийг харж байх нь ээ манайд зохиолчид маш олон болсон юм байна гэж бодогдсон л доо. Уншигчид харин цөөхөн болжээ. Тиймээс би  уншигчид нь зохиолчдоосоо тав дахин цөөхөн болсон гэж бичсэн нь үнэн. Миний бие "Зохиолчоос уншигч руу дэвших сэтгэлгээний шинэчлэл" гэдэг лекц уран зохиолын багш нар, утга зохиолын ажилтнуудад зориулан уншиж байгаа. МЗЭ-ийн өнөөгийн гишүүд болон бусад уран зохиолын байгууллагууд, орон нутгийн салбаруудад харьяалагдаж байгаа зохиолчид дор хаяж 2500 орчим байдаг юм. Зохиолч, яруу найрагч гэдэг нэрийг өөртөө наахыг өөр олон ч хүн хүсэж байгаа байх. Үүнийг цензурдэх ямар ч боломж байхгүй. Миний хувьд зохиолч гээд байгаа хүмүүсийн дийлэнх нь зохиолчийн түвшинд өөрийгөө авч явж чадахгүй байна гэж хэлнэ. Бодит байдал дээр нийт зохиолчдын 98 орчим хувь нь өөрийн ном зохиолоо дээд тал нь 500 хувь хэвлэдэг. Өнөөх таван зуугаасаа 200 орчмыг нь зарвал их юм. Ингээд бодвол юун уншигчаасаа бүр арав дахин их зохиолчтой болж хувирна. Үнэн байдал ийм л байна. Ямар ч нэмэр хачир байхгүй. Ингээд үзэхээр бидэнд сэтгэлгээгээ өөрчлөх шаардлага зайлшгүй бий болчихоод байгаа юм. Ямар уран зохиол мөхдөг вэ гэхээр мэдээж уншигчгүй уран зохиол мөхдөг юм. Цаашилбал уран зохиолгүй хэл мөхөл рүүгээ чиглэдэг гэсэн үг юм.

-Уншигчаа бэлтгэхийн тулд ямар цензуртэй зохиол бүтээл, зохиолчдыг бэлтгэх ёстой гэж боддог вэ?

-Хүнд хэрэгтэй мэдээлэл, хөгжил өгдөг номыг биш ашиг сонирхлын, арилжааны номууд зах зээлд борлогдоод байгаа нь уншигчдаа төөрөгдүүлдэг. Хамгийн эхэнд залуу үеэ сайн чанартай уран зохиолын амтанд оруулахын тулд хэвлэлийн газрууд хариуцлагатай ажиллах ёстой, цензур тогтоох хэрэгтэй. Хэвлэлийн газрууд тухайн номыг гаргахдаа энэ хуулбар бүтээл байна уу, садар самуун сурталчилсан байна уу, уран сайхны хэл найруулгын хэм, хэмжээ шаардлага хангаж байна уу, утга зүйн алдаа байна уу гэдгийг нь хянан шалгаад хэвлүүлдэг байх ёстой. Тийм хэвлэлийн газар одоохондоо төдийлөн алга. Гэхдээ нэг үеэ бодвол гайгүй хэвлэлийн газрууд эх үүсвэрээ тавьж л байна. Хэвлэн нийтлэлийн салбарын хууль эрх зүйн орчныг нь хөгжүүлбэл ёс суртахууны болоод ур чадварын цензур нь тогтоно.

-Номын дэлгүүрүүдээр Бэстселлер номуудыг л хүмүүс хошууран авч байгаа харагддаг шүү. Гэтэл яг ямар түвшний уран зохиолын ном бэ гэдгийг ангилж ялгасан зүйл байдаггүй?

-Бэстселлэр гэдэг чинь олон нийтэд зориулсан, борлуулалт сайтай л номууд шүү дээ. Түүнээс биш хамгийн сайн номууд гэсэн үг биш. Номын дэлгүүрүүд  масс сонирхоод байгаа цөөн хэдхэн номыг хамгийн ашигтай байрлалд бүтэн тавиур эзлүүлэн өрсөн хэрнээ бусад номыг хооронд нь шавааруулаад холиод өрчихдөг. Нөгөө уран зохиолын ангиллын тухай ярихын ч хэрэггүй. Дэлгүүрийн номын борлуулалтын менежер, худалдагч нар нь номын үнэ цэнийг ойлгохгүй байгаад учир их байна. Түүнээс гадна сүүлийн үед бас ном уншдаггүй, номын үнэ цэнэ мэддэггүй, тэр тусмаа уран зохиолын тухай ойлголтгүй хүмүүс номын тухай нэвтрүүлэг, тэр тусмаа уран зохиолын номын тухай нэвтрүүлэг их хийдэг болж. Энэ ч гэсэн сайн зүйл авчрахгүй дээ. 

