Ж.Ганбаатар: Ашигт малтмалын нөөц ашигласны татвар бол хамгийн шударга татвар

2020 оны 03 сарын 04

УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатарын тайлангийн сэтгүүлдээ нийтэлсэн ярилцлагыг манай сонин цувралаар хүргэж байна.


-АМНАТ-ын талаар бас нэлээд шуугиан болсон. Энэ талаар таны болоод Эдийн засгийн байнгын хорооны байр суурийг сонирхъё?

-АМНАТ гэдэг нь Ашигт малтмалын нөөц ашигласны татвар гэсэн үгийн товчлол. Энэ татвар дэлхийн бүх улсад байдаг. Газрын дор байгаа баялаг бол Монголын ард түмний өмч. Тэр газар дор байгаа баялгийг хэн нэгэн бизнесмэн ирээд тарьж ургуулаад, эсвэл ямар нэгэн ид шидийн аргаар, эсвэл техник, тоног төхөөрөмжийн хүчээр бий болгочихсон юм биш.

Нөөц ашигласны татвар гэдэг нь баялгийг байгаль дэлхий өөрөө бий болгочихсон учраас та ашигласныхаа төлөө татвар төл гэж байгаа юм. Хууль анх 2019 оны хавар батлагдсан. Ингэж батлагдахдаа алтанд таван хувийн АМНАТ авъя, бусад байгалийн баялаг, ялангуяа цайр, зэс, нүүрсэнд 2.5 хувийн суурьтай, тэгээд үнээсээ шалтгаалаад өөр өөр байна гэсэн хууль батлагдсан. Хуульд зөвхөн лиценз эзэмшигчээс АМНАТ-ыг авна гэсэн заалттай байсан. Тэгэхээр нөгөө олборлосон, тээвэрлэсэн, боловсруулсан, борлуулсан хүмүүс нь лиценз эзэмшигчээ мэдүүлэхгүйгээр нөөц ашигласны татвараас зугтаад байна гэж үзсэн. Лиценз эзэмшигч нь болохоор “Би оролцоогүй. Энэ компани хийсэн” гээд АМНАТ-аас зугтаад байсан учраас Засгийн газар боловсруулж оруулж ирэхдээ “Лиценз эзэмшигч, худалдагч, борлуулагч, тээвэрлэгч гээд бүх хүн энэ татварыг төлнө” гэж хуульд оруулсан байгаа юм. Үүнийг ашигт малтмалын татварыг давхардуулж авч байна гэсэн байдлаар Үндсэн хуулийн Цэцэд гомдол гаргасан. Цэц үүнийг гурван удаа авч хэлэлцээд, их суудлынхаа хуралдаанаар “Үнэхээр давхардуулж авч байна” гээд хуулийн зарим заалтыг хүчингүй болгосон. Тэгээд Эдийн засгийн байнгын хороо энэ талаар авч үзээд АМНАТ-ын хувьд хуульд засвар оруулсан. Ингэхдээ давхардуулан авч болохгүй гэдэг заалтыг тусгаж өгсөн. Тэдний яриад байгаа шиг давхардуулж авсан тохиолдол байхгүй юм билээ. Гэхдээ Цэцийн шийдвэрийг хүндэтгэж авч үзээд, давхардуулан авч болохгүй шүү гэдэг заалтыг оруулсан. Уурхайнхаа аман дээр нүүрс ойролцоогоор 70 ам.доллар гэж үзье.

Түүнийг нь нэг хүн аваад боловсруулаад 90 ам.доллар боллоо гэж бодъё. Тэгэхээр аман дээрээ 70 ам.доллар байхад нь авсан 2.5 хувийн татварыг 90 ам.доллар болсон хойно нь авахдаа 70 ам.доллар байсан үеийнх нь татварыг хасаж тооцно л гэж байгаа юм. Энэ бол маш шударга заалт. Би 20-иод жил бизнес эрхэлсэн хүний хувьд хэлэхэд энэ хэмжээний татварыг төлөлгүй байгалийн баялаг олборлох гэж байгаа, бизнес эрхлэх гэж байгаа хувь хүн, компани байвал уучлаарай л гэж хэлмээр байна. Энэ бол шударга татвар.

Энэ бол Монголын ард түмний баялаг. Тэр газар дор байгаа баялгийг хэн нэгэн бизнесмен ирээд тарьж, ургуулаад, эсвэл ямар нэгэн ид шидийн аргаар бий болчихсон ч юм уу, эсвэл техник, тоног төхөөрөмжийн хүчээр бий болгочихсон баялаг биш шүү дээ

Эх сурвалж: УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын 2016-2019 оны ажлын тайлан сэтгүүлээс


- Ярилцлагын эхлэл: Ж.Ганбаатар: Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ бол улс орны хөгжлийн тулах цэг мөн

- Ярилцлага II: Ж.Ганбаатар: Зөрчлийн тухай хуульд “САНУУЛАХ” заалт заавал байх ёстой

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top