Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, шинэ төрлийн коронавирусээр халдварласан 4026 хүн бүрэн эдгэрч эмнэлгээс гарсан бол, нийт халдвар авсан хүний тоо 43100 болж, 1018 хүн нас баржээ.
Одоогийн байдлаар, 7333 өвчтөний биеийн байдал хүнд байгаа бол 187.7 мянган хүн эмнэлгийн хяналтад байна. Сүүлийн нэг хоногт халдварын 2478 шинэ тохиолдол бүртгэгдсэн бол 716 өвчтөн эмнэлгээс гарч, 108 хүн нас баржээ. Нэг хоногийн дотор 849 хүний биеийн байдал хүндэрчээ.
- БНХАУ-ын дарга Ши Жиньпин коронавирусийн халдвар дэгдсэнээс хойш анх удаа олон нийтийн өмнө гарч, Бээжин хотын эмнэлгүүдийн үйл ажиллагаатай танилцсан байна. Тэрбээр эмч, эмнэлгийн ажилтнууд болон өвчтөнүүдтэй уулзжээ. “Бид өдөр шөнөгүй, бүх хүчээ шавхан ажиллаж буй олон мянган эмч, эмнэлгийн ажилтанд санаа тавих ёстой. Харамсалтай нь, цөөнгүй эмч нар халдвар авч, зарим нь амиа өгсөн” гэж тэр мэдэгджээ.
- Хятадын автомашин, хүүхдийн бараа бүтээгдэхүүн, эмийн зэрэг үйлдвэрүүд коронавирусийн халдварын дэгдэлтэй холбогдуулан эрэлт нь огцом өсөөд буй амны хаалт үйлдвэрлэж эхэлжээ. Үүний тулд эдгээр компаниуд үйлдвэрийн шинэ шугам худалдан авах эсвэл түр хугацаанд үйлдвэрийн горимоо өөрчилжээ. Тухайлбал, хүүхдийн живх үйлдвэрлэгч “DaddyBaby” компани үйлдвэрийн шугамаа өөрчилж, хоногт 1.4 сая, гуравдугаар сарын сүүлч гэхэд хоногт 3.5 сая амны хаалт үйлдвэрлэхээр ажиллаж байна. Тус компанийн Дэд захирал Линь Яньтины хэлснээр, халдварын дэгдэлт буурах үед хүчин чадлын хэмжээ илүүдэх асуудалтай тулгарах боломжтой. Учир нь нэгэнт өөрчилсөн шугамыг дахин өөрчлөх боломжгүй хэдий ч амны хаалт бүр нэг хүний амийг аварна гэж найдаж буйгаа илэрхийлжээ.
- Женев хотноо мягмар гарагт /2020.02.11/ шинэ төрлийн 2019-nCoV коронавирустэй тэмцэх арга замыг тодорхойлох дэлхийн чуулга уулзалт эхэллээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зохион байгуулж буй тус арга хэмжээнд дэлхийн шилдэг 400 орчим шинжээч оролцож байна. Уулзалтаар, дэлхийн хэмжээний судалгааны хөтөлбөрийг боловсруулах юм.
Сэтгэгдэл ( 0 )