-Одоогоос таван жилийн өмнө  та “Сүүлийн үед манай уран зохиолд хоёр эвгүй гажуудал бий болчихоод байгаа. Нэг дэх нь уран зохиолын орчин хэт сайн дурын уран сайханчид, уран зохиол дахь “би чадна”-ынхнаар дүүрсэн явдал, хоёр дахь нь уран зохиол дахь “импортлогдсон сэтгэлгээ”-ний үерт автсан явдал юм” гэж та өмнө нь ярилцлага өгч байжээ. Одоо ч энэ үер хэвээрээ л байна уу?

-Улам даамжирсан гэхэд болно. Массын буюу олон нийтийн уран зохиол, мэргэжлийн буюу цөөнхийн уран зохиол гэдэг нэр томьёо нь дэлхийн утга зохиолын судлал, шүүмжлэлд байдаг зүйл. Олон нийтийн уран зохиол байх ёстой юу байх ёстой. Ард түмний хэрэгцээ шаардлага, зах зээл нь байна. Энэ хэсгийг л харин уран зохиолын үнэт зүйлтэй хутгаж ойлгоод байгаа нь эмгэнэл болоод байна. Энэ бүхнийг ялгаж салгаад хэлээд өгдөг судлал, шүүмжлэл нь хөгжихгүй байна. Гадаадын оронд үнэ цэнтэй номуудын жагсаалтыг гаргаж, цуврал илтгэл тавих зэргээр жинхэнэ уран зохиолоо маш сайн сурталчилдаг. Төрийн зүгээс ч анхаардаг. Манайд  уран зохиолын мэргэжлийн салбараа хөгжүүлэх, судлаачдаа чадавхижуулах тал дээр боловсролын салбарт тодорхой ажлууд хиймээр байгаа юм. Ялангуяа үндэсний үнэ цэнтэй уран зохиолуудаа судлахад хөрөнгө хүч хаяж, хойч үедээ судалгааны томоохон бааз суурь болгож, мэргэжлийн баримжаа өгөх  хэрэгтэй байна. Дээр нь төр өөрөө уран зохиолын үнэт чанарыг доош нь оруулах бусармаг ажлыг маш гаргуун хийж байгаа. Үүнд төрийн зүгээс шударга бус Төрийн шагнал, Ардын уран зохиолч, Гавьяат одон тэмдгийг хамаагүй өгдөг нь уран зохиолд хийж буй том нүгэл нь юм. Хамгийн наад захын жишээ гэвэл ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн хөтөлбөрөөс уран зохиолын хичээлийг нь хасаж танаж байна. Энэ бол маш хор уршигтай зүйл. Төрд шургалсан нөхөд чинь элдэв тендер, төсөл гувчуулаад ханахгүй нийгмийн дэд бүтэц рүү, тэр тусмаа боловсрол, оюун санааны салбар луу хар савраа дүрж эхэлжээ. Ялангуяа мэргэжлийн салбарын их, дээд сургуулийн "багшийн суудал" руу хулхи сургууль төгссөн тойрон хүрээлэгчдээ шахах гэж үхэлдээд эхэлсэн байна. Тэдний дайрлагад хамгийн түрүүн хэлбичиг, утга зохиолын салбар өртөх магадлалтай. Ирээдүй хойч үеийн үндэсний боловсрол, мэдлэг оюунаар тоглоно гэдэг газрын баялаг ухаж, хулгайлж зарахаас ч хортой, аюултай үзэгдэл шүү дээ.

-Утга зохиолд уламжлалт сэтгэлгээ, дүрслэлийн аргаас зайлсхийх барууны болон орчин үеийн сэтгэлгээний бичлэгийн хэлбэрийг шүтэх, утга агуулга руу яргасан бүтээлд шамдах нь зүйтэй гэх болсон. Энэ талаар таны бодол?

-Ер нь бол уран бүтээлч хүний бүтээл бүтээн туурвихуйн, сэтгэн бодохуйн давтагдашгүй хувь ганц л байх ёстой. Заавал дүрслэх ёстой, ёсгүй гэсэн жор байхгүй. Дэлхий ертөнц уран зохиолоос илүү дижитал эрин үеийг сонирхож эхэлсэн. Тийм учраас зохиолчдыг бэлтгэх, сургах бодлого өмнө байгаагүйгээр өрнөж байна. Роман, жүжиг бичих сургалтад хамруулж байна. Яагаад гэвэл хүн төрөлхтний бий болгосон бичгийн соёл дижитал эринд устах магадлалтай болчихоод байгаа юм. Манайд харин сайшаалтай нь эсрэгээрээ байгаа. Гэхдээ өрнөдийн зохиолч бичих  практик сургалтад хамгийн гол нь өөрийнхөө дахин давтагдашгүй мэдрэмж, хэв маягийг нь хувь хүнд үлдээнэ гэсэн бодлого баримталдаг нь анхаарал татаад байгаа юм.  Уран зохиолын дүрслэлийн арга хэзээ ч хуучрахгүй. Дүрслэл байна уу, өөр бусад  бүхий л бичлэгийн аргыг өөрийнхөө зөн совин, авьяас билэг, цор ганц хэв маяг, өнгө будаг, онцлогийг тусгаж илэрхийлэх ёстой. Орчин үед метафор гэж их ярьж байна. Метафор гэдэг нь дүрслэх, адилтгалыг зохиолчийн дэвшүүлж буй гол философитой дам холбодог арга юм. Хамгийн гол нь бусдаас хуулбарлаж л болохгүй.

-Зарим нь унших хэрэггүй, зарим нь унших хэрэгтэй гэдэг. Унших сонголтыг хэрхэн зөв хийх вэ гэдэгт л асуудал байгаа байх?

-Уншина гэдэг сэтгэлгээгээ тэлэх, задлахын нэр. Сайн зохиолч нэг нэгнээ давтахгүйн тулд уншдаг бол муу зохиолч нөгөөгөөс хуулбарлахын тулд уншдаг байх. Хөгжихийн тулд мэргэжлийн сайн багш, зөв ном бүтээл хэрэгтэй. Сонголтын тухайд уншигчийн хувьд тэрний тийм гэдэг ном  сайн гэнгүүт хошууран дагахааргүй л хэмжээний боловсролтой байх хэрэгтэй. Хамгийн гол нь өөрт хэрэгтэй номыг л сонгож унших хэрэгтэй.

-Авьяас чухал уу, мэрийлт чухал уу. Анзаараад байхад авьяастай хүмүүс нь залхуу хойрго, хэнэггүйхэн талдаа, авьяасгүй хүмүүс нь мэрийлттэй ажилч хөдөлмөрч санагдаад байдаг юм?

-Авьяас чухал. Миний бодлоор бүтээн туурвихуйд авьяас 90 хувийн жин дарна гэж боддог. Г.Сэр-Од 23-хан наслахдаа тав, зургаахан шүлэг бичсэн. “Намар” гэдэг шүлэг нь Монголын яруу найргийн сонгодог өв болж үлдсэн. 30 настай Д.Нацагдоржийг бод. 27 настай Лермонтовыг бод. 30 хэдхэн настай Акутоваг бод. Гэтэл 80, 90 наслахдаа Сэр-Од шиг нэг ч шүлэг үлдээгээгүй хэр нь 40, 50 ном гаргачихсан хүмүүс  байж л байна. Тэгж ярих юм бол ардын уран зохиолч, төрийн шагнал авчихаад утга зохиолынхоо мөн чанарыг ойлгоогүй, яруу найргийнхаа амин сүнсийг мэдрээгүй зохиолчид ч байдаг шүү дээ. Тэд хүний авдаггүйг авч, эдэлдэггүйг эдэлнэ л биз гэхдээ утга зохиолын гүнд нь орж, оройд нь гарч чадахгүй л өнгөрнө.  Утгагүй их хөдөлмөрөөс авьяасын жижигхэн оч мөнхөд илүү. Авьяас бол мөнхийн зүйл. Авьяасгүй хүмүүс зүтгэлтэй байдаг юм байна, арга зальтай байдаг юм байна гэдгийг Монголын уран зохиолын  сүүлийн 30 жилийн түүхээс маш ойроос харж явна.

-Утга, уран зохиолын хөгжил ухардаггүй гэдэг. Тэгвэл урагшлах түүчээ нь болсон хэр нь нэр нь тодроогүй зохиолчдоо эргэн дурсаач?

-Хорьдугаар зууны Монголын уран зохиол одон тэмдэгтийн түүх биш л дээ. Б.Ренчин, Д.Намдаг, Н.Нямдоржоос эхлээд том зохиолчид төрийнхөө гавьяа шагналыг нь ч авсан уу гэвэл авсан, гай зовлонг нь ч амссан уу гэвэл амссан. Тийм зохиолчид нэлээд бий. Гэтэл нэр нь тодроогүй баатрууд олон. МЗЭ-ээс өөр шагналгүй цэл залуухнаараа ертөнцийн мөнх бусыг үзсэн П.Баярсайханы бичсэн хүүрнэл зохиолууд он цаг улирах тусам улам тодорч байна. Уран шаглаатай, торгон мэдрэмжтэй Ж.Лхагва гэдэг сайхан зохиолчийг бод. Цаг үедээ хангалттай үнэлэгдээгүй. Мөн цаг үедээ ер олигтой үнэлэгдээгүй М.Цэдэндорж байна. Ингээд бодохоор уран зохиол гэдэг цаг үедээ үл анзаарагдах авьяастнуудын нуруун дээр л тогтож ирсэн байдаг. Үүрэхийг нь чи үүрээд янцаглахыг нь чи янцагла гэдэг шиг харин бодит байдлаасаа хавьгүй илүү үнэлүүлчихсэн тууж явсан нөхөд олон байдаг шүү. Одоо ч байж л байна.

-Үе үеийн яруу найрагчид үймээн самууны эзэд байдаг гэдэг. Яруу найрагч гэдэг угаас тэмцэгч чанартай, гал дөлтэй хүмүүс байдаг. Тэдний нэг бол та яах аргагүй мөн. Таны залуу цаг үеийг одоогийн залуустай харьцуулахад ямар санагддаг вэ?

-Бурангуй өмнөх үеэс харанхуй хойд үе хэцүү юм байна шүү. Биднийг залууд уран зохиолд хөл тавьж байхад нийгэм нь бурангуй үе байсан. Алхам тутамдаа үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө элдвээр адлагдаж, дарамтлуулж явсан. Шарласан сонины хуудсыг эргүүлээд сөхвөл Буянзаяа бол П.Бадарч гуайг ч хүртэл хутгалсан юм байна лээ, Д.Пүрэвдорж гуайг хүртэл дээрэмдсэн юм байна лээ, О.Дашбалбарыг ч хүртэл алсан юм байна лээ. Хорин хэдхэн настай залуу хүний нуруун дээр ямар их муухай хар ачааг үүрүүлж байсан юм бэ дээ. Тэгэхэд би айж яваагүй, хулчийж яваагүй. Нэр төр, юугаа ч хайрлаж яваагүй. Одоо ч гэсэн хулчийх юм алга. Одоо бол сайхан залуучууд олон байна. Гэхдээ хэтэрхий их явцуу эрх ашиг хөөсөн бүхэл бүтэн арми ороод ирсэн юм уу даа. Утга уран зохиолын төлөө биш ашиг сонирхол харсан залуус ажиглагдаад байгаа шүү. Дургүй нэгэн рүүгээ цахим орчинд сүрэглэн дайрч, дуртай нэгнээ бүлэглэн магтан дуулж чаддаг юм байна. Дээр нь маш бага уншиж байна.  Сайн нь саараасаа илүү болохоор энэ цагийн утга зохиолын ачааг нуруундаа үүрч чимээгүйхэн бүтээн туурвиж буй  үл анзаарагдах уран бүтээлчид, залуучууд  бий гэж  харин итгэж байгаа. 

-Олон сайхан авьяаслаг уран бүтээлчид цаг үедээ үнэлүүлж чадаагүйдээ, шударга бус зүйлд гутарсандаа архинд орох, цаг бусаар нас нөхцөх үзэгдэл их  байсан шиг?

-Авьяасыг ад дагадаг, авьяасгүйг од дагадаг юм шиг. Хуучны цагт үнэхээр л энэ бүхэнд гутраад архинд орчихдог байсан байх. Харин сүүлийн үед авьяастай дүр эсгэж архи уудаг нөхөд олон болсон юм биш үү. Архи уугаад явахаар намайг авьяастай гэж харна гэж боддог ч юм уу. Ганц юм хэлэхэд архиндаа живсэн авьяастнууд манайд цөөхөн байсан юм шүү.

-“Болор цом” наадам энэ жил 37 дахь жилдээ боллоо. Энэ наадам байх ёстой гэж боддог уу, аль эсвэл?

-Би Болор цом наадмыг анхнаасаа л эсэргүүцдэг байсан. Одоо ч хэвээрээ. Зохиолчдын эвлэлийн удирдах зөвлөлд байхдаа Болор цомыг болиулах гэж бараагүй. Шүлэг уралдуулна гэж юу байсан юм. Сайхан уншлага л болгох хэрэгтэй гэж их ч ярьсан, санаа оноогоо гаргасан, дийлээгүй. Одоо ч энэ тухай бодохоо ч байсан. Тогтсон зүйлийг эвдэх амаргүй юм байна. Залуу үе маань иймэрхүү зүйлсийг өөрчлөх л байх. Хүн төрөлхтний амьдрал тасралтгүй үргэлжилдэг учраас дороос ургаж гарч ирж буй нэн шинэ үеийн залуучууддаа найдаж, итгэж байна.

-Та Монголын утга, уран зохиолын өнөө үеийг харанхуй үе гэлээ. Тэгвэл дэлхийн утга зохиол ямар байгаа бол?

-Уншигчгүй яруу найрагч гээч үе европыг нөмрөөд, Америкийг дайраад, зүүн өмнөд Ази руу түрэн орж ирсэн. Америкт 3000 сайн яруу найраг уншигч байх юм бол болох гээд байна гэж Америкийн утга зохиол судлаач хэлж байсан. Солонгосын утга зохиол судлаач Солонгост уншигчгүй яруу найрагч гэдэг зүйл аюул болоод байна гэсэн. Ингээд бодохоор хүн төрөлхтөнд уран зохиолын таашаал буурчээ гэж үзэж болохоор. Дэлхий нийтээр роман, тууж, өгүүллэгийг харилцан адилгүй уншиж байгаа боловч яруу найргийн төрөлд учир дутагдалтай байгаа. Уран зохиолын түвшинд яривал манайх дэлхийн уран зохиолын арга барил, онолын мэдлэгийн хоцрогдолтой байна. Саяхан болсон “Утгын чимэг” өгүүллэгийн наадамд оролцсон өгүүллэгүүдийг харлаа л даа. Ахиц алга. Болор цомын шүлгүүдэд ч ахиц алга. Гадуур хэвлэгдэж буй номуудыг ч харлаа. Яг үнэндээ бичлэгийн арга барил, техник сайтай, ахиц сайтай шидээвэр бүтээл алга.

-Уран зохиолын өнөөгийн шаардлагад нийцсэн шилдэг бүтээл туурвилыг хэрхэн таних вэ?

-Уран зохиолыг үнэлэхдээ хамгийн эхэнд өвтэйгөө харьцуулах хэрэгтэй. Б.Ренчин гуайн түүхэн романуудыг өнөөдрийн түүхэн романтай хэл найруулга, зохиомж, ур чадварынх нь түвшинд харьцуулаад үзвэл давж гарсан зохиол байхгүй шүү дээ. Тэгэхээр түүхэн романд ахиц гараагүй байна аа л гэсэн үг. Ахуйн уянгын өгүүллэгүүдийг Монголын уран зохиолын оргил мастер С.Эрдэнэ гуайн бүтээлүүдтэй харьцуулаад үзвэл С.Эрдэнэ гуайн ур чадварын хаана ч бараадахгүй. Мөн өвөөсөө юугаараа ялгарч байгаа юм, онцлог нь юу юм,  давуу тал нь юу юм, дэвшүүлсэн санаа нь юу юм  гээд олон харьцуулалт бий л дээ.

-Тухайн цаг үед мэргэжлийн боловсон хүчнийг гадаадад сургаж, улсаас бодлогоор дэмжиж бэлтгэдэг байсан. Нэг үе энэ уламжлал тасарсан байсан ч сүүлийн үед сэргэж байх шиг?

-Одоо бол социализмын үе биш,  хэн хэлтэй устай, мөнгөтэй төгрөгтэй бол бүх зүйл нээлттэй.  Хувь хүн хэр авьяастай байна гэдгээсээ л шалтгаалах тул хүн өөрөө өөрийгөө л бүтээнэ. Улс бол уран зохиолын салбарыг хөгжүүлэхэд санхүү мөнгөний хэлбэрээр дэмжлэг үзүүлэх, олон нийтийн ажил зохион байгуулах, нийтийг татан оролцуулахад туслалцаа үзүүлэх зэргээр дам утгаараа оролцох ёстой. Залуус маань янз бүрийн уралдаан тэмцээн гэхээсээ илүү өөрийгөө боловсруулахад анхаараасай. Уран зохиолын чиглэлээр англи хэлтний зах зээлд тэтгэлэгт хөтөлбөрт явна гэвэл шалгалтын оноо нь 7,5-аас дээш байх шаардлагатай байдаг бол бизнесийн удирдлагаар сургалтад явах гэж байгаа бол 5,5 оноо авахад л боломж нь бүрдчихдэг. Тэгэхээр сэтгэл зүйн нарийн мэдрэмж, сэрэхүй шаарддаг учир уран зохиолын шалгуур нь илүү өндөр байгаа биз.

-Би таны хэлсэн залуу үе харанхуй байна гэдэгтэй санал нийлэхгүй байна. Залуу үеэс Б.Баясгалан, Г.Лхагвадулам гээд гадаадын уран зохиолыг орчуулж олонд хүргэх гүүр нь болж байгаа олон сайхан гэгээ татуулсан залуус бий шүү дээ.

-Тэр залуучуудын ажлыг үнэлэх ёстой. Бүхий л цаг үед залуучууд л оюун санааны салбарт шинэлэг зүйлийг гол түүчээлэн авчрагчид байдаг. Бидний үед ч гэсэн Г.Аюурзана, О.Чинбаяр, Б.Галаарид, Б.Галсансүх, Ш.Уянга гээд олон залуус дэлхийн уран зохиолын үнэт бүтээлийг түгээн дэлгэрүүлэх үйлсэд оролцож ирсэн. Тэр үед голлох зохиол бүтээлүүд орос хэлээр дамжин манайд орж ирсэн. Сүүлийн үед англи, япон, солонгос гээд олон хэлээр орчуулдаг болжээ. Энэ бол дэлхийн уран зохиолын янз бүрийн хандлага манайд уншигдах сайхан боломж юм. Олон олон залуучууд орчуулга хийгээсэй гэж боддог. Гэхдээ  би орчуулгын чиглэлийн хүн биш учраас энэ талаар юу ярих вэ. Нэг л зүйлийг хэлэхэд сүүлийн үед манай орчуулгын зарим зохиолын хэл найруулга жаахан тааруухан санагдаад байдаг. Иймээс орчуулга хийж буй хүмүүс  монгол хэл найруулгаа илүү сайн эзэмших хэрэгтэй юм болов уу даа л гэж боддог. Харанхуй үе гэдэг нь уран зохиолын ертөнцөд урьд өмнө байгаагүй зохиолч, яруу найрагчдын хар масс нийгэмд бүрхчихээд байгааг хэлсэн юм. Товчхондоо ном уншдаггүй хэр нь ном бичдэг зохиолчид хэдэн зуугаараа бий болчихоод байна. Тэгэхдээ тэр номуудыг нь ном гэхэд ч хэцүүхэн л байдаг. Үүнийг л би харанхуй үе гээд байгаа юм.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хэмжээ (103.212.119.164) 2020 оны 10 сарын 23

Хэмжээ нь л энэ

0  |  0
Зочин(64.119.18.254) 2020 оны 01 сарын 19

Соц үeд ном хямд бүх сонгодгыг уншлаа . Орчин үe ийн ном кино бүгд барак .

0  |  0
худалч гар вэ(43.228.129.86) 2020 оны 01 сарын 18

Энэ хүн өөрөө харин юу ч уншдаггүй хүн байна. Сүүлийн үед гарсан номуудаас яг аль алийг уншсан хүн бээ

0  |  1
Мө(66.181.161.47) 2020 оны 01 сарын 18

Яг үнэнийг хэлжээ

1  |  0
Баттөгс(103.14.37.7) 2020 оны 01 сарын 17

Буянзаяа аа дунд сургуулийн уран зохиолын цагийг хасаагүй ээ харин өмнө нь бага байсныг нэмсэн шүү. одоо уран зохиол, монгол хэл дунд сургуульд 7 хоногт 2 цаг байгаа. Хүүхдээсээ асуугаарай\n

0  |  0
Top